Экспорт 58.3 сая ам.доллароор буурчээ

Хуучирсан мэдээ: 2022.04.16-нд нийтлэгдсэн

Экспорт 58.3 сая ам.доллароор буурчээ

Экспорт 58.3 сая ам.доллароор буурчээ

Үндэсний статистикийн хорооноос 2022 оны гуравдугаар сарын эцсийн байдлаарх нийгэм эдийн засгийн байдлыг танилцууллаа.


ЭКСПОРТ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 58.3 САЯ АМ.ДОЛЛАРООР БУУРЧЭЭ

Монгол Улс 2022 оны эхний улиралд нийт 126 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.6 тэрбум ам.доллар болсон бол экспорт 1.9 тэрбум ам.доллар, импорт 1.7 тэрбум ам.доллар байна.

Экспорт 2022 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 58.3 сая ам.доллароор буурахад нүүрсний экспорт 16.7 сая ам.доллароор багассан үзүүлэлт нь голлон нөлөөлжээ. Экспортын 97.3 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл, гоёлын зүйлс болон нэхмэл бүтээгдэхүүн эзэлж байна. БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 46.5 хувийг зэсийн баяжмал, 41.0 хувийг чулуун нүүрс эзэлж байна. Харин Швейцар улсад экспортолсон барааны 99.8 хувийг алт бүрдүүлж байгаа аж.

УЛСЫН ХЭМЖЭЭНД ИНФЛЯЦИ 14.4 ХУВЬД ХҮРЛЭЭ

-Өмнө оны мөн үетэй харьцуулахад инфляци дөрвөн хувиар, өмнөх сараас 0,8 хувиар өсч, улсын хэмжээнд инфляци 14.4 хувь хүрлээ. Улаанбаатар хотын инфляци гуравдугаар сард 15,8 хувьтай гарсан байна. Инфляцийн энэ өсөлтөд хүнсний бараа, ундаа усны бүлгийн бараа бүтээгдэхүүний өсөлт 18 хувь хүрсэн нь голлон нөлөөлжээ. Үүнд, ялангуяа мах махан бүтээгдэхүүний үнэ 16,6, согтууруулах бус ундааны зүйл 16,1, бензин шатахууны үнэ жилийн өмнөхөөс 55 хувиар өссөн нь инфялцид хамгийн их жин даржээ.

Жилийн хугацаанд инфляци 14,4 хувиар өсөхөд дараах арван бараа бүтээгдэхүүн голлон нөлөөлжээ. Үүнд,

  • Бензин А-80, 2021 оны гуравдугаар сард 1383 төгрөг байсан бол одоо 2292 төгрөг болж 65,7 хувиар
  • АИ-92 автобензин, 2021 оны гуравдугаар сард 1445 төгрөг байсан бол одоо 2381 төгрөг болж 64,8 хувиар
  • Дизелийн түлш, 2021 оны гуравдугаар сард 2168 төгрөг байсан бол одоо 3122 төгрөг болж 44 хувиар
  • Түлшний мод, 2021 оны гуравдугаар сард 5207 төгрөг байсан бол одоо 6314 төгрөг болж 21,3 хувиар
  • Зоогийн газрын хоолны үнэ, 2021 оны гуравдугаар сард 6049 төгрөг байсан бол одоо 7398 төгрөг болж 22,3 хувиар
  • Үхрийн мах, 2021 оны гуравдугаар сард 12666 төгрөг байсан бол одоо 14555 төгрөг болж 12,5 хувиар
  • Хонины ястай мах, -2021 оны гуравдугаар сард 10692 төгрөг байсан бол одоо 12585 төгрөг болж 17,7 хувиар
  • Гурилан боов, 2021 оны гуравдугаар сард 3375 төгрөг байсан бол одоо 3934 төгрөг болж 65,7 хувиар
  • Цагаан будаа, 2021 оны гуравдугаар сард 3671 төгрөг байсан бол одоо 4381 төгрөг болж 19,3 хувиар
  • Алим, 2021 оны гуравдугаар сард 5039 төгрөг байсан бол одоо 7851 төгрөг болж 55,8 хувиар

МАХНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 5.4 ХУВЬ ӨСЛӨӨ 

Улаанбаатар хотод 2022 оны  гуравдугаар сард хэрэглээний сагсны 344 нэрийн бараа, үйлчилгээний 33.1 хувь буюу 114 бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас өссөн бол 8.1 хувь буюу 28 бараа, үйлчилгээний үнэ буурч, 58.7 хувь буюу 202 бараа үйлчилгээний үнэ өөрчлөлтгүй байгаа аж.

Энэ оны хоёр болон гуравдугаар сард судалгаанд сонгогдсон хүнсний 100 нэрийн бараанаас 52 нэрийн барааны үнэ нэмэгджээ. Үүнээс хүнсний гол бүтээгдэхүүн махны үнийн өсөлтийг харуулав.

Улаанбаатар хотод худалдаалагдаж буй үхрийн цул нэг килограмм махны дундаж үнэ өнгөрсөн гуравдугаар сард 16,354 төгрөг болж, өмнөх сараас 1.6 хувь буюу 254 төгрөгөөр өссөн бол үхрийн ястай нэг килограмм махны дундаж үнэ 14,255 төгрөг болж өмнөх сараас 1.8 хувь буюу 257 төгрөгөөр өссөн байна.

Харин хонины ястай нэг килограмм махны дундаж үнэ гуравдугаар сард 12,585 төгрөг болж өмнөх сараас 5.4 хувь буюу 646 төгрөгөөр нэмэгджээ.

ГАДААДЫН ЗОРЧИГЧДЫН ТОО 3.6 ДАХИН НЭМЭГДЖЭЭ

Энэ оны I улиралд гадаадын 14.5 мянган хүн орж иржээ.  Дээрх тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.5 мянгаар буюу 3.6 дахин нэмэгджээ. Харин өмнөх оны жилийн эцэстэй харьцуулахад 24.7 (63 хувиар) мянгаар буурсан байна. Тэдний 80.5 хувь нь 30 хүртэл хоног, 3.5 хувь нь 30-аас 90 хүртэл хоног, 16 хувь нь 90, түүнээс дээш хоногийн хугацаагаар иржээ. Улсын хилээр орсон зорчигчдын:

  • 16 хувь нь Гашуун сухайт,
  • 10.3 хувь нь Замын-Yүд,
  • 9.5 хувь нь Алтанбулаг,
  • 9.3 хувь нь Булган,
  • 6 хувь нь Ханги,
  • 49 хувь нь бусад боомтоор орсон байна.

Улсын хилээр орсон нийт зорчигчийн 60.3  мянга нь Монгол Улсын иргэд, 14.5  мянга нь гадаад улсын иргэд байна. Гадаадад зорчсон Монгол Улсын иргэдийн 15.3 мянга нь эрэгтэйчүүд, 47.5  мянга нь эмэгтэйчүүд, 3291  нь хүүхэд байна. Тэдний 55.4  мянга нь 30 хүртэл хоног, 961  нь 30-аас 90 хүртэл хоног, долоо  мянга нь 90, түүнээс дээш хоногийн хугацаагаар явсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж