Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт их хэмжээний цас орж, баруун сумдад 40-70 см, төвийн болон говийн сумдад 15-30 см, зүүн сумдаар 5-8 см зузаан цасан бүрхүүл тогтжээ.
Тус аймгийн Тарагт суманд энэ сарын 14-ний өдөр цасан шуурганаар малдаа явсан гурван хүн сураггүй алга болсон байна. Эрлийн багийнхан тэднийг энэ сарын 15-ны өглөө гэрийнх нь ойролцоох саравчаас олжээ. Мөн тус аймгийн Баянгол сумын нэг иргэн гэрээсээ гараад сураггүй болсныг дөрөвдүгээр сарын 15-ны өдөр айлд байхад нь олсон байна.
Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг руу энэ сарын 14-нд тэмцээнд оролцохоор явсан 23 хүүхэдтэй бага оврын автобус Хайрхандулаан сумын нутагт замаасаа гарч, хээр суужээ. Тус аймгийн ОБГ-ын алба хаагчид дуудлагаар очин тусламж үзүүлж, Нарийнтээл суманд хүргэж өгсөн байна. Мөн Арвайхээрээс Баянхонгор чиглэл рүү цас их орсны улмаас 140 зорчигчтой 47 автомашин цасанд суусныг гаргаж, замыг чөлөөлжээ.