Монгол эрчүүдийн “нас баралтын оргил үе” дэндүү харамсмаар…

Хуучирсан мэдээ: 2022.04.14-нд нийтлэгдсэн

Монгол эрчүүдийн “нас баралтын оргил үе” дэндүү харамсмаар…

Монгол эрчүүдийн “нас баралтын оргил үе” дэндүү харамсмаар…

Монгол эрчүүдийн  “нас баралтын оргил үе”-ийг зайлшгүй анхаарах асуудлын нэг болоод  байна. Эрчүүдийн нас баралтын оргил үе 54-55 нас бол эмэгтэйчүүдийнх 83-85 нас байгаагаас харахад 30 насны зөрүүний асуудал яригдана. Эрчүүдийн хувьд энэ бол үнэхээр гамшиг нүүрлэсэн асуудал.

Наслалтын асуудлыг ярихын тулд хүүхэд наснаас эхлэж ярих хэрэгтэй. Энэ бол маш өргөн агуулгатай олон салбар, нэгжийг хамарсан чухал асуудал юм. Эцэг, эхчүүд бид хөвгүүдээ архи, тамхинаас татгалздаг болгон өсгөвөл нас баралтын оргил үеийг бууруулж чадна гэсэн үг.  Дахиад хэлье нас баралтын оргил үе буюу 50-54 гэдэг тоо бол дэндүү харамсалтай, аймшигтай тоо юм шүү. Үндсэндээ бид гэр бүл зохиогоод ханьтайгаа 30 жил л хамт амьдраад хорвоогийн мөнх бусыг үзэж байна шүү дээ. Иймээс ганцхан эрчүүдийн асуудал биш эрүүл мэнддээ эзэн нь байх цаг нь бас ирсэн байна.

Эрүүл мэндийн сэтгүүлчдээс гаргасан онлайн уриалгын хүрээнд анагаах ухааны доктор,дэд профессор Ж.Амарсанаа олны анхаарлыг татахуйц уриалга дэвшүүлсэн нь “Үхлийн гурвалжин”нэртэй томъёолол байлаа. Энэ нь монгол хүний бас баралтын тэргүүлэх шалтгаанууд болох зүрх судас, ходоод, элэгний өвчнөөр иргэд нас бардаг тухай мэдээлэл байсан юм. Дээрх мэдээллийг цааш гүнзгийрүүлэнтөнхвөл нэгэн ноцтой зүйл яригдсан нь монгол эрчүүдийн богино наслаж буйн шалтгааны тухай юм. Монгол Улс цөөхөн хүн амтай. Гэтэл жилээс жилд эрчүүдээ олон арваар нь алдсаар байгаагийн гол шалтгаануудын талаар судлаач, эрдэмтэн Ж.Амарсанаа эмч ийнхүү өгүүлсэн юм.   

 Монгол эрчүүдийн “нас баралтын оргил үе” дэндүү харамсмаар…

Монгол эрчүүдийн дундаж наслалт 66 байдаг л даа. Үүнээс харахад харьцангуй гайгүй харагдавч “нас баралтын оргил үе” нь харамсмаар… Эрчүүдийн “нас баралтын оргил үе”-ийн нас баралт 50-54, эмэгтэйчүүдийнх 80-84 нас байгаагийн хоорондын зөрүүг та анзаарч байгаа бол 30 жил байгаа биз. Нас баралтын тоо нь ийм хол зөрүүтэй улс дэлхийн хаана ч байхгүй.  Тэгэхээр манай улсын хувьд эрэгтэй хүний нас баралтын оргил үеийг уртасгаж ядаж 75 хүргэх юмсан.  

Эрчүүдийг богино наслахад хүргэж байгаа өвчнүүдийн тухайд нэгдүгээрт зүрх судасны өвчин. Үүний дотор зүрхний шигдээс, тархины цус харвалт зонхилох хувийг эзэлдэг. Мөн хоолны буруу хэрэглээ, хөдөлгөөний дутагдал ч нөлөөлдөг. Монголчууд бидний өдөр тутамдаа иддэг цуйван гэхэд л асар их тослог агуулдаг. Энэ нь бусад үндэстнүүдийн өдөр тутмын тосны хэрэглээтэй  харьцуулахад өндөр агууламжтай байдаг. Иймээс эзэгтэй нар  хоол хүнсэндээ хэрэглэх тосоо зөв сонгож сурах хэрэгтэй. Хүнсний хэрэглээний хамгийн муу тос бол транс тос шүү дээ. Би энэ талаар маш олон жилийн турш маш их ярьж байгаа. Дараа нь амархан царцамтгай буюу малын дотор өөх, тос багтана. Учир нь эдгээр нь зүрхэнд муу нөлөөтэй.

Дараагийн шалтгаан нь хөдөлгөөний дутагдлын асуудал байна. Нийгмийн хөгжлийг дагаад хүмүүсийн моторт хөлгийн хэрэглээ ихэссэн, өнөө үед хүмүүс бараг алхахаа больсон төдийгүй бүр алхаж ч чадахаа больсон. Хүн алхаж чадахаа болино гэдэг нь чөтгөрийн тойрогт орчихож байгаатай утга нэг юм. Чөтгөрийн тойрог гэдэг нь хоолны дэглэм буруугаас болоод бага зэрэг таргалж эхлэх, цаашлаад үе мөч, хөлний өсгий шагай, өвдөг, түнхний үенүүдэд ирэх даралт ачаалал бага багаар нэмэгдэхийг хэлнэ. Ингэж үенүүд нь өвдөж эхлэх нь хөдөлгөөнийг хязгаарлаж хөдөлгөөний дутагдлаас үүсэн таргалт нь зүрх судасны өвчнөөр эрт нас барах шалтгаан болж байна. Энэ нь зүрх, судасны өвчний өрнөл юм. Эрэгтэй хүн эмэгтэй хүнтэй харьцуулахад судасны уян хатан байдал харьцангуй бага байдаг нь, даралт ихсэх төрөлхийн эрсдэлтэй байдагтай холбоотой юм. Монгол эрчүүд зүрх судас, хорт хавдар, осол аваар, амиа хорлолтоос л болж жилд олноороо нас бардаг тухай хэлсэн.

Одоо элэг, ходоод улаан хоолой, уушигны хорт хавдар эрчүүдийн нас баралтад хэрхэн нөлөөлж байгаа талаар үргэлжлүүлэе. Элэгний хорт хавдрын хамгийн гол шалтгаан нь архины хэт хэрэглээ, элэгний В, С вирус мөн таргалат ордог. Ходоодны хорт хавдрын гол шалтгаан нь хеликобактери, тамхины хэт хэрэглээ, цээж хорсох зэрэг өвчин ордог бол уушигны хорт хавдраар эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 2 дахин их өвчилдөг гэсэн судалгаа ч бий. Мөн уушигны гаралтай нас баралтын шалтгаан ч эмэгтэйчүүдтэй харьцуулахад 2 дахин өндөр байдгийн гол нөлөөлөл нь тамхины хэт хэрэглээ. Учир нь эрчүүд, эмэгтэйчүүдээс илүү их тамхи татаж байна. Тамхины хэрэглээг бууруулахын тулд татварын бодлогын хүрээнд  зохицуулалт, хүүхдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, сургалт сурталчилгаа  хийх зэргээр төрийн бодлого зохицуулалт үгүйлэгдэж байна. Тамхины хэт хэрэглээний асуудлыг шийдэж чадвал уг асуудал цэгцэрнэ. Үүнээс гадна бас нэгэн шалтгаан бол утаа, агаарын бохирдлын асуудал байна. Утаанаас үүсэх эрсдэлээс бид урьдчилан сэргийлэх боломжтой хэдий ч үнэн хэрэгтээ урьдчилан сэргийлж төвшинд хүрэх яагаа ч үгүй байх.  

Эрчүүдийн богино наслалтын бас нэгэн шалтгаан нь амиа хорлолт. Эмэгтэйчүүдтэй харьцуулахад 6 дахин өндөр байдаг төдийгүй эрчүүдийн амиа хорлолтын тэргүүлэх шалтгаан нь сэтгэл гутрал юм. Жилдээ 400-450 эрэгтэй амиа хорлодог. Сэтгэл гутралын үндсэн гол шалтгаан бол нийгмийн тэгш бус байдал, ядуурал баян  хоосны ялгаа. Мөн архины хэрэглээ  ч орно. Тиймээс сэтгэл гутралын шалтгааныг үндэсний хэмжээнд цогцоор нь судалж, дүгнэлт хийж амиа хорлолтоос урьдчилан сэргийлж, сэтгэцэт үүсэн эмгэгийг эмчлэх шаардлагатай байна. Үүнийг шийдэх хамгийн сайн ерөндөг бол нийгмийн тэгш бус байдлын асуудлыг шийдэх юм. Жишээ нь зарим хүмүүс Хөгжлийн банкнаас хүүгүй зээл авдаг байхад, банкнаас өндөр хүүтэй зээл аваад хүүнд нь дарлуулсаар амиа хорлосон тохиолдол ч байгаа болов уу. Эрчүүдийн хувьд санхүүгийн дарамт эмэгтэйчүүдтэй харьцуулбал мөн л өндөр байдаг. Энэ нь дотоод болон гадаад хүчин зүйлийн нөлөөтэй. Дотоодоосоо үзүүлдэг дарамтуудад эмэгтэйчүүд, нөхөр хүүхэддээ хандахдаа “манай гэр бүл яаж амьдраад байгаа юм бэ? бидний орлого хэд билээ?  Би ийм юм авмаар байна, чи ийм зүйл авч өгч чадсангүй, арчаагүй юм” гэх мэтийн хурц үгнүүдээр буланд шахдагаас гадна гэр бүл салалт, хүүхдийн хагас өнчрөл ч мөн эрчүүдийн сэтгэл гутралын тэргүүлэх шалтгаанууд болсоор байна.   

Ямар ч үндэстэн дотор сэтгэл гутралыг тодорхой хэмжээний даван туулах чадвартай, чадваргүй хүмүүс байж л байгаа. Хамгийн гол нь эрчүүдийг эцэст нь тултал нь буландах ёсгүй. Гэтэл манай нийгмийн тэгш бус байдал эрчүүдийг буландах гол нөхцөлийг бүрдүүлсээр байна шүү дээ. Түүнчлэн архины хордлогоор 600-700 эрчүүд жилдээ нас бардаг. Шалтгаант нас баралт нь архины хордлогоосоо гарч чадалгүй байх, хүйтний улиралд хөлдөх, осгох, тохиолдол түгээмэл юм.

Дараа нь автын ослын улмаас жилдээ 400-500 хүн нас барж байгаагийн дийлэнх хувийг эрчүүд бүр залуус эзлэж байна. Мөн ажлын байрны осол буюу барилга, уул уурхай, алт ухах гэх мэт эрсдэлтэй ажлуудыг эрчүүд л хийдэг. Иймээс мөн л ажлын байрны осол гэмтлийн ихэнх хувийг эрчүүдийн гэнэтийн нас баралт эзэлдэг гэсэн үг. Үүн дээр нэмээд гэмт хэргийн шинжтэй нас баралтууд ч байнаа. Ийм л шалтгаануудын улмаас манай эрчүүд маш олон тоогоор хорвоог орхиж байна.

Амьсгалын замын нас баралтын гол шалтгаан нь тамхидалт юм. Тамхины хэт хэрэглээ болон агаарын бохирдлыг бууруулсан цагт бас нэгэн шалтгаан болох амьсгалын замын нас баралт буурна. Гол нь энэ хоол боловсруулах замын болон амьсгал, зүрх, судасны өвчлөлийг эрт илрүүлж, эмчилэх бүрэн боломжтой. Тийм нөхцөл ч Монголд бүрэн бүрдсэн.  

Агаарын бохирдлыг ярихын тулд сүүлийн жилүүдэд утааны бүтцэнд өөрчлөлт орсныг онцлож яримаар санагдлаа. Тухайлбал агаар дахь хүхрийн хүчлийн хэмжээ нэмэгдсэн. Хүхрийн хүчил нэмэгдснээр ам, нүдний салстыг гэмтээдэг. Хамар, уушигны дээд хэсгийг маш их гэмтээнэ. Үүнээс гадна  утаан дахь хүнд металь болох хар тугалга нь тархийг маш их гэмтээдэг. Тийм ч учраас хар тугалганы хольцтой тоглоомыг хүүхдэд хэрэглэхийг хориглосон байдаг. Өвлийн улиралд утаан дахь хар тугалганы хэмжээ ихэсдэг. Утаа гэдэг бол хорт хавдар үүсгэгч шүү дээ.

Яавал Монгол эрчүүд урт наслах боломжтой вэ?

Эрүүл мэндийн боловсролын асуудал нэн түрүүнд хөндөгдөнө. Сүүлийн жилүүдэд иргэдийн эрүүл мэндийн боловсролын түвшин харьцангуй сайжирч байгаа мэт хараглаж байгаа ч бодит байдал дээр энэ нь хангалтгүй байна. Нийгмийн тэгш боломж гэдэг нь маш чухал асуудал юм. Амжилттай хөгжиж байгаа улс орнуудын хувьд баян, хоосны ялгаа өндөр байв ч  ядаж боломж нь тэгш хангагдсан байдаг.  Гэтэл Монгол Улсын хувьд тэгш боломж огт алга.  Жишээ нь манай нийгэм заримд нь хүүгүй зээл олгодог байхад заримд нь дэлхийн хаана ч байхгүй өндөр хүүтэй зээл олгодог нь төрийн бодлого шударга бусын илэрхийлэл. Цаашилвал ЖҮД, Хөгжлийн банк, нам дагасан тендер зэрэг нь  иргэдийн сэтгэл гутрахгүй байхын аргагүй нөхцөл байдалд хүргэж байна. Жишээ нь 3 тэрбум төгрөг хулгайлсан хүн, 30,000 төгрөг хулгайлсан хүмүүсийн ял шийтгэлийн хооронд асар их ялгаа байна гэж яриад байдаг. Энэ мэтчилэн л нийгмийн энэ их тэгш бус байдал гүнзгийрээд байна. Шүүх яагаад ингэж тэгш бус хандаад байдаг юм бэ. Яагаад тавьж байгаа шийтгэлүүд нь ялгаатай байдаг вэ.

Гэхдээ шударгаар хөдөлмөрлөж байгаа хүмүүсийг хэлж байгаа шүү. Хөдөлмөр эрхлэхгүй асар залхуу, нийгмийн халамжаар амьдраад байгаа хүмүүс амиа хорлоод байгаа нь харьцангуй гайгүй байдаг.  Гэтэл яг одоо зүтгээд зүтгээд дийлэхгүй байгаа хүмүүс хамгийн их сэтгэлээр гутарч тэгш бус нийгмийн улмаас амиа хорлож байгаа юм шүү дээ. Сэтгэл гутралын тухай яригдсан учир сэтгэлзүйн тухай ойлголт сэтгэлзүйч мэргэжлийн тухай яригдана. Бид сэтгэлзүйчийг бүх салбарт байлгахыг зорьдог. Эрүүл мэндтэй холбоотой удирдамж, бодлогын бичиг баримтанд тусгагдснаар бүх шатанд сэтгэлзүйч эмч нарыг олноор нь бэлтгэн гаргахыг шаарддаг төдийгүй уриалдаг. Харамсалтай нь сайн хэрэгжиж чадахгүй байна.

Бид цаашид яах вэ гэсэн асуулт урган гарч байна. Монгол Улсад дээрх чиглэлийн хүрээний  хууль, журам хангалттай бий. Гагцхүү хуулийн хэрэгжилтийг хангах, үндсэн хуулиа хэрэгжүүлэх үү үгүй гэдэг нь улс төрийн зориг л болчихоод байгаа юм. Тэгэхээр үндсэн хуулинд бидний гол санаа байдаг ч салбарлаж байгаа хуулиуд хэр зэрэг хэрэгжилт зөв явж байна уу гэдэг нь чухал юм. Эрчүүдийн асуудлуудыг төр засгийн зүгээс бодлогоор дэмжих нь тулгамдсан асуудал болоод байна.  Жишээлбэл нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хүн болгоныг яаж спортлог болгох вэ, хэрхэн  хоолны дэглэмтэй иргэдийг бий болгож өдөр тутамдаа яаж илүү ногоо хэрэглүүлж, өөх тосны хэрэглээг бууруулах вэ гэдгээс эхлээд хууль, журмаар төр засгаас зохицуулах л ёстой байна. Жишээ нь архины хэрэглээг бууруулахад нилээн чухал үүрэг гүйцэтгэж байсан архи худалдаалахгүй (сар бүрийн 1-ний) өдрийг цуцалчихлаа. Энэ нь архины хэрэглээг бууруулахад сөргөөр нөлөөлөх эрхзүйн шийдвэр болсон төдийгүй эрчүүдийн эрүүл мэндийн хувьд сөргөөр нөлөөх зүйл шүү дээ. Энэхүү шийдврийг дэвшилттэй арга хэмжээнээсээ ухарсан гэж ойлгож болно. 

Архи, тамхины  хэрэглээг хэрхэн, яаж бууруулах вэ гэдэг нь төрийн зүгээс бодлогоор шийдэх асуудал юм. Тамхины тухай хууль батлагдсаны дараа ямар эерэг өөрчлөлттэй байсныг хүн бүхэн мэдэж байгаа. Хууль батлагдсан тухайн жил тамхины эсрэг эерэг хандлагууд бий болсон байсан. Үүнээс хойшхи жилүүдэд энэ хуулийн анхны санал санаачлагууд хаашаа алга болчихов, одоо байхгүй. Тэгэхээр телевиз, радио зэрэг олон нийтийн сурталчилгааны хэрэгслүүдэд соён гэгээрүүлэх нэвтрүүлэг тодорхой хувийг эзэлдэг, бүх шашны сургалтын программд эрүүл мэндийн төлөөлөл, эрүү аж төрөх, хэв шинж, хүнсний бүтээгдэхүүний агууламж хүнсний илчлэгийг тодорхойлох аргачлалын талаар сургалт хийж соён гэгээрүүлэх ажлаа төр засаг эрчимжүүлмээр байна. Манай улсын хувьд хууль, журам, эрүүл мэндийн хөтөлбөрт ямар нэгэн байдлаар тусгагдсан байдаг ч хэрэгжүүлэлтийн процессийг зохион байгуулах, санхүүжүүлэх төрийн албаныхны сэтгэл дутаж буй байдал дээрх статистикаас харагддаг. Өөрөөр хэлбэл хэрэгжүүлэлт дээр л унадаг. Монголчууд эрчүүдийн асуудалд төвлөрөх л үлдээд байна.

                                                                                                            Бэлтгэсэн: Э.Оман

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
13
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж