Хөдөлмөрийн үндэсний намаас /ХҮН/ өнөөдөр /2022.04.13/ мэдээлэл хийлээ.
Тус намын гишүүн Б.Мөнхцэлмэг "Засгийн газар жийп машины хэрэглээг танаж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ өөр хийж болох бодлого, системийн ажлыг Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ хийх ёстой. Жишээ нь, авто замын түгжрэл байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн Тамгын газрыг Их тэнгэрийн ам руу нүүлгэхэд түгжрэл багасах боломжтой. Ийм бодитой шийдлүүдийг хиймээр байна. Жийп машинаа цөөллөө гээд жирийн иргэдийн амьдрал сайжрахгүй. Дарга нарын чинь хулгай зогсохгүй шүү.
Төсвийг хэмнэхийн тулд Засгийн газар илүү бодитой ажил хийх ёстой. Монголбанк гурван дэд ерөнхийлөгчтэй. Нийслэлийн Засаг дарга зургаан дэд даргатай. Мөн 16 дэд сайд бий. Тэд юу хийж байна вэ? Эдгээр албан тушаалтнуудыг цомхотговол тэр тоогоор машины тоо цөөрч, шатахууны зардал буурна. Хууль зүй, дотоод хэргийн яам 6.8 тэрбум төгрөгөөр нисдэг тэрэг авах гэж байна. Тэдэнд жийп машин хангалтгүй байгаа бололтой. Энэ үрэлгэн зардлыг бууруулах хэрэгтэй. ХҮН-аас Баасан гаригт "Туушин" зочид буудалд олон нийтийн дунд хэлэлцүүлэг явуулна. Шийдлийг олж, Засгийн газрыг шаардаж ажиллана" гэлээ.
Мөн ХҮН-ын гишүүд "Энэ жил Монгол Улс түүхэндээ байхгүй 18 их наядын төсөв баталсан. Үүнээс хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад 2.2 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэхдээ хамгийн харамсалтай нь ганц ширхэг хадаасны үйлдвэр барина гэсэн заалт байхгүй. Тэгсэн мөртлөө Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга аймаг, сум, дүүрэг, хороодын цогцолбор барилга барихад 41 тэрбум төгрөг зарцуулахаар байна.
Тухайлбал, Батлан хамгаалах яам 13 тэрбум төгрөгөөр ангийн барилга, тоног төхөөрөмж, Сангийн яам 72 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхийн тулд найман тэрбум төгрөгийг зөвхөн бэлтгэл ажилд зарцуулж байна. Соёлын сайд хөшөө дурсгал, соёлын төв барихад 28.1 тэрбум төгрөг, Уул уурхайн сайд 1.1 тэрбумаар тоног төхөөрөмж, УИХ-ын Тамгын газар компьютер, техник хэрэгсэл авахад 1.4 тэрбум төгрөг зарцуулна гэжээ.
Нэг удаа тэвчиж болох зардлаа хойшлуулах хэрэгтэй. Энэ бүх зардлыг төсөвт 156 тэрбум төгрөгийн хэмнэлт үүснэ. Энэ мөнгөөр 40 цэцэрлэг, 15 сургууль, эсхүл 1500 ортой эмнэлэг барьж болно. Хууль зүй, дотоод хэргийн яам архивын барилга, тоног төхөөрөмж зэрэгт 38.1 тэрбум төгрөг зарцуулж байна. Үүн дээр нэмээд тус яам 6.8 тэрбум төгрөгөөр нисдэг тэрэг авна гэж төсөвт суулгажээ. Өнөөдөр эрх баригч намынханд унаж байгаа том машин нь багадаад, нисдэг тэргээр зугаалах гэж байна" гэв.