“Хөгжлийн банкны зээлийг татвараар төлүүлж болохгүй”

Хуучирсан мэдээ: 2022.04.15-нд нийтлэгдсэн

“Хөгжлийн банкны зээлийг татвараар төлүүлж болохгүй”

“Хөгжлийн банкны зээлийг татвараар төлүүлж болохгүй”

 УИХ-ын дэд дарга С.Одонтуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Үнэ тогтворжуулах хууль эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ цаг үед Засгийн газраас Монголбанкны мөнгөний бодлогод нөлөөлөх нь хэр зүй зохистой вэ. Энэ хуулийг та хэрхэн харж байна вэ?

-Улс орны эдийн засаг туйлын хүнд байна. МАН хариуцлагаас зугтахаа болих хэрэгтэй. УИХ-ын түүхэнд үнэ тогтворжуулах хууль баталж байгаагүй. Ардчилсан намын үед үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хийж байхад Засгийн газраас Монголбанктай зөвхөн санамж бичиг байгуулж, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгосон. Ингэхдээ арилжааны банкууд эрсдэлээ үүрч байсан. Тухайн үед зээлийн эргэн төлөлт 98 хувьтай болж, эдийн засаг хүнд байхад инфляцийг анх удаа 1.3-т хүргэж чадсан. 1990 онд АН реформ хийж, иргэд гадаад паспорттой болж, ганзагын наймаа эрхэлж, тухайн үед хүндрэлээс гарч байсан. Гэтэл өнөөдрийн хуульд эдийн засгийн хямралаас хэрхэн гарч, яаж орлого олох талаар нэг ч зүйл тусгаж өгөөгүй. Монголд жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа нэг иргэн 10 сая төгрөгийн зээл авахад хоногт 366 мянган төгрөг ногдож байна. Тиймээс УИХ-д олонх байгаа МАН, Засгийн газар ажлаа хийх хэрэгтэй.

АН-ын бүлгийн зүгээс төсөв батлах үед бодлогын алдаа байна гэдгийг удаа дараа хэлж байсан. Одоо үүсэж буй нөхцөл байдлыг эдийн засгийн бодлогын алдааны шууд үр дүн гэж үзэж байна.

Мэдээж гадаад нөхцөл байгаа хэдий ч энэ бол шалтгаан биш шалтаг. Бид УИХ, Засгийн газарт бүх эрх мэдлийг өгсөн. Дахиж ямар эрх УИХ-аас шаардаад байгааг ойлгохгүй байгаа. Бидний зүгээс ковид дууссан учир Цар тахлын хуулийг зогсоохыг удаа дараа хэлсэн. Гамшгийн тухай хуулиар зохицуулах боломжтой.

-Хөгжлийн банкны хяналтын сонсголын үеэр  гишүүд АН-ын үед Хөгжлийн банкны ихэнх зээл олгогдож, эцсийн дүндээ Хөгжлийн банкийг "тоногчид" нь АН-ынхан  болж хувирлаа. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Хөгжлийн банкийг байгуулсан зорилго нь арилжааны банкнаас тэс өөр зорилгоор байгуулсан юм. Монгол Улсын хөгжлийн гол тулгуур болох төслүүдэд хөрөнгө босгож урт хугацаанд зээл олгож энэ хөтөлбөрүүд нь хэрэгжсэнээр Монгол Улсын эдийн засгийг сайжруулах банк байсан. 2015 оны аудитын дүгнэлтээр Хөгжлийн банк шилдэг аж ахуй нэгжийн  гуравт жагсч, улсын төсөвт 109 тэрбум төгрөг төвлөрүүлсэн хамгийн сайн үйл ажиллагаатай банк байсан. Ингэж чадсанаараа олон улсын зах зээлээс 500 сая ам.доллар Засгийн газарт баталгаагүйгээр босгох боломж гарсан. Өөрөөр хэлбэл энэ үед Хөгжлийн банк зориулалтаараа ажилласан байна гэсэн үг юм. Гэтэл 2017 онд Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар УИХ-аас хяналт шалгалт тавьдаг зохицуулалтыг ямар бүлэглэлийн хүмүүс, ямар зорилгоор хассан тодорхойгүй байна. Эндээс бүх зүйл эхэлсэн.

Сүүлийн үед бүх л асуудлыг АН-ын буруу юм шиг зохион байгуулалттайгаар дайрч байна. Би үүнтэй санал нийлэхгүй байна. 2016 оноос хойш УИХ, Засгийн газар, Байнгын хороо дээр МАН олонхоороо эрх барьж байгаа гэдгийг бүгд мэдэж байгаа. Алдаа завхрал гаргасан бол шүүх өөрөө тогтоогоод гаргаад ирнэ гэж бодож байна.

"ЭРХ БАРЬЖ БУЙ МАН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ"

Хөгжлийн банкны алдагдлыг төсвөөс төлүүлнэ гэж эрх баригчид мэдээлж буй. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-МАН-аас томилогдсон нэг албан тушаалтан зээлийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөхөөс өөр аргагүй болно гэсэн утгатай зүйл хэлж байна лээ. Энэ бүх зүйлд эрх барьж буй МАН хариуцлага хүлээх ёстой. Яагаад асуудлыг ийм байдалд хүртэл нь хүндрүүлэв. Гэсэн асуултыг эрх баригчдаас би асуумаар байна. Он оны аудитын дүгнэлтийг нуун дарагдуулж, татвар төлөгчдийн мөнгийг эрсдэлд яагаад оруулав гэж. Хөгжлийн банкны зээлийг ард түмнээс орж ирж буй татвараар төлүүлэхийг хэзээ ч би хүлээн зөвшөөрөхгүй. Зээлээ төлөхгүй байгаа хүмүүс АН байна уу, МАН байна уу хамаагүй бүгд зээлээ төлж хохирлыг барагдуулах ёстой.

-Хөгжлийн банкны хуульд 2017 онд өөрчлөлт оруулснаар хулгай хийх боломж бүрдүүлсэн гэж нээлттэй сонсголын үеэр ярьсан. Үүнтэй та санал нийлэх үү?

-Санал нийлж байна. 2017 оны нэмэлт өөрчлөлтөөр УИХ-аас хяналт шалгалт тавьдаг зохицуулалтыг хассан нь одоо ч тодорхойгүй л байна. Хөгжлийн банк гэдэг бол Монгол Улсын хөгжлийн тулгуур болсон эдийн засгийн төсөл хөтөлбөрүүдэд зээл олгож  хөрөнгө босгох тусгай институци байхаар хуулиар баталсан байхад нэмэлт өөрчлөлтөөр тэр заалтыг авч хаяснаар арилжааны банктай ижил болгосон. 2017 оны хувьд ажлын хэсэг байгуулж аудит шалгасан хэдий ч ажлын хэсгийн шалгалтын дүнг нууцалсан. 17 асуудалтай зээл байсны 11 зээл нь төрийн өмчийн зээл байсан. Энэ үед арга хэмжээ яагаад аваагүй гэдгийг би ч бас асуумаар байна.

-Цаашдаа Хөгжлийн банкийг хэрхэн өөрчлөх ёстой юм бол. Ерөнхий сайдын зүгээс тус банкийг татан буулгаж экзим банк болгоно гэж мэдээлж байсан. Энэ хэр зохистой вэ. Цаашид хяналттай болгох талаас нь ямар арга хэмжээ авбал үр дүнтэй вэ?

-УИХ-аар маш чухал хууль саяхан батлагдсан. УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль. Энэ хууль нь хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавьбал УИХ-ын цөөнхийн төлөөллийг оруулж уг хороог байгуулна гэж заасан байгаа. Энэ нь эдийн засгийн аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлыг хангах зорилготой гэж үзэж байна.

-Хөгжлийн банкны асуудлаар хяналтын түр хороо байгуулах асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ. 17 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан гэсэн мэдээлэл бий?

-АН-ын бүлэг түр хороо байгуулахыг дэмжиж байгаа. Ажлын хэсэг ажиллаж байгаа ч давхар түр хороог байгуулж давхар хяналт хийж ажиллах нь зүйтэй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж