Би, Оршихуйн зөрчилдөөн эрх чөлөө рүү тэмүүлсэн үдэш

Хуучирсан мэдээ: 2022.04.13-нд нийтлэгдсэн

Би, Оршихуйн зөрчилдөөн эрх чөлөө рүү тэмүүлсэн үдэш

Би, Оршихуйн зөрчилдөөн эрх чөлөө рүү тэмүүлсэн үдэш

Ганц цагаан шувуу…? Тэр цагаан шувуу хаанаас ирсэн юм бол. Тэгээд хаашаа нисэх бол. Ийн бодсоор тэр ягаан байшин руу орлоо. Хаврын гэгэлгэн үдэш, Дуурийн театрт ганц цагаан шувуу жигүүрээ дэлгэхэд хэдийнэ бэлэн болжээ.

Үзэгчид суудлаа эзэлж, улаан хөшиг нээгдэв. Өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй мэт, аль хөгжмийн урсгалд хамаарах нь тодорхойгүй хачин жигтэй ая нүргэлэнэ. Саяхан хүлээлгийн танхимд халуун яриа өрнүүлж, догдлол дүүрэн байсан үзэгчид нам гүм. Тэдний бодлыг харанхуй нөмрөөд авах шиг. Тэр харанхуйг зүсэн ганц цагаан шувуу эрх чөлөө рүү дүүлэн нисэх мэт.

Улаан, цагаан гэрэл анивчин "Энд хэн байна? Чи хэн бэ?" гэж шувуу жиргэв. Хүн шувууны, шувуу хүний хэлээр дуулна.

Моно дуурь ганц дүртэй, хөгжүүлгийн гол үүргийг симфони найрал хөгжим гүйцэтгэдэг аж. "Ганц цагаан шувуу" моно дуурь эхнээсээ ч үзэгчдийг гайхшруулж эхэлсэн.  Танхимд ганц шувуу л дуулсаар, жиргэсээр. Цагаан шувуу "Би, Оршихуй" гэх хоёр дүрд хувирч дуулах агаад эрх чөлөө, дотоод сэтгэлийн чухлыг өгүүлэх. Эрх чөлөө, эрх чөлөө мандтугай. Хүн шувуу шиг дүүлэн нисэхийг шувуу хүн шиг ярихыг хүсдэг байх.

Шувуу дотоод хүнтэйгээ тэмцэлдсээр, үзэгчдийн анхаарлыг ганц хором ч өөр зүйлд сатааруулсангүй. "Миний тэнгэрт ганц цагаан шувуу нисч байна" гэж мөрөөдөх хүн шувуу гэнэт дуугаа өөрчилж "Чиний харсныг би харахгүй байна" хэмээн зандарсан хоолойгоор дуулна. Дуурь эгшиглэх тусам үзэгчид хариултгүй асуулттай үлдсээр. Тэр хариу гаань зөвхөн сэтгэлд дэх шувуудаасаа хайсаар.

Монголын дуурийн урлагт цоо шинэ хуудас нээж буй "Ганц цагаан шувуу" моно дуурь өчигдөр /2022.04.12/ УДБЭТ-ын тайзнаа ганцхан удаа тоглогдлоо. Тус дуурийг нэрт найруулагч агсан Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулганы гэгээн дурсгалд зориулан бүтээжээ. 2014 оноос хойш нийтдээ найман жилийн нөр их хөдөлмөр шингэсэн бүтээлийг үзэхээр ирсэн сонгодог урлагт дурлагч олон чуулсан байв.

"Ганц цагаан шувуу" моно дуурийг үзэхээр догдлон хүлээж буй үзэгчид тоглолт эхлэхээс 30 гаруй минутын өмнө иржээ. Урлагийн нэр бүхий одод, судлаач шүүмжлэгч нар, урлагт хайртай хүн бүхэн хүлээлгийн танхимд яриа өрнүүлэн зогсоно. Сонгодог урлаг эрхэмсэг тансаг оршихуйн гайхалтай бэлгэдэл учир үзэгчид боловсон хувцасласан нь нэн таатай.

"Ганц цагаан шувуу" моно дуурийн талаар таамаг дэвшүүлсэн хүмүүс олон байлаа. Тэд эрх чөлөө, би, оршихуйн тухай нэгэнтэйгээ санал солилцоно. Бүгд уншиж мэдсэн, мэдэрсэн мэдрэмж бүрээ ярилцах нь сонирхолтой байв. "Моно дуурь бол ганц хүний дуурь. Ганц л хүн жүжгийн явцад дуулна, жүжиглэнэ. Өнөө үед хүн өөрийн дотоод ертөнцөө танихаа больчихсон. Нийгэм хэр хурдтай хөгжинө тэр хэрээр хүн дотоод хүнээсээ холдож буй. Зөвхөн харагдах байдлаар нь бусдыг дүгнэдэг болчихсон гэх мэт сэтгэлгээний асуудлыг хөндөж буйгаараа "Ганц цагаан шувуу" моно дуурь онцлог" хэмээн тус дуурийн хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл хэлэв.

"Анх удаа олны хүртээл болж буй тус дуурьд тоглоно, маш их сандарч байна. "Ганц цагаан шувуу" моно дуурьд тоглохоор болсондоо баяртай байсан, бас нэг талаараа азтай гэх ч юм уу. Бэлтгэлийн хугацаанд тольтой харьцах гээд өөрөө өөртэйгөө маш их ярилцсан" гэж "Ганц цагаан шувуу" моно дуурийн гоцлооч, УДБЭТ-ын гоцлол дуучин Э.Отгонбат ярилаа.

Дэлхийд ганцхан гэгдэх "Чингис хаан" дуурь, "Учиртай гурван толгой" дууриуд шинэ олон жүжигчний найрал дуу жүжиглэлт байхгүй ч УДБЭТ-ын тайзыг эзэгнэх баритон хоолойн өргөн цар хүрээ үзэгчдийг улам ихээр татна. Танхим нам гүмд нэгэнт уусчээ. Үзэгчдийн дунд утас дуугарах, олны урдуур босч явах гэх мэт боловсон бус үйлдлүүд огт гараагүй билээ. Өнөөгийн нийгэмд хүн бүр жинхэнэ өөрийгөө багны ард нуусан. Дотоод жинхэнэ сэтгэл зүрхээ нээж, гэрэл гэгээ өөд тэмүүлэлгүй явж буй хүмүүс олон. Бид нийгмийн ямар нэг шаардлагын улмаас дотор буй эрх чөлөө буюу ганц цагаан шувууг дураар цэнгэн нисгэдэггүй аж хэмээн бодогдов.

Дуурийн зөрчил зөвхөн өөрийн дотоод сэтгэл, оршихуй хооронд өрнөнө. Магадгүй бидний сэтгэл хэмээх тэнгэрлэг оршихуйн бэлгэдэл ганц цагаан шувуу л сэтгэлийн хаалгыг нээж, эрх чөлөө рүү хөтөлдөг байх. Бүтэн нэг цагийн турш өрнөсөн зөрчилдөөн эрх чөлөөгөө сул тавьсан аятай дуурь өндөрлөлөө. Дуурь дуусч үзэгч бүр дотроо өөрийн цагаан шувуу болох эрх чөлөөг эрэн хайх, жинхэнэ өөрийгөө нээх, гэгээ бүхэн рүү тэмүүлэх санааг дотроо тунгаасан биз ээ.

Бүтэн нэг цаг урлагийн цоо шинэ ертөнцөөр аялсандаа үзэгчид сэтгэл хангалуун байлаа. Алга ташилт, урмын үгсээр танхим нүргэлнэ. "Орчин үеийн дуурь онцгой төрөл буюу сюрреалист хэлбэрээр бүтээгдсэн нь хөгжмийн зохиомжийн хувьд шинэлэг байлаа. Уран бүтээлч баг, тайзны шийдэл онцгой санагдлаа" хэмээн З.Энхмөнх хэлэв.

Монголын Урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл хэлэхдээ "Моно дуурь Монголд анх удаа тавигдаж буй. Урлагийн зөвлөлийн хувьд 20 жилийнхээ ойн хүрээнд тус жүжгийг дэмжин оролцож байгаад таатай байна. Дуурийн хувьд Монголын өнөөгийн нийгмийн өнгө төрх илэрхий харагдав уу хэмээн дүгнэж байна. Тайз засал, симфони найрал хөгжмийн хувьд шинэлэг байж чадлаа. Мөн өвөрмөц, содон мэдрэмж дүүрэн байлаа гэв.

Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж