Чуулган: Парк байгуулвал 10 их наядын хөрөнгө оруулна

Хуучирсан мэдээ: 2022.04.14-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: Парк байгуулвал 10 их наядын хөрөнгө оруулна

Монгол Улсын Их Хурлын 2022 оны Хаврын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2022.04.14/ Төрийн ордны “Их хуралдай” танхимд 10:00 цагт эхэллээ. 


17 : 33
2022-4-14

"Монголбанк эрдэнэс авах, хүнд металлын сорьц тогтооно"

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.
 
Энэ хуулийн төсөлтэй холбогдуулан Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван “Эрдэнэсийн сангийн тухай хуулийн төслийн 15.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт эрдэнэс эзэмшигч хүн, хуулийн этгээд, бусад байгууллага нь Эрдэнэсийн санд худалдах эрдэнэс тэдгээрээр хийсэн эдлэлийг сорьц тогтоох эрх бүхий хуулийн этгээд, эсхүл сорьцын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар сорьц тогтоолгон баталгаажуулсан байх үүрэгтэй.
 
Энэхүү заалтыг Монголбанк өөрөө эрдэнэс авах, хүнд металлын сорьц тогтоож болох агуулгатайгаар энэ заалтыг оруулсан. Ингэснээр төв банкны үйл ажиллагаа боловсронгуй болно. Нөгөө талаас үнэт металийн сорьцтой холбоотой үүсэж болох эрсдэлийг төр дангаараа хариуцаж байгаа эрсдэл буурна. Төр сорьц тогтоосноос хувийн хэвшил энэ бизнест оролцсоноор илүү өргөн хүрээтэй, олон улсын жишиг стандартад нийцсэн лаборатори болон тоног төхөөрөмжийг оруулж ирж, энэ чиглэлд өрсөлдөөн бий болж, чанар сайжирна. Одоогоор эрх бүхий байгууллага болох Стандартчилал хэмжил зүйн үндэсний төвөөс итгэмжлэл авсан “Ханлаб” ХХК, "ASL", "Steppe Gold" гэдэг гурван лаборатори үйл ажиллагаа явуулж байна. Энэ гурван лабораториор сорьцлуулсан сорьцод ямар нэгэн алдаа гаргаагүй.
 
17 : 05
2022-4-14

"Гадаад зах зээлээс алт худалдан авч гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлнэ"

Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн М.ОЮУНЧИМЭГ:
 
-Өмнөх үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүн гараагүй. Асар их мөнгө салхинд хийссэн. Азийн орон дотроо Монгол Улс хамгийн өндөр буюу 14.6 хувийн инфляцитай байна. Шалтгаан нь дотооддоо юу ч үйлдвэрлэхгүй байна. Хил хаахад үндэсний үйлдвэрлэгчид түүхий эд нь тасалдсан байдалтай байна. Өнөөдөр гишүүд энэ хуулийн заалт бүр дээр хяналтын механизмыг нарийн тусгаж өгөх ёстой. Герман улс төсвөө хагас жилээр нь хийдэг юм байна. Ингэснээр энэ улс эдийн засгийн хямралд өртөөгүй. Цаашдаа төсөв хэлэлцэх үедээ няхуур хандах ёстой. Байсхийгээд төсвөө тодотгосноор асар их ажил, цаг хугацаа зарцуулдаг. Энэ байдлыг халах ёстой.
 
УИХ-ын гишүүн Ч.ӨНӨРБОЛОР:
 
-Энэ хуулийг дэмжиж байна. Гэхдээ суурь бодлогын өөрчлөлтийг зайлшгүй хийх ёстой. Цар тахал, дайны нөлөөллөөс гадна суурь дотоод шалтгаантай холбох хэрэгтэй байна. Инфляцийн 50.9 хувь нь импортын бараанаас хамааралтай байна. Ерөнхий сайд гэхээс илүү салбарын сайд нар илүү сайн ажлаа хий. Сүүлийн 30 гаруй жил үйлдвэрлэл, аж ахуй нэгжүүдээ дэмжээгүй. Улс орны эдийн засаг хүнд нөхцөлд байгаад бид нүүр тулгарч, алдаагаа засах хэрэгтэй. Түр зуурын өнгөц заслаар бид хол авахгүй. Гол асуудал нь худалдааны хуультай болох байсан. Миний бие уг хуулийг ахалж байна. Уг хууль батлагдах нь битгий хэлэлцээгүй. Хөрөнгө оруулалтын хуулийн төслөөр дамжин миний нэр төрийг гутааж хийе, бүтээе гэсэн нэгнээ хорлож болохгүй. Улсаа хөгжүүлэх, эдийн засгаа тэтгэх гол арга хэрэгсэл нь худалдааны хуультай болох асуудал юм. Үүнд гишүүд анхаарлаа хандуулж дэмжиж өгөөсэй.
 
УИХ-ын гишүүн Х.БУЛГАНТУЯА:
 
-Цар тахал олон салбарын алдаа дутагдлыг харуулсан. Хүнс хөдөө аж ахуйн салбарт бид үйлдвэрлэгч улс биш байсан. Төрөөс тус салбарт маш их дэмжлэг олгож байсан ч гэсэн биеэ даагаад хөгжсөн хүчтэй салбар болж чадсангүй. Хил хаагдахад сүүгээ яаж хайрцаглах уу гээд сандраад явдаг улс орон болсон байна. Тиймээс энэ оныг дуустал энэ хуулийг баталж байгаа юм. Юмыг яаж мэдэх вэ энэ дайны цаг үед гурил, мах, шатахууны үнийг тогтворжуулах, нөөцийг бий болгох ажлыг зохион байгуулах гэж байна. Иргэд олон нийтийн зүгээс хүнс хөдөө аж ахуйг дэмжих цогц бодлогыг гаргах ёстойг санууллаа. Худалдааны хуультай болох санаачилгыг дэмжиж байна.

УИХ-ын гишүүн Э.БАТШУГАР:

-Дэлхий дахинд үнийн өсөлт нүүрлэлээ. Ганцхан Монгол Улсад хууль баталж байгаа шүү. Улс орнууд тус тусдаа бодлого хэрэгжүүлж байгаа. Жишээ нь АНУ дөрвөн жилд анх удаа бодлогын хүүг өсгөсөн байна лээ. Оюутолгой 2021 онд хоёр тэрбум ам.долларын борлуулалт хийсэн. Үүний 750 тэрбум нь алт байгаа. Тэгэхээр алтыг, мөнгөжүүлсэн алт болгож, Лондоны биржид байршуулаад Монголбанк төгрөгөөр худалдаж авах бололцоо байгаа юу. Алт худалдан авалтаа нэмэгдүүлсээр гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх боломж байна.

УИХ-ын гишүүн Х.БУЛГАНТУЯА:
 
-Энэ хуулийн 5.1.6-т Лондоны металийн биржийн үнэ дээр таван хувийн нэмэгдэлтэйгээр гадаад дотоодын зах зээлээс алт худалдан авч гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлнэ гэж орсон. Мөн энэ цаг үед Уул уурхайн хүнд үйлдвэрийн яам, Монголбанктай хамтраад гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор алт олборлогч аж ахуй нэгжид эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг олгох 5.1.5-т шаардлагатай тохиолдолд банкнаас зээл олгох болон бусад шалгуур үзүүлэлт зээлийн шаардлага нөхцөлийг тусгайлан тогтоох буюу алт олборлолтыг дэмжсэн зүйл заалт орсон.
Үүнд, Засгийн газар Оюутолгойтой дээрх асуудлыг ярьж байгаа юм билээ. “Оюутолгой”-н зүгээс нааштай хариу өгч шийдэгдэнэ гэж харж байгаа. Мөн энэ хуулийн 9.1-т энэ хууль хэрэгжиж байхад ямар нэгэн хуулийн хариуцлагаас чөлөөлнө. Тиймээс иргэд аж ахуй нэгжүүд Монголбанкинд Лондоны хөрөнгийн биржийн үнэтэй уялдуулаад та бүхний алтыг худалдан авахад бэлэн. Ямар нэгэн хуулийн санкци авахгүйгээр гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд идэвх чармайлттай оролцохыг уриалж байна.
 
Уг хуулийн төслийг эцэслэн батлуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. 
 
15 : 34
2022-4-14

"Парк байгуулвал хүнд үйлдвэрийн салбарт 10 их наядын хөрөнгө оруулна"

Үйлдвэрлэл, Технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Б.ЭНХ-АМГАЛАН:

-Өмнөговьд усны асуудал хүнд болсон. Нүүрс боловсруулах үйлдвэр байгууллаа гээд усны асуудлыг яаж шийдэх вэ. Олон үйлдвэрийн дэд бүтцийн улсаас өгнө гэж байгаа. Ямар эх үүсвэрээр шийдэх юм бэ. Орхон аймагт хэрэгжүүлэх уул уурхайн цогцолборыг барихад 650 сая орчим ам.доллар хэрэгтэй. Энэ оруулсан хөрөнгө оруулалтыг 8.7 жилийн хугацаанд нөхөж 1065 ажлын байр бий болгож, ДНБ-ийг 360 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ гэсэн хаанаас гарсан ямар ТЭЗҮ юм бэ. Хэн тооцсон юм.

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН:

-Томоохон мега төслийн усны асуудлаар 2020 онд Дэлхийн банкны санхүүжилтээр манай яамны захиалгаар судалгааны ажил хийсэн. Энэ судалгааны үр дүнд бид говийн төслийн ажилд гадаргын усны тохиргоо буюу Хэрлэн, Тооно, Орхон, Хөх морь гэх мэт төслийн хүрээнд хийхэд 6-8 жилийн хугацаатай.

УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТ:

-Ц.Цэрэнпунцаг гишүүн сайн ойлгохгүй байж болно. Би тайлбарлая. Бид Баруун босоо тэнхлэгийн төмөр замын бодлогыг баталсан. Арцатсууриас Шивээхүрэн хүртэлх. Тэрийг өөрчилсөн шалтгаан бол өмнө нь байсан чиглэл нь худлаа юм байна. Тийм учраас Шивээхүрэн рүү төмөр зам тавих нь зөв гэж дэмжээд баталсан. Тэрийг зөв гэж боддог юм.  Тэрэнтэй адил 2019 онд баталсан Үйлдвэр, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль амьдрал дээр хэрэгжихгүй байна. Паркууд байгуулж, нүүрсээ түүхийгээр нь гаргахаа боль, коксжуулъя. Төмрийн хүдрээ мөн адил угааж, баяжуулах гангийн үйлдвэр байгуулъя. "Эрдэнэт" үйлдвэрээс гарч буй зэсийн баяжмалийг боловсруулж, зэс хайлуулах үйлдвэр байгуулъя. Ингэвэл Монголд тэрбумаар хэмжих ам.доллар орж ирэх юм байна. Тэгвэл валютын ханш өсөхгүй. Ийм эрх зүйн орчныг төр бодлогоор баталж өгөх ёстой юм байна. Монгол Улсын Эрдэнэт үйлдвэрээс олж байгаа орлого хоёр дахин нэмэгдэж, гурван орчим тэрбум ам.доллараар нэмэгдэнэ. 

УИХ-ын гишүүн Ц.ЦЭРЭНПУНЦАГ:

-Би тодорхой нэг хоёр төслийн тухай асуугаагүй. Та зөв ойлгох хэрэгтэй. Өнөөдрийн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулиар баялгаа эцсийн бүтээгдэхүүн болгож, экспортлох боломж байхгүй юу?

УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТ:

-Өнөөдөр энэ асуудал тулгамдаад байна. Дэд бүтцээ шийдэж чадахгүй байна. Нөгөө талдаа татварын таатай нөхцөл бүрдүүлж өгчихвөл гадаадын хөрөнгө оруулалтууд орж ирнэ. Тодорхой хэмжээний төрийн хөшүүрэг хэрэгтэй байгаа. Тиймээс төр хуулиараа боломж олгож өгөх хэрэгтэй. Хүнд үйлдвэрийн салбарт дэвшил авч ирье гэж байгаа юм. 

УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:

-Үйлдвэр технологийн парктай болохыг дэмжиж байгаа. 10 жилийн өмнө Х.Баттулга гэж нөхөр макет үзүүлээд л Сайншандын аж үйлдвэрийн парктай болбол Монгол хөгжинө гээд л том нэвтрүүлгүүд хийгээд, хэрэгжүүлэхгүй байна гэсэн. Хөгжлийн банкны 2016 оны шалгалтаар Сайншандын аж үйлдвэрийн паркаас хэн хэн хулгай хийсэн бэ гээд байж байгаа. Энийг ярих хэрэгтэй. Шалгах хэрэгтэй. Хулгайч хүн хүний хамаг итгэл найдварыг бөхөөдөг юм байна. Дээр нь хуулийнхан их нэмэр болдог юм байна. Намайг дэд сайдаар ажиллаж байхад Сайншандын аж үйлдвэрийн парктай холбоотой 10 хэдэн хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж шалгаж байсан. Энд Х.Баттулгын зөвлөх, туслахууд холбоотой, мэдүүлэг өгсөн байдаг. Сонгон шалгаруулалттай холбоотой хэн үүрэг даалгавар өгч, хэн оролцож байсныг шалгаж байсан ч Х.Баттулга Ерөнхийлөгч болсноор эдгээр хүмүүсийг гэм бүруугүй болгосон. Зарим нь гадагшаа зугтчихсан байна лээ. Тийм учраас Г.Ёндон сайдаа та өмнөх гарсан хэргүүдийг мэдэж байгаа юу. Өмнөх хулгайн хаалгаа хааж, дараагийн асуудлаа яримаар байна.

УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА:
 
-Уг хуулийг санаачлагчийн нэг нь би. Үйлдвэр технологийн паркийн санаачлах болсон эдийн засгийн үр өгөөжийг ярьсан. Үйлдвэр технологийн парк хэрэгтэй үгүй ярих ёстой. Гэтэл Б.Энхбаяр гишүүн бүх л юман дээр авлига, хуулийн байгууллага болохгүй байна гэдэг яриагаа одоо боль. Чи нээрээ арай дэндэж байгаа шүү. С.Зоригийн хэрэг болон Ц.Нямдорж та хоёрын талаар би юм яривал ярина шүү. Нэг хууль ярихаар дандаа өөр юм ярих юм. Хуулийн тухай л яръя.
 
УИХ-ын гишүүн Э.БАТШУГАР:
 
-Үйлдвэр технологийн парк байгуулах төслийг дэмжиж байна. Эдийн засгийн тулгуур болж, экспортыг дэмжих бололцоо гэж харж байна. Дэлхийн сайн, муу жишиг байна. Вьетнамд 2002 онд ойролцоогоор 71 үйлдвэрлэл технологийн парк байсан. Тухайн үед экспорт нь 16 тэрбум ам.доллар байлаа. 2021 онд тус улсад 575 үйлдвэр технологийн парктай болжээ. Үүнийг дагаад экспорт нь 336 тэрбум ам.доллар болсон. Өөрөөр хэлбэл 21 дахин нэмэгдсэн. Хамгийн гол нь зорилго нь тодорхой байх нь чухал юм байна. Эрх зүй татварын дэмжлэг, ажиллах хүч зайлшгүй шаардлагатай. Хүнд үйлдвэрлэлийг дэмжих бололцоо бидэнд бий. Манайд жонш, молибден, коксжих нүүрс, төмрийн хүдэр байна.
 
УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТ:
 
-Дэлхий нийтээр цар тахал болон дайнаас улбаалан хямралтай байна. Хямралтай хэцүү цаг үед эдийн засаг өсөх тогтвортой улс орны нэгээр Вьетнам нэрлэгдсэн. Эдийн засгийг төрөлжүүлж, паркаа байгуулсан нь хямралаас гарах арга зам юм. Парк байгуулагдсанаар хүнд үйлдвэрийн салбарт 10 их наядын хөрөнгө оруулалт хийнэ. Нийтдээ 10 их наядын борлуулалтын орлого олдог болох ТЭЗҮ, судалгааг Уул уурхай хүнд үйлдвэрийн яам хийсэн. Үндсэндээ аж үйлдвэрийн парк байгуулагдсанаар төсвийн орлогоос давсан ашгийг олдог болох нь. Өнөөдрийн байдлаар 11 парк үйл ажиллагаа явуулж байгаагаас нь долоо нь нэр төдий, дөрөв нь татан буугдсан. Жилд нэг ч төгрөгийн татвар төлсөн зүйл байдаггүй. Энэ хууль батлагдсанаар нэг удаа татвараас чөлөөлөгдөхөд жилдээ 480 тэрбум төгрөгийн улсын төсөвт оруулдаг болох нь. Нэг удаа 500 орчим тэрбумын хөнгөлөлт чөлөөлөлт олгоно. Харин цаашдаа төсөвт орлого нь төвлөрөх бололцоо байна.
 
УИХ-ын гишүүн Ц.САНДАГ-ОЧИР:
 
-2009 онд үйлдвэр технологийн хууль батлагдаж байсан. Түүнээс хойш 13 жилийн дараа “май” гээд үзүүлэх нэг ч парк, үйлдвэр байхгүй байна. Хууль оруулж ирж байхад бусад яамдууд нь хаачсан юм бол. Зөвхөн Г.Ёндон сайдын ажил биш гэж ойлгож байна. Өнгөрсөн хугацаанд яагаад үйлдвэр баригдаагүй гэвэл дэд бүтэц, төрөөс дэмжлэг үзүүлээгүй учраас тэр. Долоон үйлдвэр технологийн парк эхлэл төдий байгаа бол гурав нь Багануур, Налайх, Багахангайд байх жишээтэй. Газар, зураг төсөв, бүтэцтэй болсон ч “таг” болсон. Тэд дэд бүтэц татах хөрөнгө оруулалт хүсч байна. Гэвч тэрийг хэн хөөцөлдөх нь тодорхойгүй. Угтаа бол үйлдвэр технологийн паркийг дагаад сум, суурин бий болох юм.
 
Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН:
 
-Яагаад өмнө байсан паркууд явсангүй гэдэг нь бодож үзэх асуудал. Үйлдвэр технологийн парк буюу төмөрлөг, зэсийн үйлдвэр технологийн парк бүхий л салбарын суурийг тавьж байгаа юм. Зэсийн үйлдвэр өнгөт төмөрлөгийн үйлдвэрийн суурийг тавьж байна. Үндсэндээ бид зэс төмөр, газрын тос гэх юм бол Алтанширээтийн газрын тос боловсруулах үйлдвэр дээр Монгол Улсын нефтийн салбарын суурь бий болох юм. Өнгөрөгч долоо хоногт металл нунтгийг бий болгож эхэлсэн. Тавантолгой дахь аж үйлдвэрийн парк нь кокс химийн салбарын үндсийг бид тавьж өгч байна. Зөв услаад өгөх юм бол цаашаа хөгжинө. Нүүрснээс гаргаж авдаг 400 төрлийн бүтээгдэхүүн байдаг.
Гоо сайхны бүтээгдэхүүн, эм гэх мэт. Хамгийн гол нь нөгөө хэдийгээ чирсэн үйлдвэр байх шаардлагатай. Жишээ нь “Эрдэнэт” “Эрдэнэс-Тавантолгой” байна. Энэ үйлдвэрүүд дараа дараагийн хувийн хэвшлийн хөрөнгө оруулах бололцоог бий болгочихсон. Монгол айл бүхэн аягаа зэсээр доторлодог болсон. Өмнө нь тийм юм байдаггүй байсан.
 
УИХ-ын гишүүн Х.БУЛГАНТУЯА:
 
-Энэ хуулийн 5.1.6-т Лондоны металийн биржийн үнэ дээр таван хувийн нэмэгдэлтэйгээр гадаад дотоодын зах зээлээс алт худалдан авч гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлнэ гэж орсон. Мөн энэ цаг үед Уул уурхайн хүнд үйлдвэрийн яам, Монголбанктай хамтраад гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор алт олборлогч аж ахуй нэгжид эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг олгох 5.1.5-т шаардлагатай тохиолдолд банкнаас зээл олгох болон бусад шалгуур үзүүлэлт зээлийн шаардлага нөхцөлийг тусгайлан тогтоох буюу алт олборлолтыг дэмжсэн зүйл заалт орсон.
Үүнд, Засгийн газар Оюутолгойтой дээрх асуудлыг ярьж байгаа юм билээ. “Оюутолгой”-н зүгээс нааштай хариу өгч шийдэгдэнэ гэж харж байгаа. Мөн энэ хуулийн 9.1-т энэ хууль хэрэгжиж байхад ямар нэгэн хуулийн хариуцлагаас чөлөөлнө. Тиймээс иргэд аж ахуй нэгжүүд Монголбанкинд Лондоны хөрөнгийн биржийн үнэтэй уялдуулаад та бүхний алтыг худалдан авахад бэлэн. Ямар нэгэн хуулийн санкци авахгүйгээр гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд идэвх чармайлттай оролцохыг уриалж байна.
 
Уг хуулийн төслийг эцэслэн батлуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
 
 
14 : 38
2022-4-14

"Тендерийн хууль Үндсэн хуулийг зөрчиж байна"

Чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж байна.
 
УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:
 
-Уг хуулийг үзэл баримтлалын хувьд дэмжихгүй. Үндсэн хуулийг зөрчиж байна гэж үзсэн. Үндсэн хуулийн 6.2-т байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж одоо ба ирээдүйн иргэн бүрт эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш шударга хүртээхэд чиглэнэ. Стратегийн ач холбогдол бүхий ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэдэг заалтыг зөрчиж байна гэж үзсэн. Тендерийн хуулийн 34.1 дэх заалтаар Монгол Улсын хөгжил стратегитай холбоотой байгалийн баялгийг үндэслэн явагдаж буй 20 тэрбум ам.доллар буюу 50-60 их наядын төгрөгтэй дүйцэхүйц төсөл арга хэмжээг тендергүйгээр шийдэх эрхийг Засгийн газарт өгөх гэж байна.
 
"Эрдэнэт", "Эрдэнэс-Тавантолгой" зэрэг төрийн өмчит оролцоотой этгээдийн үйл ажиллагаанд тендерийн хууль үйлчлэхгүйгээр нэмэлт өөрчлөлт оруулах гэж байна. Өнөөдрийг хүртэл бид Хөгжлийн банкны төсөл хөтөлбөрийг УИХ-ын хяналтаас гаргасны горыг хэлэлцээд сууж байна. Тус банкны 1.8 их наядын чанаргүй зээлийн тухай ярьж байна. Үүнээс 20-30 дахин их мөнгөн дүнтэй, нийт ард иргэдэд хүртээлтэй асуудалд шууд гэрээ буюу байгуулах эрхийг хяналтгүйгээр өгөх гэж байна.
 
УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ:
 
-Б.Энхбаяр гишүүний хэлж буй уг хуулийн 34.1.1, 3.13 гэсэн заалтыг дэмжихгүй байна. Байнгын хороон дээр ажлын хэсэг байгуулж, засаад өөрчлөх хэрэгтэй. Тендерийн баталгааг таван хувь байсныг гурван хувь болгож байгаа нь сайшаалтай. Тендерийн баталгааны мөнгийг төрийн сандаа байршуулдаг байх хэрэгтэй. Төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй ажлыг гүйцэтгэлээр нь санхүүжүүлдэг. Тэгэхээр аж ахуй нэгжүүд хөрөнгө мөнгөнөөс шалтгаалаад арилжааны банкуудаас урт хугацаатай өндөр хүүтэй зээл авч хөрөнгө, санхүүгийн дарамтад ордог. Тиймээс төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй барилгыг урьдчилгаа хөрөнгө өгдөг байх зарчим руу орох саналтай байна.
 
Уг хуулийн асуудлаар МАН-ын бүлэг тав хоног завсарлага авлаа.
 
 
10 : 29
2022-4-14

"Монголын төр хэзээ хүртэл арилжааны банкны боол байх вэ"

УИХ-ын гишүүн Н.АЛТАНХУЯГ:

-Б.Баттөмөрөөр ахлуулсан Хөгжлийн банкны ажлын хэсэг УИХ-ын индрээс хүнийг гүтгэж доромжилж байна. Ажлын хэсгийн нэрийг бариад сонин хэвлэлээр ийм мэдээлэл явж байна гэж хүмүүсийг гутаан доромжилж гүтгэдэг чи хэн бэ. Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж болохгүй. Иргэдэд Н.Алтанхуяг Хөгжлийн банкнаас зээл авсан хэмээн буруу ташаа мэдээлэл түгээлээ. Би зээл аваагүй. Тэгтэл “Кью Эс Си- компанийг Засгийн газар төрд авахаар боллоо. Концессын гэрээг цуцлах нь зөв. Баримттай шударга юм ярьж бай Б.Баттөмөр өө.

Түүнийг горимын санал оруулсны дараа хэлэлцэж буй суудлаар гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Төсвийн хөрөнгө оруулалтаар хийдэг ажлын чанар, цаг хугацааны эрсдэлээс сэргийлж яаралтай зохицуулах шаардлагатай асуудлын хүрээнд нэмэлт өөрчлөлтийг оруулж байгаа. Хуульд шинэчилсэн найруулга хийж, намраас өргөн барих байх. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд УИХ-ын 108 дугаар тогтоолоор хөгжлийн гэж үзэх зургаан багц 92 төслийг УИХ баталсан. Эдгээр төслийг эхлүүлэх зорилгоор нэмэлт өөрчлөлтийг оруулж байна.

УИХ-ын гишүүн Н.НАРАНБААТАР:

-Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах хууль хэрэгжсэн. Одоо орж ирж буй нэмэлт өөрчлөлт нь хөгжлийн төслүүдээ хэрэгжүүлэх зорилготой гэж ойлголоо. Ямар томоохон төсөл хэрэгжүүлэх юм. “Хөх морь” төсөл ямар шатандаа яваа вэ?

УИХ-ын гишүүн Ё.БААТАРБИЛЭГ:

-Энэ хуулийг нэг удаагийнх гэж ойлгохгүй байна. Энэ хууль хэрэгжсэнээр 66 тэрбум төгрөг "сулрах" юм байна. Манай аймаг Сум хөгжүүлэх сангаас машин авсан боловч эвдэрхий машин таарсан. Нийлүүлсэн компанийн хариуцлагагүйн улмаас иргэд хохирч байна. Одоо мөрдөгдөж буй хуулиар явахад юу нь болохгүй байгаа юм. Худалдан авах ажиллагаа сүүлийн хоёр жил аж ахуй нэгжүүд орохгүй байгаа шалтгаан тодорхой. Дэлхий нийтээр цар тахлын улмаас бараа материалын үнэ маш их өсч буй болохоор компаниуд тендерт орохгүй байна. Орон нутагт санаатай болон санамсаргүйгээр улсын комисст хүлээлгээд өгчихсөн барилга их байдаг. Тэгээд хариуцлага ярих гэхээр компани нь аль хэдийнэ барьцаа хөрөнгөө суллачихдаг ийм байдал руу орох гэж байна.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Тендерийн асуудал хардалт, сэрдэлт, гомдол дагуулдаг. Хэд хэдэн талууд оролцож нэг нь шалгардаг. Шалгараагүй компаниуд янз янзын зорилгоор гомдол гаргадаг юм билээ. Үүний 40 хувь нь үндэслэлгүй гомдол гаргаж, хүмүүсийг гүтгэсэн, хэрэгт хийх гэж оролдсон эсвэл тендерт ялсан этгээдийг хорлож үйл ажиллагааг нь гүйцэлдүүлэхгүй зорилгоор гомдол гаргасан байдаг. Тэр болгоны цаана төрийн алба хаагчдыг буруутгасан үйлдэл гардаг. Тиймээс баримттай, эзэнтэй гомдол тавих нь зүйтэй.

УИХ-ын гишүүн Х.БОЛОРЧУЛУУН:

-Сангийн яаманд тендертэй холбоотой гомдлыг хүлээн авдаггүй, тендерийг үзэмжээр нь шалгаруулдаг асуудал компаниудын дунд түгээмэл яригддаг. Судалгаагаар 63 хувь нь үндэслэлтэй гомдол байна гэдэг чинь хангалттай. Сангийн яамны дархлагдсан дарга нарыг өөрчлөх хэрэгтэй. Хуулиас давсан журам яриад компаниудын гомдлыг авч хэлэлцдэггүй юм билээ.

УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН:

-Сүүлийн 20 жилийн хугацаанд арилжааны банкны лобби маш олон хуульд тусгалаа олсон байдаг. Арилжааны банкны эздийн нөлөөлөл Монголын улс төрд хүчтэй байсан. Үүний нэг нь Тендерийн тухай хууль гэж харж байна. Эцсийн дүндээ арилжааны банк үйлчилгээнээс бусад үйлчилгээ явуулдаг, нүүрс ухдаг, тээвэр хийдэг, төмөр зах ухдаг гажуудал бий болсон. Үүний эсрэг арилжааны банкинд очиж буй хувь хэмжээг энэ хуулиар бууруулах нь зөв гэж харж байна. Мөн шинэ зохицуулалт бий болгох ёстой. 2015 оноос хойш нийтдээ 15 их наядын тендер төрөөс зарласан. Үүнээс 2.3 их наяд төгрөгийн тендерийн баталгаа, урьдчилгаа төлбөрийн баталгаа, гүйцэтгэлийн баталгааг арилжааны банкуудад татан төвлөрүүлсэн. Энэ бол ямар их хэмжээний дарамтыг аж ахуй нэгжүүдэд үзүүлдэг нь харагдаж байна. Үүнийг өөрчлөх цаг болсон. Монголын төр хэзээ хүртэл арилжааны банкны боол байх ёстой вэ. Даатгалын баталгааны асуудлыг оруулж ирэх ёстой.

"20 тэрбум ам.долларыг хуульгүйгээр “хусъя” гэж байна"

УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ:

-Б.Жавхлан сайд аа та хамгийн бага үнэ, тендерийг хуулийн шинэчлэлээр оруулж ирнэ гэж байгаа тийм үү. Оруулж ирэх нь зүйтэй. Намар оруулж ирэх хуульд анхаарахгүй бол болохгүй. Энэ хууль бол олон удаа засагдаж, шүүмжлүүлсэн болохоор гол “нуруугаа” барьчихна. Гүйцэтгэлийн баталгаанд хүмүүс санаа зовж байна. Хэрвээ дутуу хийсэн бол зайлшгүй нөхөж хийдэг байх ёстой.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Тендерийн тухай хуульд зураг төсөвгүй нэг ч зүйл орох ёсгүй. Төсөв батлагдсанаас хойш зураг зурна гээд хугацаа алддаг байж болохгүй. Төсөв батлагдахад бэлтгэл ажил хангагдаагүй, зураг төсөвгүй орж ирдгээс болоод хугацаа алддаг. Өөрөөр хэлбэл, төсөв батлахдаа хууль зөрчиж байна гэсэн үг. Арваннэгдүгээр сарын 15-нд төсөв батлагдахад тендер зарлагдах учиртай. Хуулиа сайн үзэх юм бол хоёр нүүр нэмэлт өөрчлөлтөд шууд гэрээ хийнэ гэдэг үг байхгүй. УИХ-аар төсөл хөтөлбөрийг батлах ёстой гэдэгт санал нийлж байна.

УИХ-ын гишүүн Ц.ЦЭРЭНПУНЦАГ:

-Энэ хуулийн шинэчилсэн найруулгын ач холбогдол нь юу юм. Жишээ нь хамгийн бага үнийн дүнтэй төсөл хөтөлбөрийг төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх гэж байна уу, эсвэл үнэтэй ч гэсэн чанартай барилга бариулах гүйцэтгэгчийг шалгаруулах юм уу. Гүйцэтгэлийн баталгааны шаардлага нөхцөлийг сулруулж оруулж ирэхийг дэмжиж байна.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Ц.Цэрэнпунцаг гишүүн сонирхолтой шийдэл хэллээ. Өөрөөр хэлбэл, барьцаа, баталгаагаар хадгалж буй эх үүсвэрийг банкинд сул чөлөөтэй "хэвтүүлэхгүйгээр" Засгийн газар, нийслэлийн эсвэл төрөөс бонд үнэт цаас гаргах эрх бүхий институцийн гаргасан үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийгээд тэр нь төрдөө ашиглагдаж, зохих хүүг нь аж ахуй нэгждээ төлөөд бүтээн байгуулалтад хэрэглэж буй зээлийнхээ зарим зардлыг бууруулах талаар бид судална.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Н.Алтанхуяг гишүүнээ та санаж байгаа бол Дарханд хийж буй спорт цогцолбор одоог хүртэл ашиглалтад ороогүй байна. Өөрөөр хэлбэл, царцаах жагсаалтад орсон бүтээн байгуулалт юм. 2016 онд балгас шахуу барилга хүлээн авсан. Магадлан хийж, төсөвт өртөг нь нэмэгдсэн. 2009 оны зураг төсөв, тухайн үеийн барилгын материалын үнэ дээр хийсэн дүн. Тендерийн хуулиар шинэ гүйцэтгэгч зарлахад ямар ч хүн сонирхоогүй. Тийм хөрөнгөөр балгас шиг болсон барилгыг нэмэгдсэн өтгөөр нь дуусгана гэдэг бол ерөөсөө хэний ч санаанд багтамгүй. Өөрөөр хэлбэл, барилгыг анхнаас нь барьсан хүмүүст хариуцлагыг хүлээлгэж, цаг хугацааны хувьд төсөвт өртөг нэмэгдсэн бол өөрсдөөр нь хийлгэх зохицуулах агуулгатай хууль юм.

УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:

-Бид тендерийн хуулийн өөрчлөлт хэлэлцэж байгаа юм. Гэтэл 34.1-т тендергүй гэрээ байгуулж шийдэх заалт орж ирж байна. Хэдэн төгрөгийн ямар төслийг тендергүй хийх эрх авах гэж байна гэж үзэхээр нийтдээ 20 тэрбум ам.долларын буюу 50-60 их наяд төгрөгийн төсөл арга хэмжээг тендергүй хийнэ гэж байгаа юм байна. Энэ хууль авлигатай холбодог. Энэ хуулийн зорилго нь авлигаас урьдчилан сэргийлэх. Энэ хуулийн 34.1-ийг батлаад явуулбал тендерийн хуулийг хүчингүй болгох хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл, том бүтээн байгуулалтыг тендергүй хийе гэж байгаа юм байна. Томчууд хувааж найрлая гэж ойлголоо. Хамгийн том хулгайг хуулиар хийдэг. 20 тэрбум ам.долларыг хуульгүйгээр хусъя гэж байна. Энэ хуулийн төслийн 3.13-т “Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компаниуд энэ төсөлд санхүүжилт өгөхөхд энэ хуулийг дагаж мөрдөхгүй буюу тендерийн хуулийг дагаж мөрдөхгүй” гэжээ. Бид төрийн өмчит компаниудад 10 их наядын авлига байгаа тухай АТГ-д мэдэгдсэн. Төрийн өмчийн компаниуд, санхүүжилтийг УИХ хэлэлцдэг байя. Монгол Улс хоёр тусдаа төсөвтэй болсон. Улсын төсвөөс хэд дахин их мөнгө төрийн өмчийн компаниудад яригддаг. Нэг гүйцэтгэх захирал гарч ирээд жилд таван их наядын төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж зарлаж байна лээ. УИХ-ын гишүүд 1-2 тэрбумаар тойрогтоо сургууль, цэцэрлэг барих уу яахуу гээд суудаг. Гэтэл тэнд нэг захирал таван их наядаар төсөл хийнэ гээд сууж байна. Тендергүйгээр шууд хийдэг ажил одоо ч байгаа гэж Сангийн сайд ярилаа. Энэ зөвхөн улсын нууцтай холбоотой асуудлуудад бий. Үүнийг далимдуулж төмөр замын гэрээг улсын нууцаар халхавчиж хийж байна. Цэргүүдийн талхыг 20 мянган төгрөгөөр шахдаг асуудал сонсогддог.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Ойлголтын зөрүү гарсан юм шиг байна. Хуулиа сайн уншвал тийм биш байгаа юм Б.Энхбаяр гишүүн ээ. Шинэ сэргэлтийн хүрээнд батлагдсан 20 тэрбум ам.доллар буюу 100-аад их наяд төгрөгийн зургаан багц чиглэлийн төсөл бий. Энэ бүгд төсвийн хөрөнгөөр хийхгүй. Үүний арав хүрэхгүй хувь нь төсвийн хөрөнгө оруулалтаар хийнэ. Энэ хэсэг нь уг хуулиар зохицуулагдана. Тэрийг гуйвуулж ярьж байна шүү. 20 тэрбум ам.доллар гэж том зургаар нь хэлж байх шиг байна. Шууд гэрээ огтоос биш.

УИХ-ын гишүүн Х.БУЛГАНТУЯА:
 
-Шинэ сэргэлтийн бодлогын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөгжлийн төслийн жагсаалт гээд нийтдээ зургаан чиглэлээр 20 том төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Хуульд үүнийг нэг л сайн олж харахгүй байна. Энэ хэлэлцээг нээлттэй явуулна гэдэг нь юу гэсэн үг юм. Шууд лайваар явуулна гэсэн үг юм уу. Хоёрдугаарт, эдгээр компани тав хоногийн дотор зар тавиад гурав хоногийн дотор оролцох эсэхээ илэрхийлнэ гэжээ. Ийм том хэмжээний төсөл хөтөлбөрийг зар тавингуут баталгаа байршуулаад оролцох нь тендерт оролцож байгаатай адил. Үнэнийг хэлэхэд, өдий дайны хэмжээний үнэлгээ хийнэ гэдэг тав хоног битгий хэл яагаад 45 хоног байдаг вэ гэхээр “серьёзный” компаниудад цаг хугацаа шаардлагатай юм билээ. Урьдчилан тохироогүй бол бэлдсэн компани тав хоногийн дотор орж ирнэ. Гурав хоногийн дотор тендерт орох эсэхээ илэрхийлнэ гэдэг миний ухаанд багтахгүй байна. Энэ цаг үед жижиг сургууль, цэцэрлэгээс авахуулаад 2022 оны гүйцэтгэлийн тендерийг зарласан нь сайн байна. Гүйцэтгэлийн баталгааг таваас гурван хувь руу буулгасан нь болж байна.
 
УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:
 
-2000 онд бид Төрийн худалдан авах тухай хууль буюу тендерийн хуулийг хийж байсан. Анхны ажлын албыг байгуулж хөдөө орон нутгаар явж байлаа. Зорилго нь төсвийн үр ашгийг хэмнэж, төрийн худалдан авалтыг хянах байлаа. Жишээ нь Эрдэнэт, төмөр зам, МИАТ-д шахаа их байсан учраас уг хуулийг гаргаж байсан. Тендерийн хууль батлагдсаны хоёр жилийн дараа анхны зар тавигдаж байсан. Одоо яагаад энэ хуулиас буцалт хийгээд байгаа юм.
Хөгжлийн банк энэ хуулиас гадуур “явна” гээд битүү хулгай болчихлоо. Уг хуулийн зохицуулалтыг та нар яаж хараад байна вэ. Том төслийг хийнэ гэчхээд төрийн компани 30-аас доош хувийг нь санхүүжүүлэх бол тендергүй байна гэдэг байдлаар оруулж ирж байна. Эсвэл та нар гэрээ байгуулаад хэлэлцээ хийдэг шинэ дэг журам гаргаж ирээд байгаа юм уу. Би ойлгохгүй байна. Олон улсад ийм жишиг байхгүй шүү дээ. Зөвлөх үйлчилгээний ангиллаар хийх гээд байна уу.
 
Сангийн сайд Б.ЖАВХЛАН:
 
-Энэ хуулиар тендер илүү нээлттэй ил тод болж байгаа. Өнөөдрийг хүртэл явж ирсэн шууд гэрээний агуулгыг аль болох багасгаж, илүү хэлэлцээрийн зарчмаар олон нийтэд нээлттэй байна. Технологийн хувьд, хөрөнгө санхүүгийн хувьд санал тавьж болно. Ийм зарчим руу орж байгаа нь ухралт биш юм. Харин ч урагшилна гэж харж байна. Шаардлагатай тохиолдол гарч ирж буй. Хэрвээ тэр тохиолдолд хувийн хөрөнгө оруулалтад бид саад болж байгаа юм.
 
09 : 54
2022-4-14

Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс сэргийлэх хуулийг хэлэлцэнэ

Монгол Улсын Их Хурлын 2022 оны Хаврын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2022.04.14/ Төрийн ордны “Их хуралдай” танхимд 10:00 цагт эхэллээ. 

Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

· Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүн 2022.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 4 гишүүн 2020.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж