Зөвшөөрөлгүй байгууламжуудыг буулгаж, газар чөлөөлөх ажил эрчимжиж байгаа. Үүнтэй зэрэгцээд иргэдийн зүгээс буулгасан гражийн талбайд орон сууцны барилга байгууламж барьж магадгүй гэж хардаж буй юм. Гэтэл өчигдөр /2022.04.13/ цахим хуудаст нэгэн зураг цацагдсан. Үүнд, буулгасан гражийн талбайд худалдаа үйлчилгээ, авто гражийн зориулалттай хоёр давхар барилга барих тухай харуулжээ. Тиймээс энэ талаар Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо болон нийслэлээс тодрууллаа.
Нийслэлд 188 байршилд 4860 граж буулгахаар 2022 онд төлөвлөсөн. Тодруулбал, бага тойруугийн хэсэгт 63 байршилд 457 зөрчил арилгахаар ажиллаж буй. Гуравдугаар сарын 15-наас газарт чөлөөлөлт эхэлсэн.
Нийслэлээс энэ талаар асуухад “Газар чөлөөлөлтийг төлөвлөлтийн дагуу дүүрэгт бүрд хийж байгаа. Дүүргүүдийн засаг дарга нар болон газрын албанаас хяналт тавьж явна. Граж буулгасан аль ч талбайд орон сууцны барилга байгууламж барихгүй. Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламж байгуулна” гэсэн юм.
Энэ асуудлаар Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд иргэн Б.Доржсүрэнгийн худалдаа үйлчилгээ, авто гражийн зориулалттай хоёр давхар барилгын зургийн талаар мэдээлэл цацагдсан. 2021 оны есдүгээр сард нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүсэлт хүргүүлж байсан.
Хүсэлтэд тухайн иргэний эзэмшлийн газрыг хүчингүй болгож нийтийн эзэмшилд авч барилга байгууламж барих бус иргэдийн амьдрах орчинд нэн шаардлагатай ногоон байгууламж, явган зам гэх мэт цогц тохижилтыг хийх шаардлагатай байгаа талаар дурдсан.
Баянзүрх дүүргийн хэмжээнд граж буулгаж, газар чөлөөлөх ажил эрчимтэй үргэлжилж байна. Үүнд дүүргийн удирдлагын багийн зүгээс чөлөөлсөн газарт хүн амын нягтрашлыг нэмэгдүүлэх барилга байгууламж бариулахгүй гэдэг байр суурьтай байна. Харин мод тарих, ногоон орчныг нэмэгдүүлэх, явган хүний замаас эхлээд иргэдийн амьдрах орчинд нэн шаардлагатай тохижилтыг эхний ээлжид хийгээд явна” гэсэн юм.
Холбоотой мэдээ