Оросын түрэмгийллээс үүдэлтэй их нүүлгэн шилжүүлэлтээр Украины оюутнууд Япон улсад ирлээ. Тодруулбал, Украины их сургуулиудад суралцдаг 60 орчим оюутан Оросын түрэмгийллээс зугтан8 Японд суралцахаар иржээ. Тэд өчигдөр /2022.04.13/ Фүкүока мужийн Чикушино дахь Японы Эдийн засгийн их сургуулийн шинэ оюутнуудыг хүлээн авах ёслолд оролцов.
Нийт 64 оюутан ирснээс 61 нь Киевийн Үндэсний хэл шинжлэлийн их сургуульд, гурав нь Львовын Политехникийн үндэсний их сургууль болон бусад сургуулийн солилцооны оюутан юм. Тэд 17-21 насны оюутнууд аж. Киевийн Үндэсний хэл шинжлэлийн их сургууль нь Дазайфу хотод байрладаг Японы их сургуулийн эрдэм шинжилгээний түнш юм. Украины оюутнууд Японд нэг жил үнэ төлбөргүй суралцах юм байна. Ёслолын үеэр Японд суугаа Украины Элчин сайд үг хэлж, дараа нь Украины төрийн дуулал эгшиглэжээ.
Киевийн Үндэсний хэл шинжлэлийн их сургуулийн захирал Асүка Цүзүки “Нэг л өглөө сэрэхэд улс орон чинь сүйрлийн ирмэгт ирсэн байна гээд төсөөл дөө. Бид энэ оюутнуудыг Япон, Украин хоёр улсын хоорондын гүүр болохын тулд сурч боловсроосой гэж хүсч байна” гэж хэлжээ.
Оюутнуудын төлөөлөл хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгсөн байна. Өдгөө 20 настай Мархарита Дахаиева эхлээд Нидерланд руу дүрвээд, дараа нь Японд иржээ. Тэрбээр эх орондоо япон, англи хэлний багшаар ажиллах мөрөөдөлтэй аж. Харин 21 настай Руслана Конкова гэдэг оюутан эхлээд Чех рүү ээжтэйгээ дүрвэсэн байна. Түүний аав болон хамаатан садан одоо хүртэл Украинд байгаа аж.
Эх сурвалж: ASAHI, JAPAN TODAY
Холбоотой мэдээ