"Ажилтны НДШ-ийн төлбөрийн 50 хувийг он дуустал хөнгөлнө"

Хуучирсан мэдээ: 2022.04.15-нд нийтлэгдсэн

"Ажилтны НДШ-ийн төлбөрийн 50 хувийг он дуустал хөнгөлнө"

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ /2022.04.15/ танилцууллаа.


 "Үнийн өсөлтийн эсрэг жагссан залуус 15  шаардлага ирүүлсэн. Уг асуудлаар  ажлын хэсэг байгуулж судалгааны байгууллагуудтай хамтран ажилласан.

Залуусын тавьсан шаардлагын 74 хувь нь үнийн өсөлтийг хязгаарлах, 15 хувь нь төсвийн үргүй зардлыг хэмнэх, 12 хувь нь авлигал тэгш бус байдалтай тэмцэх, 12 хувь нь цалин, нийгмийн даатгалын шинэчлэлтэй холбоотой асуудал байсан.

Дээрх шаардлагуудын  60 орчим хувийг ойрын хугацаанд шийдвэрлэх боломжтой. Мөн зарим шаардлагууд дунд хугацаанд буюу хууль эрхзүйн шинэчлэлтэй холбоотой асуудал буюу  30 жилийн хугацаанд бугширсан шийдвэрлэж чадаагүй асуудал ч байна. Засгийн газар эдгээр асуудлуудыг нэг дор шийдвэрлэх боломжгүй учраас хамгийн их санал өгсөн  үнийн өсөлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд хуулийг УИХ-д өргөн барьсан. Зарим арга хэмжээний хувьд стандарт бус арга хэмжээ авахаас өөр аргагүй байдалд орж байна. Тиймээс Үнийн тогтворжуулах хуулийг УИХ яаралтай горимоор хэлэлцэж өнөөдөр /2022.4.15/ баталлаа.  

Уг хуулийг баталснаар

Нэгдүгээрт: Мах, гурил, газрын тос болон бусад нэн шаардлагатай бараа, бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой байлгах, нөөц бүрдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход шаардагдах хүүгийн татааст төсвийн зохицуулалт хийнэ. Тодруулбал, үнэт цаас, баталгаа гаргах, газрын тосны бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварыг 5 хүртэл хувьд хүргэж бууруулах зохицуулалт хийнэ. Мах, гурил, газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой байдлыг хангах зорилгоор тухайн чиглэлийн аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгө, урьдчилгаа төлбөрт шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийн эх үүсвэр олгоно.  Шатахууны үнийг боломжит дээд хувилбараар барина. Шатахуун нь үнийн өсөлтөд нөлөөлдөг гол бүтээгдэхүүн. Сингапурын бирж дээр үнэ нь 1000 орчим  төгрөгөөр нэмэгдэх судалгаа гарсан учраас үнийг тогтворжуулахаас аргагүй болсон. 

Хоёрдугаарт: Монголбанкинд валютын нөөц бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх эрхзүйн орчныг бий болгох, мөнгө болон сангийн бодлогыг нарийвчлан уялдуулж, хямралт нөхцөл байдлын үед нягт хамтран ажиллах болон зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний импортын татвартай холбоотой зохицуулалтыг Засгийн газар зохицуулах эрхзүйн зохицуулалтыг бүрдүүлнэ.

Гуравдугаарт: Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд Монголбанкнаас алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгоно. Лондоны металлын биржийн үнэ дээр таван хувийн нэмэгдэлтэйгээр гадаад, дотоодын зах зээлээс алт худалдан авах, олборлосон алтаа тухайн санхүүгийн жилдээ багтаан тушаах үүргээ хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээ авна.

ДЭЭРХ БАГЦ АРГА ХЭМЖЭЭНД НИЙТДЭЭ 100 ОРЧИМ САЯ АМ.ДОЛЛАР ЗАРЦУУЛНА 

Нефтийг дотооддоо үйлдвэрлэж чадаагүйгээс болж 30 жилийн хугацаанд асуудалтай явж ирсэн. Цаашид шатахууныг дотоодод үйлдвэрлэдэг болох, шатахуун үйлдвэрлэх сонирхолтой ААН-үүдийг дэмжихээс өөр гарцгүй. Хууль баталснаар огцом өсч байгаа үнийг барихад агуулгын хувьд том шийдэл гаргаж чадна гэдэгт Засгийн газар итгэлтэй байна.

Мөн гурил, махны үнийг тогтоон барина. Өөрөөр хэлбэл, төрөөс үйлдвэрлэгч нарт хөнгөлөлттэй зээл олгох, улмаар тариаланчдын хадгалсан өмнөх жилүүдийн улаан буудайн нөөцийг худалдаж авна. Ингэснээр дэлхий дахинд үүсч буй улаан буудайн хомсдолоос урьдчилан сэргийлж, хаврын тариалалтад онцгой анхаарна.

Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар импортоор оруулж ирдэг цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны импортын гаалийн татварын таван хувийг он дуустал тэглэх саналыг УИХ-д оруулахаар тогтсон. Дотоодын компаниудыг дэмжих замаар, импортоор орж ирдэг өргөн хэрэглээний барааны татварыг тэгэлснээр үнийг барих боломжтой. Цаашид биднээс үл хамааран олон улсад бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд Засгийн газар урьдчилан сэргийлэх туйлын хүндрэлтэй. Дотоодын ургамлын тос үйлдвэрлэгчдийн борлуулалтын болон үйлдвэрийн үндсэн түүхий эдийн нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх шийдвэрийг Засгийн газар гаргаж УИХ-д оруулахаар тогтсон. Украин улс ургамлын тос үйлдвэрлэгч гол улсуудын нэг. Тиймээс цаашид угамлын тос хомсдох эрсдэлтэй. Үүнээс сэргийлэхийн тулд дотоодын ургамлын тос үйлдвэрлэгч компаниудыг төрөөс дэмжинэ.

Дотоодын хүнсний үйлдвэрүүдийг дэмжихэд зориулж, нэг их наяд төгрөгийн зээлийг олгоно. Хүүгийн татаасыг төрөөс олгох бөгөөд төсвийн тодотголд шингээж өгнө.

Уг зээл дотор хүнсний ногоо, улаанбуудай, тосны ургамал тариалах,хүнсний агуулах зоорь барих, боловсруулах үндэсний үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкууд олгоно. Олгогдсон зээлийн хүүгийн татаасыг төрөөс хариуцна.

Үе, үеийн төр засаг төсвийн хэмнэлтийг тодорхой хэмжээнд зохицуулж байсан боловч нэгдсэн байдлаар эрхзүйн түвшинд зохицуулж чадаагүй өнөөдрийг хүрсэн. Нэг үгээр хэлбэл Засгийн газар шийдвэр гаргахад Засгийн газрын харьяа байгууллагуудад л нөлөөлдөг. Орон нутаг өөр шийдвэр гаргадаг. УИХ тусдаа явж ирсэн. Нэг үгээр хэлбэл журмаар зохицуулах гэж хичээсэн ч нийгмийн хүлээлтэд хүрээгүй нь бодит үнэн.

Засгийн газрын хуралдаанаар Төсвийн хэмнэлтийн тухай хуулиар зохицуулах нь зөв гэж үзсэн. Ингэснээр төрийн төсөвт байгууллагын хүрээнд төсвөөс цалинждаг бүх байгууллагууд уг хуульд хамаарна гэсэн үг. УИХ, Засгийн газрын харьяа байна уу үл хамааран нэгдсэн байдлаар зохицуулалт хийнэ.

Төрийн өмчит компаниудын удирдлагын бүтэц дээр дэд захирал болон шаардлаггүй албан тушаалуудыг хуулиар хязгаарлана. ТӨХК-ийн захирал бие дааж шийдвэр гаргах боломжгүй болно. Мөн төрийн өмчит 39 ААН-ийг олон нийтийн хяналт дор оруулахаар 34 хувийн IPO гаргах асуудлыг УИХ-д оруулахаар тогтсон.

10 ОРЧИМ КОМПАНИЙГ НЭГТГЭЖ, 10 КОМПАНИЙГ ТАТАН БУУЛГАНА

Ингээд төрийн өмчийн компанитай холбоотой асуудлын үйл ажиллагааны нийтлэг журам болон орон тоотой холбоотой асуудлыг Төсвийн хяналтын тухай хуулиар зохицуулна. Үүн дээр хуулийн дагуу аудит дүгнэлт гаргаад явна.

Мөн хот суурин газарт том оврын автомашин хэрэглэхийг хуулиар хориглоно. Зөвхөн хөдөө орон нутгийн томилолтод явахдаа унана.

Төрийн байгууллага таксины үйлчилгээ авах, таксины компанитай хамтран ажиллах байдлаар төр үе шаттайгаар автомашинаас татгалзана. Засгийн газар 10-15 хувийн хэмнэлтийн горимд шилжинэ. УИХ-ын гишүүдийн гар утасны зардлыг төрөөс даах асуудал ньь байгууллагаасаа шалтгаалж ялгаатай байдаг. Зочин төлөөлөгч хүлээж авах зардлыг гаргахгүй, бэлэг авахгүй, төрийн байгууллагууд гадаад дотоодод томилолтод явахдаа энгийн бус бизнес ангиллаар зорчихоо болино. Хүсвэл өөрөө зардлаа гаргаад бизнес ангиллаар явж болно.

ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧААС БУСАД АЛБАН ХААГЧ ДҮРЭМТ ХУВЦАС ХЭРЭГЛЭХГҮЙ

Зарим нь цалингаасаа дүрэмт хувцасаа авдаг бол заримыг нь төрөөс даадаг байх жишээний. Үүнийг хуулийн хүрээнд зохицуулна. Хэмнэлтийн багц асуудлыг тусгана. Төсвийн тодотголтой хамт хуулийн төслийг өргөн барина. Гал унтраах байдлаар биш зарчмын хувьд асуудлыг шийднэ.

Нийслэл Улаанбаатар хотод цэцэрлэгийн хүртээмж бага байгаа талаар залуус хэлсэн. Тиймээс Засгийн газрын хуралдаанаас цэцэрлэгийн хүртээмж бага байдаг дүүрэг хороодыг тодорхойлоод хувийн хэвшилтэй хамтран ажиллах шийдлийг гаргасан.
Цэцэрлэгийг нэмэгдүүлэхийн тулд төрөөс төлөх хувьсах зардлыг хоёр дахин нэмнэ. Аж ахуйн нэгжүүд өөрийн ажилчдын хүүхдүүдэд зориулан цэцэрлэг байгуулсан бол татварыг хасч тооцох зэрэг хамтарсан шийдлийг гаргана.
Энэ бүх асуудал эргээд төсөвтэй холбогдоно. Нийгмийн даатгалын сан ьмаш хүнд байдалд орсон. Хувийн тэтгэврийн сан, Хуримтлалын нэгдсэн сан зэргийг ашиглан Нийгмийн даатгалын санг бодитоор мөнгөжүүлэх асуудлыг УИХ-тай ярина. Энэ нь дунд хугацаанд буюу реформ хийх хэмжээний том асуудал.
30 жилийн хугацаанд нийгмийн даатгалын санг мөнгөжүүлэхэд 21 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа. Уг асуудлыг Засгийн газар өнөө маргаашдаа шийдчих асуудал биш.
Гэхдээ нийгмийн даатгалтай холбоотой асуудлыг Хуримтлалын нэгдсэн сан руу оруулах, бодитоор мөнгөжих, орон сууц, эрүүл мэнд, боловсролд зарцуулдаг байх тогтолцооны шинэчлэл рүү орно.
Төсөвт байгууллага, газрын тос болон уул уурхайн чиглэлийн ААН-ээс бусад хувийн байгууллагын ажилтны төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг он дуустал төрөөс сар бүр буцаан олгох зарчмын шийдлийг гаргалаа. Энэ бол хүнд үеийг давахад тусална.
Хөгжлийн банктай холбоотой асуудал дээр Ерөнхий сайдын хувьд хатуу шаардлага тавьж байна. Дархан төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг цуцалсан. Энэ нь төр хувийн өмч рүү халдсан зүйл биш. Ахин хэлье. Энэ бол төрөөс авсан өмчийг гэрээнийхээ дагуу ашиглаагүй учраас л төр гэрээг цуцалсан. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал ч гэсэн хувийн өмч рүү халдсан зүйл огт биш шүү.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж