Тяньжины "гацаа", долларын ханш автомашины үнийг хөөрөгдөв

Хуучирсан мэдээ: 2022.04.15-нд нийтлэгдсэн

Тяньжины "гацаа", долларын ханш автомашины үнийг хөөрөгдөв

Цар тахлын үед хоосон шахуу байсан  “Да хүрээ” захын  зогсоолын талбай зарж, худалдаалах машинаар дүүрчээ.  Гэхдээ ажлын өдөр болоод ч тэр үү хүнгүй шахуу байв.   Урд хөрш хаалттай, хойд хөрш дайнтай байгаа энэ үед ам.долларын ханш 3040-д хүрч импортын бараа бүтээгдэхүүний үнэ гэрлийн хурдаар нэмэгдэх болсон.  Тиймдээ ч эдийн засаг сайнгүй энэ үед иргэдийн  автомашины худалдан авалт буурсныг ченжүүд хэлж байна.

Тэд тээвэр зуучлагчид болон ам.долларын үнэд “алуулж” байгаагаа ч нуусангүй. Тухайлбал, 2021 оны гуравдугаар сард автомашинуудын тээврийн хөлс найман сая төгрөг байсан бол  2021 оны аравдугаар сард   18 сая төгрөгт хүрчээ.

Харин өнөөдрийн байдлаар тээврийн хөлс 7500 ам.доллар буюу 22.8 сая төгрөгт хүрээд байна. Үүнийгээ дагаад автомашины үнэ тус бүр дээр 3-5 сая төгрөг нэмэгджээ.

Автомашины ченж  Б.Болд-Эрдэнэ  “Да хүрээ” захад  15 автомашины зогсоолтой. Өөрөөр хэлбэл, татан авалт, иргэдийн худалдан авалтаас шалтгаалж хэдэн автомашин зогсоолд байрлах нь шийдэгддэг. Нэг зогсоолд  сарын 75 мянган төгрөгийн түрээс төлдөг  бөгөөд ихэнхдээ 5-6 автомашин зогсоолд байдаг гэнэ. Өнөөдрийн байдлаар түүний зогсоолд гурван жижиг тэрэг үлджээ. Энэ гурван автомашинаа зарчихвал  Б.Болд-Эрдэнийн хувьд Тяньжинаас ирэх 20 автомашинаа  хүлээхээс өөр ажилгүй болно.  Гэхдээ автомашин нь   хэзээ ирэх нь тодорхойгүй  учраас энэ нь  “Да хүрээ” захын ченжүүдийн толгойны өвчин болсон гэхэд хилсдэхгүй.

МАЛЧИД НООЛУУРАА ТУШААХААР  ХУДАЛДАН АВАЛТ СЭРГЭХ БАЙХ

Тэрбээр “Prius-20” оноос хамаарч  20-22 сая, “Lexus Hs250H” 36 сая, “Toyota Aqua” 18.5 сая, “Prius-41” 29-31.5 сая, “Toyota Sai” 29.5 сая төгрөгөөр зарагдаж байна. Наймаа “гөлгөр” байна. Ямар сайндаа чамаас автомашин авах уу гэж асууж байх вэ дээ.  Хүн автомашины үнэ асуухаар баярлах юм. Автомашин бол үнэтэй хэрэглээ. Тэр утгаараа талх шиг өдөр бүр зарагдана гэж байхгүй.  Хааяа л мэр сэр зарагдаж байна. Аль 12-1 сард захиалсан автомашинууд ирээгүй. Японоос наашаа гарлаа гэж мэдээлэл ирдэг ч Тяньжин дээр ирээд автомашин гацаад сураг алдардаг. Зарагдахгүй байгаа автомашинууд дээр нэмээд шинээр  автомашин ирэхээр зогсоол дүүрч байгаа болохоос биш хил, гаалийн гацалт арилсан зүйлгүй. Малчид тавдугаар сард ноолуураа тушаахаар  худалдан авалт сэргэх байх гэсэн хүлээлттэй байна” гэлээ.

Үүнээс гадна Япон Улсаас  монголчуудад  нийлүүлэх  автомашин ховорджээ. Учир нь 2021 оны намар ОХУ Новосибирск муж хүртэл буруу талдаа хүрдтэй автомашин унахыг зөвшөөрсөн. Тус шийдвэрээс болж 24.5 саяд зарж байсан автомашин 33 сая төгрөгт хүрсэн байна.

Тиймээс оросууд  өндөр үнэ хэлэхэд монголчуудын зардаг ханш хаягдаж байгааг автомашины үнийн өсөлт ганцхан ченжүүдээс шалтгаалахгүй гэдгийг тэд учирлаж байсан юм.

Автомашины ченж  Т.Саруул “Тяньжин дээр гацсан автомашин Монголд орж ирэх гэж 5-6 сар болж байна. Тэнд миний 20-30 автомашин хүлээгдэж байна. Санаснаар болдог бол наадмаас өмнө амжаад машинуудаа авчмаар байна. Энэ байдлаараа бол наадмын дараа ирэх шинжтэй. Ер нь иргэдийн худалдан авалт улам бүр муудаж байна. Өчигдөр нэг автомашин зарлаа. Банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/ ченж нарыг амьжиргаагаа залгуулахад тусалж байна. Автомашин худалдан авч буй иргэдийн хувьд ихэнх нь урьдчилгаа төлбөрөө өгөөд ББСБ-аар дамжуулан лизингээр авдаг. Ихэвчлэн цалингийн зээлтэй хүмүүс ББСБ-аас өндөр хүүтэй автомашины зээл авах нь бий. Малчид  бэлэн мөнгөөр автомашин худалдан авдаг байсан бол одоо ББСБ-аас зээл авдаг болсон. Үүнээс харахад эдийн засаг үнэхээр доройтсон. Энд ажиллах хугацаандаа эдийн засгийн ийм хүндрэлтэй нүүр тулж байсангүй” гээд толгой сэгсрээд тамхиа асаав. Өөр хэд, хэдэн ченжүүд “Наймаа муу”, зарим нь “яахав дээ” гэхчилэн янз бүрээр хариулав. Таарсан хүн бүр автомашиныхаа үнийг нэмсэн шалтгааныг ам.долларын ханш, хил гаалийн гацалттай холбон тайлбарлаж байв.

Ерөнхийдөө ченжүүд  суудлын жижиг тэргэнээс 500-800 мянган төгрөг, дунд зэргийнхээс нь 2-3 сая төгрөгийн ашиг олдог аж.

Эндхийнхэн ББСБ-тай хамтран ажиллаж автомашинаа лизингээр борлуулдаг болсоор удаж буй. Нэгэн ББСБ-аар ороход залуу хос “Prius-20” автомашин  зээлээр авахаар  бичиг баримт хөөцөлдөж явахтай таарав. Тэдний хувьд хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт зөөхөөс эхлээд хөл дүүжлэх унаатай болохгүй бол бүтэхгүй нь гэдгийг хэлж байлаа. Дээрх хос 24.5 сая төгрөгийн автомашиныг ченжээс худалдан авахдаа найман сая төгрөгийг бэлнээр өгсөн бол  үлдсэн 16.5 сая төгрөгийг ББСБ-аас зээлэхээр ийн иржээ.

Хосын бичиг баримт зээлийн шаардлагыг хангасан учраас  2.5-2.9 хувийн хүүтэй  36 сарын хугацаанд сар бүр 745 мянган төгрөг төлөх гэрээг хоёр тал хийв.

“Графикийн дагуу зээлээ төлөөд явбал хүү нь илүү өндөр. Тиймээс боломжтой бол  сар бүр ахиухан мөнгө хийгээд үндсэн зээлийн үлдэгдлээс зээлийн хүүг хасуулаад явахыг хичээгээрэй” гэдгийг  ББСБ-ын ажилтан тэдэнд анхаарууллаа. 

МОНГОЛЫН 8000-9000 ЧИНГЭЛЭГ АЧАА ХҮЛЭЭГДЭЖ  БАЙНА

“Монголын эдийн засгийн чуулган 2022”-ын  үеэр Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн  дарга Г.Оргил "Тяньжин боомтод Монголын 8000-9000 чингэлэг ачаа хүлээгдэж  байна. Эрээн боомтод задгай 2000 гаруй ачаа бий. “Тэг” цэгийн зохион байгуулалттайгаар ачаа татаж байгаа боловч  гол ачаа бараа хилийн цаана хүлээгдэж байна. Тиймээс ачаа бараагаа татахад томоохон боомтуудаас гадна бусад боомтуудыг ашигламаар байна. Гэтэл энэ боомтууд өнөөдрийг хүртэл статус нь олон улсынх болоогүй, зөвхөн БНХАУ, Монголын боомт байна. Замын-Үүдийн чөлөөт бүсийг сайжруулмаар байна. Ингэснээр бид худалдаж авч буй бүтээгдэхүүнээ Замын-Үүд дээр хүлээж аваад, цааш нь хадгалах, шилжүүлэн ачих зэргийг хувийн компаниуд бүрэн зохион байгуулах боломжтой. Гол нь хилийн цаана ачаагаа бөөгнүүлээд хэдэн компанийн мэдэлд орчихоод байна. Үүнийг яаралтай шийдэх ёстой. Төр хэрэв боломж олговол хувийн хэвшлүүд хамтран Замын-Үүдэд төрөлжсөн агуулах барих боломжтой. Бүх ТЭЗҮ, судалгаа, хөрөнгө оруулалтаа босгох боломж бүрдүүлсэн" гэдгийг хэлж байв. 

БНХАУ хуурай замын боомттой 12 улсын 100 гаруй боомтуудын 50 хүрэхгүй хувь нь ажиллаж буй. Ганцхан Монгол Улс боомтын асуудалтай нүүр тулаагүй  гэдгийг Засгийн газарт анхааруулсан байна.

Дашрамд дурдахад, Засгийн газар Лхагва гаригийн /2022.04.13/ хуралдаанаар Монгол, Хятадын Замын-Үүд-Эрээн боомтын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбайг өргөтгөх, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх үйл ажиллагаанд шаардагдах таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэжээ. 

Гэрэл зургийг: Б.ЭРДЭНЭБИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж