АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр /2022.04.14/ Украинд айлчлах хүсэлтэй байгаагаа мэдэгдэв. Түүнчлэн тус улсын засгийн газар дайнд нэрвэгдсэн Киев рүү удирдах албан тушаалтнаа илгээх талаар ярилцаж байгаа тухай мэдээллийг баталжээ. Цагаан ордон Европын удирдагчдын дээд хэмжээний айлчлалыг Украинд хийхээр төлөвлөж байна гэж Лхагва гаригт "Politico" хуудсанд мэдээлсэн. Үүний дараа Байден энэ мэдэгдлийг хийсэн байна. "Daily mail" сайтад мэдээлснээр, төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен эсвэл батлан хамгаалахын сайд Ллойд Остин нар очих магадлал өндөр байна.
Байден Украинд айлчлах сонирхолтой байгаагаа өмнө нь ч бас илэрхийлж байсан удаатай аж. Тухайлбал, өнгөрсөн сард тэрбээр АНУ-ын цэргүүдийн хамт Польшид айлчлах үеэрээ Украины хилээр нэвтрэх боломжгүй байгаа талаар хэлж байв. "Тэд намайг хил давж, Украинд болж буй үйл явдалтай танилцахыг зөвшөөрөхгүй нь ойлгомжтой" гэж хэлжээ.
Байденг Украинд айлчлуулахын тулд аюулгүй байдлыг сайтар хангах шаардлагатай гэдгийг Цагаан ордны албаныхан онцлов.
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Австрийн канцлер Карл Нехаммер, Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен зэрэг Европын удирдагчид өнгөрсөн долоо хоногт Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзсан. Тэгвэл Цагаан ордон ч бас Украиныг дэмжиж буйгаа илэрхийлэн айлчлал хийхээр зорьж буй бололтой.
Байден хамгийн сүүлд 2017 оны нэгдүгээр сард АНУ-ын дэд ерөнхийлөгчийн хувиар Киевт айлчилсан. Энэ нь түүний Украинд хийсэн зургаа дахь албан ёсны айлчлал байжээ.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