“Олон улсын боловсролын системийг Монголд нутагшуулах бүрэн боломжтой”

Хуучирсан мэдээ: 2022.04.14-нд нийтлэгдсэн

“Олон улсын боловсролын системийг Монголд нутагшуулах бүрэн боломжтой”

“Олон улсын боловсролын системийг Монголд нутагшуулах бүрэн боломжтой”

ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн Сургуулийн (БУХС) Технологийн менежментийн салбарын эрхлэгч, доктор, дэд профессор Л.Амартүвшинтэй боловсролын систем, шинэчлэлт өөрчлөлтийн талаар ярилцлаа. 


-Боловсролын системийн өөрчлөлт, шинэчлэлийн талаар та юу гэж бодож байна вэ? 

-Төр, засгаас дээд боловсролын асуудалд анхаарал хандуулж “Дээд боловсролын тухай хууль”, “Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай” хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Үүнд их сургуульд тавигдах шаардлагуудыг өндөрсгөх, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлийг дэмжиж хөгжүүлэх заалтууд орсон. Сүүлийн жилүүдэд яригдаж байгаа их сургуулийг нүүлгэн, шилжүүлэх ажил бол боловсролын системийн хөгжилд ихээхэн сөрөг үр дагавартай гэж харж байна. Үүний цаана багш, ажилтнуудын нийгмийн асуудал, оюутны хувийн зардал нэмэгдэх, сургалтын чанар, орчинтой холбоотой олон асуудлууд гарч ирэх магадлалтай.

Сургуулиудыг нүүлгэх ажлыг хотжилт, түгжрэлтэй холбож тайлбарлаж байна. Угтаа түгжрэлийн шалтгаан их сургуулиуд биш шүү дээ. Хэдэн төрийн өмчийн сургууль нүүлгээд түгжрэл арилахгүй.

Түгжрэлийг олон улсын жишиг харахад метрогоор шийдчихээд автомашины татварыг нэмэгдүүлсэн байдаг. Хүн ам цөөтэй Монгол Улсын хувьд төвлөрөл зарим талаар эдийн засгийн давуу талуудыг бий болгож байдаг. Гадаадад Монголоос их хүнтэй атал бага газар нутагтай хотууд сайхан орчныг бүрдүүлээд амьдарч болж л байна. Тэгэхээр төвлөрөлдөө биш асуудлын шийдэл гаргахад хамаг учир бий.

Их сургуулиуд бол улс орны хөгжлийн амин чухал асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад харин ч их сургуулиудыг хөгжүүлэх, газар өмчийг нь хамгаалах, хөрөнгө оруулалт хийх гэх мэт төрөл бүрээр дэмжих бодлого явуулдаг.

Миний бие БНСУ-ын Кёнхи их сургуульд эрдмийн зэрэг хамгаалж ОХУ, Энэтхэг, Япон, Тайвань улсуудад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж судалгааны ажил эрхэлж байсан. Үүний дараа Монгол Улсад олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, өрсөлдөхүйц их сургуулиудыг байгуулах бүрэн боломжтой юм байна гэдгийг олж харсан. Гол нь хууль эрх зүйн орчин, их сургуулийн санхүүжилтийн схем, одоогийн засаглалын тогтолцоог нэлээдгүй сайжруулж өөрчлөх шаардлагатай. Сургалтын төлбөрийг хянаж, төрийн өмчийн сургуулийн элсэлтийн босгыг ялгаатай тогтоосноор үндсэндээ их сургуулиуд санхүүгийн хүнд байдалд ороод эхэлсэн. Их сургуулийн сургалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулалт хийхэд санхүүжилт их хэрэгтэй байдаг. Оюутанд өөрт нь зориулагддаг гэсэн үг.

Өнөөдрийн байдлаас харахад шударга өрсөлдөөнийг өрнүүлж их сургуулиуд чанараар өрсөлдөж шигших тогтолцоог бүрдүүлэхэд анхаарах ёстой.

Өөрөөр хэлбэл улсын болон хувийн их, дээд сургуулиудын хувьд яамнаас тогтоох элсэлтийн минимум босго оноо ижил байх ёстой. Шударга өрсөлдөөн үйлчилж байх ёстой тогтолцоо шүү дээ. Аль чанартайг нь иргэд өөрсдөө сонгох боломжийг бүрдүүлэх нь зөв. Тэрнээс механикаар та нар оноо бага учраас ийшээ энэ сургууль руу ор гэх мэт байдлаар ялгаварлан гадуурхах нь утгагүй гэж үздэг. Оноо багатай элсүүлдэг сургуулиуд оюутан ихтэй, санхүү сайтай болдог гажиг тогтолцоо бүрэлджээ. Тухайн сургууль нь өөрсдөө босго оноогоо өндөрсгөж тогтоож болно. Сургуулиудыг зэрэглэх шаардлагатай гэж үздэг. Зэрэглэл байхгүйгээс иргэдийн хувьд ихээхэн төөрөгдөл үүсдэг.

-Их, дээд сургуулиудад зэрэглэл тогтоох нь Монголын боловсролын орчин, нөхцөлд тохиромжтой юу?

-Гадаадад бол сургуулиуд, хөтөлбөрүүдийн зэрэглэлийг тодорхой үзүүлэлтээр тогтмол  гаргадаг. Энэ нь аль сургуулийн ямар хөтөлбөр хамгийн сайн бэ? гэдгийг илэрхийлэх нэгэн гол хэмжүүр нь болж байдаг. Тиймээс сургууль төгсөгчдийн ажил эрхлэлт, хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, багшлах хүний нөөцийн чадавх, эрдэм шинжилгээний ажлуудын чанар чансаа, сургалтын орчин зэргийг гол үзүүлэлтээр нь жагсааж үзэх шаардлагатай. Их сургууль бүр өөрийн олон жилийн үйл ажиллагааны туршлага хуримтлуулж байгууллагын өвөрмөц соёл, орчныг бий болгосон байдаг. Ийм мэдлэг, туршлагыг хялбар бий болгодоггүй. Үүнийг цаашаа хөгжүүлж авч явах нь их сургуулийн менежментийн бодлого байх ёстой юм.

Дээд боловсрол бол тухайн их сургуулийн хамт олны олон жилийн хөдөлмөрийн үр дүн.

Монголын их, дээд сургуулийн өнөөдрийн сургалтын төлбөр бол хувийн дундаж цэцэрлэгээс ч бага байна. Ийм нөхцөлд яг хаашаа явах гээд байгаа нь ойлгомжгүй болж ирдэг гэсэн үг. Сургуулийн орчныг олон улсын их сургуулиудын түвшинд хүргэж сайжруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтын ажлууд их байдаг. Зарим санхүүгийн эрх чөлөө, засаглалын зөв механизмыг бий болгочихвол их сургуулиуд хурдацтай хөгжих бүрэн боломжтой.

Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад төрийн өмчийн их сургуулийн зарим зардлыг улсаас даадаг нь харьцангуй хямд төлбөртэй байх боломжийг бүрдүүлж байна.

Шинэхэн төгссөн шавийнх нь эхэлж буй ажил багшийн цалингаас хэт давуу болоод явчхаар энэ их сургуульд багшлах хүний нөөцийн бодлого, уламжлал эргэлзээтэй болж ирдэг гэсэн үг. Үнэн хэрэгтээ олон жилийн туршлагатай, сэтгэлтэй багш нарын нуруун дээр энэ ажлууд явж байна.  Орчин үед олон улсад их сургуулийн багшийг хичээл сайн заахаас гадна мөн бас сайн судлаач эрдэмтэн байхыг шаардах болсон. Энэ хоёрын хослол нь орчин үеийн дээд боловсролтой чадварлаг мэргэжилтэнг бэлтгэх үндэс болж өгдөг. Нөгөө талаас өнөө цагийн дээд боловсролын онцлог нь оюутнууд бол бүгд ямар нэгэн хэмжээгээр тухайн салбар, мэргэжлийн хүрээнд судлаачид болж бэлтгэгдэх шаардлагатай болж байна. Олон улсад өрсөлдөх чадвартай мэргэжилтэн гэдгийн утга энд л оршино. Багш бол дээд боловсролын төдийгүй улс орны хөгжилд хүчтэй нөлөөлөх чадвартай  нэгэн  тулгуур хүчин зүйл. Дээд боловсрол бол чанартай түүндээ тохирсон үнэ цэнэтэй байх ёстой. Өндөр хөгжилтэй орнуудын хөгжлийн нууц нь боловсролдоо анхаарсны үр дүн байдаг.

Диплом мөнгөөр  олгоод эхлэх юм бол дээд боловсролын диплом үнэ цэнэгүй цаас болж хувирна. Иймд чанарын шаардлага, хяналтыг хөндлөнгийн магадлан итгэмжлэлээр дамжуулан хангахаас өөр арга замгүй.

БОЛОВСРОЛЫН СИСТЕМИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН БОДЛОГО НЬ НАРИЙН ТООЦОО СУДАЛГААТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ

-Тэгвэл боловсролын бодлого өөрчлөхөд юу шаардлагатай байна вэ? 

-Жишээ нь боловсролын тухай хуулиар сургуулиудын удирдах зөвлөлд элсэлтийн квот тогтоох эрх. Үүнээс болж зарим мэргэжлээр хэт олон хүн элсэж, байх ёстой мэргэжлүүд элсэлтгүй болоод явчихдаг. Энэ мэт гажуудлыг засах, хянах шаардлагатай. Сургуулиуд өөрсдөө үүнийг хянах боломжгүй. Бизнесийн зарчмаар ажилладаг сургуулиуд бол тухайн жилд хүн олон элсэх мэргэжлээр олон хүн авна гэсэн зарчмыг баримтална. Энэ нь өөрөө зах зээлийн илүүдлийг бий болгож орхидог. Иймд зайлшгүй хөндлөнгийн хяналт тавихаас өөр аргагүй гэж үздэг.

Боловсролын системийн өөрчлөлтийн бодлого нь маш нарийн тооцоо судалгаатай, уян хатан, илүү чанарлаг сургуулиудыг бий болгоход чиглэх ёстой.

Тэрнээс байгаа нөөцөө устгаад явах нь зохимжгүй. Систем нь буруу ажиллаад эхлэхээр дагаад сургалтын чанарыг хангахад төвөгтэй болж ирнэ гэсэн үг. Сайн сургалттай бол өндөр төлбөртэй байхыг зөвшөөрөх нь зөв. Гэхдээ мэдээж амьдралаас тасарсан байж болохгүй. Монгол бол жижиг улс учраас их, дээд сургуулиудын хувьд хамтын ажиллагаа чухал. Аль ч сургуулийн төгсөгчдийн дипломыг оюутнууд нь үзэж болохоор байх ёстой. Энэ үед дипломын чанар бол харагдана. Мэдээллийг ил болгосноор хүмүүсийн мэдлэг, судалгаа хийх ур чадвар, ажлын чанар нь сайжирна. Эрдэм шинжилгээний ажил давхардахгүй, бие биенээсээ суралцах, ахиц дэвшлийг бий болгох бололцоо ч бий болно.

Өмнөд Солонгост бол энэ бол бодитоор хэрэгждэг. Ингэснээр эрдмийн ажил давхардахгүй, шинэлэг болж ирнэ. Хүмүүс ч шууд үнэлгээ өгөх бололцоотой.

Өнөөдөр иймэрхүү бодит хэрэгжүүлэх зүйлүүд маш их үгүйлэгдэж байна. Боловсрол бол хүнийг сургах гол систем. Хүмүүсийг сургаж цаашид бие даан ажиллах, хөгжих чадварт нь сургадаг. Эндээс л хүмүүс хоолоо олж идэх гол ур чадвараа олж авдаг гэж хэлж болно. Төрийн өмчийн их сургуулийн оюутны гуанзанд хүртэл өндөр түрээс тавьчихаар оюутанд хямд үнэтэй хоолоор үйлчилнэ гэдэг бол амаргүй болж хувирна гэсэн үг. Жижиг асуудал юм шиг мөртлөө их сургуулийн үйлчилгээний нэг гол бүрдэл хэсэг юм. Иймэрхүү асуудлуудыг шийдвэрлэхэд сургууль өөрсдөө мэдэж хариуцах хэрэгтэй.

-Дээд боловсрол олгож буй нэгжүүдийг өрсөлдөөний хувьд анхаарах асуудал бий юу?

-Их сургуулиуд чанараар өрсөлдөх, хөгжиж дэвших тэрхүү боломж бололцоонуудыг л хуулиар нээж өгөх ёстой. Америкийн их сургуулиуд санхүүжилтээ олж авдаг хэд хэдэн эх үүсвэртэй байдаг. Их сургуулиудад хийгдсэн судалгаа, шинжилгээний ажил нь үнэ цэнэтэй, түүнийг арилжаалах, патент эзэмших эрхүүд нь сургуульд хадгалагддаг тул сургалтын бус орлогын эзлэх хувь нь өндөр байдаг. Энэ орлогоосоо дараагийн судалгааг, судлаачийг дэмжих бодлого явуулдаг. Түүнчлэн хуулиар их сургуулиар хийлгэсэн судалгаа, хандив нь аж ахуйн нэгжийн албан татвараас чөлөөлөгддөг. Өөрөөр хэлбэл олон арван жилийн турш хуримтлагдсан туршлага, эрх зүйн дэмжих орчин нь ийм хөгжлийг бий болгосон.

БНСУ-д өөрийн их сургуулиудыг хүчтэй хөгжүүлэх, гадаадын сургуулиудыг оруулахгүй байх, олон улсын түвшинд хүрсэн боловсролыг нутагтаа олж авах гарц, боломжуудыг хангах, олон улсад түгээмэл мөрдөгддөг стандартуудыг хэрэгжүүлэх бодлого олон жил үр дүнтэй болсон.

Үүний үр дүнд дээд боловсролын салбарт их сургуулиуд нь өнөөдөр дэлхийн хэмжээнд өрсөлдөж байна. Манайд ийм бодлого үгүйлэгдэж байна. Гадагшаа урсах оюутны урсгалыг багасгахад яг ийм бодлого бол хэрэгтэй. Асуудлыг бид системээр нь цогцоор нь харж чадвал боловсролын хууль болон бусад хуулиудад зөв өөрчлөлтүүдийг оруулж чадна. Манайд бол дээд боловсрол хэрэггүй гэх мэтээр хэт хавтгайруулж ярьдаг хүмүүс байна. Яг өнөөдрийн хүрсэн түвшин бол бас боловсролын амжилт гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Бүр долоон дор байж ч болох байсан шүү дээ. Дээд боловсролын салбарт чанарын өрсөлдөөнийг бий болгож ажиллах нь илүү үр дүнтэй.

-Их сургуулийн хөтөлбөрүүд олон улсын магадлан итгэмжлэл авах нь нэмэгдсэн. Магадлан итгэмжлэлийн ач холбогдол юу вэ? 

-Магадлан итгэмжлэгдсэнээр олон улсын их, дээд сургуулиудын хооронд хичээлийн агуулга, кредит шууд дүйцүүлэх, хамтарсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, төгсөгч нар гадаадад магистр, докторантурт суралцахад таатай боломжууд нэмэгдэх давуу талтай. Сургуулийнхаа тухайд жишээ болгож авч үзье.

ШУТИС, БуХС-ийн бизнесийн удирдлага, менежмент, аялал жуулчлалын менежментийн хөтөлбөрүүд олон улсын ACBSP байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн шийдвэрийг хүлээн авсан.

ACBSP нь АНУ-д төвтэй бизнес, менежментийн чиглэлийн хөтөлбөрүүдэд чанарын үнэлгээ хийж баталгаажуулдаг олон улсын нэр хүндтэй магадлан итгэмжлэлийн мэргэшсэн байгууллага юм. Өнөөдрийн байдлаар тус байгууллагад хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн  олон улсын 586 сургууль байна. Үүнээс зөвхөн АНУ-д гэхэд тус байгууллагын шалгуур, шаардлагыг хангаж магадлан итгэмжлүүлсэн 100 гаруй сургууль байна.

Олон улсын магадланд орохын өмнө дотоодын буюу боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр заавал магадлагдсан байх шаардлага мөн тавигддаг.

Манай бүх хөтөлбөрүүд дотоодын магадлан итгэмжлэлд өмнө нь хамрагдсан. Магадлан итгэмжлэлд орно гэдэг зөвхөн сургалтын чанарыг баталгаажуулахаас гадна тухайн магадлангийн байгууллагаас тавигддаг шаардлага, стандартуудыг мөн ханган биелүүлж ажиллах шаардлагатай болдог. Тэгэхээр аль аль талаасаа харилцан ашигтай олон улсын түвшинд их, дээд сургуулиудын баримталдаг голлох стандартуудыг мөрдөж ажиллах болдог гэсэн үг. Үүгээрээ олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн сургалт эрхэлж байна гэж үзэх үндэслэл бүрддэг.

ШУТИС-ИЙН ХЭМЖЭЭНД  ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖ БАЙНА

-Тэгвэл магадлагдсан мэргэжлүүд дотор Монголоос олон улсад анх удаа магадлан итгэмжлэгдэж байгаа хөтөлбөр бий юу?

-Байгаа. Аялал жуулчлалын менежментийн хөтөлбөр нь аялал жуулчлалын салбарт Монгол Улсаас олон улсад хүлээн зөвшөөрөгдөж байгаа анхны хөтөлбөр болж байгаагаар онцлог. Аялал жуулчлалын менежмент хөтөлбөр нь олон улсын их сургуулиудын хөтөлбөрийн агуулгад тусгагдсан нийтлэг хичээлүүдийг тухайн  стандарт агуулгаар нь Монголд орно. Ингэснээр оюутан судлаачдын сургалт, эрдэм шинжилгээ эрхлэх таатай орчныг бүрдүүлж, Япон улсад оюутнуудыг нэг жилийн хугацаатай цалинтай дадлагыг ажлын байран дээр шууд хэрэгжүүлэх чиглэл дээр дорвитой ахиц дэвшлүүдийг гаргаж төгсөгчид дотоодод төдийгүй гадаадад мэргэжлээрээ ажиллах боломж, чадавхыг олгох, сургалтын системийн чанарын хяналтыг хэрэгжүүлэхэд хөтөлбөрийн бодлогыг чиглүүлж ажиллаж байна.

Технологийн менежментийн салбар нь дээрх хөтөлбөрөөс гадна Харилцаа холбооны менежмент, Хөнгөн үйлдвэрийн менежмент, Жижиг дунд үйлдвэрлэлийн менежмент мэргэжлүүд олон улсын магадлан итгэмжлэл авсан. Мөн манай салбар ШУТИС-ийн хэмжээнд эдийн засгийн онол, бизнесийн чиглэлийн хичээлүүд заах үйлчилгээ үзүүлдэг.

Түүний хүрээнд жил бүр инновацийн долоо хоног, олон улстай хамтарсан старт-ап оюутны бизнес төслийн тэмцээн, бизнесийн технологийн чиглэлээр үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулж ирсэн. Тиймдээ ч манай сургуулийн чанар, чансаа, хөтөлбөрүүдийн үнэлгээг үндэслэн Испанид төвтэй Business Initiative Directions (BID) олон улсын байгууллагаас “Чанарын алтан титэм” гэсэн шагнал олгогдсон. Мөн дэлхийн бизнесийн шилдэг 1000 сургуулийн тоонд багтсан амжилт үзүүлээд байна. Олон улсын түвшинд магадлан итгэмжлэгдсэнээр бид бизнес, менежментийн өндөр чанартай сургалтын хөтөлбөрүүдийг Монгол Улсад хэрэгжүүлж байгаагийн  нэгэн том баталгаа болж байна гэж үзэж байна.

-Сургалтын хөтөлбөр магадлан итгэмжлүүлэхэд тавигдах гол шаардлагууд юу байдаг вэ? 

-Сургуулиас олон улсын магадлан итгэмжлэлийн комиссыг байгуулж сургуулийн үйл ажиллагааны бүхий л дэлгэрэнгүй гүйцэтгэл, бодлогын тайланг бэлтгэж ахиц дэвшил, явцын үнэлгээг хоёр жил тутам хийдэг. Ингэснээр цаашид анхаарах асуудлууд, сургуулийн зорилго, стратегиүдээ шинэчлэн тодорхойлдог гэж ойлгож болно.

Магадланд гол авч үздэг хүчин зүйлүүд нь сургуулийн удирдлагын манлайлал,  сургалтын үйл ажиллагааг үнэлж дүгнэх гүйцэтгэлийн бүлэг үзүүлэлтүүд, стратеги төлөвлөлт, оюутан болон бусад оролцогч талуудын сэтгэл ханамжийн түвшин байдаг.

Мөн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх үр ашигтай удирдлагын тогтолцоог бүрдүүлсэн байх, багш, ажилтнуудад чиглэсэн үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөр, сургалтын технологи, суралцах орчны үнэлгээ байдаг. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын үнэлгээг хийснээр хөтөлбөрийг тасралтгүй сайжруулах, чанар, стандартыг хангаж ажиллах боломж бүрэлддэг.

Одоо ШУТИС-ийн хэмжээнд чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлж, шаардлагыг хангаж ажиллуулах төлөвлөгөө боловсруулан урьдчилсан бэлтгэлийг сургуулийн түвшинд хангаад байна.

Үүгээр ШУТИС, БуХС нь олон улсын түвшинд их сургуулийн чанар, стандартыг хангах стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэх алхамууд хийгдэж байна. Зөвхөн манай БУХС–ийн хэмжээнд докторын зэрэгтэй 50 гаруй багш  байгаагийн дотор БНСУ, Австрали, Япон гэх мэт гадаадын өндөр хөгжилтэй орнуудын нэр хүндтэй их сургуулиудад магистр, докторын зэрэг хамгаалсан багш олон байна. Их сургуулийн үнэлгээний нэг гол үзүүлэлт нь профессор багш нарын чанар, чансаа, эрдэм шинжилгээний  бүтээлүүд байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж