Ардын намын савар ба самар

Хуучирсан мэдээ: 2022.04.14-нд нийтлэгдсэн

Ардын намын савар ба самар

Ардын намын  савар ба самар

Шадар сайд С.Амарсайхан өчигдөр Хөгжлийн банкны талаар асуусан асуултад хариулахдаа “МИК” ХХК, Налайх уурхайг дайруулан төрийн өмч хөрөнгийг хэрхэн шамшигдуулсан талаар хөндсөн нь өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлаар нь тодорхой болов. “МИК” зуучлалын үүрэг гүйцэтгэснийхээ төлөө 6 хувийн хүүтэй зээл авсан иргэнээс 1,6 хувийн хүүг шимтгэл болгож авч завшиж байгаа тухай түүний яриа иргэдээ бодсон, эсвэл луйвартай тэмцсэн хэрэг огтхон ч биш агаад цаана нь ямар том ашиг сонирхол явааг өөрөө хэлээд өгчихлөө. Гол асуудал нь “Эрдэнэт” үйлдвэрээс эхлээд “Хөтөлийн цемент шохой” ХК-ийг хувийг авсан Худалдаа хөгжлийн банкны эсрэг иргэдийн дэмжлэгийг авах аж.  Хувийн өмч рүү хүчээр дайраад төрийн мэдэлд авчихдаг Ардын намын арга барил арбитрын шүүхэд очоод уначих вий гэсэн айдас байгаа бололтой. Тиймээс  охиныг нь барьцаалж аавыг нь айлгадаг адгийн дээрэмчин шиг “заналхийлж” байна.

Тиймээс “МИК” ХХК-д төрийн мэдлийн хувь байхгүй учраас Шадар сайдын хэлсэнчлэн “Дүрэм, журамд ч өөрчлөлт оруулах ёстой” гэнэ. Түүний хэлснээр ипотекийн зээлийн 6 хувиас 1,6 хувийг шимтгэл маягаар авдаг. Монголбанкнаас 4 хувийн хүүтэй аваад 8 хувийн хүүтэй олгодог байсан гээд буй. Мэдээж зах зээлийн нийгэмд буяны байгууллага л биш бол арилжааны банкууд, компаниуд өөрсдийн ашгийн төлөө ажиллах нь зүйн хэрэг билээ.

Тэрээр 2013 оноос хойш ийм байдлаар явж, олон жил дарагдсан тухай өнөөдөр ярьж байна. Гэтэл 2006 онд л Монголбанк болон арилжааны 10 банк хувь нийлүүлэн “МИК” ХХК-ийг байгуулсан түүхтэй. Түүний хэлээд буй 2013 онд юу болсон бэ гэхээр Засгийн газар, Монголбанкнаас орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд ипотекийн зээлээр баталгаажсан анхны бондоо гаргажээ.  Түүнээс хойш дараах байдлаар ажилласан байна.

2015 он. “МИК ОССК” ХХК толгой компани болох МИК Холдинг хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжаалснаар Монголын хөрөнгийн биржийн түүхэнд хамгийн том анхдагч зах зээлийн арилжааг хийж, хувьцааны бүртгэлийн 1-р ангилалд (MIK) бүртгэгдэв

2017 он. Монгол Улсад анх удаа мэдээллийн аюулгүй байдлын ISO/IEC 27001:2013 стандартыг байгууллагын үйл ажиллагаандаа нэвтрүүлэв.

2017 он. МИК Холдинг ХК зах зээлийн үнэлгээгээрээ Монголын хөрөнгийн биржийн ТОП 20 индексэд багтав.

2018 он. Олон улсын үнэлгээний байгууллагуудаар зээлжих зэрэглэлийн үнэлгээ хийлгэв. (“Мүүдис” В3, тогтвортой, “Фитч рэйтинг” B-, тогтвортой, “Стандарт энд Пүүрс” В, тогтвортой).

2018 он. Азийн тогтмол орлоготой үнэт цаасны 5 дахь удаагийн чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулав. Уг чуулга уулзалтад Азийн хоёрдогч зах зээлд үйл ажиллагаа явуулдаг компаниудын удирдах албан тушаалтнууд оролцов.

2019 он. Олон улсын хөрөнгийн зах зээлд 3 жилийн хугацаатай 9.75 %-ийн хүүтэй 300 сая ам.долларын бонд (MGMTGE) арилжаалав.

2021 он. Олон улсын хөрөнгийн зах зээл дээр 2019 онд арилжсан 300 сая ам.долларын бондыг дахин санхүүжүүлэх зорилгоор 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 8.85%-ийн хүүтэй, 3 жилийн хугацаатай 250 сая.ам долларын бондыг амжилттай арилжааллаа.

Ингээд бодохоор яахын аргагүй ашигтай ажиллаж байгаа энэхүү бизнесийг булааж авч чадахгүй ч үйл ажиллагааг нь үгүйсгэх, түүндээ ард иргэдийг шулаад байгаа мэт харагдуулахын цаана нуугдаж буй зүйл нь ердөө л хувийн өмчийг төрд булааж авсан үйлдлээ зөвтгөх, нэг бизнесийг нь барьцаалж нөгөөг нь авах гэсэн санаа яваад байх шиг. Шадар сайд энэ компанид төрийн оролцоо ердөө ч байхгүй гэж мэдэгдсэн. Гэтэл  “МИК Холдинг” ХК-ийн нийт хувьцааны 17.23 хувийг төрийн өмчит эзэмшил байгууллагууд, 82.74 хувийг банк болон хувийн хэвшлийн байгууллагууд 0.03 хувийг иргэд эзэмшиж байгаа бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 221 хувьцаа эзэмшигчтэй аж.

“Эрдэнэт”-ийн 49 хувь Монголд ирснээр юу болов гээд харвал их юм бий. Монгол-Оросын эзэмшилд байхад энэ үйлдвэрт зах зээлийн үнээс хэд дахин илүү үнээр бараа, бүтээгдэхүүн шахдаг улстөрчдийн бүхэл бүтэн арми бий болсон. Ц.Нямдоржийн хүүгээс эхлээд Н.Багабанди хүртэл номоо шахдаг гээд шахаа хийж үзээгүй улстөрч энэ намын томчуудад ховор. Тиймээс Монголын компани авснаар тэрхүү шахаагаа хийж чадахаа больсон хэрэг. Тиймээс хууль бусаар худалдан авсан гээд төрийн мэдэлд буцааж авсаны мөн чанар нь эргээд  “саах” л сонирхол байна гэсэн үг. Сааж ч чадсан. Энэ ул мөрөө сайнаар харагдуулахын тулд монголчуудын цахилгааны төлбөрийг төлүүлж тансаглуулсны гайгаар “Эрдэнэт” үйлдвэр өөрсдөө зээл авахад хүрсэн талаар мэдээлж буй.

Энэ бүх бизнесийг булаан авч буй эрх баригчид буюу Ардын намын цаана ард түмнээ бодсондоо бус ашиг хонжоо хайсан адгийн санаархал л үнэртээд байна.  Одоо хэр нь коммунист сэтгэлгээнээсээ салаагүй хэр нь Монголын топ баячуудын эгнээнд энэ намын гишүүд яагаад багтаад байдаг вэ гэдгийг хариулт нь ердөө л энэ. Монголд эрүүлээр бизнес хийхэд хэцүү л дээ. Тиймээс тоглоомынх нь дүрмийг дагаж байж л томрох нь тодорхой. Томорсон нөхдүүдэд ямар нэгэн но байж л таараа. Тэрүүгээр нь далимдуулаад төрийн нэрээр Ардын нам  орос технологиороо амтат самраа самардах гээд эхэллээ. ЗГХЭГ-ын дарга байхдаа Г.Зандаршатарын Салхитын ордыг төрд авах тусгай ажиллагаагаар эхлүүлсэн энэхүү ажиллагаа “Эрдэнэт”, “Хөтөл цемент шохой”… гэхчилэн үргэлж байна. Ганц тодорхой зүйл гэвэл “ард түмэн”, “иргэдийг шулж байна”, “эх орон, газар шороо” гээд эхэлбэл түүний цаана Монголын эрх ашгийг хөсөрдүүлж байх жишээтэй.

Хамгийн сүүлд гэхэд хийн хоолойг Монголоороо дамжуулан ашиг орлого олоод зогсохгүй утаанаасаа сална гээд  Монголын газар нутгийг Оросын эзэмшилд өгөх гэрээний гарын үсгийг С.Амарсайхан зурчаад ирсэн гэдгийг санахад илүүдэхгүй болов уу. Ардын нам хуульд өөрчлөлт оруулж байгаад савраа сунгадаг болоод удаж байна. Тэрний нэг сануулга нь өнөөдрийн мэдэгдэл. Санагтун, сэрэгтүн…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж