Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.
"ХӨШИГИЙН ХӨНДИЙД КАЗИНО БАЙГУУЛАХЫГ СУДЛАХ ХЭРЭГТЭЙ"
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тогтоолын төслийг УИХ дэмжсэн. Тэгэхээр Хөшигийн хөндийг яг ямар байдлаар хөгжүүлэх юм бэ. Чөлөөт бүс нэртэй хашаа, хайснаас өөр барилга байгууламжгүй олон газар байна. Хөшигийн хөндий чөлөөт бүс нэртэй хөгждөггүй, хөгжүүлдэггүй цаасан дээр үлдсэн төсөв болох вий гэсэн болгоомжлол байгаа?
-Гишүүд өмнөх чөлөөт бүсийн алдаагаа давтах вий гэдгээс санаа зовж байгаа гэдгээ хэлсэн. Үндсэндээ чөлөөт бүс гэхээр манайхан хашаа барьдаг, барьсан хашаа нь эхнээсээ шаардлага хангахгүй болчихдог гэмтэй. Замын-Үүд чөлөөт бүсийг хөгжүүлнэ гэж хашаа барьсан, одоо хашаа ч үгүй болсон байна. Энэ удаагийн чөлөөт бүс нь шинэ нисэх онгоцны буудлын дэргэд баригдана. Хэдийгээр Улаанбаатар хоттой ойрхон, хүний нөөц, боловсон хүчин хангалттай боловч УИХ-д оруулж ирсэн төслийг харахад хөрөнгө оруулалт татах өнцөг харагдахгүй байна. Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах нь хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгч, бүтээн байгуулалт, үйл ажиллагаа эрхлэх гэж байгаа гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад тодорхой концепцтой байх ёстой. Хөрөнгө оруулагчдын саналыг авч, тэдний сонирхож байгаа зүйлд нь тохируулж чөлөөт бүсийн үйл ажиллагааг тодорхойлох нь зөв. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулагчдыг татах эрэлтээ тооцох, тэдэнд тавигдах шаардлага нь ямар байх гэх зэргээр төлөвлөлтийг хатуу хийж болохгүй гэдгийг би чуулганы хуралдаан дээр илэрхийлсэн.
Хамгийн гол нь гадаадын хөрөнгө оруулагчтай харилцаж, яг юу хүсээд байгааг нь сонсч тэдний шаардлагыг хангасан, эрэлтэд нийцүүлсэн үйл ажиллагааг явуулах, чиглэлийг тодорхойлох ёстой. Одоогийн төлөвлөгөөгөөр бооцоот тоглоомын газар гэх мэт зүйлсийг нарийвчилсан боловч хөрөнгө оруулагчдын сонирхолд нийцэх үү гэдэг нь хэцүү гэж бодож байна.
-Хөшигийн хөндийд казино байгуулах асуудал яригдсан. Казино байгуулснаар гаднын хөрөнгө оруулагчдыг татаж чадах болов уу. Нөгөө талаар нийгэмд сөрөг үр дагавар авчирч магадгүй?
-Казино байгуулах нь зөв. Өөрөөр хэлбэл, бооцоот тоглоомын газар байгуулаад гаднын энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг бусад томоохон улстай өрсөлдөөд явбал сайн байна. Гэхдээ яг үнэндээ тийм хэмжээний өрсөлдөөн үүсгэж чадах уу гэдэг нь асуудал. Казино байгуулах нь буруу, зөвдөө биш. Тэр үйл ажиллагааг бид явуулж чадах уу, хүний нөөц нь байна уу, хэрвээ казино байгууллаа гэхэд жуулчид хүрч ирэх үү гэдэг нь хамгийн чухал. Макао, Өмнөд Солонгост байдаг шиг олон хүн очих уу гэдэг ч эргэлзээтэй. Энэ талаар сайн бодмоор байгаа юм. Харин чөлөөт бүсэд томоохон агуулах, уул уурхайн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, ханган нийлүүлэлт хийдэг суурь бааз бий болгож яагаад болохгүй гэж. Жишээ нь, Казахстан, юм уу Монголд ойр уул уурхайн компаниуд, тоног төхөөрөмж үйлдвэрлэг компаниудын тоног төхөөрөмж нь эвдэрлээ гэхэд хамгийн нисэх онгоцны буудлаас нийлүүлчихдэг байх хэрэгтэй.
Тэгэхгүй энд казино байгуулах гэж байгаа гээд хийсэн юмгүй байгаад байвал хоосон хашаатай л үлдэнэ. Чөлөөт бүс доторх төрийн үйлчилгээ гааль, хяналт шалгалт явуулах байгууллага баригдах нь ойлгомжтой. Бид юмыг алдаагүй зуун хувь тооцоолоод хийж чадахгүй нь ойлгомжтой. Гэхдээ бид алдаагаа давтах нь тэнэг үйлдэл. Өмнө нь бид чөлөөт бүс байгуулж, хуулийг нь гаргасан. Харамсалтай нь, амжилттай хэрэгжүүлж чадаагүй хоёр гурван төсөл байхад одоо гурав дах чөлөөт бүсээ өөр өнцгөөс нь харж хийх ёстой.
-Чөлөөт бүсэд хамгийн чухал нь дэд бүтцийн асуудал шүү дээ. Дэд бүтцийг хэрхэн цогцоор нь шийдэж өгөх юм бол?
-Ер нь чөлөөт бүсийг цогцоор нь баръя гэвэл дэд бүтцийг хийж өгөх ёстой. Гэхдээ дэд бүтэц олон янз. Жишээ нь цахилгаан татчихаад дэд бүтэц хүргэчихлээ гэж хэлж болохгүй. Үйлдвэрлэл явуулах гэж байгаа бол цэвэрлэх байгууламж, ус гээд дэд бүтэц, байгаль экологийн асуудлыг нь шийдэх асуудал гарч ирнэ. Дэд бүтцээ эхлээд шийдэхгүй бол Замын-Үүд, Алтанбулагийн чөлөө бүсэд нарийн үйл ажиллагаа явуулна гээд баахан цаасан дээрх төлөвлөгөөтэй л үлдчихээд байгаа.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"ЦАШДАА ЭВТЭЙ БАЙЖ, ТАЛХ ТАРИАТАЙ БАЙХ Л ЧУХАЛ"
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Залуус үнийн өсөлтийн эсрэг жагссан. Танай Засгийн газар тодорхой арга хэмжээ авахаа илэрхийлсэн. Гэхдээ энэ жагсаалын ард эрх баригчид өөрсдөө байсан гэх хардлага байна?
-Үзэл бодлоо илэрхийлж, санал шүүмжилж болно. Гол нь жагсаал цуглаан тайван хэлбэртэй явагдах ёстой. Сүүлийн үед сошиалаар дамжсан шинэ маягийн жагсаал цуглаан хийдэг болсон. Жишээ нь, ноднин жилийн “No naadam” гэх мэт. Зөвхөн манайд ч биш гадна талд иймэрхүү жагсаал болж байгаа. Амьдралын нөхцөл байдал хүнд байгаа гэдэг нь үнэн шүү дээ. Цар тахалд хоёр жил даруулчихсан, араас нь дэлхийн улс төрийн нөхцөл байдал хүнд болчихсон, хаа сайгүй хүмүүсийн амьдрал төвөгтэй байна.
Энэ нөхцөлд яаж гал алдахгүй цаашаа явах уу, дотроо амар тайван байх уу гэдэг чухал. Залуусын тавьсан “амьдрал хүнд байна, ажил төрлөө сайн хий” гэх шаардлага нь буруу биш. Засгийн газар Covid-19-ийн 2-3 жилийн хугацаанд чадах бүхнээ хийж байна. Нарийндаа бол боломжийнхоо 30 хувиар хөдөлж байна. Өдөрт 1500 машин нүүрс гардаг байсан бол Гашуунсухайт дээр өдөрт зуу дотор эргэлдэг болсон. Нөгөө талаас хил хаалттай, улсын хэрэглээ асар өндөр болчихсон. Ийм үед хоёр жил гаруй монголчууд өөрийнхөө чадавхаар амьдарч байна. Энэ бол асар их сорилт. 1990 онд бүх юм бужигнаад гуравхан сарын дотор картын бараанд орчихсон. Тэр үед би дэд сайд байсан үе л дээ.
