Орос, Украины дайнаас шүүрэх бидний шинэ боломж

Хуучирсан мэдээ: 2022.04.14-нд нийтлэгдсэн

Орос, Украины дайнаас шүүрэх бидний шинэ боломж

Орос, Украины дайнаас шүүрэх бидний шинэ боломж

Геополитикийн, гадаад хүчин зүйлийн эрсдэлтэй нөхцөл байдал шинээр бий болсон нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг энэ онд үлэмж хэмжээгээр хязгаарлах төлөвтэй байна. Инфляци өсч, гадаад худалдаа тасалдсан хэвээр үргэлжилж, санхүүжилт, хөрөнгө оруулалтын нөхцөл илүү чангарах хүлээлттэй байгааг гадна, дотнын экспертүүд анхааруулж буй юм.

Олон улсын валютын сан үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ “бай”-гаа онохгүй байгааг анхаарууллаа. Тодруулбал, тэтгэврийн доод хэмжээг бодит үзүүлэлтээс их хэмжээгээр өсгөж, нийгмийн халамжийг хавтгайруулж буй зэрэг байнгын өөрчлөлтүүд нь төсвийн алдагдлыг улам нэмэгдүүлэх хүчин зүйл болж буй.

Засгийн газар цар тахлын эсрэг бодлогоор дэмжлэг үзүүлсэн нь гадаад өрийн хэмжээ үлэмж нэмэгдэхэд гол үүрэг гүйцэтгэсэн гэж тэд дүгнэсэн. Үүний зэрэгцээ дэлхийн хэмжээнд хүүгийн түвшин нэмэгдсэн нь өрийн эргэн төлөлтийг илүү өндөр өртөгтэй болгож буйг анхааруулав.

Дэлхийн банкнаас шатахууныхаа дийлэнх хэсгийг импортолдог Монгол Улсын бодит орлого буурч буйг онцлоод, их хэмжээний өртэй учраас энэ онд дэлхийн санхүү, эдийн засгийн цочролд өртөмтгий байхыг онцолж байна. Өнөөдрийн байдлаар, манай улс эдийн засгийн уруу үзүүлэлтүүдээрээ дефолт зарлах хэмжээнд хүрснийг хүлээн зөвшөөрч, оновчтой арга хэмжээ авах зайлшгүй шаардлага тулгарч буй юм.

Шинэ боломж

Экспорттой холбоотой тээвэр, логистикийн хүндрэл бэрхшээлүүд энэ оныг дуустал шийдэгдэхгүй үргэлжлэх төлөвтэй байна. Дэлхийн хүнс, газрын тосны үнийн огцом өсөлт дотоодын эдийн засгийн сэргэлтэд сөргөөр нөлөөлөх магадлалтай аж. Цаашилбал, геополитикийн зөрчил хурцдаж, ОХУ-ын эсрэг авах хориг арга хэмжээнүүд нэмэгдэн, БНХАУ-д цар тахлын дэгдэлт хүрээгээ тэлснээр эдийн засгийн өсөлт саарч болзошгүй зэргээр Монгол Улсын эдийн засгийн төлөвт нөлөөлөх сөрөг эрсдэлүүд бий.

Цар тахлын үед бидэнд тээврийн асуудал тулгамдаж байсан бол одоо ОХУ, Украины нөхцөл байдлаас үүдэн валютын нөөц тулгамдаж байна. Өдөрт шилжүүлэх валютын хэмжээнд хязгаар тогтоосон нь стратегийн ач холбогдолтой бараа, бүтээгдэхүүний импортод ч сөргөөр нөлөөлж буй юм.

Төр дангаараа асуудлыг шийднэ гэж зүтгэлгүй, хувийн хэвшилд боломж олгох цаг. Зарим салбарт хувийн хэвшил толгойлж ажиллах боломж бий юм. Тухайлбал, “Тоёото” компаниас эхлээд ОХУ-ын Владивостокийн боомтод байсан гаднын томоохон компаниуд гарч эхэлсэн. Тиймээс тэр хэсэгт газар авах, тээвэрлэлтийн асуудлаа шийдвэрлэх шинэ гарц бий болж буй. Энэ боломжийг ашиглаж чадвал эдийн засгийн хувьд үр өгөөжөө өгөхийг эдийн засагчид хэлж байна.

Дашрамд дурдахад, Украины “Диалог” өнөөдөр далайн тээвэрлэгчид Оросоос “дүрвэж”, чингэлгийн эргэлт ирэх тавдугаар сард 95 хувиар унах төлөвтэй байгаа талаар мэдээллээ. ОХУ олон улсын далайн чингэлэг тээвэрлэх 20 шугамынхаа 14-ийг ерөнхийдөө “алдсан” талаар "Дело" группийн ерөнхий захирал Дмитрий Панков мэдээлжээ. Дээрх 14 шугамаар ачаа эргэлтийн 70-80 орчим хувь дамжиж байсан аж.

Хүлээлт ба гарц

Эдийн засгийн өнөөгийн нөхцөлд хөрөнгө оруулагч нар хөгжиж буй орнуудад болгоомжтой хандаж байна. Гадаадын банкууд зөөлөн бодлого явуулж байсан бол энэ онд бодлогын хүүгээ өсгөхөөр төлөвлөжээ. Энэ тохиолдолд ам.доллараар татах санхүүжилтийн өртөг өсч, боломж хумигдах эрсдэлтэй. БНХАУ-аас бусад Азийн орнуудад багцын хөрөнгө оруулалт буурч, гадагшилж буй аж.

Гэвч боломж үргэлж нээлттэй. Ирэх 2023 онд цар тахлын сөрөг нөлөөлөл буурч, гадаад худалдааны тасалдал арилах боломжтой зэрэг эерэг үзүүлэлтүүд гарч, эдгээрт тулгуурлан эдийн засгийн өсөлт нэмэгдэх төсөөлөлтэй байна. Мөн ирэх онд хилийн гацаа саад буурч, боомтуудын үйл ажиллагаа одоогийнхоос сайжирч, жигдэрснээр экспорт өсч, төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлт бий.

Гадаад зах зээлд төмрийн хүдэр, коксжих нүүрс, зэс, бусад хүнд металлын нийлүүлэлт болон үнэ ханш одоогийн өндөр, тодорхой түвшинд хадгалагдах магадлал хэвээр байна. Хувийн хэвшлийн зээлийг санхүүжүүлэх, ялангуяа төв банкны репо санхүүжилт үргэлжлэх нь эерэг нөлөөтэй юм.

2022-2023 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт болон нэмэлт санхүүжилт зэргийг тооцвол гадаадын шууд хөрөнгө оруулалт 9.4 хувиар өсөх боломжийн төсөөлөлтэй байгааг Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч С.Болд мэдээлсэн. Мөн Засгийн газар төсвийн зардлаа хумьж чадвал эдийн засаг энэ онд 2.3 хувь, ирэх онд 5.6 хувиар өсөх тооцооллыг ОУВС-гаас гаргав.

Эдийн засагчид гадаадын шууд хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын хуримтлал болон эдийн засгийг өсгөх чиглэлд нөлөөлсөн цэвэр экспортыг нэмэгдүүлэхэд анхаарах нь чухлыг онцолж байна. Мөн мөнгөний бодлогын байр суурийг өөрчлөхдөө тоон өгөгдөлд суурилсан аргачлал ашиглах нь мөнгөний бодлогод итгэх итгэлийг нэмэгдүүлэхийг анхааруулав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж