Төр асар их өмчтэй ч сайн менежер биш гэдгээ өнгөрсөн хугацаанд хангалттай харуулсан. Тиймээс энэ байдлыг өөрчлөх цаг хэдийнэ ирж, олон улсын жишиг стандартад нийцүүлэн, төр, олон нийтийн хосолмол өмчтэй байх үйл явцын эхлэл тавигдах таатай мэдээлэл гарч буй. Энэ талаар Монголын хөрөнгийн зах зээлийн хамгийн том форум болох “IPO Mongolia 2022” дээр гадна, дотнын мэргэжилтнүүд онцолсон юм.
Дөнгөж сэргэж буй дэлхийн эдийн засаг Украины нөхцөл байдлын улмаас дахин уналтад орохоор байгааг Олон улсын валютын сан анхааруулсан. Мөн Монгол Улсын хувьд хадгаламжийн хүү инфляциас доогуур байгаа ийм үед хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох нь өгөөжтэй юу гэсэн асуудал олны анхаарлыг татаж буй юм.
“Чамлахаар чанга атга” гэгчээр манай хөрөнгийн зах зээл хүндрэлтэй цаг үед харьцангуй урагштай, урд өмнө байгаагүйгээр идэвхжсэн. Хадгаламжийн хүү буурсан, харилцах дансанд хүү тооцохгүй болсон зэргээс шалтгаалан иргэд, аж ахуйн нэгжүүдийн дунд банкинд хадгалагдаж буй мөнгөөрөө өөр салбарт хөрөнгө оруулах сонирхол үүссэн. Тэр хөрөнгийн тодорхой хэмжээ хөрөнгийн зах зээл рүү орж ирснээр идэвхжилд ихээхэн нөлөөлжээ.
Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нийт 11 компани хувьцаат компани болсон байна.
Эдгээр компаниудын хувьцааг худалдаж авсан бол өнгөрсөн оны байдлаар 18.6 хүртэл хувийн өгөөж, дээр нь ноогдол ашиг авах тооцоо гарчээ. Өнгөрсөн оны хаалтын байдлаар эдгээр компаниудын ханш 60 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнд “Мандал даатгал”, “Ард кредит” болон “Түмэн шувуут” компаниудын хувьцааны ханш гол жин даржээ.
Төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг олон нийтэд нээлттэй болгох бодлогыг санхүүгийн салбарынхан дэмжиж буйгаа илэрхийлж буй юм. Үр дүнд нь гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, үүнийг дагаад төгрөгийн ханш чангарч, инфляцид эерэгээр нөлөөлөх билээ.
Өнгөрсөн жилтэй харьцуулахад манай ТОП 20 индекс, зах зээлийн үнэлгээ тодорхой хэмжээгээр буурсан байна. Арилжааны идэвхийн хувьд түрүү жилийн мөн үетэй ойролцоо байгаа аж. Улсын эдийн засаг амаргүй байгаа нь хөрөнгийн зах зээл дээр ч тодорхой хэмжээгээр “тусгал”-аа олж буй.
Банкны тухай хуульд 2021 онд нэмэлт өөрчлөлт орсны дагуу Монголын томоохон аж ахуйн нэгжүүд буюу арилжааны томоохон банкууд олон нийтийн болох бэлтгэлээ хангаж, түрүүчээсээ үнэт цаасныхаа танилцуулгаа өгч эхэлснийг Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай дуулгав.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй томоохон аж ахуйн нэгжүүд хөрөнгийн зах зээлд орж ирснээр гаднын том капиталыг татах томоохон хөшүүрэг болно. Цаашлаад уул уурхай зэрэг салбарт монополь болсон компаниуд өрсөлдөгчтэй болно гэж үзэж буйгаа эдийн засагчид илэрхийлж байна.
Хэдийгээр дэлхийн зах зээл дээр компаниуд IPO хийхээ хойшлуулах хандлага ажиглагдаж байгаа ч манай зах зээлийн шинжээч, эдийн засагчид нөхцөл байдлыг эерэг боломж гэдэг талаас нь харж, ашигтай ажиллахын чухлыг онцолж байна.
Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд, хамгийн том аж ахуйн нэгжүүдээ хөрөнгийн зах зээл дээр гаргавал үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ-аас гарсан томоохон "тоглогчид"-ыг Монголын хөрөнгийн зах зээл рүү татах боломжтойг ч тэд хэлж байна.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Тэднийг татахын тулд сайн бүтээгдэхүүн санал болгох ёстой. Энэ нь төр тэр их өмчөө олон нийтийн болгох, гаднын капиталыг дотоодын капиталын урсгал руу татах платформ болох боломж байна. Цаашлаад Засгийн газраас үнэт цаас гаргавал гаднын хөрөнгө оруулагчид орж ирнэ гэх мэтчилэн бид дэлхий дахинд үүсээд байгаа нөхцөл байдлыг илүү хүндрэл гэхээсээ илүү боломж талаас нь ашиглах сонирхолтой бөгөөд эерэг үе ирж байна уу гэж бодож байна” гэж хэлэв.
Нэг ч төрийн өмчит компани нэмж байгуулахгүй гэсэн санал гаргасан тэрбээр есөн гишүүний дэмжлэг авч, гарын үсгийг нь зуруулаад Засгийн газраас санал авахаар явуулснаа онцлов. Түүний хэлснээр “Нийгмийг боловсруулж, орчноо бүрдүүлэхгүй бол бизнес цааш явахгүй билээ.
Тэрбээр "Нийгэм хэзээд асуудалтай байдаг. Тийм байхад асуудлыг төрийн өмчийн компаниар шийднэ гэдэг большевик сэтгэлгээ буруу бөгөөд хэзээ ч шийдэл байгаагүйг хэлж өгөхгүй бол энэ сэтгэлгээ эргээд Монгол Улсын зах зээлийн 30 жилийн хөгжил, хувийн салбартаа итгэж явсан итгэлийг сууриар нь нураачих гээд байгаа юм. Бид үүнийг өөрчлөх ёстой. Энэ тогтоолыг оруулахдаа гол аж ахуйн нэгжүүдийнхээ хувьцааг хөрөнгийн бирж дээр гаргах, төрийн өмчит компаниудын санхүүг ил тод болгох зэрэг саналыг дэвшүүлсэн" гэж онцолсон юм.
Монголын стратегийн хөрөнгө дээр суурилаад, гадаадын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасан компаниудыг давхар Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргахыг шаардаж ажиллахаа тэр хэлсэн.
Монгол Улсын эдийн засаг, цаашдын хөгжилд гадаадын хөрөнгө оруулалт хамгийн чухлыг одоо дахин ярьж эхэллээ. Гадаадын хөрөнгө оруулагчдаа бүгдийг нь хөөгөөд гаргачихсан бид одоо буцаад "үнэн"-тэй нүүр тулж буй нь үнэн. Үүнээс гадна Монголын эдийн засгийн хөгжлийн ирээдүй төр бус, хувийн хэвшлийн шийдвэрээр явдаг байх ёстой гэдэгтэй уншигч та ч санал нийлэх биз ээ.
Холбоотой мэдээ