Хэрэлдэж талцаж, хэдэн жил гацаасны эцэст Төрөөс баримтлах төмөр замын бодлогын хүрээнд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замын бүтээн байгуулалтыг 2019 оноос барьж эхэлсэн агаад өнгөрсөн гуравдугаар сарын 15-нд Л.Халтар сайд хар толгойгоороо дэнчин тавин барин ашиглалтад оруулсан билээ. Тус төмөр зам нь гуравдугаар зэрэглэлийнх, нүүрс тээвэрлэх гэрээгээ өнгөрсөн хоёрдугаар сараас хийж эхэлжээ. Ачаа тээврийн тарифийг захиалагчийн эрэхгүй этгээд О.Батнасан нь нэг тонн ачааг нэг километр газар 84.88 төгрөгөөр хийж тогтоожээ. Хоосон вагон явуулбал 550 төгрөг төлнө. Хаяг солих, зам талбай ашиглах, пүү, чингэлэг, ачааны хашаанд авто машин орох, гарах бүгд үнэ тарифтай. Үүнийг дагасан их мөнгөний ашиг сонирхол төмөр зам дээр тэгнэгдэх болсон байна.
2020 оны есдүгээр сард гаргасан Засгийн газрын 117 дугаар тогтоол ёсоор бол тус төмөр замыг “Зүүнбаян төмөр зам” компани хариуцах ёстой. “Зүүнбаян төмөр зам” компанийн 66 хувийг “Эрдэнэс Тавантолгой”, 34 хувийг “Монголын төмөр зам” эзэмшдэг. Учир нь, “Эрдэнэс Тавантолгой” ХК уг төмөр замыг 100% санхүүжүүлж барьсан. Гэтэл дураараа хууль зөрчин ашиглаж тээврийн гэрээ хийж орлого олоод байгаа нь МТЗ ТӨХК ийн гүйцэтгэх захирал О.Батнасан хувьцаа эзэмшигчтэйгээ зөвшилцөөгүй түр тариф, түр тээвэр нэрээр орлого олсоор байх уу.
Уг тогтоолыг гаргахдаа Засгийн газраас “Монголын төмөр зам” компанид олгосон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих тухай тусгай зөвшөөрлийг цуцалж, уг зөвшрөөлийг “Зүүнбаян төмөр зам” компанид гурван жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл “Монголын төмөр зам” нь эрхийг шилжүүлээгүй нэг ёсондоо “Зүүнбаян төмөр зам” компанийн өмнөөс гэрээ байгуулаад, захиалагчийн үүрэг гүйцэтгээд явж байгаа нь ашиг хонжоо хайсан үйлдэл гэж хардагдаж, харагдаж байгаа юм.
“Монголын төмөр зам” компанийн ТУЗ-ийн дарга Б.Артур /Зам тээврийн яаманд гарсан хүний амины хэргээс болж ажлаа өгсөн ч төд удалгүй ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар дахин томилогдсон байдаг/-ын гарын үсэгтэй тогтоолд Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замаар тээвэрлэлт хийлгэх аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах үүргийг “Монголын төмөр зам”-д өгсөн нь төрийн хоёр байгууллага хоорондоо үл ойлголцох байдалд хүргээд байгаа аж.
Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тогтоолоос давсан шийдвэрийг ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур гаргасан байна. Засгийн газрын тогтоолд “Монголын төмөр зам” компани Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг нь цуцалчихаад байхад шүү дээ.
“Чи үүрэхийг нь үүрч, би аахилахыг нь аахилъя” гэгчээр “Монголын төмөр зам” ТӨХК нь гэрээ байгуулж, мөнгө олохыг нь хариуцдаг ч хяналт тавьж чадахгүй нь байгаа нь осол аваар гарах нөхцөл байдалд хүргэжээ.
Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам дээр сум зүссэн мөн нэг вагон замаас гарсан гэх мэдээ цацагдсан. Гэтэл үнэндээ ажилчид нь архидан согтуурснаас болоод дээрх зөрчил гарсан байна. “Монголын төмөр зам”-ынхан уг асуудлыг салбарын сайд Л.Халтарын чихэнд хүргэлгүй хав дарсан бололтой.
Засгийн газраас гаргасан тогтоолын дагуу “Монголын төмөр зам” нь Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг санхүүжүүлсэн төсөлд хөндлөнгийн аудит хийлгэхийг Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нарт даалгасан байдаг. Атал өнөөдрийг хүртэл аудит хийсэн эсэх нь эргэлзээтэй, төмөр замын төсөлд дээр ажиллаж байсан цэргүүдийн хоол хүнсэнд зориулж “Талх чихэр” компани нэг талхаа 20 мянган төгрөгөөр тооцож нийлүүлдэг байсан гэх мэдээлэл ч цацагдаад байгаа юм.
Энэ мэтээр Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам тойрсон ашиг сонирхол Засгийн газрын тогтоолоос давж, эцэстээ төрийн байгууллага хооронд үл ойлголцол үүсгэж, эндээс үүдэлтэй осол аваар гарвал эцэст нь хариуцлагыг нь хэн үүрэх вэ. Гэрээ хэлцэл хийгээд байгаа “Монголын төмөр зам” ТӨХК компанийн гүйцэтгэх захирал О.Батнасан уу, эсвэл “Зүүнбаян төмөр зам” компани уу. Хоёр байгууллагын дунд хяналт, хариуцлага нь алдагдсаар байгаагийн ард авлига, ашиг сонирхол нуугдаж байж болох юм. Үнэндээ Тавантолгой-Зүүнбаян төмөр зам дээр мөнгөнд нь суух эзэн олдож, хяналт, хариуцлага ярих нь өлдөж байна.
Холбоотой мэдээ