МАН-3, АН-3 гишүүнийг яллагдагчаар татах санал гаргажээ

Хуучирсан мэдээ: 2022.04.15-нд нийтлэгдсэн

МАН-3, АН-3 гишүүнийг яллагдагчаар татах санал гаргажээ

МАН-3, АН-3 гишүүнийг яллагдагчаар татах санал гаргажээ

Улсын ерөнхий прокуророос УИХ-ын нэр бүхий гишүүдийг эгүүлэн татах саналаа удахгүй УИХ-д өргөн барих гэж байгаа гэсэн мэдээлэл гарах болсон. Тэгвэл АТГ-аас  хоёр гишүүнийг яллагдагчаар татсан бол нэмж дөрвөн гишүүнийг яллагдагчаар татах саналаа ирүүлээд байгаа аж.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Г.Дамдинням, Н.Алтанхуяг нарыг яллагдагчаар татах саналаа хүргүүлсэн байна. Харин өмнө нь УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Б.Бейсен нарыг яллагдагчаар татжээ.

Эдгээр нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах эсэх саналыг хуулийн дагуу хяналтын прокуророос Улсын ерөнхий прокурорт гаргана. Мөрдөн шалгалтын явцад дээрх гишүүд саад учруулсан гэж үзвэл Улсын ерөнхий прокурор тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д хүргүүлэх юм. Улс төрийн хүрээнд эдгээр гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Ерөнхий прокуророос оруулж ирвэл, олонхоороо авч үлдэхгүй, прокурорын саналыг хүлээж авахаар тохирсон гэх мэдээлэл ч гарах болжээ. Ерөнхий сайд болон эрх баригч МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын байр сууриас харвал энэ парламентаас нэгээр тогтохгүй гишүүд бүрэн эрхээ дуусгаж чадалгүй Төрийн ордноос явж мэдэх нь.

МАН: Г.АМАРТҮВШИН, Г.ДАМДИННЯМ, Х.ГАНХУЯГ

АТГ-аас  МАН-ын бүлгийн зарим гишүүгийг яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт гаргажээ.  УИХ-ын гишүүн Г.Амартүвшин эрх мэдлээ урвуулж, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий аж ахуйн нэгжид давуу байдал олгон, их хэмжээний зээл өгсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татах санал гаргасан байна. Мөн тэдний ар гэрт нэгжлэг хийж, хууль зөрчсөн баримт нотолгоо олсон гэх мэдээлэл байна.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнерс”  компани Хөгжлийн банкнаас 2020 онд 33 тэрбум төгрөгийн зээл авсан юм. Ингэхдээ хууль зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул АТГ-аас тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Г.Амартүвшин нь УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө Хөгжлийн банкны захирлаар зургаан сар ажилласан байдаг.  Энэ хугацаандаа /2020 оны нэгдүгээр сард/ УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид 33,5 тэрбум төгрөгийн зээл олгосон гэх асуудлаар шалгаж байгаа. Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулж,  гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан Н.Мөнхбат, Б.Батбаяр нарыг цагдан хорьсон. Г.Амартүвшин нь гишүүний бүрэн эрхтэй тул түүнийг цагдан хорьж, шалгах боломжгүй юм.

АН: Н.АЛТАНХУЯГ, А.АДЪЯАСҮРЭН, Б.БЕЙСЕН  

АТГ-аас мөн Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлжээ. Түүнийг 2012-2014 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкнаас гаргасан 1.8 их наяд төгрөгийн зээлийг үр дүнгүй зарцуулж, бондын хөрөнгийг үнэгүйдүүлсэн, Худалдаа хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий аж ахуйн нэгж болох “Хөтөл цемент”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхэн их хэмжээний зээл авахад эрх мэдэл, албан тушаалаа ашиглан давуу байдал олгосон үндэслэлээр  яллагдагчаар татах санал хүргүүлсэн байна.

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд холбогдох, Нийслэлийн прокурорын газрын  ерөнхий прокурор Ш.Нямдоржийн хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолыг хүчингүй болгосон байна. Ингэснээр А.Адъяасүрэнд дахиад яллагдагчаар татах тогтоол үйлдэж, танилцуулахаар болсон байна. Одоогоор А.Адъяасүрэн гишүүн тогтоолтойгоо танилцаагүй байгаа аж.  Түүнийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Тэнгри транс”, “Сан тээвэр”, “Ульгансар транс” компанийнхаа хүнд даацын 680 ачааны автомашинд улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрөл олгуулахын тулд Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпалам, түүний хүргэнд авлига өгсөн гэж эрүүгийн хэрэг үүсгэж байсан. Гэвч, Ерөнхийлөгчөөр Х.Баттулга сонгогдсоны дараа Нийслэлийн прокурорын газрын  ерөнхий прокурор Ш.Нямдорж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь дээрээс өгсөн даалгаврын дагуу ажилласан гэж хардагддаг. Ш.Нямдорж нь өнгөрсөн онд авлигын хэргээр шүүхээс ял шийтгэл хүлээсэн байдаг

Мөн УИХ-ын гишүүнээр сонгогдсон Б.Бейсенд яллагдагчаар татах тогтоолыг нь саяхан танилцуулж, гарын үсэг зуруулсан талаар мэдээлэл ч байна.  Тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Т.Өсерхан тэргүүтэй 51 хүнд Ховд аймаг дахь Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл заасан хахууль авсан, 2015 оны мөн хуулийн 22 дугаар бүлэг дэх албан тушаалаа урвуулсан, хээл хахууль авсан, 18.6 дахь хэсгийн мөнгө угаасан, 21.5-ын хохирогч, гэрчид хууль бусаар нөлөөлсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Улс төрийн хүрээнд сэвэгдэж байгаа материалаар  АН-аас нэг, МАН-аас нэг хүнээр туг тахих бололтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
12
ХахаХаха
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж