"Үнээ тогтворжуулж чадахгүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцална"

Хуучирсан мэдээ: 2022.04.15-нд нийтлэгдсэн

"Үнээ тогтворжуулж чадахгүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцална"

"Үнээ тогтворжуулж чадахгүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцална"

Монгол Улсын Засгийн газар төсөв тодотгох асуудлаар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, зохих шийдвэрүүдийг гаргажээ. Гаргасан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй холбогдох сайд нар танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Төсөвт байгууллагуудын оффис, театр, музей, цогцолбор бусад талбайн зардлуудыг хасч байна. Суурь реформын асуудал дээр бид анхаарна. Шаардлагагүй газруудыг нэгтгье эсвэл татан буулгъя. Хэмнэлттэй холбоотой асуудлуудыг хуульчлъя. Хуульд ямар асуудлуудаа хэмнэх үү гэдгээ шийдье. Энэ дээр Ерөнхийлөгч, УИХ-ын даргын харьяа байгууллагууд, шүүх гээд Засгийн газрын шууд харьяа бус газруудыг оруулъя. Бүгдийг нь төсөвт байгууллага гээд тодорхойлъё. Байгууллагууд тус тусдаа автомашин авч байна энийг нэг болгъё.

Төр зайлшгүй оролцох шаардлагагүй төрийн өмчит байгууллагуудыг хувьчилна. Заримыг нь иргэдийн хяналтад шилжүүлье.

Дээрээс нь зарлагын агуулгыг хуульчилъя. УИХ-ын гишүүд дэмжинэ гэж найдаж байна. Сайд нараас илүү орон нутаг руу төсөв явчих тохиолдол байна. Тэгш бус хуваарилалт байна. Эхлээд реформын санал дээрээ тогтъё.

Ингээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Сургууль цэцэрлэгийн дутагдалтай байгаа хороо дүүрэг дээр хувийн хэвшлийнхэн үйл ажиллагаа явуулбал хувьсах зардлыг нь хоёр дахин олгоно. Төрийн тусгайгаас бусад газруудын дүрэм хувцас дээр хоёр тэрбум төгрөг төсөвлөдөг. Энийг танана.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа:

 

-Сайн дураараа НДШ төлдөг хүмүүсийн 50 хувь буцаан олгогдоно. Энэ бол зөвхөн энэ жил хэрэгжих заалт шүү. Төрийн байгууллагад ажиллаж буй даатгуулагчид, төрийн болон орон нутгийн өмчит түүний оролцоотой хуулийн этгээдэд ажиллаж буй даатгуулагчид, газрын тос, уул уурхайн чиглэлээр ажилладаг даатгуулагчид НДШ-ийн чөлөөлөлт, буцаан олголтод хамрагдахгүй. Бусад бүхий л байгууллагад ажилладаг даатгуулагчид НДШ-ийн ажилтны өөрийн төлдөг даатгалын 4.5 хувийг буцаан олгоно. Үүнд мөн сайн дураараа шимтгэл төлдөг даатгуулагчид хамрагдана.

-Будаа, гурил, ургамлыг тосыг импортын татвараас чөлөөлнө гэнэ. Ингэхээр үнэ нь буух уу?

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан:

-Цагаан будаа, сахарыг бид 100 хувь импортоор авч байгаа. Бид гадаад үнийн өсөлтийг зохицуулж чадахгүй учир Засгийн газар ийм арга хэмжээ авч байна.

-Хууль батлагдвал үнийн хөөрөгдөлтөд яаж нөлөөлөх вэ ?

-Шууд нөлөөлнө. Мах, гурил бол үнийн хөөрөгдөлтөд хамгийн өртдөг хоёр бүтээгдэхүүн. Мөн шатахуун бий. Шатахууны үнэ нэмэгдвэл бусад бүтээгдэхүүний үнэ өсдөг. Энэ дээр нөөц нэмэгдүүлэх замаар үнийг нь тогтвортой байлгая гэж байна.

-Хувийн цэцэрлэгүүд үнэгүй болно гэсэн үг үү? Хувьсах зардлыг нь нэмнэ гэж байна.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Хувийн хэвшлийг дэмжиж байна. Гэхдээ яг хүрэлцээ муутай байршил дээр үйл ажиллагаа явуулсан тохиолдолд нэмнэ. 57 байршил дээр 100 гаруй цэцэрлэг хэрэгтэй байна. Хувийн хэвшлийн зардлыг дэмжих замаар цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.

-НДШ-ийн буцаан олголт хэзээ орох вэ?

-НДШ-ийн буцаан олголт тодотголоор шийднэ. Төсвийн тодотгол батлагдвал буцаан олголт эхэлнэ. Ирэх тавдугаар сараас хэрэгжиж эхлэх байх.

-Цементийн үнэ буурах уу? Ажлын хэсгийн дүгнэлт байна уу?

-Үнэ буулгах нь боломжгүй асуудал. Цаашид өсгөхгүй байх тал дээр хэлж ярьж байгаа зүйл бий.

-Хэзээ хил нээх вэ?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Бидний хамгийн хүлээж буй асуудал. Эдийн засгийн гол харилцагч БНХАУ-д цар тахлын асуудал хүндэрч байна. Монголтой хиллэж буй газруудад нь халдвар их байна. Бид байнга мэдээлэл авч байгаа. Ихэнхи газрууд хаалттай байгаа. Цар тахлын нөхцөл байдал хэзээ сайжрах вэ гэдгийг хэлэхэд хэцүү.

Ирэх арваннэгдүгээр сараас байдал гайгүй болно гэж албаныхан өгч байна. Үүнээс өмнө гайгүй болчихоосой гэж хүсч байна.

Орос, Украины зөрчилт байдал хэзээ дуусахыг хэлж мэдэхгүй байна. Үнэтэй холбоотой асуудал дээр хэлэхэд гадаадад бараа бүтээгдэхүүний үнэ өсвөл яаж ч чадахгүй. Өнөөдрийн шийдвэр бол онцгой үеийн шийдвэр. Бензиний үнийг төр зохицуулах нь аргаа барсан арга. Инфляци, валют бол Засгийн газрын асуудал биш. Гэхдээ өнөөдөр нөхцөл байдал хүндэрсэн учир Засгийн газар бүхий л дэмжлэгийг үзүүлж байна. Энэ зохицуулалт он дуусаад үгүй болох ёстой. Улстөрчид үүнийг битгий мушгиач.

Аж ахуй нэгжүүддээ уриалмаар байна. Бид чадах бүхнээ л хийж байна. Гурил үйлдвэрлэгчид, будаа, тос, сахар оруулж ирдэг компаниуд ашгаас гадна эх оронч хандаарай.

Зохиомол хөөрөгдөл битгий үүсгээрэй. Төр шаардлага, хяналт тавьж ажиллах болно. Бид 1992 оноос зах зээлийн чөлөөт нийгмийг сонгосон. Төр бүх юмны үнийг барьж чадахгүй.

-Бензиний үнийг барих мөнгийг хаанаас гаргах юм бэ?

-Бид мөнгө хэвлэхгүйгээр зохицуулалт хийх боломжтой. Засгийн газар, Төв банкинд дэмжлэг үзүүлэх гол зүйл бол валютын нөөц. Тэрбум орчим ам.долларын дутагдалд Монгол Улс орчихсон явна. Зарим ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах тал дээр ярилцаж байна.

-Нефтийн үйлдвэр яасан бэ. Хэзээ баригдаж дуусах вэ?

-Хоолой тавих, хайгуул хийх зэрэг асуудлууд бий. Ачаа тээврийн үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан тендерийн үнэ огцом өссөн. Энэтхэгийн ерөнхий сайд руу захидал бичсэн. Хоёр тал ажлын хэсэг гаргасан. Бид нефтийн үйлдвэр барихаас буцахгүй. Ингэж байж хараат байдлаасаа гарна. Нефтийг дотооддоо үйлдвэрлэх компаниудыг бид дэмжинэ.

-Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр гаргасан шийдвэр дээрээ бат зогсч чадах уу?

-Эрдэнэтийн 49 хувь дээр хэлэхэд би Д.Эрдэнэбилэг гэдэг хүнтэй хувийн өс хонзон байхгүй. Төр хувийн эзэмшлийн өмчийг булааж авах гээд байгаа юм биш. Хэсэг бүлэг хүмүүс төрийн дээр, хуулийн дээр байж болохгүй. Яагаад зээлээд төлөхгүй байгаа юм бэ? Өөрөө банктай хүн. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн асуудал хууль бусаар явсан. “Кью Эс Си” олборлож хууль бусаар мөнгө олж байсан. Хөтөл бас тийм. Цаасан дээр компани байгуулаад ашигтай хэсгийг нь авч яваа л зүйл. Цаашид ийм зүйл байж болохгүй.

430 орчим сая ам.доллар шилжээд Эрдэнэтийн асуудал шийдэгдсэн. Харин энэ мөнгө хэрхэн задрах вэ, хэн хэн оролцсон бэ гэдгийг шүүх тогтооно.

Шаардлагатай бичиг баримтыг бид гаргаж өгнө. Хөгжлийн банкийг ил гаргаагүй байсан бол Засгийн газар, татвар төлөгчид өрийг нь төлөх байсан. Хөгжлийн банк, 49 хувь нэг л асуудал. Дарханы төмөрлөг, Хөтөл бол нэг л асуудал. Энэ бүгд шүүх дээр эцэслэгдэн шийдэгдэх ёстой. Мөн Тавантолгойтой холбоотой асуудал бий. Тээвэрлэлт дээр нь асар том асуудал гарч ирнэ. Энэ асуудлууд шийдэгдвэл Монголын Дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр дахин тэлнэ.

-Том оврын автомашинуудыг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулах уу?

-Олон нийтэд нээлттэй худалдаална. Хэн нэгэн улстөрч өөрөө авна гэж байхгүй.

-Төрийн автомашинуудыг өнгөөр ялгах уу?

-Өнгөөр ялгахыг хуульчилна.

-Хариуцлагагүй компаниудад ямар хариуцлага тооцох вэ?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Цаашдаа төрөөс дэмжихгүй. Мах, гурил, шатахууны хэдхэн компани бий. Эдгээр компаниуд маань хариуцлагатай хандана гэж найдаж байгаа. Дотооддоо бензин үйлдвэрлэж, төмөр замтай болж байж л энэ амаргүй байдлаас гарна.

Үнийн өсөлт 74 хувьтай байна. Өнгөрсөн долоо хоног Засгийн газар бүхэлдээ энэ асуудал дээр хариу арга хэмжээ авах гэж ажиллалаа. Ирэх долоо хоногт төсвийн тодотгол дээр анхаарна.

Хоёр долоо хоног үргэлжлэх байх. Хууль батлагдвал үр дүн гарна. Нийгэм даяар төсвийн хэмнэлттэй холбоотой хэлэлцүүлэг болно. Иргэд маань хандаарай. Хэт хурдан шийдвэл алдаа гарна. Их нухацтай хандах нь зүйтэй. Төрд нуух юм байхгүй. Ил тод явах нь чухал. Хөгжлийн банк, Эрдэнэт, шударга ёс, Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлууд дээр бид 10 гаруй хоногийн дараа ойлголт өгнө. Шүүхийн тогтолцоо, нээлттэй болох бодлого зэрэг асуудлууд бий. Үүний дараа тогтолцооны өөрчлөлттэй холбоотой мэдэгдэл хийнэ. Өнгөрсөн долоо хоногт үнэтэй холбоотой ажиллалаа.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Засгийн газар гэрээ хийхгүй. Зээлийн хүү, Засгийн газар баталгаа зэрэг дээр нь бид дэмжинэ. Хэрэв ингээд үнээ тогтворжуулж чадахгүй бол энэ бүх дэмжлэгээ больж, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна.

-Циркийн асуудал дээр Засгийн газар ямар байр суурьтай байна вэ?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Олон нийтийн хяналтад оруулна гэдэг л зөв.  Өмчлөл, хувьчлал сайн байдаггүй олон жишээ бий.. Улс төрд нөлөөтэй хүмүүс хувьчлаад авдаг тал бий. Дараа нь олон асуудал үүсдэг. 

-Төмөр замын тээвэрлэлтийн тусгай зөвшөөрлийг олгохгүй гэнэ. Хэзээнээс хэвийн олгох вэ? 

Сангийн сайд Б.Жавхлан:

-Би сайн мэдэхгүй байна. Л.Халтар сайд байсан бол илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байсан. Төмөр замын ачаалалтай холбоотой байх. Ийм учраас зохицуулалт хийх байх.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж