“ОХУ-аас Украинд явуулж буй “жигшүүрт дайн”-ыг төгсгөхөд Хятад улс туслах хэрэгтэй. Эс бөгөөс Хятад улс дэлхийн байр сууриа алдахад хүрнэ” гэж АНУ-ын сангийн сайд Жанет Йеллен мэдэгджээ. Хятад улс нь Оростой “онцгой харилцаагаа” ашиглан Украинтай үүсгэсэн зөрчлөө төгсгөхийг ятгах боломжтой гэж үзэж буйгаа тэрбээр илэрхийлжээ. Мөн ОХУ-ын эсрэг дорвитой арга хэмжээ авахыг уриалж буй барууны шаардлагад Хятад улс ямар хариу үйлдэл үзүүлэх нь Бээжинг дэлхий хэрхэн харах, эдийн засгийн нэгдмэл байдал үргэлжлэх эсэхийг шийднэ гэв.
Түүнчлэн ОХУ-ын эсрэг барууныхны авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээг үл ойшоосон хэн ч болов эдийн засгийн үр дагаврыг нь үүрэхийг Жанет Йеллен анхааруулав.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены захиргаанаас Хятад улсыг ардчилсан барууны орнуудтай “нэг тал” болж, ОХУ-ын эзлэн түрэмгийллийг эсэргүүцэхийг ятгаж буй юм. Барууны орнуудаас илүү Хятад нь Оростой эдийн засгийн нягт харилцаа холбоотой учраас Бээжингийн шийдвэр чухал нөлөөтэй. Түүнчлэн Жо Байден Даваа гаригт Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитой уулзахдаа ОХУ-аас газрын тосны импортыг нэмэгдүүлэх нь тус улсын ашиг сонирхолд нийцэхгүй гэж ятгасан юм.
Харин Бээжингийн зүгээс Москватай харилцаанд ОХУ, Украины хоорондох зөрчлийг оролцуулахыг эрс эсэргүүцсэн байр суурьтай байгаа юм. Гэхдээ Хятад улс нь хоёр талыг зөрчлөө энхийн яриа хэлэлцээний хүрээнд шийдвэрлэхийг уриалсан байр суурийг баримталж байна.
Вашингтон дахь Хятад улсын элчин сайдын яамны төлөөлөгч хэлэхдээ, “Бээжин нь АНУ-ын эрх зүйн “урт гар” болон нэг талыг барьсан хориг арга хэмжээнүүдийг эсэргүүцэж байгаа бөгөөд Хятадын компани, хувь хүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаална” гэсэн байна.
Үүний хариуд Жанет Йеллен Хятадын талд хандан Бээжин байр сууриа өөрчлөхгүй бол хүндрэлтэй тулгарна гэдгийг анхааруулжээ. Тэрбээр хэлэхдээ, Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн байдлын зарчмыг хамгаалахад Хятад улс хувь нэмрээ оруулахгүй бол ирээдүйд Бээжин дэлхийгээс хүндлэл хүлээх хэрэггүй гэсэн байна.
Одоогийн байдлаар ОХУ, Хятадын худалдааны эргэлтийн хэмжээ жилд дунджаар 100 тэрбум ам.доллар давсан. Хятадын хувьд ОХУ нь 10 дахь том худалдааны түнш нь бол ОХУ-ын хувьд Хятад улс хамгийн том худалдааны түнш нь юм. Эрчим хүч хоёр улсын харилцаанд мөн чухал байр суурь эзэлдэг. Газрын тос, байгалийн хийн хамгийн том нийлүүлэгчдийн нэг ОХУ нь Хятадыг ашигтай эрчим хүчний зах зээл гэж хардаг.
Гэхдээ Бээжинг хэт шахалтад оруулснаар олон улсын санхүүгийн системийг ардчилсан орнууд болон дэглэмийн хооронд хуваах эрсдэл улам нэмэгдэнэ гэдгийг ажиглагчид анхааруулжээ. Дэлхийн олон орон Хятадын зах зээлээс хэт хамааралтай болсон. Тухайлбал, Бээжингийн цар тахлыг тэглэх бодлогын хүрээнд хилээ хааснаас үүдэн дэлхийн эдийн засагт нийлүүлэлтийн саатал үүсгэж эхэлсэн бөгөөд Шанхайн боомтод л гэхэд 500 гаруй ачааны хөлөг онгоц саатсан байна.
Үүний зэрэгцээ ирэх долоо хоногт Вашингтон хотноо Дэлхийн банкны гишүүн орнууд болон Олон улсын валютын сангийн хаврын хурлууд болно. Эдгээр хурлуудад хэлэлцэх гол асуудал нь Украины дайн байх болно гэдгийг Жанет Йеллен онцолжээ. Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд байгуулсан дээрх санхүүгийн институтуудыг өнөөгийн зөрчлийг шийдвэрлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цар тахлыг даван туулах, бага орлоготой орнуудыг дэмжих зэрэг тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг уриалсан байна. Дэлхийн банк болон Олон улсын валютын сангийн уулзалтуудаар хүнсний үнийн хөөрөгдлийг зогсоох арга замыг хэлэлцэх аж.
Холбоотой мэдээ