Хэнтий, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабуудаас “Байлдааны болон сургуулийн зориулалттай тэсэрч дэлбэрэх зүйл илэрлээ” гэх дуудлага иржээ.
Тус дуудлагын дагуу ЗХЖШ-ын даргын тушаал, Тусгай хүчний цэргийн командлагчийн үүрэг, даалгавраар Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Тэсэрч дэлбэрэх зүйлсийн хайгуул, устгалын томилгоот бүлэг энэ сарын 12-ны өдөр Хэнтийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн нутаг, Тэнүүний холбоо толгойн бэлд үүрэг гүйцэтгэжээ.
Мөн Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн Тэсэрч дэлбэрэх зүйлсийн хайгуул, устгалын томилгоот бүлэг энэ сарын 13-ны Өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт тус тус үүрэг гүйцэтгэсэн байна.
Тус бүлгүүд нийт дөрвөн нэр төрлийн есөн ширхэг сум, галт хэрэглэл илрүүлсэн байна. Тодруулбал, сургуулийн зориулалттай 73 мм-ийн их бууны сум 1 ширхэг, 115 мм-ийн танкны сум 6 ширхэг, 100 мм-ийн танкны сум 1 ширхэг, тэсрүүлэгчтэй 76 мм-ийн марк нь тодорхойгүй нэг ширхэг их бууны сум зэргийг илрүүлсэн байна.
Холбоотой мэдээ