Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2022.04.13/ үнэ тогтворжуулах хуулийн төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.ОДОНТУЯА:
-Улс орны эдийн засаг туйлын хүнд байна. Монгол Ардын нам хариуцлагаас зугтахаа болих хэрэгтэй. УИХ-ын түүхэнд үнэ тогтворжуулах хууль баталж байгаагүй. Ардчилсан намын үед үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хийж байхад Засгийн газар Монголбанктай зөвхөн санамж бичиг байгуулж, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгосон. Ингэхдээ арилжааны банкууд эрсдэлээ үүрч байсан. Тухайн үед зээлийн эргэн төлөлт 98 хувьтай болж байсан. Тухайн үед эдийн засаг хүнд байхад инфляцийг анх удаа 1.3-т хүргэж чадсан.
1990 онд АН реформ хийж, иргэд гадаад паспорттой болж, ганзагын наймаа эрхэлж, тухайн үед хүндрэлээс гарч байсан. Гэтэл өнөөдрийн хуульд эдийн засгийн хямралаас хэрхэн гарч, яаж орлого олох талаар нэг ч зүйл тусгаж өгөөгүй.
Ганцхан жишээ авахад Монголд жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа нэг иргэн 10 сая төгрөгийн зээл авахад хоногт 366 мянган төгрөг ногдож байна. Тиймээс их хуралд олонх байгаа МАН, Засгийн газар ажлаа хийх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:
-Ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт хүндэрч, валютын гүйлгээ хийх боломжгүй болж байна. Ам.доллар удахгүй 4000 төгрөгт хүрч, юань 500 төгрөг давах нь. Тиймээс Монгол Улс энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй.
Тээвэр логистикийн асуудлаас үүдэж гарч байгаа гацааг арилгах нь Засгийн газрын үүрэг.
Төмөр замын тээвэрлэлт хийгдэхгүй, хил гааль дээр үүссэн асуудлаас болж өнөөгийн нөхцөл байдалд ам.долларын эрэлт нэмэгдсэн. Хэрэв бид уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортлож чадвал эдийн засагт үүсээд байгаа байдлыг шийдвэрлэх боломжтой. Үнэ тогтворжуулах тухайд гүйцэтгэлийг хэн хянах, хариуцлагыг хэн хүлээх зэргийг тодорхой болгох хэрэгтэй. Мэдээж төр засаг хэмнэлт хийх хэрэгтэй, хувийн хэвшлийнхнийг дэмжих нь зөв. Барааны үнэ ямар их нэмэгдэж байгааг хүн бүхэн хэлж байна. Монгол Улсад үүнээс илүү хүнд нөхцөл байдал үүсч байсан. Монголбанк, "Найман шарга"-ын ханш 200 төгрөгөөс дээш зөрүүтэй байсан удаа байхгүй.
Холбоотой мэдээ