Үе үеийн Засгийн газар хүн амыг эрүүл хүнсээр тогтвортой хангана гэж гоё амалсаар ирсэн. Харамсалтай нь, ам ажлын зөрүү хэтэрч, монголчууд идэж буй хоол хүнснээсээ хордсоор, цаашлаад хорт хавдраар нас барах тохиолдол буурахгүй байна.
Засгийн газар одоогоос гурван жилийн өмнө хүнсний аюулгүй байдлыг хангаж, монгол хүн эрүүл байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөр баталж, хэрэгжүүлж эхэлсэн.
Энэ хөтөлбөр дагуу 2023 оныг хүртэл Монгол Улсын хүнсний гол нэрийн 16 бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг 70 хувьд хүргэж, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хүнсний хангамжийн тэнцвэртэй байдлыг 30 хувьд хүргэнэ гэж “амалсан”. Мөн импортын хамаарлыг үе шаттай бууруулах нөхцөл боломжийг бүрдүүлж, хүн амын хүнсний хүртээмжийг 80 хувь, хүнснээс авах илчлэгийг 2400 ккал хүргэж, хүнснээс авах шим тэжээллэг чанарыг норм хэмжээнд хадгална гэсэн.
Түүгээр ч зогсохгүй хоол хүнсээр дамжих өвчний дэгдэлтийг тогтвортой бууруулах, хүнсний салбарын нийт стандартын 50-иас доошгүй хувийг олон улс, бүс нутаг, гадаад орны дэвшилтэт стандартын түвшинд хүргэх, хүнсний аюулгүй байдлын бүртгэл мэдээллийн нэгдсэн цахим сан байгуулах, хүнсний аюулгүй байдлыг хангах бүтэц, зохион байгуулалтын оновчтой тогтолцоо бүрдүүлэх зэрэг олон эерэг үр дүн авчирна гэж тооцож эхлүүлжээ.
Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр үр дүн гарсан уу гэвэл үгүй. Иргэд “олдсон” хүнсээ хортой, хоргүйг нь мэдэхгүй иддэг хэвээр байна.
“Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн тайлангаас харвал тус хөтөлбөр хангалтгүй хэрэгжсэн нь тодорхой байна. Хэрэгжээгүй шалтгааныг тайлбарлахдаа, төлөвлөгөө батлагдаагүй, удирдлага, зохион байгуулалт дутмаг байсан, хөтөлбөр хэрэгжүүлэхэд 149.2 тэрбум төгрөг төсөвлөсөн ч санхүүжилтийн эх үүсвэр шийдэгдээгүй. Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал харъяалах нутаг дэвсгэртээ “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” дэд хөтөлбөр баталж, санхүүжилт шийдвэрлэн, хэрэгжилтэд нь хяналт тавих ёстой боловч уг ажил хангалтгүй байсан гэжээ.
Мөн тус хөтөлбөрийг ГХЯ, ЭМЯ, СЯ, МХЕГ, БСШУСЯ, СХЗГ, НЭМҮТ, аймаг, нийслэлийн Засаг дарга, мэргэжлийн холбоод, ТББ зэрэг олох байгууллага хамтран хэрэгжүүлэхээр заажээ. Гэвч арга хэмжээ бүрээр холбогдох газраас тайланг авч нэгтгээгүй, тайлан бодитой бус, ирээдүйд болох таамаглал тусгах байдлаар тайлагнасан байна.
Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хянах тогтолцоо болон төсвөөс зарцуулсан хөрөнгийн үр дүнд 2020 онд Үндэсний аудитын газраас аудит хийжээ. Монголд хүнсний аюулгүй байдал чиглэлээр 2010 оноос хойш богино, дунд, урт хугацааны 4-5 бодлогын баримт бичиг батлагдсан байна. Гэвч хэрэгжилтийн явцыг тогтмол хугацаанд үнэлж дүгнэдэггүй, залгамж чанар, уялдаа байхгүй байгаа нь салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж байна гэж дүгнэжээ.
Төсөл, хөтөлбөр нэрээр мөнгө угаадгийн бас нэг тод жишээ “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” хөтөлбөр болсон гэлтэй.
Атрын гурван аян өгөөжөө өгсөн үү?
Хэдий болтол бид иргэдээ харь орны хиймэл, амт шимтгүй хүнс гэх “хог”-оор хооллох вэ? Одоо бүгд эрвийх дэрвийхээрээ хичээж, дотооддоо хүнсээ үйлдвэрлэж, эх орны эрүүл хөрсөнд ургасан тариа ногоо, жимс жимсгэнээ түлхүү хэрэглэх зорилгоор хүнсний “хувьсгал” хийх цаг иржээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханы мэдээлснээр, манай оронд тариалан эрхэлж байсан эртний түүх бий. “Атрын I аян”-ыг зарлан хэрэгжүүлснээр, газар тариалангийн үйлдвэрлэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй эрчимжүүлэн хөгжүүлэх эхлэл тавигджээ.
Харин “Атрын II аян”-аар төмс, хүнсний ногоо, жимсний үйлдвэрлэлийг илүү эрчимтэй нэмэгдүүлж, тэдгээр таримлын сорт сорилт, үрийн аж ахуйг хөгжүүлэх, механикжуулах, мэргэжилтэн, тариаланчид бэлтгэх зорилгоор аймгуудад техник мэргэжлийн сургуулиудыг байгуулж жимс, ногооны анги нээгдэж олон мянган мэргэжилтэн бэлдэж эхэлжээ. Энэ үед төмсний үйлдвэрлэл 3 дахин, хүнсний ногооны үйлдвэрлэл 2 дахин нэмэгдсэн байна.
“Атрын III аян”-ны хүрээнд төмс, хүнсний ногоо, жимсгэнийн үйлдвэрлэл эрхлэгчдэд 200 га хүртэл газар олгох, трактор, усалгаа, зоорь, хүлэмжийн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх эрх зүйн орчныг бүрдүүлжээ.
Өдгөө Засгийн газар “Атрын IV”-ыг эхлүүлээд удаагүй байна. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас хүн амыг эрүүл, аюулгүй хүнсний ногоогоор бүрэн хангах, нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн, “Атрын IV аян”-ыг “Эх орны эрүүл хүнс” уриан дор хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
УИХ-аар батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор 2022 оны хаврын тариалалтад зориулан улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан төмс, хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийн үнийг 80 хувь хөнгөлж олгох, өвлийн улиралд хүлэмжийн аж ахуйд ашигласан цахилгааны төлбөрийг хугацаа, цагийн хамааралтайгаар уртасгаж, тарифын хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гарсан.
Төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгч нарт “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-ний хүрээнд Засгийн газраас 50 тэрбум төгрөгийн зээлийг хоёр жилийн хугацаатай жилийн 3 хувийн хүүтэйгээр олгохоор шийдвэрлэсэн билээ.
Энэ хүрээнд хадгалалт, борлуулалтын үйл ажиллагаа эрхлэгчдийн саналыг хүлээн авч, борлуулалтыг дэмжих зорилгоор дотоодын үйлдвэрлэлээс төмс, хүнсний ногоо худалдан авахад зориулж зоорь, агуулах бүхий аж ахуйн нэгжид зөвшөөрөгдсөн зээлийн эх үүсвэрийн 20 хүртэл хувийг олгохоор гэрээнд тусгасан.
Газар тариалангийн салбарыг 2025 он хүртэл хөгжүүлэхэд 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдаж буй бөгөөд үүнийг хөрсний үржил шимийг хамгаалах, боловсон хүчнийг сургаж бэлтгэх зэрэг олон тулгамдсан асуудлуудыг цогцоор шийдвэрлэхэд зарцуулахаар төлөвлөсөн байна.
Хүн ам хот, суурин газар суурьшин тэдгээрийн амьдралын хэв маяг, хоол хүнсний тэнцэл өөрчлөгдөж, дэлхий нийтээр хүнсний ногоо түлхүү хэрэглэдэг болсон. Хүн амын хэрэглээгээр дотоодын ургацаас байцаа 64 хувь, шар лууван, шар манжин, хүрэн манжин 100 хувь, сонгино 96 хувь, сармис 57.2 хувь, хэмх 66.4 хувь, лооль 8.8 хувь, тарвас 29.4 хувь, бусад ногоо 24 хувийг хангаж буй аж. Иймд хамгаалагдсан хөрсний тариалан буюу хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч буй юм.
Улсын хэмжээнд нийт 120.5 га талбайд хүлэмжийн аж ахуй эрхэлж байгаагаас өвлийн 32.3 га, зуны 88.2 га- хүлэмжээс 5.7 мянган тонн ургац хураан авчээ.
Хүнсний ногооны механикжуулалтын түвшин дөнгөж 48.8 хувьтай байгаа бөгөөд ногоо тарих, арчлах, хураах, сортлох технологийн ажлуудын 60 хувийг гараар гүйцэтгэж буйг өөрчлөх цаг ирж. Тариалан эрхлэгчдийн 96.5 хувь нь талбайгаа энгийн гадаргуугийн усалгаагаар, 3.5 хувь нь инженерийн хийцтэй услалтын системээр усалж, 254 мянган тонн багтаамжтай 10 мянга гаруй зоорь ашиглаж буй ажээ.
Хөдөө орон нутгийн иргэд, малчдад шинэ ургацын болон үйлдвэрийн аргаар боловсруулсан ногоо хүргэх худалдаа, тээвэр логистик үйлчилгээ, хадгалалтын сүлжээ байхгүй. Үүнээс үүдэн хөдөөгийн хүн амын хүнсний ногооны хэрэглээ хэт бага хэвээр байгааг бас өөрчлөх цаг болжээ.
Судалгаагаар хураан авч буй хүнсний ногооны 30 хувь шууд борлуулагддаг бол 20 хувийг ресторан супермаркет, жижиглэнгийн худалдаанд, 30-50 хувийг 3-6 сарын хугацаанд агуулах зооринд хадгалан борлуулдаг байна.
“Эх орны эрүүл хүнс” уриан дор зохион байгуулж буй “Атрын IV аян”-ыг үр дүнтэй, хөгжлийн төлөө, иргэнийхээ төлөө хүнсний хувьсгал хийсэн, эрүүл аян болно гэж найдъя.
Холбоотой мэдээ