Нийт 26 сая хүн амтай Шанхай хотод омикроны дэгдэлтээс болж тогтоосон хөл хорио хэзээ дуусах нь тодорхойгүй байна. Хөл хориог гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл тогтоосон ч тодорхойгүй хугацаагаар сунгалаа. Энэ хугацаанд халдварын тохиолдол 170 мянга давсан нь түүхэн дээд хэмжээ юм.
Хөл хорионд орсон оршин суугчид хоол хүнсгүй болж, эрүүл мэндийн наад захын үйлчилгээ авч чадахгүйд хүрсэн тул хот бүхэлдээ эмх замбараагүй байдалтай байгааг “Human rights watch” байгууллага мэдээлэв.
Өвчний шинж тэмдэг илрээгүй боловч халдвар авсан хүмүүсийг тусгаарлаж байсан төвүүдэд хоол хүнс, хангамж тараах ажилтны хүрэлцээ муу байсан тул хүмүүс өөрсдөө хоол хүнснийхээ төлөө тэмцэж, эмх замбараагүй байдал үүсгэж буй бичлэг твиттерт тавигджээ. Тодруулбал, Шанхайн зүүн хэсэгт орших Нанхуй дүүрэгт сургуулийн хотхоныг тусгаарлах байр болгож тохижуулжээ. Энд хангамжаар ирсэн хүнсийг зохицуулж тараах хүн байгаагүй тул хүмүүсийн дунд хүнсийг орхисноор булаалдан шүүрэлцэж байгаа нь энэ юм. Мөн Жиутин дүүрэгт хүмүүс супермаркет тоносон хэрэг гарчээ.
Түүнчлэн тус хотын нэгэн орон сууцны дүүрэгт үймээн гарч буй бичлэг твиттерт тавигдав. Хүмүүс "Өлсөж байна" хэмээн хөл хориог эсэргүүцэж, халдвар хамгаалалтын цагаан хувцастай ажилтнуудын эсрэг тэмцэж буй дүр зураг энд харагдана. Шанхайд ийм хямрал нүүрлэнэ гэж хэзээ ч бодож байсангүй гэж бичлэгийг нийтлэгч өгүүлжээ.
Хорио цээрийн дэглэмийн дагуу хүүхдүүдийг эцэг эхээс нь тусгаарласан нь иргэдийн дургүйцлийг төрүүлэхийн зэрэгцээ НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийг зөрчсөн гэж буруутгагдаад буй. Мөн тусгаарлалтад буй хүүхдүүдэд зохих ёсоор анхаарал халамж үзүүлэхгүй байна гэсэн тайлбартай бичлэг твиттерт нийтлэгджээ. Тодруулбал, 200 гаруй хүүхэд тусгаарлагдаж байхад 10-хан сувилагч тэднийг асарч буй юм байна.
Хоол хүнсгүй болсон иргэд эсэргүүцлээ илэрхийлж, тагтан дээрээ хоосон хөргөгчөө гаргаж ирсэн зураг мөн анхаарал татав. Зарим иргэд жижиг робот болон дроноор хоол хүнсээ зөөлгөж авч байгаа аж.
Эх сурвалж: GLOBAL VOICES, WIONEWS
Холбоотой мэдээ