Эмзэг сэдвийг инээдэм болгогч Крис Рок

Хуучирсан мэдээ: 2022.04.14-нд нийтлэгдсэн

Эмзэг сэдвийг инээдэм болгогч Крис Рок

Эмзэг сэдвийг инээдэм болгогч Крис Рок

Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр Уилл Смитийн эхнэрийн талаар хошигносноосоо болж тайзан дээр алгадуулсан Крис Рокийг энэ удаагийн "ХҮМҮҮС" буландаа онцолж байна.


Кристофер Жулиус Рок 1965 оны хоёрдугаар сарын 7-нд АНУ-ын Өмнөд Каролинад төржээ. Түүний ээж Розали нь сэтгэцийн бэрхшээлтэй хүмүүсийн багш, нийгмийн ажилтан байсан бол эцэг Жулиус Рок нь ачааны машины жолооч, сонин түгээгч байв. Крис Рокийг төрсний дараахан эцэг эх нь Нью-Йоркийн Брүүклинд нүүж ирсэн байна. Рок айлын том бөгөөд доороо зургаан дүүтэй. Ах дүү долоогийн дунд Рокоос гадна энтертайнмент бизнес эрхэлдэг гурван ч хүн бий. Тэдний гэр бүлийн түүхийг 2008 онд “PBS” телевизийн Африк гаралтай Америкчуудын амьдрал цувралаар танилцуулж байв.


Тэрбээр Камерун гаралтай бөгөөд элэнц өвөө нь АНУ-ын иргэний дайнд оролцохоосоо өмнө 21 жил боолчлогдож байжээ. Крис Рок Брүүклиний цагаан арьстнууд голчлон оршин суудаг дүүрэгт сурдаг байсан ба арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтыг мэдэрч, олонтоо дээрэлхүүлж байсан гэдэг. Өсч том болохын хэрээр энэ байдал улам л гаарч, эцэг эх нь түүнийг Жеймс Мэдисоны ахлах сургуулиас гаргажээ. Сургуулиас гарсныхаа дараа тэрбээр түргэн хоолны газар гэх мэт төрөл бүрийн ажил хийж байв.

ЭДДИ МЕРФИД ШАВЬ ОРСОН НЬ


Ийн явсаар 1984 онд Нью-Йорк хотын “Catch a rising star” комеди клубт стэнд ап комедианаар ажиллаж эхэлжээ. Түүний хошигнолоос ирээдүй олж харсан анхны хүн нь алдарт жүжигчин Эдди Мерфи байв. Эдди Мерфи түүнтэй нөхөрлөж, зөвлөгөө өгсөн бөгөөд түүнд анхны киноных нь дүрийг өгч байв.

Тийм ч учраас тэрбээр одоо хүртэл Эдди Мерфигээс үлгэр жишээ авдаг аж. Анхны кино нь “Beverly Hills Cop II” байсан ба цаашлаад "I’m Gonna Git you Sucka" болон "Miami Vice" телевизийн олон ангит кинонд дүр бүтээжээ. Энэ мэтчилэн инээдмийн кинонд тодорхой хэмжээний байр суурь эзэлж эхэлсэн байна.

Тэрбээр 1990-1993 оны хооронд онд "Saturday Night Live" инээдмийн цувралд тогложээ. Түүнтэй хамт уг цувралд тоглосон Крис Фарли, Адам Сандлер, Роб Шнайдер, Дэвид Спэйд нар “SNL-ийн муу хөвгүүд” нэрээр алдартай болсон. “SNL”-д тоглосон нь түүнийг бүх америкчуудын дунд алдартай болгож чаджээ. Уг цувралынхаа дараа тэрбээр Африк гаралтай америкчуудын голчлон оролцдог “Амьд өнгө” шоуны зургаан ангид тоглосон байна. Улмаар өөрөө кино зохиол бичиж, “CB4” нэртэй анхны инээдмийн кино нь зургаан сая ам.долларын зардлаар бүтсэн хэдий ч 18 саяыг олжээ.

Энэ мэтчилэн түүний тоглосон, найруулсан кинонууд гарын арван хуруунаас хэтийдэнэ. Эндээс сорчлон дурдвал, Крис 2005 оны намар “UPN” телевизийн санаачилгаар “Бүх хүн Крисийг үзэн яддаг” инээдмийн цувралыг бүтээжээ. Цувралын гол онцлог нь Крисийн сургуулийн амьдралаас сэдэвлэсэн юм байна. Энэ цуврал нь Крист шүүмжлэл болон алдар хүндийг эн тэнцүүхэн авчирсан ба үүгээрээ Алтан бөмбөрцөг, Эммигийн шагналуудад нэр дэвшиж байв.


ХАТУУХАН ХОШИГНОЛУУД

Крис Рокийн хошигнолын гол сэдэв нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй холбоотой байдаг. Хүүхэд насандаа үе тэнгийхнээсээ дарамт, дээрэлхэлт мэдэрдэг байсан хүү өсч том болоод, эмзэг сэдвийг инээдэм наргиан болгож хувиргажээ. Түүний хошигнолууд хүмүүсийг инээлгэхдээ инээлгэж, уурлуулахдаа ч уурлуулж байв.

Хамгийн сүүлийн жишээ болох Уилл Смитийн эхнэрийг тухай хошигнолыг та бүхэн сайн санаж байгаа байх. Крис Рок түүний тухай хошигнож байгаа нь анхны тохиолдол биш бөгөөд анхны удаагийнх нь 2016 онд байжээ. Тухайн үед Жада Пинкетт “Оскарын шагнал арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж байна” гэж үзэн, бойкот зарласан. Энэ талаар Крис Рок хошигнож, “Жада Оскарыг бойкотлоно гэдэг чинь би Рианнагийн дотуур өмдийг бойкотлож байгаатай л адил” гэж хэлжээ.


Түүний хошигнолын гурван онцлог байдаг аж. Нэгдүгээрт, чанга дуу хоолойгоор ярьдаг. Хоёрдугаарт, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, хар арьст хүмүүсийн тухай хэвшмэл ойлголтын талаар хошигнодог. Гуравдугаарт, хошигнолынхоо дундуур “Yeah, i said it” гэдэг үгийг байнга хэрэглэдэг ажээ.

Крис Рок 2008 онд Лондон хотноо 15900 хүний өмнө стэнд ап комедигоо хийж байсан. Энэ нь хамгийн олон үзэгчтэйгээрээ дэлхийн дээд амжилт тогтоож байжээ.

Гэхдээ сүүлд Марио Барт энэ амжилтыг нь эвдсэн юм байна.

ХАР АРЬСТ ЗАЛУУСТ ХАНДАЖ ХЭЛЭХ НЬ

Тэрбээр нэгэнтээ өөртэйгөө ижил хар арьст залууст хандаж ийн хэлж байв. “Чи хар арьстай төрсөн бол хар л гэсэн үг. Шоу бизнесийн ертөнцөд чи түүх бүтээхгүй л бол өөр олигтой юм бүтээж чадахгүй. Эдди Мерфи, Уилл Смит нарын хийсэн бүх зүйлс бол түүх. Шоу бизнес бол хэцүү ажил, хэрэв амархан байсансан бол хүн бүр л хүчээ үзэх байлаа” гэж хэлжээ.

Арьс өнгөний үзэл шингээсэн хошигнолуудаас нь дурдья.

  • “Коллежоо дунд дүнтэй төгссөн цагаан арьст хүү Цагаан ордонд орж чадна”
  • “Хот болгонд хоёр л төрлийн дэлгүүр байдаг, нэг нь цагаан арьстнууд очдог дэлгүүр, нөгөөх нь урьд нь цагаан арьстнууд очдог байсан дэлгүүр”
  • “Цагаан арьстан буу үйлдвэрлэлээ, ямар ч асуудал алга. Хар арьст реппер бууны тухай дууллаа, конгресст дуудагдав”
  • “Хар арьст оюутан дунд дүн аваад аваад Бургер кингэд менежер болж чадахгүй, гэтэл цагаан арьст оюутан дунд дүн аваад л АНУ-ын ерөнхийлөгч болно” гэх мэт алдартай хошигнолууд бий.

КРИС РОКЫН ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

  • “Comedy Central” сэтгүүлээс тодруулдаг бүх цаг үеийн шилдэг 100 комедианы тавдугаар байрт шалгарсан.
  • Алдарт инээдмийн жүжигчин Адам Сандлер түүний хамгийн дотно найзуудын нэг.
  • “Entertainment Weekly” сэтгүүлээс түүнийг Америкийн хамгийн хөгжилтэй хүнээр шалгаруулж байв.
  • Тэрбээр 2002 онд Опрагийн шоунд орох үеэрээ өөрийгөө хагас реппер, хагас номлогч гэж тодорхойлж байжээ.

Эх сурвалж: IMDB, WIKIPEDIA, FUNNY COMEDIAN QUOTES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж