Өмнөд Солонгос улсад АНУ-ын армийн 30 мянга орчим цэрэг бий. Энэ нь Япон болон Германы дараа орох АНУ-ын гурав дахь томоохон цэргийн оролцоо юм. Үүнд, 19500 армийн цэрэг, 7800 нисэх хүчин, 350 тэнгисийн цэрэг, 120 тэнгисийн явган цэрэг зэрэг багтана. “USFK” буюу Өмнөд Солонгос дахь АНУ-ын зэвсэгт хүчин нь Энэтхэг-Номхон далайн командлалын дэд бүрэлдэхүүн юм. “USFK” нь 1957 онд байгуулагджээ.
АНУ-ын цэргүүдтэй холбоотой дуулиан шуугиан багагүй гардаг. Тухайлбал, АНУ-ын армийн алба хаагч 10 гаруй жилийн өмнө Өмнөд Солонгос охинд бэлгийн дарамт учруулсан хэргээр хорих ялаар шийтгүүлж байв. Гэтэл энэ мэт хэрэгтэй зэрэгцээд Өмнөд Солонгос дахь АНУ-ын цэргийн оролцооны талаар ард иргэд харьцангуй эерэг хандлагатай хэвээр байна.
Тус улс өөрийн нутаг дэвсгэрт АНУ-ын цэргүүдийг байршуулахтай холбоотойгоор асар их зардал гарч, хурцадмал байдал үүсээд буй.
Дональд Трампын үед буюу 2020 онд АНУ-ын цэргийн зардлын төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх шаардлагыг Өмнөд Солонгост хүргүүлж байв. Тухайн үед Муний засаг захиргаа зардлыг 14 хувиар нэмэгдүүлэх санал тавьсан ч няцаагдаж байжээ. Эцэст нь Байден ерөнхийлөгч болсноор цэрэг байршуулах хугацаа зургаан жилээр сунгагдсан.
ЭНХ ТАЙВНЫГ САХИУЛАХАД ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТҮНШ
БНАСАУ энэ жил олон тооны пуужин туршсаны эсрэг Өмнөд Солонгос, АНУ хоёр нэгдсэн хариу арга хэмжээ авч байгаагаас үзвэл тэдний харилцаа хэчнээн өндөр ач холбогдолтой байгаа нь илт. Өмнөд Солонгос дахь АНУ-ын цэргүүдийн гол оролцоо нь бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад чиглэнэ.
АНУ-ын оролцоо нь энх тайвныг сахихад чухал ач холбогдолтой гэж тэд үзэж буй тул энэ оршихуйг хадгалахын тулд хэдий хэрийн зардал төлөхөд бэлэн байна вэ? Энэ асуултын хариуг олохын тулд “The diplomat” цахим хуудас өнгөрсөн сарын 11-16-ны хооронд цахим судалгаа явуулжээ. Судалгаанд Өмнөд Солонгосын 1107 иргэн оролцсон ба нас, хүйс, газарзүйн байршлыг харгалзан түүврийн аргаар явуулжээ. “Өмнөд Солонгост америк цэргийн баазууд байрлаж буй талаар та ямар бодолтой байна вэ?” гэсэн асуултанд судалгаанд хамрагдагсдын тал илүү хувь нь дэмжиж байна гэж хариулсан байна. Тодруулбал, 55.83 хувь нь дэмжсэн бол 10.84 хувь нь ямар нэг байдлаар эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Эндээс үзвэл АНУ-ын цэргүүд тус улсад байрлах нь Хойд Солонгосын түрэмгийллээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй хийгээд зардал багатай арга гэж иргэд үзэж байна. Харин судалгаанд оролцогчдын гуравны нэг нь төвийг сахисан байр суурьтай байжээ.
Дараагийн асуулт нь “Өмнөд Солонгост байгаа АНУ-ын цэргийн зардлын хэдэн хувийг Сөүл төлөх ёстой гэж та үзэж байна вэ?” байсан. Хариултыг дундажлаад үзэхэд Өмнөд Солонгос нийт зардлын 32.08 хувийг төлөх ёстой гэжээ. Энэ нь одоогийн төлж буй зардлаас доогуур дүн юм.
Тэгвэл АНУ-ын цэргийн оролцоог улс төрийн намууд хэрхэн авч үзэж байна вэ? Гол консерватив нам болох Ардын хүчний нам нь АНУ-ын оролцоог 74.02 хувьтай дэмжжээ. Харин Ардчилсан намын хувьд 49.41 хувьтай дэмжиж, 17.8 хувийн сөрөг байр суурьтай байв.
“Хойд Солонгосын асуудал дээр АНУ бидэнтэй ижил байр суурь баримталж, үнэхээр санаа зовж буй болов уу?” гэсэн асуултанд судалгаанд оролцогчдын 56.55 хувь нь тийм гэж хариулжээ.
ЗАРДЛЫГ МӨНГӨН ДҮНГЭЭР ИЛЭРХИЙЛБЭЛ
АНУ-ын засгийн газрын “Gao” цахим хуудсанд өнгөрсөн онд мэдээлснээр, Вашингтоноос Сөүлд 13.4 тэрбум ам.долларыг зарцуулжээ. Үүнд, цэргийн цалин олгох, барилга байгууламж барих, засвар үйлчилгээ хийх зэрэг орсон байна. Тэгвэл, 2016-2019 оны хугацаанд Өмнөд Солонгос улс нь 5.8 тэрбум ам.долларын зардал төлжээ. Үүнд мөнгөн төлбөрөөс гадна биет бус дэмжлэгүүд багтаж байгаа аж. Үүнд мэдээж хөдөлмөрийн хөлс, барилга байгууламж, нийтийн ахуйн зардал зэрэг багтахаас гадна АНУ-ын хүчнийхэнд ашиглагдаж буй газрын түрээсийн төлбөр, татвар зэрэг орно.
АНУ-ын цэргийн зардалд Өмнөд Солонгосын оруулах хувь нэмрийг тодорхойлохын тулд хоёр улс 1991 оноос хойш 10 удаа тусгай хэлэлцээр хийж байжээ. 2019 оны хоёрдугаар сард нэг жилийн хугацаатай байгуулсан хэлэлцээр дууссан. Тухайн үед зардлыг хэрхэн хуваах тал дээр хоёр тал санал нэгдээгүй тул хоёр жил үргэлжилсэн сөргөлдөөний эхлэлийг тавьж байв. Энэхүү сөргөлдөөнийг өдийгөөс яг нэг жилийн өмнө АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засгийн газар эцэслэжээ.
Эх сурвалж: THE DIPLOMAT, GAO.COV, REUTERS
Холбоотой мэдээ