“Sid Meiers Civilization 5” ердөө сарын дараа

Хуучирсан мэдээ: 2010.08.20-нд нийтлэгдсэн

“Sid Meiers Civilization 5” ердөө сарын дараа

1991 оноос хойш стратегийн тоглоомын томоохон төлөөлөл болсоор ирсэн алдарт “Sid Meiers”-ын Civilization-5 тоглоом ирэх есдүгээр сарын 21-нд буюу сар гаруйхны дараа нээлтээ хийх гэж байна. Сүүлийн үед видео тоглоомын зах зээлд гайхалтай бөгөөд томоохон тоглоомуудыг нийлүүлж байгаа 2K Games компани энэ удаагийн Civilization-5-ыг Firaxis-аар хөгжүүлж бидний гар дээр илгээж байгаа юм.

Аливаа тоглоом бүр өмнөх цувралаасаа бүх талаараа илүү хөгжиж компьютераас илүү хүчин чадал шаардаж мэндэлдэг. Яг л тэр ёсоор Civilization-5 өмнөх ангиудаасаа илүү өргөн боломж, тоглолтын асар том талбар, дүрслэл зэргээр илүү хүчирхэг боллоо.

Зөвхөн персонал компьютер дээр гарах энэхүү стратегийн тоглоомыг тоглож үзээгүй хүнд хандаж хэлэхэд хэрвээ та стратегийн тоглоом сонирхож эхэлж буй бол turn-based strategy төрлийн Civilization 5-ыг тоглоод үзэхэд гэмгүй биз ээ. Та тоглоом эхлэхэд хүн төрөлхтөний олон соёл иргэншлүүдийн аль нэгийг жишээ нь, эртний Грек, Ром, Ацтек, Египет, Персээс авахуулаад Америк, Англи, Франц, Хятад, Орос, Энэтхэг, Японы зэрэг 17 томоохон соёл иргэншлээс сонгох ба түүнийгээ ганц хоёр тосгон суурин бүхий хамгийн багаас нь хөгжүүлэн өнөө үеийг хүртэл тоглох болно. Та АНУ эсхүл Орос, Хятадыг цөмийн зэвсгийг эзэмшиж ч болно шүү дээ.

Мэдээж жижиг суурин газруудыг томоохон хот балгад болгож өнөө үеийг хүртэл хүчирхэг соёл иргэншлийг мандуулахад гадны нөлөө саад болно. Хот суурин, эдийн засгаа хөгжүүлэхийн зэрэгцээ цэрэг зэвсгийн хүчээ байнга нэмэгдүүлж бусад улс орны түрэмгийллээс хамгаалж явах хэрэгтэй. Мөн хүч нөлөөгөө нэмэгдүүлэхийн тулд бусдын газар нутгийг байлдан эзэлж ноёрхлоо тогтоох зэргээр та бүхнийг өөрийн толгойгоор удирдах болно. Эцэст нь таны сонгосон замаар явсан соёл иргэншил мөхөх үү, сэхэх үү гэдгийг та харах болно.

Тоглоомын нэг онцлог нь улс үндэстэн бүр өөрийнхөө хэлээр ярих болно. Та герман аль эсхүл япон улстай дайн зарлах ч юмуу худалдаа наймаа хийх, дипломат харилцаа тогтоохыг хүсвэл тэд таны өөдөөс төрөлх хэлээрээ уянгалуулна. Гэхдээ мэдээж тоглоомын бүх явц англи хэл дээр л дээ.

Соёл иргэншил бүхэн нэг удирдагчтай. Жишээ нь Германых Отто фон Бисмарк, Ромынх Цезарь, Энэтхэгийнх Ганди, Грекийн удирдагч Александр байлаа гэхэд Францын удирдагч нь Наполеон Бонапарт байх жишээний. АНУ-ыг сонголоо гэхэд тоглоомд таны удирдлагыг төлөөлөх хүн нь Жорж Вашингтон байна гэх мэт.

Өмнөх дөрөвдүгээр ангид Монголын соёл иргэншил багтаж байсан бол энэ удаагийн тоглоомд ороогүй бололтой.

Тоглоомын шаардах үзүүлэлтийг дурдья. Windows  XP Service pack 3 болон Vista, Windows 7 үйлдлүүдийн системүүд дээр  Intel Core 2 Duo 1.8 GHz, эсхүл AMD Athlon X2 64 2.0 GHz-ээс багагүй CPU-тэй компьютерт энэхүү тоглоом хэвийн ажиллана.  Санах ой 2GB-аас доошгүй. Хард дискэнд 8 GB сул зай нэхэх ба таны компьютерийн видео карт тань 256MB-аас доошгүй байх хэрэгтэй. Тоглоомын талаар хүссэн мэдээллээ http://www.civilization5.com сайтаас авч болно.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж