Ардчилсан намын 4/11 ээлжит мэдээллийн үеэр Э.Бат-Үүл тэргүүтэй хүмүүс өнөөдөр /2022.04.14/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.ГАНБАТ:
-Ардчилсан намыг Улсын дээд шүүх бүртгэсэн. Тиймээс аль нэг тал гэсэн маргаан дууссан. УИХ-д оруулж байгаа хуультай холбоотой АН-ын гишүүдийн зүгээс саналаа илэрхийлж байгаа. Цөөн хэдэн барааны үнийг хуулиар тогтворжуулна гэдэг бол утгагүй. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд МАН үнэмлэхүй олонхоор Засгийн эрхийг барьж байна. Гэвч хийж, хэрэгжүүлсэн дорвитой ажил алга. Сүүлийн үед бүхий л шалтгааныг хил гаальтай холбох болсон. Олон улсад хямрал болоогүй. Орос Украины хооронд асуудал үүссэн нь үнэн. Гэвч энэ үед эдийн засгаа сэргээж чадахгүй байгаа нь Засгийн газрын бодлогогүй байгаагийн үр дүн. Тиймээс МАН-ынхан хариуцлага хүлээх ёстой.
Өнөөдрийн олонх хоёр хөрш оронтой харилцах хэрэгтэй. Ингэж чадвал эдийн засаг сэргэж чадна.
ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ ГУРАВДУГААР САРЫН 30-НААС ХЭРЭГЖСЭН
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР:
-Улсын дээд шүүхэд АН-ын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг хүргүүлж, гуравдугаар сарын 30-нд тогтоол гаргаж баталсан. Өчигдөр албан ёсоор энэхүү тогтоол ирсэн. Энэ дүрэм батлагдахаас өмнө маргаан их гарч байсан.
Одоо Улсын дээд шүүх дүрмийн өөрчлөлтийг баталсан учраас эргэлзээ байхгүй.
Үндэсний бодлогын хороо улс төрийн зөвлөлтэй холбоотой олон өөрчлөлт орсон. Үүний дагуу АН дотооддоо шинээр зохион байгуулалтад орох шаардлага үүсч байна. Тэгэхээр өмнөх хуулийн маргаанууд утга учиргүй болсон. Нөгөө талд бүртгүүлэх гээд явж байгаа нь утгагүй гэсэн үг. Дээд шүүхийн тогтоол гарсан өдрөөс хэрэгждэг. Тиймээс АН дүрэмд нийцүүлэн хэд хэдэн журмыг өөрчлөх шаардлага байгаа. Үүний дараагаар Үндэсний бодлогын хорооны шинэчилсэн эргэлтийн сонгууль хийх, намын шинэ удирдлагууд гаргаж ирэх ажил үргэлжилнэ.
АН-ЫН ГИШҮҮД, НИЙСЛЭЛИЙН АН-ЫНХАНД СЭРЭМЖЛҮҮЛЭГ ХҮРГЭЖ БАЙНА
Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл:
-АН-ын хувьд нэлээд хүнд сорилттой учрах төлөвтэй байна. АН-ын даргын сунгаа явуулж, Ерөнхийлөгч асан Х.Баттулга өчигдөр Дээд шүүхэд нэрээ бүртгүүлэхээр өгсөн байна. Шүүх институцийг түүний хувьд зөвхөн бүртгэлийн байгууллага төдий гэж хэлж байгаа нь учир дутагдалтай санагдлаа. Энэ бол Ерөнхийлөгч байхдаа ч шүүхийг юу гэж бодож байсны илрэл. Тодруулбал, шүүхийг хараандаа оруулж байсны жишээ. АН-ын гишүүд, нийслэлийн АН-ынханд сэрэмжлүүлэг хүргэх гэсэн юм.
Орос Украин руу хийсэн түрэмгийлэл бол дарангуйллаас ардчилал руу дайрсан хэлбэр. Энэ утгаар нь харвал Монгол Улсын ардчилал ч үүнд хамаарч байна.
Нотолгоо нь ОХУ-ын Элчин сайд юу гэж мэдэгдэл гаргасан болохыг та бүхэн санаж байгаа байх. Элчин сайд АН-ын дотоод хэрэг рүү дайрах эрх байхгүй. Үүнтэй зэрэгцээд Х.Баттулга АН-руу дайрсан. Х.Баттулгын улс төрийн зорилго маш тодорхой.
Нийслэлийн намын даргын хувьд хэлэхэд, Монгол Улсыг Х.Баттулга Беларусь шиг болгох гэж байна.
Энэ үйл хэрэгт залуучууд тэмцэнэ. Монгол бол ардчилсан улс. Дарангуйллын тогтолцоонд залуучууд байж чадахгүй. Х.Баттулга залуу үедээ зай тавьж өгөх хэрэгтэй. АН-ын даргын сунгаа анхнаасаа дүрэм зөрчсөн Х.Баттулгад зориулсан ажил болсон. Тиймээс бид чөлөөт хэвлэлд хандаж байна. Монгол бол төв Ази дахь эрх чөлөөт нийгмийн төлөөлөл. Х.Баттулгын балмад үйл ажиллагаатай хатуу тэмцэх болно.
1990 оны ардчилсан хувьсгалыг үгүй хийх гэж байгаа бол Х.Баттулгад санааны гарз гэж хэлье.
Өнөөдөр Монголд ардчилал ямар хүчтэй байгааг та бүхэн харж байна. Хэдхэн хоногийн өмнө болсон жагсаалаар залуучууд соёлтой гарч ирж байгааг харууллаа. Дэлхийн хаана ч Засгийн газар нь ард иргэдтэй жагсаалын үр дүнд шууд уулзсан тохиолдол байхгүй. Тиймээс ардчилал хүчтэй байх болно. Орос улсад дайн гэж мэдээлсний төлөө сэтгүүлчдийг 15 жил хорьж байна. Монголыг ийм болохыг хэн ч хүсэхгүй. Энэ утгаар ардчиллын төлөө тэмцэх болно.