Талх, боорцогны үнэ 200-1500 төгрөгөөр нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2022.04.13-нд нийтлэгдсэн

Талх, боорцогны үнэ 200-1500 төгрөгөөр нэмэгджээ

Талх, боорцогны үнэ 200-1500 төгрөгөөр нэмэгджээ

Иргэд талх, нарийн боовны үнэ нэмэгдэж байгаад бухимдаж буйгаа цахим хуудсаараа дамжуулан илэрхийлэв. Худалдан авагчид үнэ нэмэгдсэн шалтгааныг тодруулахад борлуулагчид "Хил гааль хаалттай, бензиний үнэ нэмэгдсэн" гэх тайлбар хэлж байгаа аж. Тиймээс томоохон үйлдвэрүүдээс гурилын үнэ нэмэгдээгүй байхад яагаад бүтээгдэхүүний үнээ нэмсэн талаар лавлалаа. Мөн зах, худалдааны төвд талх, нарийн боовны үнээ сүүлийн долоо хоногт хэдэн төгрөгөөр нэмсэн болохыг тодруулав.

Үндэсний үйлдвэрлэгчид угтаа үнээ нэмэх шаардлага байхгүйг иргэд хэлж буй. Харин үйлдвэрлэгч компаниуд "Бүтээгдэхүүний үнээ нэмэхгүй бол үндсэн зардлаа нөхөх боломжгүйд хүрнэ" гэлээ.

ТОМООХОН ГУРВАН ҮЙЛДВЭР ЭНЭ САРД ТАЛХ НАРИЙН БООВНЫ ҮНЭЭ 200-650 ТӨГРӨГӨӨР НЭМЖЭЭ

Иргэдийн амьдралд татвар, шимтгэл зэрэг татаас өндөр байгаагаас гадна хэрэглээний барааны үнэ өдөр ирэх бүрд өсч байгаа нь дарамт болж байна. Тиймээс өнгөрсөн долоо хоногт иргэд гурав хоног төв талбайд жагсч эсэргүүцлээ илэрхийлсэн. Хэдийгээр жагсагчдын шаардлагын дагуу Засгийн газар арга хэмжээ авч, өргөн хэрэглээний барааны үнийг хуулиар барина гэдгээ мэдэгдээд байгаа ч одоогоор шийдэлд хүрээгүй. Харин ч эсрэгээрээ дотоодын үйлдвэрлэгчид энэ мэдэгдлийн дараа бүтээгдэхүүний үнээ тодорхой хэмжээгээр нэмсэн. Тухайлбал, гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ огцом өсөв.

Гурилын үнэ он гарснаас хойш нэмэгдээгүй. Харин гурилан бүтээгдэхүүний үнэ сүүлийн гурван сарын хугацаанд хоёр удаа нэмэгджээ.

Худалдаачдын хувьд татан авалтын үеэр зөвхөн борлуулагчтай харьцдаг. Үүнээс болж санал, гомдлоо хэлж чадалгүй бараагаа хүлээж авдаг байна. Хэдийгээр зах зээл дээр өрсөлдөөн шударга, нээлттэй явагдах ёстой ч иргэдийн амьдралд үйлдвэрлэгчид дарамт үзүүлж болохгүй. Эдийн засаг өдрөөс өдөрт хямарч, иргэний төдийгүй улс орны амьдралд нөхцөл байдал ямар байгааг хүн бүхэн харж байна. Дөрөвдүгээр сар гарснаас хойш "Өгөөж", "Талх чихэр" зэрэг үйлдвэрүүд талх, боорцогны үнээ нэмсэн бол өмнө нь "Жинтуул" ХХК боорцогны үнээ 1500-3500 төгрөгөөр нэмжээ. Энэ бүхэн үйлдвэрийн дотоод асуудалд тооцогддог учир хяналтын байгууллагууд шалгадаггүй аж. Угтаа бол энэ нь нэг иргэний бус, нийтийн эрх ашигтай хамаатай асуудал.

Үйлдвэрлэгч боорцогны үнээ нэмсэнд иргэд бухимдах шаардлагагүй гэж зарим хүн үзэл бодлоо илэрхийлжээ. Гэвч хямралын үед цалин нэмэгдээгүй байхад хэрэглээний барааны үнэ сар сараар нэмэгдэж байхад иргэд бухимдах нь аргагүй биз.

ГУРИЛААС БУСАД БҮХ ОРЦ, ТЭЭВЭРЛЭЛТИЙН ЗАРДАЛ НЭМЭГДСЭН УЧИР ҮНЭД ШИНГЭЭСЭН

Бид үйлдвэрлэгч компаниудтай холбогдож, нарийн боовны үнэ яагаад нэмэгдсэн талаар тодрууллаа. Аж ахуйн нэгжүүдийн хэлж байгаагаар боорцогны орц, найрлагад ордог гурилаас бусад бүх бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн учир үйлдвэрлэгч тэдгээр зардлыг шингээхээс өөр аргагүй болсон гэв.

Орц найрлагад нь олон зүйл ордоггүй талхны үнийг асуухад “Шатахууны үнэ нэмэгдэж, тээвэрлэлтийн зардал өмнөхөөс өссөн. Тиймээс талх, боорцог бүх төрлийн бүтээгдэхүүнд энэ нэмэгдлийг тусгасан. Хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдвэл асуудал болох учир энэ сарын 1-нээс тараалт дээр танилцуулаад явсан” гэлээ.

Энэ мэдэгдлээс харвал иргэд дотоодын үйлдвэр эрхлэгчдийг дэмжихийг мянга хичээсэн ч компаниуд хувийн эрх ашгаа л тэргүүн эгнээнд тавьж байгаа юм. Иргэд нийгмийн сүлжээнд уриалга гаргаад буй. Тодруулбал, үнэ нэмсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниас татгалзах уриалга. Үүнийг ч иргэд дэмжиж, өөрсдийн цахим хуудастаа нэгдэж байгаагаа илэрхийлж хуваалцжээ. Хэрэв үйлдвэрлэгчид ийнхүү импортын бараа, шатахууны үнээс хамаарч барааны үнээ нэмсээр байвал талх хэдхэн сарын дараа 3000 төгрөг болоход гайхах хэрэггүй биз ээ.

Жишээ татахад, өнгөрсөн долоо хоногт 1400 төгрөгөөр худалдаалж байсан "Атар" талхыг дөрөвдүгээр сарын 11-нээс 1600 төгрөгөөр худалдаалж эхэлсэн байна.

Мөн боорцогны үнэ 300-1500 төгрөгөөр нэмэгджээ. Өгөөжийн "Жимст" боорцог дээр жишээ авахад 4800-5200 болсон байна. Зах, худалдааны төвд тус үнэ дээр нэмэгдэл шингээж, 5700-6300 төгрөгөөр худалдаалж байна. Тиймээс иргэдийн эсэргүүцэл, уриалга эцэстээ энэ бүх үнийн хэт хөөрөгдлийг намжаах шийдлийг эрэлхийлж буй юм.

Дэлхий нийтэд үүсээд байгаа нөхцөл байдал, хямралаас шалтгаалж үнэ барих тусгай хууль баталж буй улс Монголоос өөр хаана ч байхгүй. Энэ бол нэг талаар харамсалтай үйл явц. Нөгөө талаар бодлого тодорхойлогч байхгүй учраас үнийн хөөрөгдлөө ч бид хянах чадваргүйд хүрснийг харуулж байна. Өнөөдөр нэмсэн талх, боорцогны үнийг буулгах боломжгүй. Харин ядаж цаашид дахин нэмэхгүй байх тал дээр л анхаарах хэрэгтэйг иргэд хэлж байгаа юм.

Хэрэв хилийн гацаа гэх ганц шалтгааныг арилгаж чадвал үнийн хөөрөгдөл эхний ээлжид хөрсөн дээр бууна. Гэсэн ч хөөсөрсөн үнийг хагалах шийдэл одоогоор нийгэмд байхгүй нь харамсалтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж