"Монголд бодлогын нам байхгүй"

Хуучирсан мэдээ: 2022.04.14-нд нийтлэгдсэн

"Монголд бодлогын нам байхгүй"

"Монголд бодлогын нам байхгүй"

“Нээлттэй нийгэм” форумын менежер Д.Энхцэцэгээс дараах тодруулгыг авлаа.


-Өнгөрсөн 10 гаруй жилд гурван парламент дамнаж, Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх тухай ярилаа. Нэг удаа парламент дээр ороод унаж байсан тохиолдол бол бий. 2021 онд ч мөн  Улс төрийн намын тухайн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл яригдсан шүү дээ.  Хуулийн төслийг батлагдахад ямар бэрхшээл тулгарч байна вэ?

Миний харж байгаагаар улс төрийн намуудын ойлголт нь жигд биш байна. Өөрөөр хэлбэл, намууд уг асуудалд өөрийн намын эрх ашгийг хамгийн түрүүнд тавьж хардаг. Түүнээс биш ардчилсан тогтолцоонд намын институцийн үүрэг, олон намын системийг төлөвшүүлэх хөгжүүлэх зэрэг өнцгөөр харахгүй байна. 2024 оны сонгуульд яаж ялж, зарцуулсан мөнгөнийхөө хэмжээг нөхөх үү гэдгээр биш  алсдаа Монгол Улсад намууд төлөвших, олон ургальч үзэл хөгжих, олон намын систем бүрэлдэн бий болж бодлогын нам төлөвшихөд чиглүүлсэн зохицуулалтыг хуульд тусгах талаар санал нэгдэх ёстой.

Улс төрийн намын тухай хуулийн төслийг өөрчлөх талаар 2014-2015 оноос хойш ярьж эхэлсэн. Тухайн үед  үед эрх баригч нам өөрийнхөө үзэл бодлыг тулгаж, бусад намын эрх ашиг алдагдсан байна гэдэг яриа их гардаг байсан.

Түүнээс биш энэ хуулийн заалт ардчилалд сөрөг нөлөөтэй, олон намын системд тохирохгүй байна гэсэн яриа лав сонсогдож байгаагүй. Тиймээс Улс төрийн намын тухайн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлуулахын тулд намууд хэрэгтэй чухал  асуудлууд дээр санал нэгдэх хэрэгтэй. 

-Үе,үеийн парламент энэ хуульд шинэчлэл хийнэ гэдэг ч гар хүрэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Гэвч МАН дангаараа эрх барьж байгаа энэ үед дээрх хуулийг шинэчлэх нь эрх баригчдад давуу байдал бий болгох вий?

-Намын санхүүжилттэй холбоотой асуудлыг хянаж, хязгаарлах зохицуулалтууд орж ирж байгаа учраас тийм эрх ашиг байхыг үгүйсгэхгүй. Тиймээс эрх баригч нам бусад намуудын оролцоог тэгш, сайн хангах ёстой. Хуулийнхаа төслийг ил болгох, парламентын гадуурх намууд хуулийн төсөлд ямар асуудлыг тусгах талаарх саналыг ч гэсэн авах нь чухал.

Тэгвэл дээрх хуулийг шинэчлэхдээ ямар зохицуулалт хийх шаардлагатай гэж үзэв?

Сүүлийн 27 жил намын санхүүжилтийг тодорхой байдлаар хяналттай, ил тод байлгаагүйгээс өнөөдөр хамгийн их хардалт, бухимдлыг дагуулж буй субьект нь нам болоод байна. Тиймээс олон улсын жишгээр намыг сонгуульд оролцсон оролцооных нь үр дүн, сонгогчдын дэмжлэгээр санхүүжүүлдэг хэв маяг руу оруулах нь зүйтэй. Ингэснээр нам ямар нэгэн субьектив хүчин зүйлээс үл хамаарч бодлого, шийдвэр гаргах чадамжаа алддаг.

Хуулийн төслийн онцлох заалтаас дурдвал “Намын гишүүдийн татварыг хуульчилна. Нам гишүүдээс хөрөнгө мөнгөний дэнчин авах, сонгууль оролцсоны төлөө гишүүдээ шан харамж цалин хөлс өгөхийг хориглож байгаа. Намдаа гишүүд сайн дураар  ажиллана. Намын үндсэн ажилтан цалин авна. Бусад гишүүн ямар нэгэн цалин авахгүй.

Нам жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийлгээд хуулийн хугацаанд цахим сайтдаа байршуулна. Шилэн дансны хуулийг намууд санхүүгийн тайландаа мөрдөнө” гэх зэрэг чухал заалтууд бий.  

-Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Улс төрийн намын тухай хууль 2005 онд батлагдсан. Уг хуулиар улс төрийн намын санхүүжилтийг ил болгох асуудлыг намуудад хариуцуулж өгсөн учраас уг заалт хэрэгждэггүй. Үүний төлөө хариуцлага ч тооцдоггүй. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Сонгуулийн бус үеийн зардлыг намууд аудит хийлгэж олон нийтэд ил болгох ёстой. Өөрөөр хэлбэл,  дотоод хяналтынхаа бүтцээр дамжуулж санхүүжилтэд хяналт тавих зохицуулалттай. Хуульд ингээд заачхаар улс төрийн намын  санхүүжилт ил болж чадахгүй. Энэ оноос эхлээд МАН санхүүжилтийн зарим дүнгээ ил болгох талаар ярьж эхэлсэн. Гэхдээ энэ бол бидний санаа зовдог улс төрийн хүрээний авлигал буурна гэсэн үг биш..

2020 он буюу хамгийн сүүлд болсон сонгуулийг авч үзэхэд 76-79 тэрбум төгрөгийг улс төрийн намын нэр дэвшигчид зарцуулсан байна. Сонгуулийн  хуульд зааснаар нэр дэвшигчид өөрийн хөрөнгө болон намын хөрөнгөөс хязгааргүйгээр зарцуулах боломжтой байдаг. Тэгэхээр  сонгуулийн бус үед намууд хаанаас санхүүжилт авдаг вэ гэдгийг хянаж чаддаггүй. Энэ нь Сонгуулийн хуультай холбогдохоор хуулийн том цоорхой гардаг учраас сонгуулийн зардлыг хянаад нэмэргүй.

Ардчилсан сонгуулийн гол зарчим нь тэгш өрсөлдөөний зарчим. Тэр нөхцлийг хуулиар бий болгох ёстой. Гэтэл халаасандаа илүү мөнгөтэй хүн давуу байдал эдлэх нь шударга сонгууль болж чадахгүй. Үүнийг зохицуулахын тулд хувь хүнээс 5 сая, хуулийн этгээдээс 20 сая төгрөг байх хязгаар тавьсан. Тиймээс сонгуулийн үе болон сонгуулийн бус үеийн зардлыг хянах зохицуулалтын хувьд уялдаатай болгох ёстой. Сонгуулийн үеийн зардлыг Сонгуулийн тухай хуулиар, сонгуулийн бус үеийн зардлыг Улс төрийн намын тухай хуулиар зохицуулах талаар яригдаж байна.

-Ер нь Монголд бодлогын нам байна уу?

-Шулуухан хэлэхэд байхгүй. Залуучуудаас  авсан судалгаагаар “Намуудын мөрийн хөтөлбөр уншаад нэмэргүй. Угаасаа тэд биелүүлэхгүй” гэж хариулах жишээний. Хэрэв Монголд бодлогын нам байсан бол  хөтөлбөрөө ингэж биелүүлсэн гээд арга замуудтай нь ярих байлаа. Зарим улс оронд бодлого, мөрийн хөтөлбөрийг  хэрэгжүүлэх кабенит нь тусдаа байдаг. Тиймээс залуусыг сонгуульд оролцдоггүй идэвх муу байна гэж ярих нь өрөөсгөл.

Намууд сонгуульд оролцож байгаа арга барилаа залууст илүү ач холбогдолтой болгож өөрчлөх ёстой. Үүний тулд намууд бодлогоо хэрэгжүүлдэг болох нь маш чухал.

Бодлогын нам төлөвшихгүй байгаа нь популизм, санал худалдан авах хэлбэрээр илэрч байна. Ийм орчинд бодлогын нам төлөвшиж чадахгүй. Надад хэрэгтэй ямар асуудлыг энэ нам авч  төлөвшүүлж цааш нь хөгжүүлж чадах вэ гэдэг дээр сонголт хийх ёстой байдал нэр дэвшигч нарыг  харж сонгодог болчхоод байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж