Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл төрийн өмчит компаниуд, яамд, агентлагуудын зарим автомашинуудыг дуудлага худалдаанд оруулж, заримыг нь шаардлагатай байгууллагуудад хүлээлгэн өгнө гэв.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл:
-Засгийн газар тогтоолын төсөл дээр ажиллаж байна. Бид яамд, агентлаг, Засгийн газрын авто баазууд дээр судалгаа хийсэн. Мянга гаруй тээврийн хэрэгсэл судалгаанд хамрагдахад 11 орчим тэрбум төгрөгийн зардал нэг жилд гарч байна. Ангилбал, жолооч нарын цалинд дөрөв орчим тэрбум төгрөг, татварт гурван тэрбум төгрөг, сэлбэгт тэрбум орчим төгрөгийг зарцуулдаг. Мянган машинд судалгаа хийхэд 11 тэрбум төгрөгийн зардал гарсан. Үрэлгэн зардал гэж бид үзэж байна. Төрийн өмчийн компаниудад 10 орчим мянган тээврийн хэрэгсэл байна. Ангиллаар нь судалгаа гаргасан. Засгийн газарт төслөө танилцуулсан. Ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанд оруулахаар бэлдэж байна. Тээврийн хэрэгслийг хэрэглэх журам бий. Үүнийг шинэчлэхээр ажиллаж байна. Жишээлбэл, шинээр машин авахад моторын багтаамж нь хоёр мянгаас доош, зүүн гар талдаа жолооны хүрдтэй, байгальд ээлтэй, хайбрид, газан автомашин авах ёстой, парк шинэчлэлт хийх ёстой гэсэн журам боловсруулж байна. Бид хэмнэлтийн горим барьж байна. Улсын төсөвт автомашин худалдан авах үйл ажиллагааг хориглочихсон. Харин цаашдаа яах вэ гэдэг дээр анхаарч байна.
Автомашины тоо цөөрвөл жолоочийн тоо цөөрнө. Эхний ээлжиндээ бодитоор тав орчим тэрбум төгрөгийн хэмнэлт богино хугацаандаа гарах тооцоо гарсан.
Том оврын машиныг хот суурин газар хэрэглэхгүй байх зохицуулалт хийж байна. Хамгийн багаар бодоход 200 гаруй том оврын жийп төвлөрүүлэх гэж байна. Засгийн газрын автобаазын багтаамжийг судалж байна. Эндээс ангилна. Бололцоотой тээврийн хэрэгслүүдийг дуудлага худалдаанд оруулж, мөнгийг нь улсын төсөвт оруулах ёстой гэж үзэж байна. Мөн шаардлагатай байгууллагууд буюу хууль хяналт, хүчний байгууллагуудад хэрэглэж болох автомашинуудыг шилжүүлнэ. Төрийн албанд, төсөвт байгууллагуудад хэрэглэгдэх автомашины стандартыг шинэчилж байна. Моторын багтаамж өндөртэй автомашиныг хэрэглэхгүй байх, байгальд ээлтэй цахилгаан, хайбрид автомашин авах, тэгэхдээ худалдан авалтыг төвлөрсөн зохион байгуулалттай хийж, бусад оронд хэрэгжүүлж буй сайн жишээнүүдийг хэрэгжүүлнэ.
Холбоотой мэдээ