Монгол Улсын Засгийн газар өнөөдөр /2022.4.15/ ээлжит бусаар хуралдаж, төсвийн тодотголыг хэлэлцэж байна.
УИХ-ын даргын захирамжаар үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан авах шаардлагатай арга хэмжээний төсөл, шийдэл боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг хуралдаанаараа 2022 оны төсвийг хэмнэлтийг горимд шилжүүлэх, шаардлагатай бол 2022 оны төсөвт тодотгол хийх шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан. Мөн
- Төрийн бүх шатны байгууллагуудад хэмнэлтийн горимыг мөрдүүлж, зардлыг 10-аас доошгүй хувиар хэмнэх, бүтэц, чиг үүргийг хянаж, давхардлыг арилгах, удирдлагын орон тоо, зардлыг бууруулах;
- Тансаг хэрэглээний болон бүх төрлийн архи, тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх асуудлыг судалж, хэрэгжүүлэх;
- Төрийн байгууллагын зарим чиг үүргийг хувийн хэвшил, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодод шилжүүлэх, төрийн үйлчилгээг цахимжуулах замаар зардлыг бууруулах;
- Төсвийн байгууллагын их засвар, тохижилт, тоног төхөөрөмж худалдан авах болон зөвлөх үйлчилгээний зардлыг тэвчих;
- Төрийн болон орон нутгийн өмчит компани, үйлдвэрийн газруудын зардлыг 30-аас доошгүй хувиар хэмнэх замаар төсөвт төвлөрүүлэх татварын болон ногдол ашгийн орлогыг нэмэгдүүлэх;
- Үйл ажиллагаа нь давхардсан, үр ашиг багатай төрийн болон орон нутгийн өмчийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг өөрчлөн байгуулах, татан буулгах саналаа УИХ-д өргөн мэдүүлэх зэрэг чиглэлээр Төсвийн хэмнэлтийн тогтоолын төсөл боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байдаг.
2022 онд улсын төсвийн орлогыг 15.7 их наяд төгрөгөөр тооцож, 18 их наяд төгрөгийн зарлага гаргана гэж төлөвлөсөн юм.