Сурвалжлага: Орон сууцанд орох залуусын мөрөөдөл алсарсаар

Хуучирсан мэдээ: 2022.04.18-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Орон сууцанд орох залуусын мөрөөдөл алсарсаар

Сурвалжлага: Орон сууцанд орох залуусын мөрөөдөл алсарсаар

Хүний анхдагч хэрэгцээний нэг бол орон гэр. Гэвч монгол залуусын  хувьд орох орон, оочих аягтай болох нь мөрөөдөл гэхэд хилсдэхгүй. Аль нэг нь хадмын хаяанд, аль эсвэл түрээсийн орон сууц амьдардаг залуус олон.  Тэдний хувьд ипотекийн зээл бол байр авах ганц боломж. Гэхдээ урьдчилгаа мөнгө цуглуулах нь багагүй бэрхшээлтэй. Ялангуяа цар тахал, дайн байлдаан, Эрээний хилийн хориг экспорт, импортын гацаанаас болж орон сууц, үл хөдлөх хөрөнгийн үнэ өсч, олон залуу гэр бүлийн байр мөрөөдөл алсарч байна.

БАЙРШЛААС ХАМААРЧ БАЙРНЫ ҮНЭ ДҮҮРЭГ БҮРД ӨӨР БАЙНА

Үл хөдлөх хөрөнгийн зах зээл савалгаа өндөртэй, сүүлийн үед иргэд орон сууц худалдан авах боломж хумигджээ.  Баянзүрх дүүрэгт хоёр өрөө байр авах мөнгөөр Сүхбаатар дүүрэгт нэг өрөө байр л авах боломжтой. Гэвч, хуучин байр авахгүй гэвэл шинэ орон сууцнууд голдуу хотын захаар баригдаж эхэлсэн. Хотын төвд голдуу хуучны байрууд олон.

Нийслэлийн гэр хороололд амьдарч байгаа иргэдийн ихэнх нь дахин төлөвлөлтөөр байранд орохыг хүлээж сууна. Харамсалтай нь зохион байгуулалт, төлөвлөлт дутагдаж байгааг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Иргэдийн тухайд түгжрэл, ажил, сургуулийн байршлаас хамаарч амьдрах орон сууцаа сонгодог. Хотын захад байр хэдий хямд ч түгжрэл, нийтийн тэвэрийн хүртээмж, зардал мөнгө зэргээ тооцоолж иргэд аль болох төвд ойр байршил сонгодог байна. Тиймээс А бүсэд ойртох тусам байрны үнэ нэмэгддэг.

Барилгын хийц, материал, давхар, хотхоны төлөвлөлт ижил хэдий ч Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт байрны үнэ хамгийн хямд байгаа бол Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр байна.

Дүүрэг бүрд баригдаж буй орон сууцны үнэ яагаад харилцан ялгаатай байгааг компаниудын борлуулалтын албанаас тодрууллаа. Сонгинохайрхан дүүргийн Толгойтод хүмүүсийн хэлснээр Цэргийн хотхоны хажууд баригдсан уг орон сууцны үнэ нийслэлийн төвийн зургаан дүүргээс хамгийн хямд байна. Үнийн хувьд давхраас шалтгаалж метр квадрат нь нэг сая 550 мянгаас нэг сая 650 мянган төгрөгийн хооронд. Энэ хотхоны үнэ өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард метр квадрат нь 1.1-1.4 сая төгрөгийн хооронд байсан гэнэ. Яагаад үнэ нэмэгдсэнийг асуухад “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж байгаа орон сууц учраас харьцангуй хямд ханштай байгаа. Бүрэн цутгамал байр бөгөөд барилгын материалаас шалтгаалж өнгөрсөн жилээс үнэ бага зэрэг нэмэгдсэн. Ойрын хугацаанд хил гаалиас шалтгаалсан хомсдол үүсэхгүй бол метр квадратын үнэ нэмэгдэхгүй” гэсэн юм. Сонгинохайрхан дүүрэгт энэхүү байртай ижил үнэтэй хотхон олон байлаа. Гэхдээ ашиглалтад орох хугацаа нь 2023-2024 он.

Дүүргүүдэд шинээр баригдаж буй орон сууцны метр квадратын үнийн энэ сарын статистик мэдээ:

  • Хан-Уул дүүрэгт байрлах энгийн болон бизнес зэрэглэлийн орон сууц- 1.9-5.6 сая
  • Сүхбаатар дүүрэг байрлах гэр хорооллын дахин төлөвлөлт, А бүсэд байрлалтай байр- 1.8-3.6 сая
  • Баянзүрх дүүрэгт байршилтай орон сууц- 1.5-3.8 сая
  • Баянгол дүүрэгт- 1.8-3.3 сая
  • Чингэлтэй дүүрэгт- 1.7-3.1 сая
  • Сонгинохайрхан дүүрэгт- 1.5-2.8 сая төгрөгийн хооронд байна.

Эдгээр нь шинээр баригдаж байгаа орон сууцны дундаж үнийн судалгаа. Харин хуучин орон сууцны үнэ дунджаар 2.3-2.9 сая төгрөг байгаа аж.  Тэгэхээр  2.5 сая төгрөгийн үнэтэй 40 метр квадрат байр авна гэж тооцвол 100 сая төгрөг. Хэрэв ипотекийн зээлээр зургаан хувийн хүүтэй авбал 15 жилийн хугацаанд энэ мөнгийг хоёр нугалж төлнө гэсэн үг. Тиймээс урьдчилгаа төлж, зээлээр байр авахад ч хүндрэлтэй байна.

2021 оны нэгдүгээр сартай харьцуулахад 2020 он гарсаар орон сууцны үнэ 16 хувиар өсчээ. Мөн шинээр баригдаж буй 51 мянган орон сууцны төслийн 50 гаруй хувь нь Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа юм байна.

Энэ удаа бид тансаг, бизнес, таун хаус зэрэг бус энгийн орон сууцны үнийн хөөсрөлийг онцол жбайгаа билээ. Уг нь тансаг зэрэглэлийн орон сууцны үнэтэй харьцуулахад энгийн байрны метр квадрат харьцангуй хямд. Гэхдээ гэр хорооллын хашаа, байшингийн үнэтэй харьцуулахад өндөр. Ингээд орон сууцны үнийн өсөлт, эрэлт нийлүүлэлтэд гарч буй хүндрэлийн талаар мэргэжлийн хүмүүсийг байр суурийг сонирхсон юм.

БАРИЛГЫН САЛБАРТ ҮҮССЭН ҮНИЙН ХӨӨСРӨЛИЙГ АРИЛГАХ БОЛОМЖТОЙ

Монголын барилагчдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар:

-Барилгын салбарт үнийн хөөсрөл нүүрлэсэн. Энэ талаар Монголын барилагчдын холбоо Барилга хот байгуулалтын яамтай хэд хэдэн удаа уулзсан. Үнийн хөөсрөлийг арилгаж, зах зээл дээрх байрнуудад бодит ханш тогтоох шаардлагатай. 2021-2022 оны хооронд барилгын салбарт цар тахлаас шалтгаалсан үнийн хөөрөгдөл их гарсан. Тэр дундаа төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй байрнуудад ханшийн зөрүү, алдагдал их гарч байгаа.

Монголын барилагчдын холбоонд хот, хөдөөгийн нийт 1200 гаруй аж ахуй нэгж хамаардаг. Эдгээр компаниудын зүгээс бидэнд барилгын гол нэрийн шаардлагатай бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрээс хангах санал тавьдаг.

Хэрэв арматур, цемент зэргийг дотоодоос хямд үнээр нийлүүлбэл үүсээд байгаа үнийн хөөрөгдөл арилах бүрэн боломжтой. Энэ хоёр үндсэн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байвал барилгын үнэ хөөсрөхгүй. Тиймээс үүнд зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай байна.

Иргэдийн хувьд орон сууц авахаар төлөвлөж, өөрийн боломжид тохирсон байр хайхад 3-6 сарын хугацаа зарцуулж байна. Гэвч үнэ улирал тутамд өсч байна" гэлээ.

Үнэ нэмэгдэх шалтгааныг компаниуд барилгын материалтай холбож байгаа. Тухайлбал, гол нэр төрлийн материал, төмөр болох арматурын үнэ өнгөрсөн 7-9 дүгээр сард тонн нь 3.2 сая төгрөгт хүрч нэмэгдсэн. Харин 2021 оны арваннэгдүгээр сарын байдлаар арматурын дундаж үнэ нэг тонн нь 2.9 сая төгрөг болж буурчээ. Тэгвэол цементийн дундаж үнэ 185-250 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж буй бол бетон зуурмагийн дундаж үнэ нэг метр куб нь 154-204 мянган төгрөгийн хооронд байна. Хэрэв эдгээр бүтээгдэхүүний үнэ буурвал барилгын үнэ цаашид өсөхгүй болохыг албаны хүмүүс онцоллоо.

САР БҮР БАЙРНЫ ЛИЗИНГ ТӨЛСНӨӨС МӨНГӨӨ ЦУГЛУУЛААД АВАХ НЬ ЗӨВ

Иргэн Э.Наранбаатар:

-Миний хувьд байр авахаар төлөвлөж байгаа. Гэхдээ цалин болон сард төлөх лизингийн мөнгө, хэрэглээний зардлаа тооцож үзвэл мөнгөө цуглуулж байгаад бэлэн төлөлтөөр авах нь зөв санагдсан. Тэгэхгүй бол байрны үнэ их нэмэгдэж байна.

Залуу гэр бүлийн хувьд хоёулаа ажил хийдэг байсан ч урьдчилгаа цуглуулж ойрын хэдэн жилдээ багтаж лизингийн байранд орох нь хүндрэлтэй болсон. Тиймээс хөөсөрсөн үнийг хянах, зохицуулахад анхаарах хэрэгтэй.

ЗАЛУУ ГЭР БҮЛ БАЙР АВНА ГЭДЭГ ҮЛГЭР

Иргэн П.Очирсүх:

-Би тэтгэврийн хөгшин. Манай хүүхдүүд ихэнх нь тусдаа гарсан. Тэднийхээ нэгд байр авч өгөхөөр эрэл болж байна. Өдөр ирэх тутамд бүх зүйлийн үнэ ханш өсч байгаа учраас байр авна гэдэг өнөө цагт үлгэр юм шиг санагдаж байна.

Сүүлийн өдрүүдэд бараг байр авснаас төвд ойрхон шинэ хашаа байшин авсан нь илүү дээр санагдаж байна. Ардчилсан нийгэмд амьдарч байгаа ч зарим зүйлсийн үнэ ханш дээр төр анхаарах хэрэгтэй.

Тэгэхгүй бол улс орон хүн амаа дэмжиж байна гэж яриад ч хэрэггүй. Миний хувьд социализмын үед үйлдвэрээс өгсөн байрандаа амьдардаг. Одоо цагт бол үр хүүхдэдээ байр авч өгөхийн хүслэн болсон ч урьдчилгааг нь дийлэхгүй байна.

БАЙР АВАХ ГЭЖ БАЙГАА ХҮМҮҮС САЙН СУДЛАХ ХЭРЭГТЭЙ

Иргэн Н.Төгөлдөр:

-Манай гэр бүл байр авахаар төлөвлөж, мөнгөө хуримтлуулсны дараа 4-5 сар хайж, судалж байж Баянзүрх дүүрэгт 2021 онд байр авсан. Эрэлт хэрэгцээг дагаад дүүргүүдэд харилцан адилгүй үнэ ханштай байсан. Тиймээс өөрсдийн ажил, хүүхдийн сургууль зэргийг тооцоолж хямд бөгөөд байршил сайтайг нь сонгосон. Залуу гэр бүл учраас урьдчилгаа төлж зээлээр авсан. Хэрэв байр авах гэж байгаа бол байршлыг сайтар харгалзаж, судалгаа удаан хугацаанд хийх нь зөв. Тэгэхгүй бол сэтгэл хөдлөлөөр шинэ байр авчихдаг нөгөөх нь ашиглалтад орохгүй байх асуудалтай. Мөн хуучин байр авчихвал асуудал их байх зэргийг тооцоолох хэрэгтэй санагдсан.

Барилгын салбарт үүссэн үнийн хөөрөгдлөөс шалтгаалж залуу гэр бүл байр авахад улам хүндрэлтэй болж байна.

Хэдийгээр барилгын компанийн хувь лизинг, ипотекийн зээл зэрэг боломж байгаа ч энэ нь залуу гэр бүлд тохиромжтой сонголт биш. Нөгөө талаас байрны үнэ өсөхийн хэрээр зээлээр авна гэдэг бол мөрөөдөл болж байна. Учир нь залуучууд 3-4 жил ажиллаж цалингийнхаа тодорхой хувийг хуримтлуулсан ч байрны урьдчилгаанд мөнгө нь хүрэхгүй байна. Тиймээс үнэ ханш дээр зохицуулалт хийж чаддаггүй юм аа гэхэд хяналт тавих хэрэгтэйг иргэд хэллээ.

Гэрэл зургийг: Б.МӨНХТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж