Дорноговь аймаг Мандах суманд "Түмэн инвест айл” компани нүүрсний уурхай барьж, олборлолт хийх гэж байгааг тус аймгийн иргэд эсэргүүцэн тэмцэж эхэлжээ. Тус асуудлаар иргэд цагдаа болон бусад холбогдох байгууллагад хандсан ч одоогоор арга хэмжээ аваагүй байна. Тиймээс БОАЖЯ-наас энэ асуудалтай холбоотойгоор ажлын хэсэг томилжээ. Иргэдийн цахим хуудаст бичсэнээр, тус компани зөвшөөрөлгүй олборлолт хийх гэж байгаа аж. Холбогдох яамнаас асуудлыг шалгаж байж хариу өгнө гэлээ.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "Дорноговь аймгийн Мандах суманд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргатай урьд шөнө ярьж, ажлын хэсэг явуулахаар болсон. Аймгийн Засаг дарга "Захирамж" гаргаж, ажлын хэсэг өглөө 05:00 цагт аймгаас гараад, одоо Сайхандулаан сум орчимд явж байна.
Ажлын хэсгийг Дорноговь аймгийн мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга н.Төмөрбаатар ахалж байна. Мөн БОАЖГ, цагдаа, мэргэжлийн хяналтын албан тушаалтнууд ажлын хэсэгт орсон.
"Түмэн инвест айл" компанийн захиралтай БОАЖЯ-наас холбогдож, ажлын хэсэг ажиллах хүртэл ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байх үүрэг өгсөн. Хариуцлагатай уул уурхайн эхлэл бол эхлээд нутгийн иргэдэд тухайн төслийн үр өгөөж, байгалийн нөхөн сэргээлт, нутгийн унаган иргэдэд ямар ашиг тустай байх талаар урьдчилан ярилцаж, хэзээ бүрэн ойлголцолд хүрсэн үед үйл ажиллагаа эхлэх ёстой. Эс ойлголцвол техник оруулах, хүч хэрэглэхийг хориглодог" гэв.
Дорноговь аймгийн БОАЖГ-тай холбогдож, дээрх асуудлыг тодруулахад “Одоо ажлын хэсэг ажиллаж байна. Компани зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.
Холбоотой мэдээ