Чуулган: Махны үнийг 1000 төгрөгөөр бууруулах боломжтой

Хуучирсан мэдээ: 2022.04.13-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: Махны үнийг 1000 төгрөгөөр бууруулах боломжтой

Чуулган: Махны үнийг 1000 төгрөгөөр бууруулах боломжтой
18 : 30
2022-4-13

"Эдийн засаг, хөгжлийн сайдаа хурдхан томилооч ээ"

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:

Ер нь улс орны өмнө онцгой нөхцөл байдал үүсэхээр төсөв рүүгээ дайрч, бараа бүтээгдэхүүний нөөцийн асуудлыг ярьдаг боллоо. Бид энэ байдлаараа цаашаа явах хэрэг үү. Энэ байдлаас гарахын тулд нийгэм, эдийн засгийн бүхий л харилцааг онцгой нөхцөл байдалд зохицуулсан эрхзүйн зохицуулалт хийх ёстой. Энэ эрхзүйн зохицуулалт дотроо нөөцийн тухай асуудлыг бүр тусгайлан авч үзээд, төсөвт хүрэхгүйгээр ҮАБЗ, Засгийн газар хуралдаад, нөөцөө хөдөлгөж эхэлдэг болмоор байна. Нэмж авах арга хэмжээний зардлуудыг нөөцөөсөө гаргадаг байх нь зөв. Стратегийн нөөц ч гэж нэрлэж болно. Нөөцийг мэдээж байдал хүндэрсэн үед ашиглаж таарна. Тиймээс одоо нөөцөө гаргах цаг болсон. Асуудлыг зохицуулахын тулд нөөцөөсөө хэрэглээд, дахин нөөц бүрдүүлэх замаар явах нь зөв. Эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн хойно нөөцөө гаргах юм уу?Тиймээс нөөцийг хүрэлцэхүйц хэмжээнд байлгахын тулд заавал улсын стратегийн нөөцийг бүрдүүлдэг тогтвортой эх үүсвэр бий болгож хуульчлах шаардлагатай.

Энэ бол зүгээр жишээ шүү. Магадгүй гадаадын зах зээл дээр Монгол Улсаас экспортод гаргаж байгаа ашигт малтмалын түүхий эдийн үнэ огцом өссөний зөрүүгээр нөөцөө бүрдүүлээд явж ч болно. Алтны худалдан авалтыг нэмэгдүүлэхэд зориулж алтны худалдан авалтыг урамшуулах талаар хуульд тусгасан байна. Энэ бол маш сайн. Гадаадаас газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан авч, нөөц бүрдүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх заалтыг хоёр гараа өргөөд дэмжмээр байна. Харин мах, гурилыг дэмжиж байгаа ч үнэ нь яагаад өсөөд байна вэ гэдгийг судалж үзэх хэрэгтэй. Монгол Улсын мал өссөн ч махны үнэ өндөр хэвээр. Дотоодын улаанбуудайн хэрэгцээг 100 хувь хангана гэсэн ч гурилын үнэ өсөөд байна. Бодит шалтгааны улмаас өсч байгаа бол өөр хэрэг. Харин зохиомлоор гурил, махны үнийг өсгөөд байгаа эсэхийг Засгийн газар тусгайлан ажлын хэсэг байгуулж судлах хэрэгтэй. Үүний үндсэн дээр авах арга хэмжээг тодорхойлно.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Төсвийн тодотгол хийхдээ орлогоо тодотгох байх даа. 4 их наядын орлого олно гэсэн ч өнөөдөр орлогын эх үүсвэр буюу экспорт гацсан. Ганцхан нүүрсний жишээн дээр ярья. 2022 онд төсвийн тодотгол хийхэд 36 сая тонн нүүрс оруулж ирнэ гэсэн. Гэтэл өнөөдрийн байдлаар хоёрхон сая нүүрс гарчээ. Тиймээс яаралтай горимоор экспортоо эрчимжүүлэх, боомтын гарцаа нэмэгдүүлэх чиглэлийн гарц гаргалгааг оруулж ирмээр байна шүү. Засгийн газар хямралт нөхцөл байдлыг даван туулах төлөвлөгөө юм уу, хөтөлбөр боловсруулж оруулж ирээд, УИХ-аар батлуулах ёстой. Бэрхшээл тулгарах бүрд хууль батлах нь буруу. Одоо Цар тахлын хуулийг өөрчлөх хэрэгтэй. Заавал хууль шаардлагатай байгаа юм бол Гамшгийн тухай хуулиар зохицуулаад явж болно. Цар тахал энгийн горимд шилжээд удаж байна. Үүнээс гадна хурдхан Эдийн засаг, хөгжлийн сайдаа томилооч ээ. Эдийн засгийн хүнд байдалд орчихоод байхад сайдаа томилохгүй байгаад гайхаж байна шүү. Та нар, эсвэл нэг хүн захиалчихаад давхар дээл нь зөвшөөрөхөөр болно гээд хүлээгээд байгаа юм уу?  Хурдан сайдаа томил оо.

Чуулганы төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Өнөөдөр би нэр бүхий гишүүдийн хамт үндэсний үйлдвэрлэгч нартай уулзалт хийсэн. Улмаар дараах гурван чиглэлийг ажлын хэсэгт өгч байна. Нэгдүгээрт, мах үйлдвэрлэгч нар нийслэлд квотоо нэмэгдүүлэх, зохицуулалтын ажил хийх тохиолдолд хүнсний талоны болон бусад зарчмаар махаа бөөнд нь нийлүүлээд, 1000 хүртэлх төгрөгөөр үнийг нь буулгаж болно гэсэн. 

Хоёрдугаарт, гурил үйлдвэрлэгчдийн холбооны төлөөллүүд НӨАТ-аас чөлөөлвөл бүтээгдэхүүний үнийг 10 хувиар буулгаж болох талаар хэлсэн. Энэ замаар гурил, махны үнийг хямдруулж болж байна.

Гуравдугаарт, хүнсний үйлдвэрлэгч нарт цахилгааны төлбөрийн хөнгөлөлт үзүүлбэл бараа, бүтээгдэхүүний үнийг 3-5 хувиар буулгах боломж байна.

Үйлдвэрлэгч нар уриалга дэвшүүлэн ажиллая гэж бидэнд хэлсэн. Бензиний үнэ 10 төгрөгөөр нэмэгдэхэд таксины үнэ 100 төгрөгөөр нэмэгддэг. Энэ мэтчилэн далимдуулж байгаа зүйлүүд их байна.

Махыг дэлгүүрүүдэд нийлүүлдэг. Гэтэл нөөцийн хямд махыг цайны газар, ресторан ажиллуулж буй хүмүүс худалдаад авчихдагийг хэлж байна. Тиймээс ард иргэдэд хүрдэггүй. Ийм асуудал дээр ШӨХТГ болон холбогдох байгууллагууд хяналт тавьж ажиллах чиглэл өгч байна. Дайны сургаар дажин гэгчээр далимдуулж төр засгийн хөнгөлөлттэй бодлогыг мушгин гуйвуулдаг байдлыг өөрчилмөөр байна.  

Олон улсын байдал хүнд байгаа учраас төр засаг, ард иргэдийн аль аль нь экспортоо дэмжиж, импортоо хэмнэе гэсэн. Гэтэл зөвхөн иргэд хэмнэе гэсэн үгийг тасалж олон нийтэд хүргэж мушгин гуйвуулсан. Улмаар ард иргэд буруу ойлголт авсан шүү. Бүтэн бичлэгээр нь үзвэл өөр утгатай гэдгийг хэлмээр байна. Төсвийн зардал, халамжийг ч хэмнэх хэрэгтэй. Хэмнэлт хийх маш том боломж байна. Том оврын автомашин илүү их бензин зарцуулаад байгаа учраас хэмнэе гэсэн санаа юм шүү. Аль болох нэгдсэн нэг ойлголттой байх чухал шүү.

17 : 41
2022-4-13

"Гөлөг төөрүүлж байгаа аятай л үйл ажиллагаа болоод байна"

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Мах, гурилын нөөц бүрдүүлэх, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах зорилгоор мах, гурил бэлтгэн нийлүүлэгч ААН-үүдэд эргэлтийн хөрөнгө шаардагдах хөнгөлөлттэй зээл олгох юм байна. Зээл олгохоос гадна нөөцийг хэрхэн хангалттай бүрдүүлэх вэ? Одоо байгаа нөөц бүтээгдэхүүнийг төр худалдаж аваад, эргэлийн хөрөнгийг нь суллаж өгч, дахин татан авалт хийвэл нөөц нэмэгдэх боломжтой. Монгол Улс хэрэглэгч улс. Бараа, бүтээгдэхүүний 70 хувийг импортоор авдаг. Одоо 100 ам.долларын бүтээгдэхүүн  дэлхийн зах зээл дээр 150 ам.доллар болоод үнэ нь өссөн. 150 ам.доллар нь өнөөдөр 2800 байсан бол 3300 болоод үнэ нь өссөн. Хилийн гацалт, тээврийн үнэ өссөн нь бараа, бүтээгдэхүүний үнийг 50 хувиар өсгөж байна.

УИХ-ын гишүүн ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа:

Төсвийн тодотголтой холбоотойгоор бусад бараа, бүтээгдэхүүний тариалалтыг татварын хөнгөлөлтөөр дэмжих асуудал орж ирэх юм билээ. Гишүүдээс ч гэсэн ийм саналыг ажлын хэсэгт ирүүлсэн. Уг хууль нь мах, гурил, шатахуун гэсэн гурван бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, нөөц бүрдүүлэх дээр нь анхаарах зорилготой. Учир нь мах, гурилыг гаднаас импортолж орж ирэхгүй. Тиймээс дотооддоо үйлдвэрлэх учраас ханган нийлүүлэгч компаниудыг дэмжинэ. Хууль батлагдсанаар гурилын үйлдвэр, мах нөөцлөгч компаниуд намар бараа, бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцлөөр худалдан авах эх үүсвэр бүрдүүлэх юм. Ингэснээр тариаланчид сэтгэл амар үйл ажиллагаа явуулах боломжтой. Бусад бараа, бүтээгдэхүүнийг аль болохоор дэмжинэ. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Элсэн чихэр, будаа, эм эмнэлгийн хэрэгсэл гэх мэт стратегийн бүтээгдэхүүн дээр анхаарах ёстой шүү. Нөөцөө сайн бүрдүүлж, хангамжийг таслахгүй байх нь чухал.

Гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа. Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 11 санал дээр санал хураалт явуулж дууслаа.

Улмаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн “Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй” гэдгийг хасах саналыг гишүүдийн олонх дэмжив.

Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хуулийн төслийг эсэргүүцэж, үг хэлэв. Тэрбээр “Олон улсын хямралт нөхцөл байдал гэнэ үү. АН буруутай гэдэг байсан бол одоо олон улс буруутай болжээ. Дэлхийн хэдэн улс олон улсын хямралт байдалд хамаараад байгаа юм. Хэдэн улс нь хямарчив. Хуулийн төслийг нэртэйгээр нь Орос, Украины дайн, цар тахлаас боллоо гээд өгчихгүй яасан юм бэ. Иймэрхүү нэртэй хууль баталвал дараа нь онигоо болно шүү. 76 ямаа гэдэг шиг тиймэрхүү нэр ус зүүнэ шүү. Үндсэндээ мах, гурил Монголд байна.

Энэ хууль гөлөг төөрүүлж байгаа аятай л үйл ажиллагаа болоод байна. Монголын ард түмнийг гөлөг төөрүүлж байгаа аятай зүйл хийхээ боль. Яг үнэндээ валютын нөөцгүй болсон шүү дээ. Ардчиллын 30 жилд Монголын ард түмний хэрэглээ сайжирсан. Мах, гурилаас гадна цаана нь өчнөөн бараа, бүтээгдэхүүн байна. Би урьдчилаад хэлье. Уг хууль ямар ч үр дүн өгөхгүй. Бөөн онигоо болно шүү. Зах зээлийн эдийн засагт шилжээд, 30 жил болж байна. Ер нь та нар ажлаа хийж чадахгүй бол боль. Зах зээлийн эдийн засгийн хамгийн наад захын юмыг та нар мэдэхгүй байна. Ийм юм ярьж байгаа та нарыг эдийн засгийн чиглэлээр суралцдаг нэгдүгээр дамжааны оюутнууд шоолно доо.

Эцсийн эцэст татвар төлөгчдийн нуруун дээр л бүх ачаа ирнэ. Төмөр замаа тавьсан байсан бол өнөөдөр маш ашигтай ажиллах байлаа. Одоо бол хамгийн боломжит алтан үе. Ийм үед Монголын ард түмнийг дорой амьдруулж байгаа нь ичгэвтэр. Зах зээлийн эдийн засгийг хааж боолгүй явуул л даа. Үүний төлөө 30 жил явлаа. Барааны үнэ буулгаж өгнө гэхээр хүн бүр дуртай байлгүй яах вэ. Гэвч амьдрал дээр хэрэгждэггүй. Бүх системээ нураагаад дуусдаг” гэж онцлов.

16 : 51
2022-4-13

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

16:00 цаг хүртэл завсарласан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авна гэсэн чинь МАН-ын гишүүд шоолж даапаалж байна. Харин ч ард түмэн та нарыг шоолж байгаа шүү. Хэдхэн өдрийн өмнө залуус талбай дээр та нарыг ажлаа хийгээч гээд жагссан. Бид биш, харин та нар ичих ёстой. 65-уулаа суучихаад, биднийг даапаалаад байх юм. Та нар бусад улс орнуудаас ичээч. Бусад улс орон бидэнтэй адилхан цар тахлыг давсан.

Олон улсын хурцадмал байдлын улмаас хохирсон. Ийм нөхцөлд эдийн засаг нь өссөн улс орнууд ч байна. Чили, Уругвай улсууд 22 мянган км-ын цаанаас зэсийн баяжмалаа Хятад руу зөөгөөд байна. Харин манайх 30 боомттой хиллэдэг мөртлөө өнөөдөр 200 км даваад, нүүрсээ ч зарж чадахгүй сууж байна шүү. Ийм арчаагүй байдлаа АН-руу чихэх хэрэггүй. 

Ард түмнээс та нар ичээсэй. Та нар хоёр удаа УИХ-д 65-уулаа засаглаж байна. Битгий биднийг даапаалаад бай. Хуулийн нэршлийн хувьд “Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй” гэх өгүүлбэрийг хасахыг дэмжиж байна. 2012-2016 оны үнэ тогтворжуулах АН-ын хөтөлбөрийг шүүмжлээд байх юм. Харин ч 99 хувийн эргэн төлөлттэй байсан. Энэ хөтөлбөрөөс уг хууль ямар ялгаатай юм бэ?

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа:

Хэдхэн том ялгаа бий. Тухайн үед Монголбанк мөнгө хэвлээд, тус хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд монгол төгрөгийн ханш суларсан. Тухайн үед зарим төрлийн бараа бүтээгдэхүүний үнийг барьсан ч дараа нь бүх барааны үнэ өссөн. Өмнө нь Монголбанк Засгийн газраас үүрэг чиглэл аваад, үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн биш энэ удаа хөтөлбөрийг хуульчилж оруулж ирсэн. Үүгээрээ ихээхэн онцлог.

Хуулийн зорилго нь барааны үнийн өсөлт, хомдсдол, сөрөг нөлөөллөөс сэргийлэх. Хуулийн хэрэгжилт урт хугацаанд биш энэ жилд хэрэгжээд дуусна. Бизнес эрхлэгчдийг дэмжихийн хувьд ХХААХҮЯ 200 тэрбумаар мах бэлтгэлийн компаниудад зээл олгоно. Хаврын тариалан эрхлэхэд 100 тэрбум төгрөгийг гурван хувийн хүүтэйгээр олгоно. 50 орчим тэрбум төгрөгийн зээлийг ногоо тарьдаг хүмүүст олгоно.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

АН-ын үед үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлээд, инфляцийг анх удаа 1.6 хувьд хүргэж байсан шүү. Эргэн төлөлт нь 98 хувьтай байсан. ААН-дэд зээл олгохдоо арилжааны банкаар дамжуулж байсан. Компаниуд өөрсдөө хариуцлагаа үүрч байсан. Монголбанкны Ерөнхийлөгчөөс асууя. Ч.Хүрэлбаатар гишүүн  мөнгө хэвлэх гээд байгааг буруутгасан. Үнэхээр мөнгө хэвлэх гээд байгаа хэрэг үү?

УИХ-ын гишүүн ажлын хэсгийн ахлагч  Х.Булгантуяа:

-Инфляци тухайн үед 1.6 хувьд хүрсэн нь үнэн. Гэхдээ энэ нь эрэлт  ч байхгүй эдийн засаг хүндэрсэн байсны илрэл байсан. 2016 оны гуравдугаар улиралд инфляци 1.6 хувьд хүрсэн байсан ч эдийн засгийн өсөлт -1.3 хувьд хүрсэн байсан. Эдийн засаг агшаж инфляци буурсан. Тухайн үед цар тахал гараагүй, дэлхийг хамарсан дайн болоогүй байсан шүү. Хуулийн төслийн найруулга дээр нь мөнгө хэвлэх утгатай зүйл бичсэн. Үүнийг ажлын хэсгээс засч банкаар дамжуулан биш банкны эх үүсвэрээр зээл олгоно гэж зассан. Хөнгөлөлттэй зээлийн зөрүүг нь төсөвт суулгана.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Нөхцөл байдал амаргүй байна. Олонх нь цөөнхийн бүлгээ даапаалаад, цөөнх нь олонхоо шүүмжлээд ажил урагшлахгүй. Талцаад асуудлыг шийдэхгүй. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш дэлхийн улс орнуудад ийм эдийн засгийн хохирол учирч байсангүй. АНУ гэхэд түүхэндээ байхгүй өндөр инфляцтай нүүр тулсан. Хятад улс хойд бүс нутаг болох Шанхайд бослого тэмцэлтэй байна.

Европын холбоонд нэг литр бензин 9000 төгрөг, Германд талх 8000 төгрөгт хүрээд байна. ОХУ олон улсын хоригт орсон. ОХУ дайнтай, Хятадын хил хаалттай. Хоригийн хоригт орсон Монгол Улс хямралыг давах гэж хичээж байна. Өнгөрснөө шүүмжлэх биш, өнөөдрийг нөхцөл байдлыг ярьж бодитой үнэлмээр байна.

Гурил, мах, шатахууны үнийн өсөлтөөс гадна бусад бараа бүтээгдэхүүнийг яах вэ. Элсэн чихэр, будаа, эм, эмнэлгийн хэрэгслийг анхаармаар байна. Зөвхөн бага хүүтэй зээлээр асуудлыг шийдэхгүй. Хангалттай хэмжээний нөөц бүрдүүлмээр байна. Энэ чиглэлд худалдаа эрхэлж буй байгууллагуудын татварыг чөлөөлөх, хөнгөлөх асуудал яригдсан уу?

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа:

-Ажлын хэсэг дээр энэ талаар яригдсан. Эдийн засгийн байнгын хороон дээр ч гэсэн гишүүдээс асуусан. Мах, гурил, шатахуун дээр нэмээд ургамлын тос, элсэн чихэр, будаа, төмс, сонгино, эм, эмнэлгийн хэрэгсэл гээд өргөн хэрэглээний барааг үнэ тогтворжуулах хуульд хамааруулсан бол төсөв ачааллаа дааж чадахгүй.

Хуулийн төслийг боловсруулж байхад Сангийн яам тооцоолол хийж үзээд, импортын татвар тэглэхээс өөр байдлаар бид яаж ч чадахгүй юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Өөрөөр хэлбэл, хүлээлт үүсгээд олигтой үр дүнд хүрч чадахгүй. Хууль батлагдсанаар мах, гурил, шатахуун гэсэн гурван бүтээгдэхүүний үнэд тодорхой зохицуулалт хийнэ. Нөөц бүрдүүлэхийн хувьд хөнгөлөлттэй зээлийг гаргаж байна.

15 : 52
2022-4-13

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 16.00 цаг хүртэл завсарлалаа

УИХ дахь АН-ын бүлгээс “Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг боловсронгуй болгоход цаг хугацаа хэрэгтэй гэж үзжээ. Улмаар АН-ын бүлэг Дэгийн тухай хуулийн дагуу ажлын таван өдрийн завсарлага авах хүсэлт гаргасан ч УИХ-ын дарга 16:00 цаг хүртэл завсарлага өглөө.

15 : 51
2022-4-13

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. УИХ дахь АН-ын бүлэг  дээрх хуулийн төсөлтэй танилцаад дараах дүгнэлтэд хүрчээ.

Тус бүлгийн дарга Д.Ганбат “Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өдөр ирэх тусам өсч, орлого нь хумигдсан ард иргэдийн амьдралд маш хүндээр нөлөөлж байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд ам.долларын ханш 12-15 хувиар чангарч, олдоц нь эрс багасч, бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж эхэлсэн. Валютын ханш улс орны эдийн засгийн суурь үзүүлэлт төр засгийн хэрэгжүүлж буй бодлогын толь нь байдаг. Монголын зах зээлд валют хомсдсон нь өнгөрсөн хугацаанд хангалттай хэмжээнд экспорт хийж чадаагүйтэй холбоотой. Энэ нь Монголын төр хийх ажилдаа түүртэж хийхгүй байна гэж дүгнэхэд хүргэж байна.

Үүсээд байгаа нөхцөл байдлыг судалж, бодит дүгнэлт өгч шийдлээ гаргаж танилцуулахын оронд эрх баригчдаас дутуу дулимаг боловсруулсан түүхий хуулийн төсөл УИХ-д оруулж ирлээ. Энэ нь Монголын нийгэмд үүссэн нөхцөл байдлыг шийдэж буй мэт дүр эсгэх, эсвэл хариуцлагаас зугтаж буй нэг хэлбэр юм. Үнийн өсөлт дунд, урт хугацаанд хэрэгжүүлж буй эрх баригчдын алдааны үр дүн.

Үнийн өсөлтөд нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс болох хил, гаалийн гацаа, Украин, Оросын дайны улмаас түүхий эд, газрын тосны хямрал зэрэг гадаад хүчин зүйлс нөлөөлж байна. Эдийн засгийн хүнд, хямралтай үед АН хоёр ч удаа засгийн эрх барихдаа үнэ ханшийг буулгах, олон арга хэрэгслийг ашиглаж ирсэн туршлага бий. Үүний нэг жишээ нь ипотекийн хөтөлбөрүүд юм. Гэхдээ зах зээлд мөнгө хэвлэж болохгүй. Татвар төлөгчдийн мөнгөнөөс хумслахгүйгээр үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой.  

Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг зөвхөн мах, гурил, шатахуун гэх гурван бүтээгдэхүүнээр хязгаарлаж болохгүй.

Тус хуулийн зорилго, зорилт тодорхойгүй, хүрэх үр дүн нь бүрхэг, тооцоо судалгаа тааруу, санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй байна. Санхүүгийн гадагшаа гаргах чиглэлийг боомилсон хууль болжээ. Эдийн засаг хүндэрсэн энэ үед цогц бодлогоор тодорхой хугацаанд зарцуулах боломжтой. Хамгийн эхэнд тээврийн өндөр зардлыг бууруулж, экспортоо сэргээх ёстой. Ганц хууль гаргаад асуудлыг шийдэхгүй. Муу хууль эдийн засгийн хямралыг даамжруулах магадлалтай. Сонгогчид МАН-ыг олонх болгосон. УИХ дахь АН-ын бүлэг ард иргэдийнхээ нэгэн адил та бүхнийг ажлаа хийхийг хүсч байна” гэлээ.

13 : 11
2022-4-13

УИХ-ын чуулган хуралдана

УИХ-ын чуулган өнөөдөр /2022.04.13/ 15:00 цагт хуралдана. Хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулна. Хуулийн төслийн талаар танилцуулъя.

Хууль батлагдсанаар: 

Нэгдүгээрт: Мах, гурил, газрын тос болон бусад нэн шаардлагатай бараа, бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой байлгах, нөөц бүрдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход шаардагдах хүүгийн татааст төсвийн зохицуулалт хийнэ. Тодруулбал, үнэт цаас, баталгаа гаргах, газрын тосны бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварыг 5 хүртэл хувьд хүргэж бууруулах зохицуулалт хийнэ. Мах, гурил, газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой байдлыг хангах зорилгоор тухайн чиглэлийн аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгө, урьдчилгаа төлбөрт шаардагдах хөнгөлөлтэй санхүүжилтийн эх үүсвэр олгоно.

Хоёрдугаарт: Монголбанкинд валютын нөөц бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх эрхзүйн орчныг бий болгох, мөнгө болон сангийн бодлогыг нарийвчлан уялдуулж, хямралт нөхцөл байдлын үед нягт хамтран ажиллах болон зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний импортын татвартай холбоотой зохицуулалтыг Засгийн газар зохицуулах эрхзүйн зохицуулалтыг бүрдүүлнэ.

Гуравдугаарт: Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд Монголбанкнаас алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгоно. Лондоны металлын биржийн үнэ дээр таван хувийн нэмэгдэлтэйгээр гадаад, дотоодын зах зээлээс алт худалдан авах, олборлосон алтаа тухайн санхүүгийн жилдээ багтаан тушаах үүргээ хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээ авна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж