Вильярреал шуугиан тарьж, Челси гайхамшиг бүтээх дөхөв

Хуучирсан мэдээ: 2022.04.13-нд нийтлэгдсэн

Вильярреал шуугиан тарьж, Челси гайхамшиг бүтээх дөхөв

Вильярреал шуугиан тарьж, Челси гайхамшиг бүтээх дөхөв

Европын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй, том тэмцээн болох УЕФА Аваргуудын лигийн энэ улирлын шөвгийн найман багийн хариу тоглолтууд өчигдөр /2022.04.12/ эхэллээ.


Байерн Мюнхен 1 – 1 Вильярреал

Нийлбэр дүн 1 – 2

Эхний тоглолт Испанид болоход талбайн эзэд Вильярреал ялалт байгуулан, Германы аваргуудыг сандаргасан. Хариу тоглолт урд шөнө Байерн Мюнхений талбайд өрнөж, 1-1 гэсэн харьцаатай тэнцсэн ч нийлбэр дүнгээр Вильярреал дараагийн шатанд шалгарав. Эхний гоолыг талбайн эздээс Роберт Левандовски оруулж, Германы баг амьсгаа авахтайгаа болсон.

Байерн Мюнхен баг тоглолтын турш өрсөлдөгчдөө илүүрхсэн ч нэмж гоол оруулж чадсангүй. Тоглолтын үндсэн цаг дуусахаас ердөө хоёр минутын өмнө Самуэль Чуквуезе гоолдож, Аллианз аренад хуран цугласан Байерны фанатуудыг чимээгүй болгов.

Шөвгийн найман багийн оноолтын дараа Вильярреалыг дараагийн шатанд шалгарна гэж олон хүн таамаглаагүй нь лавтай. Гэвч Унай Эмеригийн залуус шуугиан тарьж, Европын хүчирхэг багуудын нэгийг хасч чадлаа.

Тоглолтын дараа дасгалжуулагч Унай Эмери “Өмнөх шатанд Ювентустай хийсэн тоглолт бидэнд итгэл найдвар төрүүлсэн. Энэ бас л том тоглолт байлаа. Эхний тоглолтоороо бид өөрсдийгөө хангалттай харуулсан. Бидний хамгаалалт төгс байлаа” гэжээ.

Байерны дасгалжуулагч Юлиан Нагелсманн “Эхний тоглолт л чухал байжээ. Бид тэнд л боломжоо алдчихаж. Тэгэхэд сайн тоглоогүй ч өнөөдөр сайн байлаа. Тактик, тоглолтын хувьд манай багийн сүүлийн хэдэн сард үзүүлсэн хамгийн шилдэг тоглолтуудын нэг энэ байлаа” гэжээ.

Реал Мадрид 2 – 3 Челси

Нийлбэр дүн 5 – 4

Лондонд болсон эхний тоглолтод Реал Мадрид баг Бенземагийн гурван гоолын ачаар талбайн эздийг 3-1 гэсэн харьцаатай хожиж, давуу байдал үүсгэсэн. Челсигийн залуус бараг л биелэгдэшгүй даалгавар биелүүлэхээр Мадридад газардсан. Үүнийгээ ч ухамсарлан тоглолтын эхнээс санаачлагыг гартаа авч, гоолын боломжууд үүсгэж байв.

Тоглолт эхлээд удаагүй байхад Мэйсон Маунт тооны харьцааг нээж, нийлбэр дүнг 2-3 болгосон. Харин хоёрдугаар үед Антонио Рудигер булангийн цохилтоос мөргөж гоолдон, тоглолтын тооны харьцааг 2-0, нийлбэр дүнг 3-3 болгон тэнцүүлсэн. Эндээс бүх зүйл шинээр эхэлсэн.

Хэдийгээр Маркос Алонсо гоол оруулсан ч давталтаас харахад бөмбөгт гар нь хүрсэн учир түүний гоолыг тооцоогүй.

Челсигийн довтолгоо, хамгаалалт 80 дахь минут хүртэл “хийгүй”, төгс байсан гэхэд хилсдэхгүй. 75 дахь минутад Тимо Вернер гоол оруулж, Челси 3-0 гэсэн харьцаатай тэргүүлж эхлэхэд тоглолт дууссан мэт олон хүнд санагдсан биз.

Хожигдож эхэлсэн Карло Анчелотти ээлж дараалан сэлгээ хийсэн нь үр дүнгээ өгч, Лука Модричийн гайхалтай дамжуулалтаар Бразил залуу Родриго гоолдон нийлбэр дүнг тэнцүүлсэн. Тоглолтын төгсгөлд Челсид хоёр ч гоол оруулах боломж олдсон ч Пулишич ашиглаж чадаагүй, нэмэлт цаг гарсан.

Нэмэлт цагт Карим Бензема хийдгээ хийж, баг нь өрсөлдөгчөө нийлбэр дүнгээр ялав. Хэдий Челси уг тоглолтод 3-2 гэсэн харьцаатай хожсон ч нийлбэр дүн 5-4-өөр Реал Мадрид дараагийн шатанд шалгарав.

Реал Мадридын оруулсан хоёр гоолд Кантег буруутгах фанатууд олон байна. Эхний гоол дээр Кантегийн дамжуулсан бөмбөг таслагдсан бол хоёр дахь гоол дээр Кантегийн залхуу гүйлт эсрэг багтаа гоол оруулах боломж олгосон аж.

Тоглолтын дараа Челсигийн дасгалжуулагч Томас Тухель “Гутрах, бахархах хоёр зэрэгцэж байна. Учир нь бид үнэхээр гайхалтай тоглолоо. Хүртэх ёстойгоо хүртэж, дөрвөн гоол орууллаа. Илүү олныг ч оруулах боломж байсан. Азгүй байлаа. Ийм л учраас гутарч байна. Хувь тоглогчийн алдаанаас болж л ялагдлаа” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж