ҮҮДЭЛ
Валютын нөөц хомсдож, ханш өссөн ч дорвитой арга хэмжээ авч чадаагүй Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тансаг зэрэглэлийн автомашины импортод 500-600 сая ам.доллар зарцуулсан төдийгүй цаашид худалдан авалт өсөх хандлагатай болсон нь валютын нөөц, ханшид дарамт үүсгэж магадгүй гэсэн гайхалтай магадлалаа танилцуулсан юм. Турж үхлээ гэчихээд тансаг хэрэглээгээ хязгаарлаач гэх ухааны уриалга УИХ-д суугаа төлөөлөл нь хэлж л байдаг. Яая даа гэсэн иргэдэд ямар тансаг хэрэглээ байх вэ дээ, хөөрхий. Ам нь халсан өөр нэг төлөөлөл НӨАТ-ын буцаан олголтоор амьдардаг олон гэр бүл байгаа гэсэн нь бүр талбайд гарахад хүргэсэн билээ. Уурссан иргэд тэднийг өөрсдөө хэмнэлт хийхийг шаардав. Тэднийг төөрүүлэхийн тулд НАМЗХ-ны зарим залуусаас эхлээд олны танил, сошиалын одод төв талбайд гарч ирсэн билээ.
ХЭМНЭЛТ НЭРИЙДЛЭЭР ИРГЭДИЙНХЭЭ ХАЛААСЫГ СЭГСРЭХ ЭГЭЛГҮЙ ШИЙДЭЛ
Залуусын бухимдал, эсэргүүцлийг дагуулж байгаад тонгорох аргыг Засгийн газар хэрэглээд эхлэв. Шаардлагын дагуу засгийн тэргүүн арга хэмжээ авахаар болж, хэмнэлтийн горимд шилжинэ гэж байгаа боловч мах, гурил, шатахууны үнийг барих, тодорхой хэмжээнд Монголбанкийг мэдэлдээ оруулах хуулийн орчныг бүрдүүлэх төслийг хэлэлцүүлж байна. Үнийг хүчээр тогтоож, зөрүүг нь аж ахуйн нэгжид Засгийн газраас төлнө гэх энэхүү луйврын схем монголчуудыг улам дордуулах нь ойлгомжтой. Учир нь, засгийн мөнгө гэж байхгүй. Харин татвар төлөгчдийн мөнгө л бий. Түүнийг үнэ тогтворжуулахад зарцуулна гэдэг нь бидний нэг халааснаас татвар, нийгмийн даатгал нэрийдлээр авсан мөнгөөр махны зөрүүг төлнө л гэсэн үг.
Үнэн хэрэгтээ мах үнэтэй хэвээрээ. Харин төрийн оролцоотойгоор тодорхой аж ахуйн нэгжүүд танд хямд үнээр мах, гурил, шатахуун зарж байгаа нэртэй таныг сэгсрээд, өөрсдөө сэтгэлийн таашаалтайгаар асар их ашиг олно гэсэн үг. Хэмнэлт, үнэ тогтворжуулалт нэрийдлээр ийм л зүйлийг эрх баригчид хийхээр улайрч байна. Иргэдийнхээ эрүүл мэндийг аврах нэрийдлээр Цар тахлын гэх хууль батлуулаад, ямар ч тендергүйгээр хэдэн их наядаар тоологдох мөнгө үрэн таран хийсэн шиг явдал болно.
ЖИЙП УНАХЫГ ХОРИГЛОХ ХЭМНЭЛТ МӨН ҮҮ?
УИХ-ын дарга хотод төрийн албаны жийп унахыг хориглов. Энэ талаар төсөл боловсруулсан бөгөөд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл “Төрийн албанд аравхан мянга орчим тээврийн хэрэгсэл бий” гэсэн бөгөөд түүнээс 1000 тээврийн хэрэгсэл нь том оврын жийп бөгөөд түүнд жилдээ 11 тэрбум төгрөг зарцуулж буй аж. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлснээр хэдэн төгрөг хэмнэх тухай сэтгүүлчийн асуултад 5-хан тэрбум төгрөг хэмнэнэ гэж Б.Цэнгэл дарга хэлэв. Гэтэл тэрхүү жийпийг авахад 200-хан сая төгрөгөөр бодоход л 200 тэрбум төгрөг. Тиймээс жийп унахыг болиулахаас гадна жийп унадаг эрхтэн дархтануудыг цомхотговол илүү их хэмнэнэ гэсэн үг.
ДЭД САЙДУУДААС ЭХЛЭЕ
Хамтарсан засгийн газруудад л хяналт болгох зорилгоор гаргаж ирсэн дэд сайдууд 2016 оноос үнэндээ хэрэггүй болсон. Давхар дээл эсэргүүцсэн МАН-ын гол зорилго нь илүү олон албан тушаалд намынхаа илүү олон гишүүдийг байршуулж, түүгээрээ дамжуулан татвар төлөгчдийн мөнгийг зарцуулах бодлого барьж ирсэн мэт. Дээрх 1000 жийпний 16-г нь дэд сайдууд унадаг нь хэнд ч ойлгомжтой. Тендер, төсөл, хөтөлбөр хариуцдаг залуусын хэлдгээр “хор найруулдаг” энэхүү албан тушаалтан жийп унаад зогсохгүй үнэтэй тавилгатай өрөөтэй. Нарийнхан бичигтэй. Басхүү туслахтай нь ойлгомжтойн дээр бүгд төсвийн мөнгөөр цалинжиж, элдэв хангамж эдэлдэг гэж тооцвол 16-хан хүнд хамаарах энэхүү албан тушаалыг байлгасныхаа төлөө хэдээр тоологдох зардал гаргадаг төдийгүй хэдэн их наядаар тоологдох тендер атгуулж буй нь Монголд хэрэгтэй гэхээсээ гайтай албан тушаалтан.
ДЭД ДАРГА НАРААР ҮРГЭЛЖЛҮҮЛЬЕ
Засгийн газрын хэрэгжүүлэгч 25 агентлаг, Ерөнхий сайдын удирдлага доорх 4, Шадар сайдын 5, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар гээд 35 агентлаг бий бөгөөд 50 гаруй дэд даргатай. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын орон тоо гэхэд 152 байхаар хязгаарласан бөгөөд ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид тэргүүн дэд дарга 1, дэд дарга 3 бий. Тэдний доор 10 газар, тэдэнд харъялагдах хэлтэст дарга нар бий. Шадар сайдын мэдэлд байдаг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэхэд мөн л Газрын даргаас гадна тэргүүн дэд 1, дэд дарга 2 байх агаад тэдний дор 9 газрын дарга гээд үндэс мөчир нь салаална. Төрийн эмнэлэг, цагдаа, онцгой байдлын албан хаагч, үйлчилгээний байгууллагыг эс тооцвол "Зуун ямаанд жаран ухна" гэгчээр мундахгүй олон дэд дарга байх агаад тэд бүгд цалингаас гадна элдэв хангамж, тохилог өрөө, машин хэрэглэж, түүнийх нь түлшийг татвар төлөгчдын мөнгөнөөс гаргадаг.
ОРЛОГЧДООР ҮРГЭЛЖЛҮҮЛЬЕ
Нийслэлийн Засаг дарга гэхэд л 6 орлогчтой. Тэд бүгд асуудал хариуцах бөгөөд Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө агаарын бохирдлыг 50 хувь бууруулсан гэж иргэдийг доромжилсноос өөр юу хийж, ямар асуудлыг шийдвэрлээд байгаа нь үнэндээ ойлгомжгүй. Гэсэн атлаа ямар тансаг өрөөнд суудгийг нь Мөнх-Эрдэнэ гээчийн лайваар үзсэн байх. Тэд жийп унадаггүй юмаа гэхэд машинаар хангуулдаг.
Энэ мэтчилэн дүүргүүдэд, аймгуудад орлогч нар бий. Бодлого хариуцсан газрууд нь, түүнийг нэгтгэдэг Тамгын газрын дарга нар байсаар байтал тэдэнд татвар төлөгчдийн мөнгийг үрэх шаардлага алга.
ОДОО НИЙТЭЭР ДАХИАД ЦӨӨЛЬЕ
Авлига, хүнд суртал, данхар төрийн эх үндэс нь тэднээс эхэлж, хурган дарга нараар үргэлжилдэг болохоор өнөөдөр төрийн албан хаагчдын тоо 300 мянгад хүрээд буй хэрэг. Гэтэл Монголд 13 мянган төрийн албан хаагч байхад хангалттай бөгөөд төрийн албаны үйлчилгээг хувьд шилжүүлэхэд л асуудал шийдэгдэнэ гэх судалгаа бий. Гэтэл түүнээс хоёр дахин их улс төрийн албан тушаалтан Монгол бий гээд байна.
Төрийн албыг 30 хувиар цөөлнө гэсэн Ерөнхий сайд амлалтдаа хүрч, хөгжлийн чөдөр болсон дэд сайд, дэд дарга, орлогч гээд хасахад хэмнэлтийг бодит утгаар нь авчрах сэтэртнүүдээсээ хэмнэлтээ хиймээр байна. Тодруулбал, намынхаа улаан зангиатнуудаас эхэл. "АМАЛЪЯ". Тэгж чадвал зулын оронд зургийг чинь тахиж амьдаръя.
Холбоотой мэдээ