ОХУ, Украйны асуудлаас асуудлаас үүдэж, Монголд ам.долларын эрэлт нэмэгдсэн. Үүнтэй зэрэгцэж, банкууд ам.доллар тодорхой хязгаартай олгож байгаагаас "Найман шарга" валют арилжааны захад иргэдийн урсгал тасрахаа болиод гурван долоо хоног өнгөрч байна.
Ам.долларын ханш тус захад өнгөрсөн долоо хоногоос 130 төгрөгөөр буурч, 3160 төгрөгт хүрсэн ч валютын эрэлт их хэвээр. Учир нь арилжааны банкууд валютын гүйлгээн дээр тогтоосон харилцан адилгүй хязгаарлалтаа цуцлаагүй байна. Гэтэл иргэд сургалтын төлбөр болон эмчилгээний зардал зэрэг яаралтай гүйлгээг өдрийн дотор хийж өгөхийг хүсч буй аж. Мөн арилжааны банкуудад төв банк ямар хяналт тавьж байгаа талаар тодрууллаа.
Валютын зах дээр ам.долларын өнөөдрийн ханш 3160-3170 төгрөгт хүрчээ. Гэхдээ дээд тал нь 5000-10.000 хүртэлх ам.долларыг л зарж байгаа аж. Харин банкуудад ам.долларын ханш 3020-3055 төгрөг байна.
"АРИЛЖААНЫ БАНКУУД ЯАРАЛТАЙ ГҮЙЛГЭЭГ ХЯЗГААРГҮЙ ХИЙХ БОЛОМЖТОЙ"
Арилжааны банкуудын хувьд үүсээд буй нөхцөлөөс шалтгаалж валютын гүйлгээ, шилжүүлгийг тодорхой лимиттэй хийж байгаа. Тодруулбал, "Хаан" банк 300, "Хас" банк 500 мянган төгрөгтэй тэнцэх ам.долларын шилжүүлэг хийж байгаа бол "Төрийн банк", "Худалдаа хөгжлийн банк" нэг сая төгрөгтэй тэнцэх валютын гүйлгээ хийж байна. Харин "Голомт" банк 1.5 сая төгрөгийн валютын гүйлгээг бэлэн бусаар хийнэ гэсэн юм.
Банкуудын хувьд яаралтай шилжүүлэг буюу сургалтын төлбөр, эмчилгээний зардал болон эм худалдан авах төлбөрийг иргэн хүсэлт гаргасан тохиолдолд харгалзаж, өдрийн дотор лимитгүй хийх боломжтой гэлээ.
Гэхдээ хүсэлт гаргасан хүн бүрийн валютын шилжүүлгийг хязгаарлалтгүй хийх боломжгүй гэх тайлбарыг банкуудаас өгсөн юм. Тиймээс иргэд шилжүүлэг хийх шаардлагатай тохиолдолд нэг бол өөрийн валютын дансандаа өдөр бүр бага багаар орлого хийж болно. Эсвэл гаднаас гүйлгээ хийх валютыг банкинд тушааж, гадаад улс руу шилжүүлэг хийх боломжтой байна. Эдгээрээс өөр сонголт одоогоор байхгүй аж. Тэгэхлээр яаралтай, лимитгүй гүйлгээ хийх иргэд банкны салбарт биечлэн очиж, өргөдөл гарган хүсэлтээ өгөх юм байна.
Монголбанкнаас өнөөдөр /2022.04.14/ зарласан ханшийн тухайд ам.доллар 3040 төгрөгтэй тэнцэж байна.
АРИЛЖААНЫ БАНКУУД ИРГЭДИЙН ТӨЛБӨР ТООЦООГ СААДГҮЙ ЯВУУЛАХ ҮҮРЭГТЭЙ
Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайваны гадаад валютын шилжүүлэг, валют арилжааны талаар өчигдөр /2022.04.12/ сэтгүүлчийн асуултад тайлбар өгсөн. Тэрбээр, "Монголбанкны зүгээс үндэсний төлбөрийн системийн найдвартай ажиллагааг хангаж ажилладаг. Арилжааны банкууд иргэдийн төлбөр тооцоог саадгүй явуулах үүрэгтэй. Одоо яригдаж байгаа асуудал зөвхөн арилжаан дээр болж байгаа шаардлага.
Аливаа хүн өөрийн дансанд байгаа аливаа төрлийн валютаар төлбөр тооцоог хийхэд асуудал үүсэхгүй. Харин монгол төгрөгөөр гадаад валют худалдаж авч, шилжүүлэг хийх арилжаан дээр асуудал үүссэн хэвээр байна.
Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж гадаад валютын албан нөөц тодорхой хэмжээгээр буурсан. Мөн улирлын шинж чанартай эдийн засгийн идэвхжилттэй холбоотойгоор гадаад валютын эрэлт нэмэгдэж байгаа. Тиймээс түр хугацааны асуудлууд үүсч байна. Ойрын хугацаанд 1-1.5 тэрбум ам.долларын орох урсгал яригдаж байна. Энэ хүрээнд түр хугацаанд үүсээд байгаа гадаад валютын шилжүүлэгтэй холбоотой хямрал арилна гэж харж байгаа" гэсэн юм.
Холбоотой мэдээ