Ингэж байгаад МАН тооноо хөмрөх вий!

Хуучирсан мэдээ: 2022.04.14-нд нийтлэгдсэн

Ингэж байгаад МАН тооноо хөмрөх вий!

Ингэж байгаад МАН тооноо хөмрөх вий!

Ардчилсан нам тамга тэмдэг, талцал хагацлын том зовлонтой хоёр жилийг өнгөрөөв.  Хоёр толгой, хоёр тамгатай болсон Ардчилсан нам цаашдаа нэг туг, нэг малгайн дор нэгдэж, эвлэрч чадахгүй нь бүгдэд ойлгомжтой болжээ.  Энэ хагаралд С.Эрдэнэ, Х.Баттулга бас бус хүмүүсийг буруутгадаг. Атал аль нэг нь ялахыг нь хүлээж анхааралтай ажиглаж суугаа  АН-ын “төвийг сахигчид” намынхаа хагаралд хамгийн их буруутай. Товчхондоо, Ардчилсан нам ус, тосоороо ялгарахад  хамгийн том саад болж  байгаа хүмүүс бол тэд, төвийг сахигчид нь.

Мэдээж, О.Цогтгэрэл мэтийн улааныг харж урваж, шарыг харж шарвадаг хүмүүс  аль ч намд байдаг “хорт хавдар”-ууд. МАН-д ийм  хогийн ургамлууд цөөнгүй, өгсөж явах үед нь долоож, уруудаж явах үед нь өшиглөдөг.

Ардчилсан нам бүтэн байхдаа 180 мянган гишүүнтэй байсан. Тэдний 113 мянга нь Х.Баттулгад саналаа өгсөн нь дэгсдүүлсэн тоо. Женко шиг мэх олонтой, пиар сайтай, мөнгө ихтэй хүн тэр зэргийг тоог нэмж хасах юухан байх билээ. Гэхдээ Женкогоос илүү түүнд намаараа тоглуулж суугаа Ардчилсан намын гишүүд л өрөвдөлтэй бас өөдгүй.

Х.Баттулга Ардчилсан намын дарга болж чадахгүй юмаа гэхнээ Монголын улс төрийг өлхөөн самарч чадна. МАН-ыг тарааж чадахгүй ч тэднийг  хагарал, талцалд хүргэж чадна. МАН дотор ч түүнийг гэх фанат цөөнгүй.

Тэгэхээр МАН ч бас  Ардчилсан намын адил илүү том, илүү олон зовлонтой сууж байна. МАН-ын түмэн зовлонгийн шалтгаан нь МАН өөрөө.  

Нэг.

Хөгжлийн банкийг тонож идсэн хэрэг МАН-ын гэр доторх зодооныг улам өрдөв. Өмнө нь ЖДҮ, жаран тэрбумын дуулианаар У.Хүрэлсүх нам доторх эсрэг хүчнээ цэвэрлэж авсан шиг Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр ч Хөгжлийн банкаар далимдуулан  хөнжлөө сэгсэрч, бөөсөө устгахыг хүсч буй нь тодорхой болсон.  Даанч, МАН бөөс ихтэй. Гэхдээ бөөсөө түүж цэвэрлэхгүйгээр ариун цэвэр сахих боломжгүй. 

Хөгжлийн банкнаас зээлээ аваад зориулалтын бусаар ашигласан,албан тушаалаа урвуулан ашигласан гэх асуудлаар нэр бүхийн гишүүдийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-аар удахгүй оруулахаа Ерөнхий сайд ч , МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ч амалсан. Хөгжлийн банкнаас зээл авсан гэх асуудалд МАН-ын бүлгээс С.Бямбацогт, Ч.Ундрам, Г.Дамдинням, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарын хүмүүс ил цагаан нэр холбогдсон. Араас нь Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Л.Энх-Амгалан нарын хамаарал бүхийн зээлийн асуудал ч сөхөгдөж буй.  Тэгэхээр бүдүүн бүлгээс лавтайяа  арав орчим гишүүнийг түдгэлзүүлэх асуудал хаврын улс төрийн хачир байх нь ойлгомжтой.

Нэг талаар МАН, МАН-ынхаа авлига, албан тушаалын хэрэгтээ тэмцэж байгаа нь сайн хэрэг. Алсуураа харин Монголын парламентын  чадамжийн асуудлыг  хөндөж болзошгүй. Учир нь  Манай парламентын нэр хүнд муутай, 76 ухна, 76 хулгайч гэж харагддаг, үнэлэгддэг болсон нь худлаа ч юм биш. Үүн дээр дөрөөлөх улстөрч бий. 

Хоёр.

Нэр бүхий гишүүдийг түдгэлзүүлэх асуудлыг Ерөнхий прокурор УИХ-д оруулж ирэх асуудалтай зэрэгцээд спикер Г.Занданшатарыг огцруулах яриа улс төрийн хүрээнд сэвэгдэж эхэллээ. Зохион байгуулалтгүй, зорилгогүй, эзэнгүй биегүй юм гэж энэ улс төрд ерөөс байхгүй.

Гэхдээ Г.Занданшатарын албан тушаалаас нь таван үндэслэлээр огцруулж болно. Өөрөөр хэлбэл, УИХ-ын тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар, нэгд, УИХ-ын дарга нас барсан, хоёрт, Өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн авсан, гуравт, Хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан, дөрөвт,  Үндсэн хуулийн Цэц УИХ-ын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээж авсан, тавд, Гэмт хэрэг хийсэн нь шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор батлагдсан тохиолдолд УИХ-ын даргыг огцруулах, чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ гэж заасан. Нэг, хоёр, гурав, тавь дахь үндэслэлээр Г.Занданшатарыг УИХ-ын даргын суудлаас нь мултлах боломжгүй.  Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн Цэц УИХ-ын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргахгүй л бол Г.Занданшатар огцрох боломжгүй. Гэхдээ түүний суудалд суух сонирхол МАН-ын бүлгийн хэн нэгэнд байж л таарна.  

Түүнийг огцруулах яриаг жирийн нэгэн шаазгай шагширчихаагүй нь тодорхой. Хэний босгосон овоон дээр суусан шаазгай вэ гэвэл  хэрэгтнийг холоос хайх шаардлагагүй. 

Хэн нэгэнд Засгийн газар, Г.Занданшатар хоёрыг муудалцуулах сонирхол явж байна гэсэн үг. Хэрэвзээ парламент нь ч, засаг нь ч хямраад эхэлбэл эдийн засгийн хямрал дээр улс төрийн хямрал нэмэгдэнэ.  Эдийн засгийн хямралыг яаж ийгээд даваад гарчих байх, харин улс төрийн хямрал улс оронд гай дуудаж мэднэ. Хэн монголчуудыг хагаралдуулж, хэн эрх мэдэлд хүрэх гэж ингэтлээ улайраад байгаа билээ дээ. 

Гурав.

МАН-ынхан одоохондоо малгай хагаравч тогоонд дотроо байна. Гэхдээ хэн нэгэн АН шиг болгохыг хүсч байгаа. АН муу, МАН муухай байх нь хэнд ашигтай вэ. АН толгойгүй, МАН тооногүй болбол яана.

Гадаад, дотоодын улс төрийн нөхцөл байдлаа бодсон ч МАН богино зайны улс төр, эрх мэдлийн төлөөх хэрүүл зодооноо эцэслээд илүү томоор харах цаг ирсэн.  Өөр, хоорондоо зодоон нүдээнээ хийдэг л юм байгаа биз, гэхдээ Монгол Улсыг хөлдөө чирж болохгүй.

Учир нь, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, парламентын засаглалыг улам бэхжүүлэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх, Улс төрийн намын тухай хуулиа шинэчлэх гээд улс оронд амин чухал улс  төрийн реформоо яаралтай эхлүүлэх шаардлагатай.

ЖДҮ, жаран тэрбум, Хөгжлийн банкны дээрэм, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй жинхэнээсээ тэмцье гэвэл сонгуулийн тогтолцоогоо өөрчил, Улс төрийн намуудын хуулиа шинэчил.  Бөөсөө түүгээд орхих биш улс төрийн ариун цэврээ сахих тухай одоо ярих цаг болсон. Сонгуулийн тогтолцоогоо хуульчилж, Үндсэн хуулиар сонгодог парламентын засаглалаа бэхжүүлж авахгүй л бол алсдаа оройтох вий. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
6
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж