Хойд Солонгосйн төрийн телевизийн хамгийн алдартай хөтлөгч Ри Чун Хи олон арван жилийн турш цөмийн болон пуужингийн туршилт, удирдагчийн үхэл зэрэг томоохон үйл явдлуудыг онцгой дуу хоолойгоор мэдээлж иржээ.
Уламжлалт солонгос хувцсаараа гадаадад "ягаан хатагтай" хэмээн нэрлэгдсэн уг хөтлөгчид Ким Жон Ун тансаг байр бэлэглэж, засгийн газрынхаа дуу хоолойг үргэлжлүүлэн дамжуулахыг хүссэн байна.
Тус үйл явдлыг өчигдөр Хойд Солонгосын албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зарлажээ.
Ажиглагчдын үзэж байгаагаар Ким Жон Ун тахал өвчин, хямралтай эдийн засаг, АНУ-тай цөмийн дипломатын мухардмал байдалтай тэмцэж байгаа тул Хойд Солонгосын элит хүмүүст үнэнч байдлыг нь нэмэгдүүлэхийн тулд онцгой үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа аж. Тиймдээ ч хөтлөгч эмэгтэйн үнэнч байдлыг нэмэгдүүлэх үүднээс байр бэлэглэсэн байх магадлалтай.
"Ким Жон Ун залуу наснаасаа хойш 50 гаруй жил намдаа хувьсгалын сурталчлагчаар ажилласан түүн шиг (Ри Чун Хи) үндэсний баялагийн төлөө юуг ч харамлахгүй байгаа нь намын чин сэтгэл юм" гэж Хойд Солонгосын албан ёсны төв мэдээний агентлаг мэдээлжээ.
Өдгөө 79 настай Ри Чун Хитэй Лхагва гаригт нийслэл Пёньян хотод шинээр баригдсан голын эрэг дагуу барьсан хорооллын нээлтийн үеэр Ким Жон Ун уулзсан гэж "KCNA" мэдэгдэв. Ри Чун Хи болон төрд нэр хүндтэй, олон жил ажилласан хүмүүст мөн тус хороололд байр бэлэглэсэн байна.
БНАСАУ-ын гол тэмдэглэлт ойг тохиолдуулан барилгын төслүүдийн нээлтийг ихэвчлэн хийдэг. Ким Жон Уны талийгаач өвөө, муж улсыг үндэслэгч Ким Ил Суны мэндэлсний 110 жилийн ой өнгөрсөн Баасан гаригт тохиосон. Тус өдөр 1948 онд байгуулагдсан цагаасаа хойш, Ким овогтны гурван үе захирч ирсэн Хойд Солонгосын хамгийн чухал ой юм. Тиймээс, тус ойг тохиолдуулан орон сууц бэлэглэсэн байна.
Эх сурвалж: AP
Холбоотой мэдээ