Сангийн яам орлогын албан татварыг илүү нарийвчилж харна
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
–Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг дагалдуулж олон хууль батлах ёстой. Энэ хууль их удаж байж УИХ-д орж ирлээ. 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа төвлөрлийг сааруулах, орон нутагт эрх мэдлийг нэмэгдүүлэх, хэт босоо тогтолцоог багасгах агуулгаар өөрчлөлт хийгдсэн. Өөрөөр хэлбэл, орон нутгийн удирдлагуудыг бэхжүүлэх хүрээнд Нэгжийн хуулийг баталсан. Нэгжийн хуультай нийцүүлж бусад хуулийг батлах ёстой.
Уг нь энэ ажлуудыг 2020 онд хийх ёстой байсан. Өнөөдөр орж ирж байгаа хуулиас харахад Үндсэн хуулийн үзэл баримтлал алдагдсан байна. Нэгжийн хуулиар орон нутагт эрх мэдлийг нэмэгдүүлэхийн тулд тодорхой төрлийн татваруудыг орон нутагт шилжүүлэхээр болсон. Тухайлбал, хүн амын орлогын албан татварын 40 хувийг орон нутагт үлдээж захиран зарцуулах эрхийг нь мөн шилжүүлсэн.
Мөн үл хөдлөх эд хөрөнгийн татварыг орон нутагт үлдээхээр шийдвэрлэсэн. Гэтэл Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлээд бусад хуулиа зохицуулах ёстой байтал одоо орж ирж байгаа хуулиар орон нутагт бус төвлөрүүлж татахаар болжээ. Хуульд яагаад ийм өөрчлөлт орчихов. Энэ тал дээр Засгийн газар ямар байр суурьтай байгаа вэ? Үндсэн хуулийн үзэл баримтлал хаачив.
Ажлын хэсэг:
–Яамд бүр, өөр өөрсдийн салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийг шинээр батлагдсан Нэгжийн хуульд нийцүүлэх талаар судалгаа хийсэн. Ингэхэд ААН-ийн орлогын 40 хувийг орон нутгийн төсөвт үлдээнэ гэж заасан. Уг зохицуулалтыг хуваарилах арга зам, процесс нь нарийн тусгагдаагүй байна гэх шалтгаанаар илүү тодорхой болгож хэрэгжилтийг нэг мөр хангахын тулд холбогдох зохицуулалтыг Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар тодорхой болгох шаардлагатай гэж үзсэн.
Тухайн хуульд орсон ААН-ийн орлогын албан татварыг орлого гэж тодорхой болгоод Төсвийн тогтворжуулалтын санд хуваарилж үлдсэн хэсгээс нь орон нутгийн төсөвт 40 хувийг хуваарилна гэсэн агуулгаар тодотгож оруулж ирсэн. Хуулийн хэрэгжилтийг тодорхой болгосны дараа уг асуудлыг дахин авч үзэх шаардлагатай гэх үндэслэлээр буцаах асуудлыг ажлын хэсэг дээр ярилцсан.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Хариултаас юу ч ойлгосонгүй. Би уг нь хүн амын орлогын 40 хувь, үл хөдлөх эд хөрөнгийн татвар орон нутагтаа үлдэх ёстой гэж ярьсан. Гэтэл өөдөөс ААН-ийн орлогын албан татвар яриад байх юм. Хоёрдугаарт Нэгжийн хуулийг хэрэгжүүлэх явцад ямар бэрхшээл тулгарч байна. Баг, хороооны нутаг дэвсгэрийн хилийн заагыг ИТХ шийднэ гэх өөрчлөлт орсон. Үүнтэй холбоотойгоор иргэд гомдол, санал хэлж байна уу? Бидний баталсан хуульд алдаа байвал засах ёстой учраас асууж байна.
Ажлын хэсэг:
-ААН-ийн орлогын албан татвар гэдгийг нь хассан. Таны яриад байгаа Хүн амын орлогын албан татвар болон бусад татвар, орон нутагт шилжүүлсэн эрхүүд хэвээр үлдэнэ. Сангийн яаман дээр ААН-ийн орлогын албан татварыг илүү нарийвчилж харахаар болсон. Заалт нь хэтэрхий ерөнхий орж ирээд байна гэж үзсэн учраас илүү тодруулах шаардлагатай.
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:
–Хөдөө орон нутгийн ялангуяа сум, багийн түвшинд ажиллаж байгаа Тамгын газрын ажилтнуудын цалин маш бага. Монгол төрийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх чухал үүргийг орон нутгийн тамгын газрын ажилчид биечлэн гүйцэтгэдэг. Гэсэн ч нийгмийн баталгаа нь маш муу. Тиймээс энэ асуудлыг анхааралдаа аваасай. Засгийн газрын бодлого шийдвэрүүд чанартай сайн батлагдаад доод түвшинд хэрэгжихдээ сул байна шүү. Уг хуульд “Нийгэм эдийн засгийн амьдралаа бие дааж шийдвэрлэх” гэсэн заалт байна лээ. Энэ хүрээнд цалин нэмэх эрх нь орон нутгийн удирдлагад байна уу?
Хоёрдугаарт Алтанбулаг, Замын-Үүд, Эрээнцав боомтуудад хүн ам олноор суурьшсан сум тосгоны статустай. Монгол Улсын хилийн шугамд хэт ойр байрладаг дээрх суурин газрууд бий. Энд ажиллаж амьдарч байгаа ард иргэд газар эзэмших, өмчлөх гэхээр Монгол Улсын хуулиар хориглосон байдаг. Гэтэл улсын хилийн шугамаас 15 км-ээс илүүгүй гээд 1993 онд батлагдсан Хилийн тухай хуулиар тогтоосон хилийн зурвасын өргөн одоог хүртэл хэвээрээ яваа. Огт өөрчлөгдөөгүй. Энэ хууль дээр хилийн зурвасын өргөнийг УИХ тогтооно гэж заасан. Хилийн шугамд ойрхон амьдардаг хүмүүс газраа өмчлөх эрхийг нь хангах үүднээс 15 км гэж зааж өгсөн. Одоо харин улсын хилийн зурвасыг тогтоох асуудлыг Засгийн газар УИХ-д өргөн бариад батлах ёстой. Энэ асуудлыг Засгийн газар ямар түвшинд судалж байгаа вэ? Энэ бол хилийн боомтын ойролцоо хөрөнгө оруулалтаа хийчихсэн, суурьшлын бүсээ байгуулсан маш олон иргэдийн хүлээж байгаа асуудал шүү. Тиймээс улсын хилийн зурвасын өргөнийг тогтоох УИХ-ын тогтоолыг Засгийн газраас өргөн барих ёстой.
Ажлын хэсэг:
-Орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалин хөлс муу байгаа нь үнэн. Өнгөрсөн Лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар төрийн зарим байгууллагын ажилчдын цалингийн сүлжээнд өөрчлөлт оруулах асуудал орсон ч Засгийн газраас уг асуудлыг нэг мөсөн цогцоор нь шийдэх байдлаар судалж танилцуулах чиглэл өгсөн. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Төрийн албаны хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмар:
–Монгол Улсын Хилийн тухай хуульд зааснаар хилийн зурвасын ойр орчмын газар нь тусгай хэрэгцээний газарт ордог. Хилийн зурвас орчмын газрыг тусгай хэрэгцээнээс гаргах, хэмжээ хилийн заагийг тогтоох нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Уг саналыг боловсруулж оруулж ирэх үүрэгтэй байгууллага нь Барилга хот байгуулалтын яам.
Өнгөрсөн гуравдугаар сарын хилийн зурвас газрыг тусгай хэрэгцээнд авах УИХ-ын тогтоолын төслийг Барилга хот байгуулалтын яамнаас Засгийн газрын хуралдаанд оруулсан. Өргөн мэдүүлэх зөвшөөрлийг Хууль зүй дотоод хэргийн сайд, Сангийн яамнаас өгвөл УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
–Өнөөдрийн байдлаар НИТХ-ын шийдвэрээр 171 хороог 32-оор өсгөөд 203 болгосон байна. Нэг хороонд 30 орчим хүн ажиллахаар нийтдээ 10 орчим тэрбум төгрөгийн зардал гаргана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хэмнэх биш тэлээд байна. Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулна гэдэг нь хороодын тоог нэмэхийг хэлээд байгаа юм уу?
Уг нь Засгийн газар цахимаар иргэдэд түргэн шуурхай үйлчилдэг болно гэсэн. Гэтэл Засгийн газрын бодлогын эсрэг юм гараад байна.
Сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засаг 15 дахин өссөн бол төсөв 55 дахин өссөн байгаа. Төсөв 18 их наяд төгрөгийн зардалтай.
Эдийн засаг өсч, унаж байгаа үед ч төсөв дандаа тэлж байна. Үүний үр дүнд Монгол Улсын төр улам бүр данхайж байна. Данхайх бүрт төсвийн урсгал зардал нь өсдөг. Алдагдалтай, өртэй, хөгждөггүй улс боллоо. Яаж 330 сумаа цөөлж хувийн секторыг нь хөгжүүлж ажлын байр бий болгох вэ гэдэг бодлого явуулах ёстой байтал төр л үйлчилгээ үзүүлэх ёстой гээд төсөв дээр мөнгө тавиад хороодын тоог нэмээд байх юм. Энэ байдал нь эргээд сонгуульд зориулагдсан бүтэц шиг харагдаад байна. Энэ байдлаараа нутаг дэвсгэр цомхон болгож төсвөө хэмнэж чадахгүй.
УИХ-ын гишүүн ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг:
–Таны ярианаас НИТХ-ын шийдвэр гарсан гэж ойлголоо. Аймаг, орон нутаг, НИТХ-ын онцгой бүрэн эрхэд тухайн нэгж дүүргийнх нь төсөв, газрын асуудал хамаардаг. Хороо байгууллаа гээд дарга, цэрэг орон тоо бөглөж суух биш өрхийн эмч, цагдаа нарын асуудал хамт явдаг. Тэр агуулгаараа иргэдтэй илүү ойр болгох шийдвэр гарсан юм болов уу. Түүнээс биш өнөөдрийн оруулж ирсэн Нэгжийн тухай хуультай холбоогүй асуудал байна.
УИХ-ын гишүүн ажлын хэсгийн гишүүн Ж.Сүхбаатар:
–Т.Доржханд гишүүн суурь асуудлыг хөндөж байна. Үнэнийг хэлэхэд Монгол Улсын засаг захиргааны шинэтгэлийн хөтөлбөрийн бодлого байхгүй. Хороог жижгэлж байгаа нь өнөөдрийн хувьд бол зөв ч суурь зарчим нь бол буруу. Монгол Улсын төрийн бүх нийтийн үйлчилгээг засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжээр дамжуулна гэдэг нэгдсэн буруу ойлголтоос болсон. Баг, хороо нь иргэдэд хамгийн ойр нэгж учраас бүх үйлчилгээг дамжуулна гэхээрээ зөв болчхож байгаа юм.
11 жилийн өмнө би Бор өндрийг сум болгож байсан. Энэ нь хэдийгээр зарчмын хувьд буруу байсан ч баг байснаараа сумын засаг даргын тамгын газар байгуулж чадахгүй байсан учраас олон үйлчилгээг авч чаддаггүй. Зөв тогтолцоо нь хороо, сум, дүүрэг томорч хүрээгээ тэлэх ёстой. Одоо бол яаж цомхон болгох вэ л гэж ярьдаг болсон.
Хот тосгон нь нэгжийн үйлчилгээг үзүүлдэггүй боловч нэгжийн үйлчилгээний дийлэнх хэсгийг хот тосгон өөрөө үзүүлдэг, өөрөө удирдах байгууллага. Хот тосгоноо хөгжүүлэхгүй болохоор бүх үйлчилгээ нэгж дээр очиж байна. Тэгэхээр дээрээс юм хуваарилдаг тогтолцоогоор явдаг болчихсон. Суурь асуудал нь үүндээ байна. Хот тосгоны удирдлага нэгжийн удирдлага биш. Нийгмийн ихэнх ачааг хот тосгон үүрчихдэг учраас нэгжийг жижгэлэх шаардлага байхгүй. Харин ч улам томсгох ёстой.
Монголын хувьд анхнаасаа хот тосгоны хөгжлийн асуудал нь хоцрогдсон зам ёсоороо хөгжөөгүй. Хот тосгоныг хөгжүүлэхгүй байж хороог томруулахыг буруутгах аргагүй болчихоод байна.
Монголд эцгийн овог, өөрийн нэр нь ижилхэн маш олон хүн бий
УИХ-ын үргэлжлүүлэн Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулаад эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.
Хуулийн төслийн танилцуулгад “Регистрийн дугаарыг Монгол Улсын иргэн төрсний бүртгэлд анх удаа бүртгүүлэх, Монгол Улсын харьяат болоход олгодог. Тухайн иргэнд олгосон регистрийн дугаар нь олгосон аймаг, нийслэл, сум, дүүргийг илэрхийлсэн үсгэн утга, төрсөн он, сар, өдөр, хүйсийг илэрхийлсэн тоон утгыг агуулж байдаг. Тиймээс регистрийн дугаараар тухайн иргэний төрсөн он, сар, өдөр, хүйсийн мэдээлэл, оршин сууж байсан аймаг, нийслэл, сум, дүүргийн мэдээллийг мэдэх боломжтой байдаг.
Иймд одоогийн хуулиар регистрийн дугаарыг ил харагдах бичилтээр бичиж байгаа эрх зүйн зохицуулалтыг өөрчилж, Монгол Улсын Их Хурлын 2009 оны “Иргэний шинэчилсэн бүртгэл явуулах тухай” 100 дугаар тогтоолд заасны дагуу иргэний биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгүүлсэн Монгол Улсын нийтнасанд хүрсэн иргэдийн 98 хувь буюу 1.925.772 иргэнд иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас өгөгдсөн 12 орон бүхий тоо болох иргэний бүртгэлийн дугаарыг иргэний бүртгэлийн холбогдох баримт бичигт ил харагдах бичилтээр тусгах нь зүйтэй гэж үзэж байна.
Үүнтэй уялдуулан иргэний үнэмлэхийн санах ойд иргэний овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн болон регистрийн дугаар, хүйс, оршин суугаа газрын хаяг, тоон гарын үсгийн мэдээллийг тусгахаар тогтоолоо. Иргэний оршин суугаа газрын хаягийн мэдээлэл уг хуулийн дагуу иргэний үнэмлэхэд ил бичигдсэнээр бодит байдал дээр иргэдэд багагүй хүндрэл бэрхшээлийг бий болгодог.
Тухайлбал, Иргэний улсын бүртгэлийн тоон мэдээ, судалгаанаас үзэхэд нэг жилд дундажаар 16 ба түүнээс дээш насны 120000-130000 иргэн шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгүүлж, мэдээллийн санд тухайн иргэний оршин суугаа газрын хаягийг өөрчилж, мэдээллийн санд тусгадаг.
Энэ хаяг нь иргэний үнэмлэхэд бичигдсэн хаягаас зөрүүтэй болдог тул иргэн шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгүүлж, иргэний оршин суугаа газрын хаяг өөрчлөгдөх тохилдол бүрт иргэний үнэмлэх сольж авах хэрэгцээ шаардлага үүсч байна.
Мөн аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр засаг захиргааны нэгжийн бүтцэд өөрчлөлт оруулах тохиолдолд иргэний оршин суугаа газрын хаяг өөрчлөгдөж, тухайн иргэний гар дээрх баримт бичгээс зөрүүтэй болох тохиолдлууд байсаар байна. Түүнчлэн иргэний оршин суугаа газрын хаягийн мэдээлэл иргэний үнэмлэхэд ил бичигдсэнээр бусад этгээд харах, иргэний хаягийн мэдээллийг ашиглан хохирол учруулах, иргэний хувийн аюулгүй байдал алдагдах зэрэг нөхцөл байдлыг бий болгосоор байна.
Иймд иргэний улсын бүртгэлийн баримт бичгийн үнэн зөв байдлыг хангах, иргэнд эдийн засгийн аливаа дарамт, хүндрэл бэрхшээлийг учруулахгүй байх, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэний оршин суугаа газрын хаягийн мэдээллийг иргэний үнэмлэхийн санах ойд тусгахаар заасан” гэжээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн санал хэлэв. Тэрбээр “Улсын бүртгэлийн хууль дээр нэг асуудал бий. Энэ нь бүх гишүүдэд ч хамаатай. Монгол Улсад эцгийн овог, өөрийн нэр нь ижилхэн маш олон хүн бий. Улсын бүртгэлийн газрын сайт руу ороод шүүгээд үзэхэд овог нэр ижил хүмүүс дээр үл хөдлөх хөрөнгө, лиценз зэрэг бүх хөрөнгийн бүртгэлүүд нь байдаг. Овог нэр ижил хүмүүсийг УИХ-ын гишүүдтэй андуураад хэвлэлийнхэн мэдээллийг буруу тараадаг. Ийм асуудлууд маш их байна. Монгол Улсад надтай ижилхэн овог нэртэй зургаан хүн байна. Тэр байтугай нутаг нэг ч хүн байна. Нийтлэг нэртэй хүнд олон тохиолддог байх. Энэ асуудлыг Улсын бүртгэлийн хуулиар цэгцлэх ёстой. Судлаад үзэхэд гаргалгаа их муу юм билээ” гэв.
Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явуулав. Улмаар 50 гишүүний 39 нь дэмжиж хууль эцэслэн батлагдлаа.
Тагнуулын байгууллагын тухай хуулийг хаалттай хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж горимын санал гаргав. Түүний хувьд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг өнгөрсөн онд УИХ-ын даргад өргөн барьсан юм.
Тэрбээр "Би хоёр долоо хоногийн өмнө тэтгэвэр тогтоохдоо долоон жилийн цалингийн дунджаар биш таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоох тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхийг шаардсан. УИХ-ын дарга байнгын хороо холбогдох газарт энэ асуудлыг ярихыг анхааруулсан. Өнгөрсөн долоо хоногт байнгын хороо хуралдсан боловч байнгын хорооны дарга "Манай намын бүлгээс Засгийн газрын өргөн барьсан Нийгмийн даатгалын багц хуулийг Засгийн газарт нь буцаасан" гэх тайлбарыг надад өгсөн. Би МАН-ын гишүүн биш. Тиймээс би танай намын бүлгийн хэлэлцсэн асуудлыг дагах шаардлагагүй. Учир нь би сөрөг хүчний гишүүн. УИХ-ын гишүүний хувьд хууль өргөн барихад МАН-ын бүлэг хэрхэн шийдсэн гэдгээс үл хамааран миний санаачилсан хуулийг хэлэлцүүлэх ёстой.
Тиймээс ирэх долоо хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд тэтгэврийг долоон жил биш, таван жилээр тогтоолгох тухай хуулийн төслийг хэлэлцүүлж өгөхийг хүсч байна. Хэрэв хуулийн төслийг хэлэлцэхгүй бол Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэгийн сонгогдсон Чингэлтэй дүүргийн ялалтын талбай дээр ирэх Лхагва гаригт ахмадтай хамтран 30 минут жагсана. Ингээд бүтэхгүй бол УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн төрсөн аймагт жагсаал зохион байгуулна шүү.
Хэрэв МАН-ын сүйхээтэй гишүүн байсан бол 500 мянган төгрөгөөс 1 сая хүртэлх тэтгэврийг 15 хувиар, 1-2 саяын тэтгэврийг 10 хувиар, хоёр саяаас дээш тэтгэврийг таван хувиар нэмж тэтгэврийг зөрүүг холтгохгүйгээр асуудлыг шийдэх байсан. Даанч тийм гишүүн байсангүй. Тиймээс тэтгэврийг долоон жил биш, таван жилээр тогтоолгох тухай хуулийн төслийг, мөн түүнчлэн 2018 оноос хойш долоон жилээр тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийг таван жилээр нөхөн бодох хуулийн төслийг яаралтай хэлэлцэх хэрэгтэй байна. Энэхүү хууль батлагдсанаар тэтгэвэр дунджаар 120 мянган төгрөг нэмэгдэнэ. Нийтдээ 140 мянга орчим иргэнд 16 тэрбум төгрөг зарцуулна. Цалингийн доод хэмжээ хэт бага байгаагаас болоод маш бага тэтгэвэр тогтоолгох болчихоод байна. Энэ хуулийн төслийг залуу гишүүд дэмжиж ажилламаар байна. МАН түүхэндээ ихэвчлэн таван жилээр ажлаа төлөвлөдөг. Гэтэл ард түмэндээ тэтгэвэр олгох болохоор долоон жил болгочихдог. 2018 оноос хойш өргөн хэрэглээний барааны үнэ 52 хувиар өссөн. Үнийн өсөлт орлого багатай, тэтгэвэр авдаг хүмүүст хамгийн хүнд дарамт болж байна" гэдгийг хэллээ.
Дараа нь УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсанд тооцно гэж заасан. Өөрөөр хэлбэл 39 гишүүнээс дээш хүн дэмжих ёстой. Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг өчигдөр явуулсан" гэлээ. Улмаар хуулийн төслийг эцэслэн батлах санал явуулахад гишүүдийн олонх буюу 48 гишүүнээс 42 нь дэмжиж хууль эцэслэн батлагдав.
Уг хууль батлагдсанаар:
Нэгдүгээрт: Мах, гурил, газрын тос болон бусад нэн шаардлагатай бараа, бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой байлгах, нөөц бүрдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход шаардагдах хүүгийн татааст төсвийн зохицуулалт хийнэ. Тодруулбал, үнэт цаас, баталгаа гаргах, газрын тосны бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварыг 5 хүртэл хувьд хүргэж бууруулах зохицуулалт хийнэ. Мах, гурил, газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой байдлыг хангах зорилгоор тухайн чиглэлийн аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгө, урьдчилгаа төлбөрт шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийн эх үүсвэр олгоно.
Хоёрдугаарт: Монголбанкинд валютын нөөц бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх эрхзүйн орчныг бий болгох, мөнгө болон сангийн бодлогыг нарийвчлан уялдуулж, хямралт нөхцөл байдлын үед нягт хамтран ажиллах болон зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний импортын татвартай холбоотой зохицуулалтыг Засгийн газар зохицуулах эрхзүйн зохицуулалтыг бүрдүүлнэ.
Гуравдугаарт: Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд Монголбанкнаас алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгоно. Лондоны металлын биржийн үнэ дээр таван хувийн нэмэгдэлтэйгээр гадаад, дотоодын зах зээлээс алт худалдан авах, олборлосон алтаа тухайн санхүүгийн жилдээ багтаан тушаах үүргээ хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээ авна.
Дараа нь Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцээд хаалттай горимд хэлэлцэхээр тогтлоо.