Нэг талаас, Монголын эдийн засгийн чадавхийн шалгуур энд харагдаж байна. Ямар ч байсан их хүндэрлээ гэхэд лангуу бараагаар дүүрэн, талх тариа тасрахгүй байна. Хүмүүсийн бухимдал, үнийн өсөлт айхтар байна шүү дээ. Биднээс хамаарч байгаа юм байгаа л байх. Хамгийн гол нь гадна талдаа асар их үнийн хөөрөгдөлтэй байгаа. Тэр өсөлтийн нөлөө манайд орж ирнэ. Жагсаал цуглаан хийж буй залуус цаанаа муу санаагүй байгаа гэдэгт би зуун хувь итгэлтэй байна. Засаг төрд хэлэх ёстой үгээ хэлж байна. Үүнд хүлээцтэй хандах ёстой.
-Засгийн газраас өргөн барьж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хязгаарлах хуулийн төслийг та хэрхэн харж байна вэ. Өмнөх үнэ тогтворжуулах хөтөлбөрийн алдааг давтах вий гэдэг шүүмжлэл байна. Үнийг хүчээр барьж чадах уу?
-Үнэнийг хэлэхэд арга ядсан санал. Мах, гурил, шатахуун гурав дээр хомсдол үүсгэхгүй байх асуудал шүү дээ. Энэ чиглэлийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүст бага зэрэг орон зай гаргаж өгөх, гал алдахгүй байх санал. Манай улсын эдийн засгийн ерөнхий чадавх гэж бий. Өөрөөр хэлбэл, 16 их наядын орлоготой, 18 их наядын зарлагатай айл байхгүй юу. Ийм хэмжээнд Монгол Улс эргэлдэж чаддаг. Нөгөө талаас халамжийн зардал асар өндөр. Цагаан сараар тэтгэврийг 500 мянган төгрөг хүргэсэн. Үүнд жилийн зардалд 670 гаруй тэрбум төгрөг гарч байгаа. Нөгөө 16 их наядын нэг тэрбум гэсэн үг шүү дээ. Энэ хойноосоо юу чирэх вэ гэхээр ирэх жил хөрөнгө оруулалтын зардлаас танана. Ийм харилцан уялдаатай байдаг. Үүнийг бодож хүнд хэцүү нөхцөлд яаж цаашдаа эвтэй байх, талх тариатай, шатахууны хомсдол орохгүй байх л чухал.
Ерөнхий дэлхий дахинд үүссэн нөхцөл байдал маш хүнд байна. 1900-аад оны эхээр дэлхийн нэгдүгээр дайн болсон. Дайны дараа хойд талд Октябрын хувьсгал ялсан. Тэр хувьсгалын дараа жил испани ханиад гарсан. Одоогийнхоор бол covid-19 гэсэн үг. 100 сая хүн нас барсан өвчин шүү дээ. Түүнээс хойш яг зуун жилийн дараа цар тахал гараад дуусмагц, дэлхийн хурцадмал байдал үүсчихлээ. Энэ бол ер бусын хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байгаа. Энэ дунд бид эвээ олж амьдрах шаардлага гарлаа. Давхар цохилттой байдал зуун жилийн хугацаанд дэлхийн түвшинд хоёр дахь удаа давтагдаж байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"АРДЫН ЭЛЧ"-ИЙН ДҮРЭЭС ААВЫН ӨРӨВЧ ЗӨӨЛӨН СЭТГЭЛ МЭДРЭГДДЭГ"
"Ардын намын жанжин намайг амьд яваг. Төрд хэрэгтэй зайран гэх юм. Эдний үйлс бүтнэ ээ" хэмээн "Өглөө" киноны эхлэл хэсэгт Дүйнхэр зайран өгүүлдэг. Тэртээ 1968 онд бүтээсэн Монголын уран сайхны киноны энэ л дүр өнөөг хүртэл үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшиж, мөнхөрсөн. Гол роль гэлтгүй жижиг дүрийг ч хэрхэн урлаж, сийлж, бүтээж болдгийг яруу тодоор харуулсан алтан үеийн уран бүтээлч бол Дэндэвийн Чимэд-Осор. Урлагийнхан түүнийг "Өвгөн Шукарь" хэмээн авгайлж дурсана. Энэ удаагийн “Мартагдашгүй танил” буландаа түүний дунд хүү Ч.Болдтой ярилцаж, аавынх нь амьдрал, уран бүтээлийн тухай дурсамжаас хуваалцлаа.
-Аавын тань ардын армийн байлдагчаас Ардын жүжигчин болсон түүх их сонирхолтой санагдсан. Энэ тухай ярьж өгөөч?
-Аав маань анх жүжигчин болно гэж "Бөмбөгөр ногоон" театрт очоогүй юм билээ. Хужирбуланд цэргийн алба хааж байхдаа морин зарлага хийж байсан гэдэг. 1936 онд цэргээс халагдаад, нутаг буцахаасаа өмнө хот хүрээ сонирхоод явж байтал Улсын төв театрт “Зарлага ажилд авна” гэсэн зар олж харжээ. Хамгийн гол нь унадаг дугуйтай зарлагын ажил гэдэг нь аавын сонирхлыг ихэд татсан аж. Өмнө нь зарлагын ажил хийж байсан учраас ажлаа мэднэ, дээрээс нь дугуй унаж үзнэ гэдэг сайхан санагдаж л дээ. Тэгсэн тэр үед яагаад ч юм хувь тохиолоор жүжигчин элсүүлж байхтай таарч, шалгуулжээ.
Шинэ жүжигчин шалгаж авч байсан театрын хүмүүс, “Та зуны халуун өдөр хонь хариулж байгаад хэсэг дуг хийнэ. Тэгтэл гэнэт толгой дээр чинь хэдгэнэ ээрээд, үргээж буй хэсгийг тоглож үзүүл” гэжээ. Аав гайхан “Энд хонь, хэдгэнэ байхгүй байна шүү дээ” гэхэд “Та хонь, хэдгэнэ байгаа гэж бодож төсөөлөөд, үзүүл" гэж. Тэгээд бодож байгаад уг зүйлийг дүрслэн хийж үзүүлтэл болсон юм байлгүй театрт зарлагын ажилд бус туслах жүжигчнээр авсан гэдэгсэн.
-Тухайн үед хэдэн настай байсан юм бэ?
-Аав маань 1912 онд төрсөн хүн. Тэгэхээр театрт орох үедээ 24 настай байж. Нарийндаа анх жүжигчин болохоор театрт очоогүй. Амьдралын сонин хувь тохиолоор жүжигчин болсон гэж амьд сэрүүн байхдаа ярьдаг байсан.
-Цэргээс халагдаад удаагүй залуухан жүжигчний анхны дүр цэргийн дүр байсан гэдэг?
-Тийм шүү. Театрт бүтээсэн анхны гол дүр нь Ши.Аюушийн зохиол “Яг арван найм” жүжгийн Ойдовын дүр байсан. 1937 онд тайзнаа тавьсан уг жүжигт ядуу лам байгаад цэрэгт татагдан боловсорч цэргийн дарга болж байгаа залуугийн дүрийг бүтээсэн. Цэргээс халагдаад хагас жил гаруйхан болсон аавд маань тэрхүү дүр илүү наалдацтай байсан биз. Найруулагчийн ур ухаан гэж байна. Театрт байгаа аль залуу хүнээ л тийм дүрд тоглуулна шүү дээ. Аав тухайн үед цэргээс халагдаад удаагүй, алхаа гишгээ нь хүртэл хэвээрээ байсан учраас цэргийн дүрд тоглуулсан байх.
Мөн кинонд бүтээсэн анхны дүр нь 1940 онд Ш.Гонгор баатрын тухай өгүүлэх “Анхдугаар хичээл” уран сайхны кинонд холбоочин цэргийн дүрд тоглосон байдаг юм.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"ОЛОН УЛСЫН БОЛОВСРОЛЫН СИСТЕМИЙГ МОНГОЛД НУТАГШУУЛАХ БОЛОМЖТОЙ"
ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн Сургуулийн (БУХС) Технологийн менежментийн салбарын эрхлэгч, доктор, дэд профессор Л.Амартүвшинтэй боловсролын систем, шинэчлэлт өөрчлөлтийн талаар ярилцлаа.
-Боловсролын системийн өөрчлөлт, шинэчлэлийн талаар та юу гэж бодож байна вэ?
-Төр, засгаас дээд боловсролын асуудалд анхаарал хандуулж “Дээд боловсролын тухай хууль”, “Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай” хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Үүнд их сургуульд тавигдах шаардлагуудыг өндөрсгөх, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлийг дэмжиж хөгжүүлэх заалтууд орсон. Сүүлийн жилүүдэд яригдаж байгаа их сургуулийг нүүлгэн, шилжүүлэх ажил бол боловсролын системийн хөгжилд ихээхэн сөрөг үр дагавартай гэж харж байна. Үүний цаана багш, ажилтнуудын нийгмийн асуудал, оюутны хувийн зардал нэмэгдэх, сургалтын чанар, орчинтой холбоотой олон асуудлууд гарч ирэх магадлалтай.
Сургуулиудыг нүүлгэх ажлыг хотжилт, түгжрэлтэй холбож тайлбарлаж байна. Угтаа түгжрэлийн шалтгаан их сургуулиуд биш шүү дээ. Хэдэн төрийн өмчийн сургууль нүүлгээд түгжрэл арилахгүй.
Түгжрэлийг олон улсын жишиг харахад метрогоор шийдчихээд автомашины татварыг нэмэгдүүлсэн байдаг. Хүн ам цөөтэй Монгол Улсын хувьд төвлөрөл зарим талаар эдийн засгийн давуу талуудыг бий болгож байдаг. Гадаадад Монголоос их хүнтэй атал бага газар нутагтай хотууд сайхан орчныг бүрдүүлээд амьдарч болж л байна. Тэгэхээр төвлөрөлдөө биш асуудлын шийдэл гаргахад хамаг учир бий.
Их сургуулиуд бол улс орны хөгжлийн амин чухал асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад харин ч их сургуулиудыг хөгжүүлэх, газар өмчийг нь хамгаалах, хөрөнгө оруулалт хийх гэх мэт төрөл бүрээр дэмжих бодлого явуулдаг.
Миний бие БНСУ-ын Кёнхи их сургуульд эрдмийн зэрэг хамгаалж ОХУ, Энэтхэг, Япон, Тайвань улсуудад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж судалгааны ажил эрхэлж байсан. Үүний дараа Монгол Улсад олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, өрсөлдөхүйц их сургуулиудыг байгуулах бүрэн боломжтой юм байна гэдгийг олж харсан. Гол нь хууль эрх зүйн орчин, их сургуулийн санхүүжилтийн схем, одоогийн засаглалын тогтолцоог нэлээдгүй сайжруулж өөрчлөх шаардлагатай. Сургалтын төлбөрийг хянаж, төрийн өмчийн сургуулийн элсэлтийн босгыг ялгаатай тогтоосноор үндсэндээ их сургуулиуд санхүүгийн хүнд байдалд ороод эхэлсэн. Их сургуулийн сургалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулалт хийхэд санхүүжилт их хэрэгтэй байдаг. Оюутанд өөрт нь зориулагддаг гэсэн үг.
-Их, дээд сургуулиудад зэрэглэл тогтоох нь Монголын боловсролын орчин, нөхцөлд тохиромжтой юу?
-Гадаадад бол сургуулиуд, хөтөлбөрүүдийн зэрэглэлийг тодорхой үзүүлэлтээр тогтмол гаргадаг. Энэ нь аль сургуулийн ямар хөтөлбөр хамгийн сайн бэ? гэдгийг илэрхийлэх нэгэн гол хэмжүүр нь болж байдаг. Тиймээс сургууль төгсөгчдийн ажил эрхлэлт, хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, багшлах хүний нөөцийн чадавх, эрдэм шинжилгээний ажлуудын чанар чансаа, сургалтын орчин зэргийг гол үзүүлэлтээр нь жагсааж үзэх шаардлагатай. Их сургууль бүр өөрийн олон жилийн үйл ажиллагааны туршлага хуримтлуулж байгууллагын өвөрмөц соёл, орчныг бий болгосон байдаг. Ийм мэдлэг, туршлагыг хялбар бий болгодоггүй. Үүнийг цаашаа хөгжүүлж авч явах нь их сургуулийн менежментийн бодлого байх ёстой юм.
Дээд боловсрол бол тухайн их сургуулийн хамт олны олон жилийн хөдөлмөрийн үр дүн.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛИЙГ ТАТВАРААР ТӨЛҮҮЛЖ БОЛОХГҮЙ"
УИХ-ын дэд дарга С.Одонтуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Үнэ тогтворжуулах хууль эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ цаг үед Засгийн газраас Монголбанкны мөнгөний бодлогод нөлөөлөх нь хэр зүй зохистой вэ. Энэ хуулийг та хэрхэн харж байна вэ?
-Улс орны эдийн засаг туйлын хүнд байна. МАН хариуцлагаас зугтахаа болих хэрэгтэй. УИХ-ын түүхэнд үнэ тогтворжуулах хууль баталж байгаагүй. Ардчилсан намын үед үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хийж байхад Засгийн газраас Монголбанктай зөвхөн санамж бичиг байгуулж, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгосон. Ингэхдээ арилжааны банкууд эрсдэлээ үүрч байсан. Тухайн үед зээлийн эргэн төлөлт 98 хувьтай болж, эдийн засаг хүнд байхад инфляцийг анх удаа 1.3-т хүргэж чадсан. 1990 онд АН реформ хийж, иргэд гадаад паспорттой болж, ганзагын наймаа эрхэлж, тухайн үед хүндрэлээс гарч байсан. Гэтэл өнөөдрийн хуульд эдийн засгийн хямралаас хэрхэн гарч, яаж орлого олох талаар нэг ч зүйл тусгаж өгөөгүй. Монголд жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа нэг иргэн 10 сая төгрөгийн зээл авахад хоногт 366 мянган төгрөг ногдож байна. Тиймээс УИХ-д олонх байгаа МАН, Засгийн газар ажлаа хийх хэрэгтэй.
АН-ын бүлгийн зүгээс төсөв батлах үед бодлогын алдаа байна гэдгийг удаа дараа хэлж байсан. Одоо үүсэж буй нөхцөл байдлыг эдийн засгийн бодлогын алдааны шууд үр дүн гэж үзэж байна.
Мэдээж гадаад нөхцөл байгаа хэдий ч энэ бол шалтгаан биш шалтаг. Бид УИХ, Засгийн газарт бүх эрх мэдлийг өгсөн. Дахиж ямар эрх УИХ-аас шаардаад байгааг ойлгохгүй байгаа. Бидний зүгээс ковид дууссан учир Цар тахлын хуулийг зогсоохыг удаа дараа хэлсэн. Гамшгийн тухай хуулиар зохицуулах боломжтой.
-Хөгжлийн банкны хяналтын сонсголын үеэр гишүүд АН-ын үед Хөгжлийн банкны ихэнх зээл олгогдож, эцсийн дүндээ Хөгжлийн банкийг "тоногчид" нь АН-ынхан болж хувирлаа. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Хөгжлийн банкийг байгуулсан зорилго нь арилжааны банкнаас тэс өөр зорилгоор байгуулсан юм. Монгол Улсын хөгжлийн гол тулгуур болох төслүүдэд хөрөнгө босгож урт хугацаанд зээл олгож энэ хөтөлбөрүүд нь хэрэгжсэнээр Монгол Улсын эдийн засгийг сайжруулах банк байсан. 2015 оны аудитын дүгнэлтээр Хөгжлийн банк шилдэг аж ахуй нэгжийн гуравт жагсч, улсын төсөвт 109 тэрбум төгрөг төвлөрүүлсэн хамгийн сайн үйл ажиллагаатай банк байсан. Ингэж чадсанаараа олон улсын зах зээлээс 500 сая ам.доллар Засгийн газарт баталгаагүйгээр босгох боломж гарсан. Өөрөөр хэлбэл энэ үед Хөгжлийн банк зориулалтаараа ажилласан байна гэсэн үг юм. Гэтэл 2017 онд Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар УИХ-аас хяналт шалгалт тавьдаг зохицуулалтыг ямар бүлэглэлийн хүмүүс, ямар зорилгоор хассан тодорхойгүй байна. Эндээс бүх зүйл эхэлсэн.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.