Аялал жуулчлалынхан 10 тэрбумыг чамласан ч чанга АТГАВ

Хуучирсан мэдээ: 2022.04.13-нд нийтлэгдсэн

Аялал жуулчлалынхан 10 тэрбумыг чамласан ч чанга АТГАВ

Аялал жуулчлалынхан 10 тэрбумыг чамласан ч чанга АТГАВ

Цар тахлын үед уналтад орж, тэг зогссон салбар бол аялал жуулчлал. Олон улсын судалгаанаас харахад, дэлхийн аялал жуулчлалын салбар дөрвөн их наяд ам.долларын орлогоо алдаж, 100-200 мянган ажлын байр үгүй болсон байна. Мөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тэрбум гаруй аялал цуцлагдсан талаар салбарынхан онцолж байв.

Засгийн газраас "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд аялал жуулчлалын салбарыг сэргээхэд таван арга хэмжээ авахаар болсныг мэдэгдсэн. Үүнд:

  • Аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийн тогтвортой үйл ажиллагааг хангахад зориулж 10 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх,
  • Аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийн болон Газрын төлбөрийн хуримтлагдсан гурван тэрбум төгрөгийн өр төлбөр төлөх хугацааг хойшлуулах,
  • 2023 оныг “Монголд зочлох” аялал жуулчлалын жил болгон зарлах, сурталчлах,
  • Агаарын тээврийн либералчлах арга хэмжээг хурдасгах,
  • Бүгд Найрамдах Солонгос Улсын аялагчдын визийн шаардлагаас чөлөөлөх, хил орчмын автомашинтай аяллыг дэмжих зэрэг багтсан байна.

Салбарынхны хувьд аялал жуулчлалыг эргэн хөл дээр нь босгох 10 тэрбум төгрөгийн зээл их мөнгө биш ч “Чамлахаар чанга атга” гэж хэлж байв. Салбарын төлөөллийн байр суурийг хүргэе.

Монголын аялал жуулчлалын холбооны дэд ерөнхийлөгч С.АМГАЛАНБАТ:

-Аялал жуулчлалын салбар сэргэж эхэллээ. Засгийн газраас дэмжин, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж буй. Одоогийн байдлаар 10 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр шийдэгдээгүй байна. Засгийн газраас Сангийн яаманд чиглэл өгсөн. Мэдээж, энэ зээл аялал жуулчлалын салбарт тус дэм болно. Учир нь, өнгөрсөн хоёр, гурван жил тэг зогссон салбарынхан одоо үйл ажиллагаагаа эхлүүлэх гэхээр эргэлтийн хөрөнгө байхгүй, тиймээс уг зээл ажилчдын цалин хөлс, засвар үйлчилгээнд нэмэр болно гэж найдаж байна. Энэ мөнгөн дүн хангалттай биш ч “Чамлахаар чанга атга” гэгчээр шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдэд зээл олгосноор улсад орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлнэ.

Аялал жуулчлалын салбар 2019 онд хамгийн их буюу 560 орчим мянган гадаадын жуулчин хүлээн авч, 600 гаруй сая ам.долларын орлого олжээ.

Харин энэ жил дор хаяж 150 мянга, цаашлаад гадаадын 300 мянган жуулчин хүлээн авахаар төлөвлөсөн байна. Салбарынхан ялангуяа Япон, Өмнөд Солонгос улсаас түлхүү жуулчин татах зорилго тавьжээ.

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга С.БАТСҮХ:

-Цар тахлын үед аялал жуулчлалын салбар бүрэн зогссон гэж хэлж болно. Манай салбарын орлогын 94 хувь байхгүй болсон. 10 тэрбум төгрөг тийм их мөнгө биш. Бүх аж ахуйн нэгжид хүрэлцэхгүй. Гэсэн ч эхний ээлжид авч байгаа арга хэмжээний хувьд салбарынханд дэмжлэг болж чадна гэж бодож байна. Бас нэг шийдвэр нь нийгмийн даатгалын шимтгэлийн болон газрын төлбөрийн хуримтлагдсан гурван тэрбум төгрөгийн өрийг төлөх хугацааг хойшлуулж байгаа нь том дэмжлэг. Ер нь өнгөрсөн хугацаанд салбарынхнаас гарсан санал, хүсэлтийг хэрэгжүүлж, Засгийн газраас шийдвэр гаргалаа.

Цар тахлын үед нийт 85 мянга орчим ажилчны 50 орчим хувь ажлын байраа алджээ. Аялал жуулчлалын салбар хувь хүний үйлчилгээнд тулгуурладаг учраас хүний нөөцөө алдах нь маш том хохирол гэж албаныхан хэлж байлаа.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд зогсонги байдалтай байсан учраас энэ жилээс аяллын төлбөр 20-30 хувиар нэмэгдэж буйг бас онцлов.

“Тэрэлж стар ресорт” жуулчны баазын ерөнхий менежер Ц.МӨНХТУЯА:

-Цар тахлын улмаас салбарынхан уулзалт, зөвлөгөөн болоогүй. Энэ удаагийн уулзалтын үеэр салбарынхан хамтран ажиллах гэрээгээ байгуулж байна. Эдийн засгийн хүндрэлтэй асуудлаас үүдэн үйлчилгээний зардлыг 15 орчим хувиар нэмэхээс өөр аргагүй байдалд хүрсэн. Цар тахлын үед хөл хорио тогтоосноор хүний нөөцөө барьж үлдэх нь аж ахуйн нэгжүүдэд том асуудал байсан. Гэсэн хэдий ч дотоодын жуулчид маань эх орондоо аялж, амарч байсан.

Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс хийсэн нарийвчилсан судалгаагаар аялал жуулчлалын компаниудын 95.4 хувьд нь цар тахлын тархалт сөргөөр нөлөөлж, 73.8 хувь нь ажлын байраа хадгалж чадахгүйд хүрч, 30 хувь нь ажилчдынхаа 70 хувийг цомхотгоод байна.

Гэрэл зургийг Б.БИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж