"Ардын элч"-ийн дүрээс аавын өрөвч зөөлөн сэтгэл мэдрэгддэг"

Хуучирсан мэдээ: 2022.04.13-нд нийтлэгдсэн

"Ардын элч"-ийн дүрээс аавын өрөвч зөөлөн сэтгэл мэдрэгддэг"

"Ардын элч"-ийн дүрээс аавын өрөвч зөөлөн сэтгэл мэдрэгддэг"

"Ардын намын жанжин намайг амьд яваг. Төрд хэрэгтэй зайран гэх юм. Эдний үйлс бүтнэ ээ" хэмээн "Өглөө" киноны эхлэл хэсэгт Дүйнхэр зайран өгүүлдэг. Тэртээ 1968 онд бүтээсэн Монголын уран сайхны киноны энэ л дүр өнөөг хүртэл үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшиж, мөнхөрсөн. Гол роль гэлтгүй жижиг дүрийг ч хэрхэн урлаж, сийлж, бүтээж болдгийг яруу тодоор харуулсан алтан үеийн уран бүтээлч бол Дэндэвийн Чимэд-Осор. Урлагийнхан түүнийг "Өвгөн Шукарь" хэмээн авгайлж дурсана. Энэ удаагийн “Мартагдашгүй танил” буландаа түүний дунд хүү Ч.Болдтой ярилцаж, аавынх нь амьдрал, уран бүтээлийн тухай дурсамжаас хуваалцлаа.


-Аавын тань ардын армийн байлдагчаас Ардын жүжигчин болсон түүх их сонирхолтой санагдсан. Энэ тухай ярьж өгөөч?

-Аав маань анх жүжигчин болно гэж "Бөмбөгөр ногоон" театрт очоогүй юм билээ. Хужирбуланд цэргийн алба хааж байхдаа морин зарлага хийж байсан гэдэг.  1936 онд цэргээс халагдаад, нутаг буцахаасаа өмнө хот хүрээ сонирхоод явж байтал Улсын төв театрт “Зарлага ажилд авна” гэсэн зар олж харжээ. Хамгийн гол нь унадаг дугуйтай зарлагын ажил гэдэг нь аавын сонирхлыг ихэд татсан аж. Өмнө нь зарлагын ажил хийж байсан учраас ажлаа мэднэ, дээрээс нь  дугуй унаж үзнэ гэдэг сайхан санагдаж л дээ. Тэгсэн тэр үед яагаад ч юм хувь тохиолоор жүжигчин элсүүлж байхтай таарч, шалгуулжээ.

Шинэ жүжnгчин шалгаж авч байсан театрын хүмүүс, “Та зуны халуун өдөр хонь хариулж байгаад хэсэг дуг хийнэ. Тэгтэл гэнэт толгой дээр чинь хэдгэнэ ээрээд, үргээж буй хэсгийг тоглож үзүүл” гэжээ. Аав гайхан “Энд хонь, хэдгэнэ байхгүй байна шүү дээ” гэхэд “Та хонь, хэдгэнэ байгаа гэж бодож төсөөлөөд, үзүүл" гэж. Тэгээд бодож байгаад уг зүйлийг дүрслэн хийж үзүүлтэл болсон юм байлгүй театрт зарлагын ажилд бус туслах жүжигчнээр авсан гэдэгсэн.

-Тухайн үед хэдэн настай байсан юм бэ?

-Аав маань 1912 онд төрсөн хүн. Тэгэхээр театрт орох үедээ 24 настай байж. Нарийндаа анх жүжигчин болохоор театрт очоогүй. Амьдралын сонин хувь тохиолоор жүжигчин болсон гэж амьд сэрүүн байхдаа ярьдаг байсан.

-Цэргээс халагдаад удаагүй залуухан жүжигчний анхны дүр цэргийн дүр байсан гэдэг?

-Тийм шүү. Театрт бүтээсэн анхны гол дүр нь Ши.Аюушийн зохиол “Яг арван найм” жүжгийн Ойдовын дүр байсан. 1937 онд тайзнаа тавьсан уг жүжигт ядуу лам байгаад цэрэгт татагдан боловсорч цэргийн дарга болж байгаа залуугийн дүрийг бүтээсэн. Цэргээс халагдаад хагас жил гаруйхан болсон аавд маань тэрхүү дүр илүү наалдацтай байсан биз. Найруулагчийн ур ухаан гэж байна. Театрт байгаа аль залуу хүнээ л тийм дүрд тоглуулна шүү дээ. Аав тухайн үед цэргээс халагдаад удаагүй, алхаа гишгээ нь хүртэл хэвээрээ байсан учраас цэргийн дүрд тоглуулсан байх.

Мөн кинонд бүтээсэн анхны дүр нь 1940 онд Ш.Гонгор баатрын тухай өгүүлэх “Анхдугаар хичээл” уран сайхны кинонд холбоочин цэргийн дүрд тоглосон байдаг юм.

-Төрсөн өдрөөсөө гадна анх театрын тайзнаа гарсан өдрөө хүндэтгэн, тэмдэглэдэг байсан гэж дуулсан?

-Аав маань Архангай аймгийн Өлзийт суманд 1912 оны цагаан сарын үеэр төрсөн юм гэдэг. Улсын төв театрт орсны дараа анх тайзнаа гарсан өдөр нь есдүгээр сарын 16-ны өдөр байж. Тухайн үед Ши.Аюушийн зохиол “Арван таван настай Адъяа” жүжгийн олны хэсэгт анх тайзнаа гарч тоглосноо бэлгэшээн,  “дахин төрсөн өдөр минь” хэмээн ёслон тэмдэглэдэг байсан.

Бид сүүлд “Аав бас их сэргэлээн. Жилд хоёр удаа төрсөн өдрөө тэмдэглэдэг хүн манай ааваас өөөр байхгүй байх аа” бид цаашлуулдаг байж билээ.

-Нэрт жүжигчин Д.Чимэд-Осорыг үзэгчид тайз, дэлгэцийн олон дүрээр нь мэднэ. Жүжигчнээс гадна кино зохиолч, найруулагчаар ажилласан бүтээлүүдээс дурдвал?

-Манай аав тайз болон дэлгэцнээ нийт 120 гаруй дүр бүтээсэн байдаг. Үүнд, кинонд 50 орчим, тайзнаа 85 орчим дүр бий. Энэ дунд гол дүр ч бий, туслах дүр ч байгаа. Ер нь анх 1936 онд театрт ороод 1960 он хүртэл Улсын драмын театрын жүжигчнээр ажилласан. 1948-1950 онд Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт анхны уран сайхны удирдагч, найруулагчаар очиж, Ч.Ойдовын зохиол “Зам” гэдэг жүжгийг тавьж, хөшгийг нь татаж байсан.

1950-1953 онд Улсын хөгжимт драматик театрт жүжигчин, 1953-1956 онд өөрийн төрсөн нутаг Архангай аймгийн Соёлын ордонд найруулагч, уран сайхны удирдагч, 1956-1960 онд Улсын хөгжимт драматик театрт жүжигчин. Тэгээд  1960 оноос “Монгол кино” үйлдвэрт жүжигчнээс найруулагч хүртэл дэвшин ажилласан.

Аав маань ерөнхий найруулагчаар нь ажилласан таван кино бий. Үүнд, 1961 онд Ц.Дамдинсүрэнгийн зохиолоор “Гологдсон хүүхэн”, 1963 онд Д.Намдагийн зохиолоор “Нүгэл буян”, 1965 онд Л.Түдэвийн зохиолоор “Зэрэг нэмэхийн өмнө”, 1974 онд өөрөө зохиолыг бичиж, найруулсан “Тамирын охин”, 1976 онд өөрөө найруулж, гол дүрд нь тоглосон “Хонины найр” кино юм.

-Уран бүтээлчид Д.Чимэд-Осор бол жижиг гэлтгүй дүрийг маш чимхлүүр урлаж, ард түмний сэтгэлд мөнхөрсөн гэж хэлдэг. Аавынх нь ихэнх дүр туслах байдаг уу?

-Нэг юмыг онцолж хэлэхэд би урлаг судлаач биш. Миний мэргэжил бас сэтгүүлч. Тийм учраас би хүүхэд нь, үзэгчийн хувьд хэлэхэд аавын ихэнх дэлгэцийн дүр туслах дүрүүд байдаг. Жишээлбэл,  “Ардын элч” киноны дэд буудлын эзэн хятад эрийн дүр гэхэд киноны төгсгөлд ганцхан удаа гараад өнгөрдөг шүү дээ. Тэгсэн мөртлөө үзэгчдийн сэтгэл маш сайхан хоногшиж үлдсэн. “Төөрсөөр төрөлдөө” киноны Цэдэвийн дүр бас л зурвасхан гардаг.

“Өглөө” киноны эхлэл хэсэгт Дүйнхэр зайран ганц удаа л гардаг мөртлөө “Төрд хэрэгтэй зайран” гэж үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдсэн.

Бүр онцолбол, Оросын нэрт зохиолч М.Шолоховын “Сэтгэлийг шинэтгэсэн нь” жүжгийн Шукарийн дүр байна. Энэ дүрд манай аав ганц удаа л тоглож, насан туршдаа “өвгөн Шукарь” гэдэг нэрээрээ мөнхөрч үлдсэн. Тэр чинь 1959 онд гарсан кино гэхээр 47 настай байж.

-Урлагийнхан одоо ч “Өвгөн Шукарь” гэж авгайлдаг?

-Тийм ээ. Хасар Жагаа гэдэг шиг. Би одоо ч урлагийн ахмадуудтай ярихдаа “Чимэд-Осорын хүү” гэхгүй “Шукарийн хүү байна” гэдэг. Тэд маань “Манай багшийн хүүхэд” гээд сүрхий.

-Үзэгчид аавынх нь хувийн амьдралын талаар төдийлөн мэдэхгүй байж магад. Үр хүүхдүүд нь одоо хаана юу хийж байгаа бол?

-Манайх эцэг эхээсээ наймуулаа. Амьдралын жамаар одоо дөрвүүлээ л үлдсэн. Гурван хүүгээс нь дунд хүү миний бие амьд сэрүүн үлдсэн. Ах дүү хоёр маань бурхан болсон доо.

Би уран бүтээлч болоогүйдээ харамсдаггүй. Яагаад гэвэл урлагт арын хаалга байдаггүй. Бид тэрийг багаасаа маш сайн ойлгож өссөн. Аавын буянаар урлагийн сургуульд орж болох байсан ч тийм зам сонгоогүй. Хүнд бурхнаас заяасан авьяас, байгалийн өгөгдөл гэдэг юм заавал байх ёстой юм билээ. Би хувьдаа жүжигчин болоогүйдээ баярладаг. Тэрний оронд сайхан урлагийг ойлгож, хүндэлж, биширдэг үзэгч байсан нь дээр гэж боддог. Тэр нь илүү жаргал шүү дээ.

-Таны аав, ээж хоёрыг хожуу танилцаж, ханилсан гэж дуулсан?

-Манай аав ээжээс 20 ах хүн шүү дээ. Ээжээс өмнө хоёр ч хүнтэй гэр бүл болсон боловч хоёулаа залуугаараа бурхан болсон. Ганц бие олон жил явж байгаад сүүлд Архангай аймагт Соёлын ордны найруулагчаар ажиллаж байхдаа ээжтэй минь танилцаж, амьдралаа холбосон. Ээж маань оёдолчин хүн л дээ.

-Аавынхаа энэ олон сайхан дүрүүдээс аль дүрд нь илүү хайртай вэ?

-Мэдээж бүгдэд нь хайртай. Та өөрөө “Хүний сайхан сэтгэл” кинонд нь дуртай болоод асуугаад байх шиг байна. Аавын маань тоглосон бараг бүх л кино нь жил бүр зурагтаар гардаг. Би аавтайгаа байнга уулздаг. Өчигдөрхөн л гэхэд зурагтаар “Ардын элч” кино нь гарч байна лээ. Би аавынхаа дэлгэцнээ бүтээсэн “Ардын элч” киноны дэн буудлын эзэн болох луухааны дүрд нь илүү хайртай.

Монгол нутагт цагаачлан амьдарч байгаа хоёр хятад эр гардаг даа. Нөгөөх нь “Цогт тайж” киноны Лигдэн хаанд тоглодог БНМАУ-ын Гавьяат жүжигчин Д.Бат-Очир гуай. Ариунааг Дүлзэнгээс нууж гаргадаг сайхан сэтгэлтэй, тусч тэрхүү дүрээс нь аавын минь өрөвч зөөлөн сэтгэл илүү мэдрэгддэг. Аавын минь зан төрхийг нэлээн тод гаргасан юм болов уу. Энэ дүр нь гарахад сэтгэл хөдлөөд, сонин болдог шүү.

-Гэр бүлдээ кино зураг авалтын сонин сайхнаас ярьдаг байв уу?

-Олон сайхан дурсамж бий. Шулуухан хэлэхэд аав гэртээ байхдаа, бидэнд нэг их  айхтар уран бүтээл ярихгүй ээ. Хамгийн гол нь бусдын адил эцэг хүн шиг л хүүхдүүдтэйгээ харьцана. Манай аав сайн тогооч шүү. Жаахан материалаар час хийсэн хоол хийнэ. Олон хүүхэдтэй айлын гутлын өсгий нь тэсэхгүй салчихна. Тэр болгоныг аав маань хадаж өгнө. Өөрөө тусгай багажны хайрцагтай.

Хүүхдэд их хайртай. Кино хальсны хайрцаг дүүрэн ээрүүл шиг тоглоом бэлдэж, орж гарсан хүүхдүүдэд өгнө. Өөрөө орныхоо хажууд шүүгээтэй. Хүүхэд орж гарахаар тэнд хадгалсан чихэрнээсээ атгаж өгнө. Байрны маань байцаанууд “Чимэд-Осор өвөөгийн чихрийг иднэ” гэж их орж ирнэ ээ. Тэр хүүхдүүд одоо том болсон  ч дурсан ярьдаг юм.

-Аавынх нь мэндэлсний 110 жилийн ойд зориулсан “Төрд хэрэгтэй зайран” үзэсгэлэнг харахад монгол  киноны түүх тэр чигээрээ багтжээ. Архив бүрдүүлбэл чамгүй юм гарч ирэх байх?

-Аав маань их нямбай хүн байсан. Аавын уран бүтээлийн архив буюу хурааж хумисан кино, жүжгийн зохиол, гэрэл зургууд, тэмдэглэлийн дэвтэр, шүлэг энэ тэр нь чигээрээ надад үлдсэн. Нэг алимны хайрцганд дүүрэн хийсэн хуучин сонин сэтгүүлийн хайчилбар, гар бичмэл, гэрэл зургууд. Би тэрийг хаяж үрээгүй. Хүүгийн хувьд харин арвижуулсан даа. Аавынхаа мэндэлсний 90, 100 жилийн ойгоор нь Монголын Театрын музейд үзэсгэлэн гаргасан. Төрсөн нутагт нь хөшөө босгож, Б.Нагнайдорж найруулагчид захиалан баримтат кино хийлгэсэн. Амьдрал, уран бүтээлийнх нь тухай өгүүлсэн хоёр боть ном хэвлүүлж гаргасан. Энэ бүхнийг өөр дээрээ байлгаад яах вэ гээд 2020 онд аавынхаа бүх архивыг Үндэсний төв архивт хүлээлгэж өгсөн.

Учир нь олон хүн аавын минь уран бүтээлийг судалж үзээсэй, танилцаасай гэж бодсон. Ямар нэгэн төлбөр төлөхгүй. Зарим олны танил хүмүүсийн ар гэрийнхэн тусгай төлбөртэй, эсвэл “Тавин  жилийн дотор нийтэд танилцуулахгүй, зөвхөн үр хүүхэд, ач зээ нар нь үзэж танилцаж болно” гэсэн янз бүрийн хатуу болзол гэрээтэй хүлээлгэж өгсөн тохиолдол байдаг.

Харин би тэгээгүй. “Ардын жүжигчин Д.Чимэд-Осорын амьдрал, уран бүтээлтэй танилцья” гэсэн урлаг судлаачид болон СУИС-ийн оюутнууд, сэтгүүлчид зэрэг ямар ч ажил мэргэжлийн, сонирхсон хүн манай аавын архивтай танилцахад чөлөөтэй. Хэн ч очоод танилцахад нээлттэй гэсэн үг.

Гэрэл зургийг Б.МӨНХТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
55
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж