Оросуудын эзгүйд ноёрхлоо тогтоох 6 спорт

Хуучирсан мэдээ: 2022.04.14-нд нийтлэгдсэн

Оросуудын эзгүйд ноёрхлоо тогтоох 6 спорт

Оросуудын эзгүйд ноёрхлоо тогтоох 6 спорт

Оросын Украинд явуулж түрэмгийллийн улмаас тус улсын тамирчид олон улсын тэмцээнд оролцох эрхээ хасуулаад удаж буй. Хэзээнээсээ спортын их гүрэн тэд тэмцээнд оролцож чадахгүй байгаа нь бусад улс орнуудад боломж олгож байна. Ялангуяа дараах зургаан спортын төрөлд Оросын тамирчид гол фаворитууд нь байсан билээ.

УРАН ГУЛГАЛТ

Энэ спортод Орос бол дархан аварга. Гэвч тус улсын тамирчид өнгөрсөн сар Францад болсон ДАШТ-д оролцож чадаагүй. Угтаа олимп, дэлхийн аварга Анна Щербакова, дэлхийн аваргын дээд амжилтыг эзэмшдэг Камила Валиева, хүнд элементүүдийг ядах юмгүй гүйцэтгэдэг Александра Трусова тэргүүтэй шилдгүүд бий. Тэднийг алт, мөнгө, хүрэл медалийн эзэд гэхэд буруудахгүй.

Тэгвэл тэдний эзгүйд энэ жил Японы Каори Сакамото дэлхийн аваргад түрүүлэв. Олимпийн хүрэл медальт тэрбээр нийт 236.09 оноо авч, алтан медаль хүртсэн аж. Гэтэл Камила Валиева өнгөрөгч дэлхийн аваргаар 272.71 оноо, Щербакова Бээжингийн олимпоор 255.95 оноо тус тус авч байжээ.

Мөн мөсөн дээрх бүжгийн төрөлд Оросын алдарт хос олимпийн мөнгөн медальт, 2021 оны дэлхийн аварга Виктория Синицина, Никита Кацалапов нар оролцоогүй. Харин хосын төрөлд олимпийн мөнгөн медальт Евгения Тарасова-Владимир Морозов болон олимпийн хүрэл медальт Анастасия Мишина-Александр Галлямов нарын хосууд оролцсонгүй.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Европын аварга, өсч буй шинэ од Марк Кондратюк дэлхийн аваргаас медаль хүртэх тамирчдын тоонд багтаж байлаа.

Оросын домогт тамирчин Ирина Родина саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Оросуудгүй тэмцээнд оролцох нь хамаагүй хялбар” гэжээ. Түүний хувьд уран гулгалтын дэлхийн аваргад 10 удаа түрүүлж, олимпоос гурван алтан медаль хүртэж байсан билээ.

ГҮЙЛТИЙН ЦАНА

Бээжин-2022 өвлийн олимпоос Оросын тамирчид 32 медаль хүртсэн. Үүний 11-ийг нь гүйлтийн цанаас хүртсэн аж. Ерөнхийдөө энэ спортод Норвеги, Орос хоёр ноёрхлоо тогтоосон гэхэд хилсдэхгүй. Норвегичууд өнгөрөгч олимпоос энэ төрөлд таван алтан медаль, Орос дөрвийг хүртсэн гэнэ.

Александр Болшунов энэ төрөлд гурван алтан медаль, Оросын эмэгтэйчүүдийн баг 4х5 км-ын буухиа тэмцээнд түрүүлжээ. Олимпоос гадна Оросын Наталья Непраева Тур де Ски болон дэлхийн цомд түрүүлсэн билээ. Гэвч олон улсын цанын холбоо гуравдугаар сарын 1-ний өдөр шийдвэр гарган Орос, Беларусийн тамирчдыг тэмцээнд орохыг хориглосон.

Хэрэв энэ хориг ирэх улирал хүртэл үргэлжвэл Болшунов, Непраева, Вероника Степанова зэрэг шилдгүүд тив дэлхийн тэмцээнд өрсөлдөж чадахгүй нь.

Болшунов энэ талаар “Хэрэв манай шилдэг тамирчид хасагдвал тэр тэмцээн зүгээр л Норвегийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж хувирна. Орос бол тэдний шууд өрсөлдөгч. Олимпийн наадамд бид цанын спортын гол тамирчид гэдгээ харуулсан. Бид олимп, дэлхийн аварга, дэлхийн цомд өрсөлдөх эрхтэй. Тэмцээн шударга болох ёстой. Тэгэхгүй бол энэ спорт биш болно” гэжээ.

ГИМНАСТИК

Оросын гимнастикчид үеийн үед дэлхийн шилдгүүд байсаар ирсэн. Тус улсын тамирчид Токио-2020 олимпоос 10 медаль хүртсэн бөгөөд энэ нь зөвхөн Хятадын дараа орох үзүүлэлт юм. Оросын эмэгтэй гимнастикчид багийн төрөлд Америкийн ноёрхлыг зогсоож, түрүүлсэн.

Олон улсын гимнастикийн холбоо Орос, Беларусийн тамирчдыг эрхийг хассанаар Дина Аверина, Ангелина Мелникова зэрэг олимп, дэлхийн аваргууд дэлхийн цомд оролцох боломжгүй болсон. Энэ байдал цааш үргэлжвэл Аверинагийн ихрүүд болон бусад шилдэг тамирчид зургадугаар сард болох уран сайхны гимнастикийн Европын аварга, ирэх намар болох дэлхийн аваргыг өнжих төлөвтэй байна.

Оросын тал олон улсын гимнастикийн холбооны шийдвэрийг эсэргүүцэж, спортын арбитрын шүүхэд гомдол гаргасан ч нөхцөл байдал өөрчлөгдөх шинжгүй байна.

УСАНД СЭЛЭЛТ

FINA буюу Олон улсын усанд сэлэлтийн холбоо угтаа Орос, Беларусийн тамирчдыг дэлхийн аваргад оролцохыг зөвшөөрсөн ч удалгүй шийдвэрээ өөрчилж, бүрэн хориглосон. Үүний хариуд Оросын усанд сэлэлтийн холбоо FINA-ийн энэ жилийн ямар ч тэмцээнд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн. Үр дүнд нь олимпийн хошой аварга Евгений Рылов тэргүүтэй шилдгүүдийг энэ жил бид харахгүй нь. Өдгөө 25 настай тэрбээр Оросын армийг дэмжиж буйгаа илэрхийлж, “Z” тэмдэгтэй хүрэм өмссөн нь олны хэл амны бай болсон.

Оросын баг Токио-2020 олимпийн усанд сэлэлтийн төрөлд хүртсэн медалийнхаа чансаагаар тавдугаарт бичигдсэн. Америк, Австралийн баг медалийнхаа тоогоор хол тасархай тэргүүлсэн ч Оросын синхрон усанд сэлэлтийн тамирчид хүртдэг алтан медалиа түүртэлгүй хүртсэн. Тэд 20 гаруй жил олимпийн синхрон усанд сэлэлтийн багийн болон хосын төрөлд алтан медалиа алдаж үзээгүй явна.

ХОККЕЙ

“Улаан машин” хуучинтайгаа харьцуулахад өдгөө амжилт тааруу байгаа ч тэд мөсөн талбайн гол тоглогчид хэвээрээ буй. Орос 2018 оны олимпод түрүүлсэн ч 2022 оны олимпод мөнгөн медаль хүртсэн.

Оросын эрэгтэй хоккейн баг 2014 оноос хойш дэлхийн аваргад түрүүлж чадаагүй ч түүнээс хойш гурван хүрэл, хоёр мөнгөн медаль хүртээд байна. Гэвч олон улсын хоккейн холбоо тус улсын тэмцээнд оролцох эрхийг хассан. Ингэснээр тэд тавдугаар сард болох дэлхийн аваргыг өнжих болсон. Мөн 2023 онд Орост болох тэмцээн байршлаа өөрчлөх ч аюул тулгараад байна.

ЧӨЛӨӨТ БӨХ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо гуравдугаар сарын 2-ны өдөр шийдвэр гарган Оросын тамирчид тэмцээнд оролцуулахгүй байхаар болсон. Орос бол бөхийн орон. ЗХУ-аас эхлэлтэй энэ уламжлал одоо ч хадгалагдсаар шилдэг тамирчид ээлж дараалан төрсөөр байгаа. Норвегид болсон 2021 оны дэлхийн аваргаас оросууд гурван алт нийт найман медаль хүртсэн. Сонгомол бөхийн багийн чансааг тэд тэргүүлдэг.

Ирэх есдүгээр сард болох дэлхийн аваргад Абдулрашид Садулаев тэргүүтэй шилдгүүдийг харахгүй аж.

Дашрамд дурдахад, Оросын хөлбөмбөгийн шигшээ баг ирэх өвөл болох дэлхийн аваргад оролцох боломжтой байсан ч эрхээ хасуулсан юм. Тэд дэлхийн аваргын эрхийн төлөө эхлээд Польштой тоглох байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж