Тойм: Аж ахуйн нэгжүүдийн ажилтны НДШ-ийн 50 хувийг төр даана

Хуучирсан мэдээ: 2022.04.17-нд нийтлэгдсэн

Тойм: Аж ахуйн нэгжүүдийн ажилтны НДШ-ийн 50 хувийг төр даана

Тойм: Аж ахуйн нэгжүүдийн ажилтны НДШ-ийн 50 хувийг төр даана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монголдоо сайхан амьдаръя" уриатай залуусын жагсаалтай холбоотой 15 багц, бичгээр ирүүлсэн 270 орчим саналыг хэлэлцэж, холбогдох шийдвэр гаргаснаа танилцуулав.

Тэрбээр “ОХУ-Украины зөрчил, БНХАУ-д эрчимжиж буй цар тахлын давалгаа нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой яаралтай арга хэмжээ авах шаардлага бий болсон. Улмаар олон улсад ачаа барааны эргэлт удааширч, бараа бүтээгдэхүүний хомсдол үүссэнээс үнэ хөөрөгдөх асуудал гарсан тул зарим стандарт бус арга хэмжээ авахаас аргагүйд хүрсэн. Энэ хүрээнд Засгийн газраас өргөн барьсан Олон улсын хямралт нөхцөл байдлаас шалтгаалсан гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийг УИХ яаралтай горимоор хэлэлцэн баталсныг дурдав.

Ньюс агентлаг энэ долоо хоногт болсон онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.

Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг эцэслэн батлав

Эрх баригчид үнийн хөөрөгдлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэсэн асуудал олны анхаарлын төвд байв. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг эцэслэн баталлаа.

Covid-19, ОХУ, Украины хурцадмал нөхцөл байдлын улмаас дэлхий дахинд түлш шатахуун, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний хомсдол үүсч, үнийн өсөлт огцом нэмэгдэж буй. Тухайлбал,

Он гарснаас хойш газрын тосны үнэ дунджаар 50 хүртэл хувь, улаанбуудайн үнэ 40 хувь өсч, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас мэдээлснээр, зарим хүнсний нэр төрлийн бүтээгдэхүүнд хомсдол үүсч, цаашлаад дэлхий даяар 8-13 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюул бодитоор нүүрлэжээ.

Тиймээс Засгийн газраас хямралыг даван туулах үүднээс дээрх хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр энэ сарын 5-нд өргөн барьсан билээ. Дээрх хууль батлагдсанаар:

-Монголбанк мах, гурилын нөөц бүрдүүлэх, газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын эргэлтийн хөрөнгө болон урьдчилгаа төлбөр төлөхөд шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг өөрсдийн харилцдаг банкуудаар нь дамжуулан, банкны эх үүсвэрийг дайчлах, хөнгөлөлттэй зээлийн хүүгийн боломжийг бий болгох, бусад санхүүгийн хэрэгсэл ашиглан гадаад валютын ханшийн эрсдэлийг бууруулна.

-Монголбанкнаас гадаад валютын улсын нөөцийг нэмэх зорилгоор банкаар дамжуулан алт олборлогч аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгож, Лондоны металлын биржийн үнэ дээр 5 хувийн нэмэгдэлтэйгээр гадаад, дотоод зах зээлээс алт худалдан авна.

Ашигт малтмалын тухай хуульд зааснаар тухайн санхүүгийн жилдээ багтаан тушаах үүргээ хэрэгжүүлж амжаагүй зөрчил гаргасан хуулийн этгээд, иргэдэд энэ хууль хэрэгжих хугацаанд хариуцлага ногдуулахгүй. Өөрөөр хэлбэл, төв банкинд шууд алтаа тушааж болох юм.

-Засгийн газраас мах, гурил, газрын тосны бүтээгдэхүүний хангамжид нийлүүлэлтийн хомсдол үүсгэхгүй байх арга хэмжээ авах цогц төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх бөгөөд газрын тосны бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварын 5 хүртэлх хувьд зохицуулалт хийх эрхийг Засгийн газарт олгож буй.

-Засгийн газраас мах, гурилын нөөц бүрдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход шаардагдах хүүгийн татаасыг жилийн батлагдсан нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэхгүйгээр төсөв хооронд, төсвийн ерөнхийлөн захирагч хооронд хөрөнгийн болон урсгал зардалд төсвийн зохицуулалт хийх замаар шийдвэрлэнэ. Ингэхдээ Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаарын хүрээнд энэхүү хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын үнэт цаас, баталгаа гаргах арга хэмжээ авна.

-Газрын тосны бүтээгдэхүүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн хомсдол үүсгэхгүй байх ажлыг зохион байгуулах бөгөөд тусгай зөвшөөрөлтэй холбогдуулан хариуцлагын гэрээ байгуулан мөрдүүлнэ.

-Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Хүнсний тухай хуулийн 6.7 дах хэсэгт заасны дагуу энэ хуульд заасан зохицуулалтад хамрагдсан хүнсний хангамж, нийлүүлэлтэд хомсдол үүсэхээс сэргийлж, экспортлох хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тухай бүрд тогтоож мөрдүүлнэ. Мөн энэ хуульд заасан зохицуулалтад хамрагдсан оролцогч талуудын эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тусгасан хариуцлагын гэрээ байгуулан мөрдүүлнэ.

-Монгол Улсын болон гадаадын иргэн, харъяалалгүй хүн 20 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний үнэт металь, бэлэн гадаад валютыг Монгол Улсын хилээр гаргахыг хориглоно.

Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах түр хороо байгуулав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоол батлав. УИХ-ын даргын энэ оны нэгдүгээр сарын 31-ний захирамжаар байгуулсан “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Монгол Улсын Засгийн газар, Монголбанк болон аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцаж, дүнг УИХ-д танилцуулах үүрэг бүхий ажлын багт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр ахлан, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, С.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй ажилласан.

Тус ажлын баг Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах явцад тус банкны үйл ажиллагаанд хууль зөрчигдсөн, санхүүгийн чадавх доройтсон, эдгээр ноцтой нөхцөл байдлууд нь улмаар Монгол Улсын гадаад өрийн асуудлыг хүндрүүлэх, зээлжих зэрэглэл, олон улс дахь нэр хүнд зэрэгт муугаар нөлөөлж болзошгүй асуудлууд үүсэх магадлалтай хэмээн үзжээ.

Иймд УИХ бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нийтийн эрх ашгийг хөндсөн тодорхой асуудлаар иргэний мэдэх эрхийг хангах;" болон 3.1.7-д “хууль хэрэгжүүлэх явцад төрийн байгууллагын үйл ажиллагаанд гарч буй тулгамдсан асуудлыг тогтоох,

УИХ-ын хяналт шалгалтын явцад төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах замаар төрийн удирдлагын тогтолцооны үр нөлөөг дээшлүүлэх;” гэж заасны дагуу тухайн асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулж, Хөгжлийн банканд холбогдох асуудлуудыг авч хэлэлцэж, хянан шалгах нь зүйтэй гэж үзсэн юм. Энэ дагуу УИХ-ын гишүүн Б.Баттөмөр тогтоолын төсөл боловсруулж, энэ сарын 6-нд өргөн мэдүүлснийг батлав.

Газрын тос, уул уурхайн салбараас бусад ААН-ийн ажилтны НДШ-ийн 50 хувийг төр даана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар, он дуустал төрийн болон газрын тос боловсруулах, уул уурхайн чиглэлийн аж ахуйн нэгжээс бусад байгууллагын ажилтан, албан хаагчдын  нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс буцаан олгох шийдвэр гаргаснаа мэдээлэв.

Дээрх шийдвэрийг танилцуулахдаа, өмнө болсон жагсаалын үеэр олон нийтээс НДШ-ийг бууруулах асуудлыг дэвшүүлснийг тодотгоод, энэ нь цаашид УИХ-тай хамтран хэрэгжүүлэх дунд хугацааны реформын ажил болохыг тэмдэглэлээ. Тухайлбал,

Засгийн газраас УИХ-тай хамтран хувийн тэтгэврийн сан, хуримтлалын нэгдсэн сан зэрэгтэй уялдуулан Нийгмийн даатгалын санг бодитой мөнгөжүүлэх шаардлагатайг онцлов.

Тэрбээр "Энэ бол дунд хугацаанд реформ хийх асуудал. Нийгмийн даатгалын санг мөнгөжүүлэхэд 21 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Тиймээс НДШ-ийг бууруулах нь өнөө маргаашдаа шийдэх асуудал биш. Нийгмийн даатгалын сангаар дамжуулан иргэн орон сууц, эрүүл мэнд, боловсролдоо хөрөнгө оруулалт хийдэг тогтолцоо руу шилжих нь зүйтэй" гэв.

Цэцэрлэгийн нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг хоёр дахин нэмнэ

Засгийн газар мөн хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх зорилгоор, төрөөс олгох нэг хүүхдийн хувьсах зардлыг хоёр дахин нэмэх шийдвэр гаргав. Олон нийтээс Улаанбаатар хотод цэцэрлэгийн хүртээмж бага байгаа асуудлаар санал олноор ирсэн байна.

Нийслэлд цэцэрлэгийн хүртээмж бага байгаа дүүрэг, хороодыг тодорхойлж, хувийн хэвшилтэй хамтрах зарчмын шийдэл гаргасныг Ерөнхий сайд мэдэгдэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, "Төсвийн бодлогод тулгуурлан цаашид нийслэлийн цэцэрлэг, сургуулийн хүртээмжтэй холбоотой асуудалд хөрөнгө оруулахад бодлогоор анхаарна. Нийт 270 объектын асуудал байгаа ч тэдгээрийг хүлээхгүйгээр хувьсах зардлыг хоёр дахин нэмэх шийдэл гаргасан. ААН-үүд өөрийн ажилчдын хүүхдүүдэд зориулж цэцэрлэг ажиллуулбал татвар ногдох зардлаас хасч тооцох хамтарсан шийдлийг Улаанбаатар хотод гаргах нь зөв гэж үзэж байна" гэсэн юм.

Дээрх асуудлыг ирэх долоо хоногт УИХ-д оруулж, төсвийн тодотголын төсөлтэй хамтатган хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.

Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг энэ сард нээнэ

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зайлшгүй шаардлагатай ажлыг нэн даруй хэрэгжүүлэх баг “Шивээхүрэн-Сэхээ” боомтын ажилтай танилцлаа.

Тус багийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж буй. Монгол Улсын нүүрсний экспортын хоёр дахь том гарц болсон “Шивээхүрэн-Сэхээ” боомт цар тахлын улмаас өнгөрсөн оны аравдугаар сараас хойш ажиллаагүй. Тус боомтод долоон сая орчим тонн нүүрс хуримтлагджээ.

БНХАУ-ын талаас тавьсан халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, шинээр PCR шинжилгээний хоёр лаборатори байгуулсан аж. Мөн чингэлэг тээврээр нүүрс экспортлох бэлтгэл ажил бүрэн хангагдсан байна.

Ажлын багийн гишүүд, нүүрс эскпортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Бадрал, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод суугаа Ерөнхий консул С.Батхуяг нар боомтын үйл ажиллагааг нээхэд тулгарч буй асуудлуудаар санал солилцов. Ажлын багийн ахлагч Х.Нямбаатар “Энэ сардаа багтааж “Шивээхүрэн-Сэхээ” боомтын үйл ажиллагааг нээж, нүүрс экспортыг эхлүүлнэ. Эхний ээлжинд хуримтлагдаад буй нүүрсийг богино хугацаанд экспортлохоор төлөвлөж байна” гэв. БНХАУ-ын талтай цаашид тус боомтын үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд хэд хэдэн зүйл дээр тохиролцжээ.

Зургадугаар сарын 1-нээс хойш айл өрх цахилгаан, эрчим хүчний төлбөрөө 100 хувь өөрсдөө төлнө

Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газраас жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс дараа оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл гэр хорооллын айл өрхийн цахилгаан, эрчим хүчний шөнийн хэрэглээг хөнгөлдөг.

Энд нийслэл хот болон Төв, Өвөрхангай зэрэг зарим аймгийн (10 мянгаас дээш оршин суугчтай төв суурин газрын төв) гэр хорооллын айл өрхүүд хамрагддаг бөгөөд төрөөс 23.2 тэрбум төгрөг зарцуулжээ. Үүний зэрэгцээ Covid-19 цар тахлын хүнд нөхцөлд айл өрх, албан байгууллагын цахилгаан, эрчим хүчний хэрэглээний төлбөрийг төр, засгаас даан дэмжлэг үзүүлж буй.

Засгийн газрын өнгөрсөн оны 211 дүгээр тогтоолоор айл өрх болон зарим ААН-ийн цахилгаан, дулаан, уурын төлбөрийг төрөөс дааж ирсэн. Дээрх дэмжлэгийн хүрээнд өнгөрсөн хугацаанд 868.5 тэрбум төгрөгийг төрөөс гаргажээ.

Энд давхардсан тоогоор нэг сая орчим хэрэглэгч хамрагдсан байна. Үүний дараагийн шатны арга хэмжээ үргэлжилж, энэ оны 5 дугаар сарын 31 хүртэл айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс мөн дааж байгаа юм. Энэ нь орон сууцтай өрхөд 250 квт, гэр хороололд 350 квт хүртэл хэрэглэсэн эрчим хүчний төлбөрийг төрөөс даах шийдвэр бөгөөд өнөөдрийг хүртэл хэрэгжээд явж байна. Энд 72.1 тэрбум төгрөгийг төрөөс зарцуулж буй тооцоо гарчээ.

Энэхүү хөнгөлөлт ирэх сарын 31 хүртэл үйлчилж, 6 дугаар сарын 1-нээс хойш айл өрх цахилгаан, эрчим хүчний төлбөрөө 100 хувь өөрсдөө төлөөд явах талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдэгдэв.

Цэргийн тагнуулын нэгжийг сэргээн байгуулах эрх зүйн орчин бүрдэв

УИХ-аас Тагнуулын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Төрийн ордонд хэвлэлд мэдээлэл өгөв. Тагнуулын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болсон үндсэн үзэл санаа нь одоогоос долоон жилийн өмнө буюу 2015 онд ЗХЖШ-ын бүтцэд байсан Цэргийн тагнуулын газрыг Тагнуулын Ерөнхий газрын бүтцийн нэгж болгон шилжүүлсэнтэй холбоотой гажуудлыг засахад оршиж байсныг мэдээллийн эхэнд онцолсон.

Өнгөрсөн долоон жилийн хугацаанд Зэвсэгт хүчний мэргэжлийн цэргийн тагнуулын бодлого, залгамж халаа, хүний нөөцийн бодлого алдагджээ.

Тэрбээр "Өнөөдрийн баталсан уг нэмэлт, өөрчлөлт дээрх дутагдлыг засах ач холбогдолтойг тэмдэглээд, "Хууль батлагдсанаар, ЗХЖШ-ын бүтцийн нэгжид Цэргийн тагнуулын газар шинээр байгуулагдана. Бүх Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад цэргийн тагнуулын алба байгуулагдаж, албан тушаалтнууд томилогдоно.

Хэрэв Монгол Улс цэргийн мэргэжлийн тагнуулын байгууллагагүй байх энэ цаг үед үндэсний аюулгүй байдал, бүрэн эрхт байдалд эрсдэл учирсан бол шууд л горыг нь мэдрэх байлаа. Тийм л чухал хууль. Мэдээж Цэргийн тагнуулын газар нь Тагнуулын Ерөнхий газарт шилжсэн бүтэц бүрэлдэхүүн, төсөв, тоног төхөөрөмж гээд бүх зүйлтэйгээ ЗХЖШ-ын бүтцэд шилжиж ирнэ” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж