Дайны өмнө ба дараа дэлхийн инфляци

Хуучирсан мэдээ: 2022.04.13-нд нийтлэгдсэн

Дайны өмнө ба дараа дэлхийн инфляци

Дайны өмнө ба дараа дэлхийн инфляци

Өдгөө дэлхий дахинд хамгийн халуун сэдэв болоод буй Орос, Украин нь дэлхийн түүхий эдийн гол үйлдвэрлэгч орнууд юм. Тиймээс тэдний мөргөлдөөнтэй холбоотойгоор дэлхийн зах зээл дээр газрын тос, байгалийн хийн нийлүүлэлт тасалдсанаар үнэ өсөхөд хүргэв. Мөн Украин, Орос дэлхийн улаанбуудайн экспортын 30 хувийг бүрдүүлдэг тул хүнсний үнэ өсчээ.

Орос, Украины мөргөлдөөний өмнө: Цар тахлын улмаас 2021 онд дэлхийн улс орнуудын инфляцийн түвшин өслөө. Тэр дундаа инфляцийн түвшин харьцангуй бага байдаг өндөр хөгжилтэй орнуудад нэлээн өөрчлөлт гарав. Тухайлбал, АНУ, Австрали тэргүүтэй өндөр хөгжилтэй орнуудын инфляцийн түвшин 2.8-7 хувьд хүрчээ. АНУ долоон хувийн инфляцитай байсан бол Бельги 5.9, Австри 2.8, Австрали 3.2, Тайланд 3, Сингапур 3.8, Франц 4, Турк 29.8 хувь байлаа. Энэ нь өмнөх онтой харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт юм.

Олон улсын валютын сангаас 2022 оны нэгдүгээр сарын 22-нд танилцуулсан мэдээгээр, дэлхийн эдийн засгийн өсөлт 2021 онд 5.9 хувь байсан. АНУ, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт буурсантай холбоотойгоор энэ тоо 2022 онд 4.4 хувь болж буурах төлөвтэй байна. Нийлүүлэлтийн сүлжээний доголдол, эрчим хүчний үнийн өсөлтийн улмаас 2022 онд инфляцийн түвшин улам өсөх хандлагатай байгаа ба өндөр хөгжилтэй орнуудад дунджаар 3.9 хувь, хөгжиж буй орнуудад 5.9 хувь болно гэж үзэж байна.

Орос, Украины мөргөлдөөний дараа: Мөргөлдөөний дараа дэлхийн эдийн засаг томоохон цохилттой тулгарах ба өсөлт нь бүхэлдээ удааширч, инфляци хурдацтай нэмэгдэх төлөвтэй байна. Үүний сөрөг нөлөө үндсэн гурван чиглэлд илүүтэй мэдрэгдэнэ. Нэгдүгээрт, хүнсний бүтээгдэхүүн, эрчим хүч зэрэг өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэнээр инфляцийг улам өсгөж, эрэлтийг нэмэгдүүлнэ. Түүнчлэн хүмүүсийн орлогын үнэ цэн буурах юм. Хоёрдугаарт, хөрш зэргэлдээ орнуудын эдийн засагт эмх замбараагүй байдал үүснэ. Тухайлбал, худалдаа нийлүүлэлтийн сүлжээ доголдож, мөнгөн гуйвуулга тасалдах ба дүрвэгсдийн урсгал түүхэнд байгаагүй ихээр нэмэгдэх эрсдэлтэй. Гуравдугаарт, бизнесийн боломж буурч, хөрөнгө оруулагчид тодорхойгүй байдалтай тулгарах нь хөрөнгийн үнэлгээнд сөргөөр нөлөөлнө. Цаашилбал, санхүүгийн нөхцөл байдал чангарч, хөгжиж буй зах зээлээс хөрөнгийн урсгал гадагшлах явцыг өдөөж болзошгүй.

Инфляцийн түвшинг бүсчлэн авч үзвэл: Евро бүсийн тухайд гуравдугаар сарын инфляци жилийн дүнгээр 7.5 хувьд хүрсэн ба энэ нь урьд өмнө байгаагүй өндөр үзүүлэлт юм. Энэ үзүүлэлт жилийн өмнө ердөө 1.3 хувь байв. Гуравдугаар сарын мэдээллийг Европын холбооны статистикийн албанаас гаргажээ.

Хятадын үндэсний статистикийн газраас энэ сарын 11-ний өдөр гаргасан мэдээллээс харвал гуравдугаар сарын хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар өсчээ. Үүнийг дэлгэрүүлбэл, хүнсний бүтээгдэхүүний үнэ 1.5 хувиар буурч, бусад бүтээгдэхүүний үнэ 2.2 хувиар өссөн байна. Хүнсний бүтээгдэхүүн дундаа гахайн махны үнэ 41.4 хувиар буурсан нь хэрэглээний үнийн индекс 0.83 пунктээр, шинэ хүнсний ногооны үнэ 17.2 хувиар өссөн нь 0.37 пунктээр, үр тарианы үнэ 2.0 хувиар өссөн нь 0.04 пунктээр тус тус нөлөөлжээ. Тус улсад 2022 он гарснаас хойш хэрэглээний үнийн индексийн дундаж өмнөх оны мөн үеэс 1.1 хувиар өссөн байна.

АНУ-ын хувьд 2021 онд инфляци долоон хувь байсан бол энэ оны эхний саруудын байдлаар 7.9 хувьд хүрсэн. Энэ нь сүүлийн 40 жилд байгаагүй өндөр үзүүлэлт юм. Тодруулбал, 1982 оноос хойш өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, хүнс, эрчим хүчний үнэ хамгийн өндөр түвшиндээ хүрчээ. Хүнс, эрчим хүчийг хасвал инфляцийн түвшин 6.4 хувьтай байна. Инфляци ийнхүү огцом нэмэгдэж буй нь эрэлт, нийлүүлэлтийн харьцаа алдагдсантай холбоотой. Тухайлбал, ОХУ-ын эсрэг авч буй хориг арга хэмжээний улмаас эрчим хүч, газрын тосны үнэ их хэмжээгээр нэмэгджээ. Инфляцийн түвшинг жигд барихын тулд АНУ-ын Холбооны нөөцийн банкнаас бодлогын хүүг 0.25 хувиар нэмэгдүүлэхийг зорьж байна.

АНУ-ын үнийн өсөлтийн эсрэг авч буй арга хэмжээ: АНУ-ын засгийн газраас газрын тосны үнийг бууруулж, инфляцийн өсөлтийг хязгаарлах, иргэдийн амьжиргаанд учирч буй дарамтыг багасгахын тулд дараах алхмуудыг хэрэгжүүлж байна.

Нэгдүгээрт, шатахууны стратегийн нөөцөөс 60 сая баррель бүтээгдэхүүн гаргаж, зах зээлд шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Нөөцөөс гаргаж буй шатахууны хэмжээ нь нийт нөөцийн 3.5 хувийг эзлэх юм. Хэдийгээр улс орнууд стратегийн нөөцөөс газрын тос гаргах замаар нийлүүлэлтээ нэмэгдүүлж буй ч газрын тосны үнийг төдийлөн бууруулж чадахгүй байна.

Хоёрдугаарт, АНУ-ын засгийн газраас эдийн засгийн хоригт хамрагдсан байсан Венесуэл, Иран зэрэг нефть экспортлогч орнуудтай харилцаагаа сайжруулж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх яриа хэлэлцээг эхлүүлжээ.

Гуравдугаарт, шатахууны үнийн өсөлтийг зохицуулахын тулд мужуудын татварын хэмжээг бууруулах болжээ. Муж тус бүр татварын хувь хэмжээг харилцан адилгүй ногдуулж, шатахууны үнийг тогтоодог. Тухайлбал, гуравдугаар сарын байдлаар Калифорни мужид нэг галлон шатахуун 5.86 ам.доллар байсан бол Канзас мужид 3.77 ам.доллар байжээ. Энэ мэтчилэн мужуудад 8-57 центийн ялгаатай байдаг. Энэ нь АНУ-ын төвлөрлийг сааруулах бодлоготой уялдаж буй юм байна. Жишээлбэл, төвийн бүсийн хүн бага суурьшсан мужуудад татварын хэмжээ бага учраас үнэ ч хямд байдаг аж. Харин захын мужуудад эсрэгээрээ үнэ өндөр байдаг юм байна.

Эх сурвалж: EURONEWS, PEOPLE APP, IMF

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж