Арабын хавар дахин давтагдах вий!

Хуучирсан мэдээ: 2022.04.13-нд нийтлэгдсэн

Арабын хавар дахин давтагдах вий!

Арабын хавар дахин давтагдах вий!

Египет улсын иргэд 2011 онд ерөнхийлөгч Хосни Мубаракийг огцрохыг шаардан жагсаж байв. Тухайн үед улаанбуудай тэргүүтэй өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадсанаас болж, улс орон туйлдаа хүрчээ. Энэ явдлаас хойш даруй 10 жилийн дараа дахин хүнсний үнэ өслөө. Гэхдээ энэ удаад цөөн хэдэн улсаар тогтсонгүй, дэлхий даяараа үнийн өсөлтийн шуургад өртөж байна гэхэд хилсдэхгүй.

Цар тахал, цаг агаарын таагүй байдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүчин зүйлс дээр Орос, Украины дайн нэрмээс боллоо. Нөхцөл байдал улам дордож, хүнсний үнэтэй зэрэгцээд шатахууны үнэ хаданд гарав.

Шри Ланка, Пакистан, Перу улсуудад өнгөрсөн долоо хоногт эмх замбараагүй байдал үүсэв. Тодруулбал, Шри Ланкад байгалийн хий болон бусад өргөн хэрэглээний барааны хомсдолоос болж эсэргүүцлийн жагсаал өрнөж байна. Пакистаны хувьд инфляци хоёр оронтой тоонд хүрснээр ерөнхий сайд Имран Хан албан тушаалаасаа огцроход хүрэв.

Перу улсад шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэйгээр засгийн газрын эсрэг жагсаал болж, зургаан хүний амь үрэгдэв. Гэхдээ улс төрийн мөргөлдөөн зөвхөн эдгээр улсуудаар хязгаарлагдахгүй. Монгол Улсад хүртэл үнийн өсөлтийг эсэргүүцсэн тайван жагсаал өнгөрсөн долоо хоногт болов.

АРАБЫН ХАВАР


2010 оны сүүлээр Тунисаас эхэлж, Ойрхи Дорнод болон Хойд Африкийг хамарсан засгийн газрын эсрэг жагсаалыг "Арабын хавар" гэж олон улсад нэрийддэг. Тухайн үед хүнсний үнийн индекс 106.7-оос 131.9 болж өссөнийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас тогтоосон.

Авлига, эдийн засгийн зогсонги байдалд хариу арга хэмжээ авах зорилготой уг жагсаал Ливи, Египет, Йемен, Сири, Бахрейн зэрэг орнуудад үргэлжилж, удирдагчдыг огцруулж байв. Мөн Морокко, Ирак, Алжир, Ираны Хузестан, Ливан, Иордан, Кувейт, Оман, Судан зэрэг орнуудад гудамжны жагсаал хэлбэрээр үргэлжилсэн.

Тэмцлийн хурц хэлбэрт хүрэлгүй тайван жагссан орнуудад Жибути, Мавритани, Палестин, Саудын Араб орно. Энэ мэтчилэн эсэргүүцлийн жагсаал Арабын ертөнцийн ихэнх хэсгийг хамарсан тул "Арабын хавар" гэж нэрлэжээ. Улс орнуудын нөхцөл байдал харилцан адилгүй мэт боловч том зургаар нь харвал улаанбуудайн үнийн өсөлт асуудлын гол цөм байсан.

Өнөөдөр нөхцөл байдал тэр үеийнхээс ч дорджээ. Ойрмогхон дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнэ дээд амжилт тогтоов. НҮБ-ын ХХААБ-аас өнгөрсөн Баасан гаригт нийтэлсэн хүнсний үнийн индексийг харвал гуравдугаар сард өмнөх сараасаа 13 хувийн өсөлттэй байжээ.

ОРОС БА УКРАИН – ДЭЛХИЙН ХҮНСНИЙ БАНК


НҮБ-аас гаргасан тооцоогоор Орос, Украин хоёр дэлхийн хэмжээнд тариалж буй нийт үр тарианы зургаан хувийг үйлдвэрлэдэг. Харин олон улсын худалдааны төвийн мэдээлснээр, улаанбуудай, эрдэнэшиш, овъёос, арвай зэрэг үр тарианы экспортын 16 хувийг мөн хоёр улс эзэлдэг аж. Эдгээр үр тариа нь хүмүүсийн хоол хүнснээс эхлээд малын тэжээл болдог.

Түүнчлэн Украинд дэлхийн наранцэцгийн тосны тэн хагасыг үйлдвэрлэдэг. Улаанбуудай, эрдэнэшиш, ургамлын тосны томоохон экспортлогч Украинд дайн дэгдээд буйгаас гадна ОХУ-д тавьсан хатуу хориг арга хэмжээнээс үүдээд ирэх саруудад үнийн өсөлт улам нэмэгдэх төлөвтэй байна. Украины улаанбуудай, эрдэнэшишийн экспортын 40 хувь нь өлсгөлөнгийн асуудалтай нүүр тулаад буй Ойрхи Дорнод, Африк руу чиглэж байна.

Өнгөрсөн сард халдлага гарснаас хойш улаанбуудайн үнэ 21 хувь, арвайн үнэ 33 хувь, зарим бордооны үнэ 40 хувиар өссөн байна. Хүнсний хямралтай зэрэгцээд эрчим хүч, нүүрс, байгалийн хийн үнэ өслөө. Мөн дэлхийн зах зээлд нефтийн үнэ жилийн өмнөхөөс бараг 60 хувиар өндөр байна. Эрвийх дэрвийхээрээ тэмцэж буй засгийн газрууд олон байгаа ч 2008 оны санхүүгийн хямрал болон цар тахлаас болж их хэмжээний зээл авсан шархаа хараахан нөхөж дийлэхгүй байгаа аж.

Эдийн засгийн өсөлт удааширч, улс орнуудын мөнгөн тэмдэгтэд сөргөөр нөлөөлж, өр төлбөрөө төлөхөд улам хүндрэлтэй болсоор байна. Хамгийн ядуу орнуудын 60 орчим хувь Орос, Украины дайнаас ч өмнө өрийн дарамтад орсон буюу эрсдэл өндөртэй байсан гэж Дэлхийн банкнаас мэдээлэв.

Дэлхий дахинд хүнсний үйлдвэрлэлд илүү их хөрөнгө оруулалт хийх нь хүнсний хямралыг шийдвэрлэх нэг арга зам гэж “CNN” онцолжээ. Жишээлбэл, АНУ-д дотоодын тариаланчдад олгодог засгийн газрын татаасыг өөрчилж болно гэв. Мөн үр тарианы үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд аж ахуйн нэгжүүдэд санхүүжилт, тоног төхөөрөмж, ажиллах хүчний шууд хөрөнгө оруулалт хийх боломжтой. Дараагийн нэг чухал алхам бол хог хаягдлыг багасгах гэжээ. АНУ-ын хувьд гэхэд л хүнсний хангамжийн 30-40 хувь нь дэмий үрэгдэж байна гэсэн судалгаа байдаг аж.

НҮБ-аас гаргасан Тогтвортой хөгжлийн хоёрдугаар зорилтод 2030 он гэхэд өлсгөлөнг үгүй болгоно гэсэн. Гэвч өнгөрсөн оны тайлангаас харахад энэ зорилго биелэх боломжгүй харагдаж байна. 2021 оны дундуур хэвлэгдсэн тайланд дурдсанаар, 2020 онд 720-811 сая хүн өлсгөлөнд нэрвэгджээ. Өнөөдрийн байдлаар 93 орны 957 сая хүн идэх хоолгүй байна гэж НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн тайланд дурдав.

Эх сурвалж: CNN, WIKIPEDIA, UN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж