УИХ-ын чуулганаар /2022.04.15/ Хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарын 20 гишүүнээс 2022 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн байдалд УИХ-аас хяналт шалгалт хийх түр хороо байгуулах нь Үндсэн хуулийг зөрчөөгүй гэж үзэж, дээрх тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоолыг баталжээ.
Хөгжлийн банкны хянан шалгах түр хороог дараах 11 УИХ-ын гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулахаар болжээ. Тодруулбал, Д.Батлут, Э.Батшугар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар, Ц.Мөнхцэцэг,Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Ж.Батсуурь, Н.Ганибал, Т.Доржханд нар багтсан.
УИХ-ын Хянан шалгах түр хороо Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, дараах бүрэн эрхтэй ажиллана:
- Нотлох баримт цуглуулах, гаргуулах, судлах
- Нотлох баримтыг нийтийн сонсголоор судалж үнэлэх
- Гэрчээр дуудах, мэдүүлэг авах, асуулт тавих
- Шинжээч томилох, тайлбар мэдүүлэг авах санал дүгнэлтээ УИХ-аар хэлэлцүүлэх
- Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг нэгдсэн чуулганд танилцуулж, санал боловсруулах
Холбоотой мэдээ