Байр суурь: Монгол нэг ханштай болох ёстой

Хуучирсан мэдээ: 2022.04.15-нд нийтлэгдсэн

Байр суурь: Монгол нэг ханштай болох ёстой

Байр суурь: Монгол  нэг ханштай болох ёстой

Геополитикийн асуудлаас үүдэж, дэлхийн улс орнуудад барааны үнэ өсч, эдийн засгийн өсөлт саарч буй. Үүнтэй зэрэгцэн Монгол Улсад ам.долларын нөөц буурч, үнэ өссөн.   Тухайлбал, төв банк ханшаа хяналтаас алдсан учраас Монголд валютын хоёр ханш үүссэн гэж УИХ-ын зарим гишүүн болоод эдийн засагчид хэлж байна. Тиймээс энэ талаар Монголбанк, Банкны холбоо болон эдийн засагчдын байр суурийг тодрууллаа.

"ВАЛЮТЫН ХАНШИЙН ӨСӨЛТӨӨС БОЛЖ МОНГОЛ ХОЁР ХАНШТАЙ БОЛЛОО"

УИХ-ын гишүүн Ч.ХҮРЭЛБААТАР:

-Инфляци өндөр, өсөлт бага байх үзэгдлийг стагфляци гэж нэрлэдэг. 1970-аад оны үед дэлхийн олон оронд энэ үзэгдэл гарсан. Стагфляцийн үед бодлогын ямар арга хэмжээ авдгийг Монголбанк, Засгийн газар сайн судлах хэрэгтэй. Судалж үзсэн бол  нөхцөл байдалд таарсан зөв арга хэмжээ авч явах учиртай. Түүний дараагаар бодлогын арга хэмжээг ярих нь зөв.

Эдгээрээс гадна үнийн өсөлтөд нөлөөлж буй хүчин зүйлс дээр нэмээд тээвэр зууч, валютын ханш хоёрыг дурдах шаардлагатай.

Нэгдүгээрт, Covid-19-өөс шалтгаалж, Хятадын хил бараг хаалттай, дайны улмаас Оросын хил гацаа, саад ихтэй байгаа. Энэ үед тээвэр зуучлал, логистикийг зөв зохион байгуулах ёстой. Нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх талаар Л.Халтар сайд шийдэл ярихгүй зугтаад байх юм. Тээвэр зуучлалын асуудлаа шийдэхгүй лбол тээврийн зардал өсч, инфляци улам өснө. Хоёрдугаарт, валютын ханшийн өсөлт.

Монгол Улс валютын хоёр ханштай болчихлоо. Энэ бол Монголд сүүлийн 20 гаруй  жил үзэгдээгүй тохиолдол. Ханш унаж байгаа нь импортын бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөж байна.

Тиймээс мөнгөний бодлогоо зөв болгож, түргэн шуурхай ажиллах шаардлагатай байна. Тээвэр зуучлалын асуудалд алдаа гаргасан Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, инфляцид мөнгөний бодлого хамаагүй гэж ярьдаг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нарт хариуцлага тооцох ёстой.

"ХОЁР ХАНШ БИЙ БОЛСНООР ЭДИЙН ЗАСАГТ ОЙЛГОМЖГҮЙ БАЙДАЛ ҮҮССЭН"

Эдийн засагч Д.АНГАР:

-Хоёр ханштай болж байгаа нь аж ахуй нэгжүүдэд тодорхойгүй байдлыг бий болгож байна. Нягтлан бодохын хуулиар Монголбанкны албан ханшаар орлого, зарлагаа тооцно гэж заасан байдаг. Гэвч бодит гүйлгээгээ “Найман шарга” валют арилжааны төвийн ханшаар гүйцэтгэж байгаа. Үүнээс болж блансын бус их алдагдал аж ахуй нэгжүүдэд үүсч байна. Валют хоёр ханштай болохоос гадна олдохгүй байгаа. Аж ахуй нэгжүүд өдөрт 10-50 мянган ам.долларын шилжүүлэг хийх гэхээр арилжааны банкууд лимит тогтоочихсон. Тэгэхээр урьдчилгаа төлчихсөн үлдэгдэл төлбөрөө төлөх гэж байгаа болон шинээр бараа бүтээгдэхүүн захих гэж байгаа байгууллагууд төлбөр тооцоогоо гүйцэтгэж чадахгүйд хүрч байна.

Энэ бол эдийн засагт хүндрэл болон ойлгомжгүй байдлыг бий болгож байна.

Ингэснээр зөвхөн аж ахуй нэгжүүд дээр авч үзэхэд гадаад талдаа Монгол нэр хүндээ алдана. Тэгээд зогсохгүй бараа захиалахад өмнө нь өгсөн 10-40 хувийн урьдчилгаа төлбөрөө ч алдах эрсдэлтэй. Учир нь, хоёр ханштай болохоос өмнө зарим аж ахуй нэгж төлбөрөө тухайн үеийн ханшаар төлчихсөн гэсэн үг. Үлдэгдэл төлбөрөө өгөхгүй, өдөрт тодорхой хязгаартай валютын шилжүүлэг хийж байгаагаас болж компаниуд хохирох эрсдэл их байна. Миний хувьд ханш их, бага байх гэхээс илүүтэй нэг тогтсон ханштай байхыг чухалчилж байгаа. Нүүрсээ зарж чадахгүй, экспорт зогссон зэрэг асуудал их байгааг ойлгож байна.

Гэхдээ ханшийн зөрүүний тухайд Монголбанк гэхээс илүүтэй Зам тээврийн яамтай холбоотой. Б.Лхагвасүрэн гэдэг хүнээс илүүтэй Л.Халтар сайд Хятадын талтай ойлголцож, нүүрсээ гаргаж чадахгүй байгаа учраас экспортын орлого зогссон.

Тиймээс үүнийг дан ганц төв банктай холбож тайлбарлаж болохгүй. Монголбанкны тухайд бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлдэг байгууллага учраас валютыг нэг ханштай болгох л хэрэгтэй байна. Нэг ханштай болчихвол аж ахуй нэгжүүд чөлөөтэй худалдан авалт хийж, төлбөр тооцоогоо гүйцэтгэж чадна. Түүнээс биш Монголбанк өөр дээрээ ам.доллар 3050 төгрөг гэж зоогоод “Найман шарга”-д 3200 төгрөгөөр зараад байвал утгагүй. Ийм байж болохгүй учраас нэг ханштай болгох хэрэгтэй.

"ИРГЭДИЙН ТӨГРӨГТ ИТГЭХ ИТГЭЛ БУУРЧ, ДОЛЛАРЫН ЭРЭЛТ ИХЭССЭН"

Эдийн засагч Б.ЛАГШМИ:

-Ханшийн өсөлт бол зөвхөн Монголбанкны буруу биш. Төв банкны үүрэг бол төгрөгийн ханшийг тогтвортой байлгах. Эдийн засгийн хувьд Монголд валютын нөөц бага байгаа. Энэ нь төгрөгийн ханш эрчимтэй сулрахад их нөлөөтэй. Төгрөгийн ханш суларснаар инфляци өсч, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өснө. Ингэснээр иргэдийн худалдан авах чадвар муудна. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байгаа учраас төгрөгийн ханшийг тогтвортой байлгахад валютын нөөц чухал. Үүнд мөн ам.долларын эрэлт хэрэгцээ нөлөөлнө.

Хүмүүс ам.доллар ихээр худалдаж авч байна гэдэг нь нөгөө талаас төгрөгт буюу Монголын мөнгөн тэмдэгтэд итгэх итгэл нь буурч байна. Валют ихээр худалдаж авч нөөцлөх нь хадгаламжийн хүүд ч нөлөөлж байгаа гэсэн үг.

Хадгаламжийн хүү өнгөрсөн жилүүдээс нэлээд буурсан. Мөнгөний үнэ цэнэ унаж байгаа учраас хүмүүс хүү авахгүй байсан ч хамаагүй ам.доллараа нөөцлөхийг илүүд үзнэ. Учир нь төгрөгийн хадгаламж тодорхой хэмжээний хүүтэй ч ханш нь унаж байна. Хоёрдугаарт, Монголчууд ихэнх бараа, бүтээгдэхүүнийг импортоор авч байгаа. Тиймээс үндэсний үйлдвэрлэгчээ дэмжих нь мөн ханшийг тогтворжуулахад нөлөөтэй гэж харж байна.

АРИЛЖААНЫ БАНКУУДЫН ВАЛЮТЫН ЛИМИТИЙГ ЦУЦЛАХ ЭРХ БАЙХГҮЙ

Ханшийн зөрүүг арилгах, нэг ханштай болгох тал дээр Монголын банкны холбооноос ямар байр суурьтай байгаа мөн тодрууллаа. Тус холбооны зүгээс “Арилжааны банкуудад холбооны зүгээс үүрэг өгөх боломжгүй. Нөхцөл байдлаас шалтгаалсан валютын гүйлгээний хязгаар банк бүр дээр өөр байгаа. Үүнийг хэзээ цуцлах нь одоогоор тодорхойгүй.

Монголбанкны зүгээс зайлшгүй шаардлагатай гадаад гүйлгээг өдөрт нь хязгааргүй хийх тал дээр санал илэрхийлсэн. Үүнийг арилжааны банкууд харгалзаж гүйлгээг тухайн өдрийн ханшаар хийж байгаа.

Ханш тогтворжуулах тухайд банкны холбооны зүгээс шууд үүрэг, чиглэл өгөх боломжгүй” гэх тайлбар өгсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж